Хоёр настай Ро (Leningrad, 1933)

шүлгийн 72 жилийн ойд зориулав (2005 on, USA)

BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE

 

 

2 nastai Ro

 

 MELODY

  Uyahan Zambuutiviin NaranAudio
  Setgeld shingesen gobi Audio
  Herlengiin Bariya Audio
  Uulen bor Audio
 

Mongol Ayalguu Audio

  Sarnii Sonat, Fuer Elisa     Beethoven Audio
  Hunt Nuur Chaikovsky Audio

SEARCH

 

Library of Congress

  Harvard Libraries
  Yale University Library
  Encyclopdia Britannica
  ScienceWorld

CONTACT

  mongolbluespot@yahoo.com

 

     
   

 

 
Urtnasan Batnasan (1931)
 
 
 


Ижий аавдаа эрхэлсэн
Энэ жаахан охин
Эргэх буурал хорвоогийн
Эгэл түүхийг хүүрнэнэ


Уртнасангийн Батнасан 1931 оны 11 сарын 11-нд Улаанбаатар хотод төрсөн болоод 6 сартай байхдаа эцэг Уртнасан, ээж Сурмаажав хамтаар  Ленинград хот явжээ. Тэнд 2 насны ойгоор буюу 1933 онд очоод удаагүй байхдаа Ц. Дамдинсүрэн гуай 2 настай Ро шүлгийг, дотроосоо хүүхэлдэй гардаг нэгэн модон хүүхэлдэйн хамт авчирч өгчээ. Тэгэхдээ эрэгтэй хоёрын дээр эмэгтэй гурвын хамт тааруухан таван дүүтэй болоорой гэж бэлэгдэж бичсэн нь энэ шүлгэн дотор бий.  

Ц.Дамдинсүрэн гуайн Тамхины нимгэн цаасан дээр хуучин бичгээр бичсэн 2 настай Ро шүглийн жинхэнэ эх нь энэ бууралд бий.

1941-1950 (10-19) онд арван жилийн 1-р сургууль төгссөн.
1950-1952 Москвад эм найруулахын дээд сургуульд

1958-1963 (27-32 нас) онд Анагаах ухааны дээд сургуулийг төгсч нэгдсэн 3-р эмнэлэг, Октябрийн нэгдсэн эмнэлэг, Сүреэгийн эмнэлэг, Уушгиний эмнэлэгт ажиллаж байгаад 1985 (54) онд тэтгэвэрт гарсан.  
 

 

Жич: 2 настай Ро шүлгийн зохиосон он зарим ном хэвлэлд алдаатай оржээ. Энэ шүлгийн дараа Буурал ижий минь шүлгээ бичсэн

Аав Л.Уртнасан
Ээж Д.Сурмаажав
Нөхөр Д.Самбуу

 

 

Ц.Дамдинсүрэн гуай болон Хоёр настай Ро шүлгийн  72 жилийн түүхээс

Их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн (1908-1986) Ленинград хотын Дорно дахиныг судлах институтэд 1933-1938 онд суралцан одоогоос яг 72 жилийн өмнө 1933 онд буюу 25 насандаа Хоёр настай Ро, 1934 онд буюу 26 насандаа Буурал Ижий Минь, 1936 онд буюу 28 насандаа Зугаацахаар мордсон нь , 1937 онд буюу 29 насандаа А.С.Пушкин шүлгээ тэрлэн үлдээж, 1938-1940 онд хилс хэргээр шоронд хоригджээ.

2005 онд билгүүн номч Бямбын Ринчен гуайн 100 жилийн ой тохиож, 2006 онд Монголын их гүрний 800 жилийн ой тохино. Төдий удалгүй 2008 онд их эрдэмтний 100 жилийн ой айсуй. 2005 онд их эрдэмтний зохиосон Хоёр настай Ро шүлгийн 70 жилийн ой тохиож, тэр жаахан охиний болон Монголын ард түмний 70 жилийн түүхийг хүүрнэсээр...

 

Шигтгээ 1. Хоёр настай Ро шүлэг бүтсэн түүхэн он цаг

Монголын анхны Ардын уран зохиолч, их эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн (1908-1986) одоогоос яг 72 жилийн өмнө 1933 онд буюу 25 хон насандаа монголын уран зохиолын алтан санд орсон Хоёр настай Ро шүлгээ Ленинград хотноо Дорно дахиныг судлах институтэд 1933-1938 онд суралцах үедээ бичсэн буюу.
   А, Б гээ холбосоор
   Ахих шатаа дамжаарай
   Арав тавыг нийлүүлсээр
   Дөхөх замаа олоорой хэмээн захиж 2 настай бяцхан охиноор дүрийн баатар бүтээсэн энэхүү шүлэгт хоёр настай хүүхдийн ёстой л хайр хүрэм гэгээлэг дүр төрх, тухайн цагийн түүхэн үзэгдэл, басхүү эрдэмтний ирээдүйн хойч монголдоо захин үлдээсэн сургамж болон түүхийн маш сонин холбоосийг өгүүлэх билээ.

Шүлэг амилан 72 жил өнгөрч, хүний хорвоод мэндэлсэн 2 настай жаахан охин 74 сүүдэртэй буурал эмээ болжээ.

Шүлгийн зохиолч өөрөө суут эрдэмтэн хэмээх мөнхийн алдрыг хүртэж, тэрлэсэн шүлэг нь тийнхүү амьд домог болон хүний хэлээр ярьсаар. Зөн билигт их эрдэмтний эх хэлнээ хөрвүүлсэн алдарт бүтээл, суут А.С.Пушкиний гайхамшигт Алтан загасны үлгэрт
Хөрст алтан дэлхийн
Хөвөө хязгаар нутагт...

Гучин жил тэнэж
Дөчин жил суув... хэмээн гарахын адилаар шүлэг болоод шүлгийн

баатар 30 жил зовж 40 жил сууж 70 жил элээснийг доор өгүүлэх болно.

Хоёр настай Ро буюу залуудаа ёстой л сарнай цэцэг шиг сайхан явсан Роза Батнасангийн түүхийг мөшгөн харвал барууны оронд анхлан суралцсан шилдэг сэхээтэн хосын түүх, орчин цагийн Монголын боловсролын түүх, хэлмэгдүүлэлтийн хар шуурга, их зохиолч Д.Нацагдорж, билгүүн номч Б.Ринчен, их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн, ижий хэмээх нандин шүтээн Сурмаажав нь монголын номын их далайд дусал нэмсэн түүх, ханилсан хань нь Д.Самбуу Монголыхоо төлөө шударга амьдралаа золиосолсон түүх нэгэн ишин дор цэцгийн дэлбээ адил урган тодрох билээ. 

 

Text Box: Text Box: Цэндийн Дамдинсүрэн. 1933 он.

Хоёр настай Ро

Дээшилж яваа Монголын
Дэвшиж яваа У-гийн
Дэлгэрч яваа Сү-гийн
Өсөж яваа Ро-гийн

Нүд нь дүгрэг бөгөөд харавтар
Тунгалаг толийн гэрэлтэй
Шүд нь хурц бөгөөд жижиг
Цагаан лавайн өнгөтэй

Үс нь нарийн бөгөөд хархан
Зөөлөн мяндасын ширхэгтэй
Зүс нь бор бөгөөд хөрслөг
Сайхан Монголын шинжтэй

Ариун тунгалаг ухаантай
Аз завшаан ихтэй
Алив хүсэл нь бүрдсэн
Амраг хөөрхөн дүү минь

Ангаахайн чинээ амандаа
Алим үмхээд бувалзана
Аягын чинээ гэдсээ
Амтат жимсээр дүүргэнэ

Толинд байгаа дүрстэйгээ
Тоглон инээн наадна
Тохойн чинээ биеэрээ
Бүжиг хийх гээд дэвхцэнэ

Аятай харагдсан бүгдийгээ
Ай е е гэж дуудна
Аав ээжээ харахдаа
Ааваа, маам аа гэж байна.

Балга хүрэхгүй шөлийг
Барж ядан ууна
Үмх хүрэхгүй махыг
Үлтэлж ядан иднэ

Үдээс үдэш болтол Text Box:
Үүргэлж бүр ядарчихна
Үргэлж юм оролдсоор
Нойр нь бүр хүрчихнэ

Тэнд энд гишгэсээр
Тэнтэр тунтар явна
Тэвдэж яарч явсаар
Тээглэж бүдэрч ойчно

Бөгтөгнөж байгаад мөлхөнө
Бондгонож байгаад босно
Муу муу гээд заана
Хош хош гээд хараана

Боргоцой гараа сарвайгаад
Боов боов гэж бархирна
Өгөхгүй бол уйлж гарна
Уйлаад унжаад ирэхлээр

Нүүр нь улайн үрчийгээд
Нүд нь онийн гурвалжилаад
Нулимс нь ундран дуслаад
Нус нь бөнжигнөн гоожоод

Бий чадлаа шавхаад
Бияа бияа гэж бархираад
Аав ээжээ маажлаад
Аргадаж авахыг горьдоно

Эрээн мярааныг харуулбал
Ингэж уйлахаа больчихно
Ээж нь аваад аргадвал
Мээмээ хөхөөд тайвширна

Тохойн чинээ биетэй
Ханцуйн чинээ дээлтэй
Бээлийн чинээ малгайтай
Балчир нялх дүүгийн минь

Аавдаа алт болсон
Ээждээ сувд болсон
Энхрий булбарай бие нь
Эсэн мэндээр хүмүүжиг

Бага жаахан бие нь
Батжин сайнаар торниг
Бадамлянхуа цэцэг мэт
Бадран сайнаар дэлгэрэг

Ай хөөрхий Ро минь
Эрэгтэй хоёрын дээр
Эмэгтэй гурвын хамт
Тааруухан таван дүүтэй болоорой

Хуучин цагийн сүүлд
Хувьсгалт цагийн эхэнд
Харанхуй үеийн өнгөрөхөд
Гэгээн замын нээгдэхэд

Тохиолдож төрсөн зол байна
Олны үзэх гайхамшиг байна
Эрдмийг сурах завшаан байна
Энхжин жаргах заяа байна.

Арвидах шинийн сар шиг
Дэлгэрэх хаврын цэцэг шиг
Өдөр бүр өсөж байгаа
Цаг бүр чадалжиж яваа

Эрхэм янаг дүүдээ
Захих захиа, хэлэх үг
Заах сургаал, бэлэглэх ерөөл минь
Арав шахам наснаасаа

А, Б гээ холбосоор
Ахих шатаа дамжаарай
Арав тавыг нийлүүлсээр
Дөхөх замаа олоорой

Бэх цаас учруулсаар
Бичгийн эрдмийг сураарай
Эрдэм ажлыг хосолсоор
Эрхэм гавъяаг байгуулаарай

Хоёр хүрээгүй нялхдаа
Туурайт морины давшгүй
Тураг шувууны дэвшгүй
Түмний газар хүрчиж дээ

Гар нь ганзаганд хүрвэл
Гадаад далайг туулах байх
Хөл нь дөрөөнд хүрвэл
Хөрст дэлхийг тойрох байх

Ээ хөөрхөн Ро минь
Аэропланаар энд тэнд нисэж
Галт тэргээр газар бүр зугаацаж
Газар усны гайхамшгийг үзээрэй

Түүнээс Монголдоо буцаж
Төв журмаар явж
Түвшин голомтыг байгуулж
Түгээмэл ихээр жаргаж

Таван ханатай гэр барьж
Тал дүүрэн мал билчээж
Зуун адуу ууландаа хурааж
Мянган хонь гаднаа хотлуулж

Тогоо дүүрэн сүү хөөрүүлж
Торх дүүрэн өрөм хурааж
Суулга бүгддээ тараг бүрж
Сав бүгддээ аарц шүүж

Шинэ ааруул хүүдийгээр гаргаж
Шилдэг айраг хөнөгөөр сөгнөж
Шимийн архи аягаар бялхуулж
Шингэн зөөхий хувингаар уудалж

Аав ээждээ өргөн дэвшүүлж
Ах дүүдээ өгөн хүндэлж
Халуун зуураа найрлан цэнгэж
Харь олныг зочлон хуримлаж

Эцэг өвгөдийн сайшаалыг сонс
Эмгэд хөгшдийн ерөөлийг дуул
Ард олондоо их тус бол
Амар жаргалыг ихээр эдэл

 

Шигтгээ 2. Хоёр настай Ро шүлгийн нэгэн учирал

Ц.Дамдинсүрэн, Түүвэр зохиол, Монголын Зохиолчдын Эвлэлийн Хэвлэл, Улаанбаатар хот, 1969, эмхэтгэсэн Д.Цэдэв. Дээрх шүлгийг 2005 онд монгол судлалаар нэлээд нэртэй Америкийн Нэгдсэн Улсын (Wilson Library, Western Washington University) их сургуулийн номын сангийн хувь номоос оюутлан оруулав.

Нэн сонирхолтой нь тус номын дотор нүүрэнд алдарт монголч эрдэмтэн Николай Поппе (russian linguist, moved to the USA, a great orientalist, University of  Washington) сургуульдаа номоо хандивласан тухай бичиг аж.  (This book was presented to the Wilson Library  Western Washington University by Nicholas Poppe)

Бас нэгэн сонирхолтой нь хажуу нүүрэнд гайхамшигт босоо монгол бичгээр Николай багши даган өргөбэ. Ц.Дамдинсүрэн 1970 он 9 сарын 6 хэмээн их эрдэмтний мутарлан багшдаа өргөсөн дэлхийд ганц хувь ном ажээ.

1933 онд шүлэг бүтэж 72 насалж, 35 жилийн дараа буюу 1969 онд их эрдэмтэн шүлгийн түүвэр номоо туурвин, 1970 онд Америк гүрэнд суугаа багшдаа номоороо сэтгэлийн бэлэг өргөн илгээж, мөн 35 жилийн дараа буюу 2005 онд буурай Монголын нэгэн оюутан Америк оронд тэрхүү номыг олзуурхан уншиж Хоёр настай Ро-д сэтгэлийн бэлэг барьж буй нь угтаа шүлэгт өгүүлсний адилаар тив алгасан нисч газар усны гайхамшигийг үэзхийн адил санагдана. Их эрдэмтэн хүний гишгэсэн ганц мөр нь, хэлсэн ганц үг нь хүртэл мөнхийн тавилантай ажээ. Ийнхүү шүлэг амилан ном болтолоо (1933-1969) 30 жил тэнэж, Америк орноо (1970-2005) 40 жил сууж, 72 жилийг элээжээ.

 

Шигтгээ 3. Хоёр настай Ро шүлгийн гол баатрууд хэн бэ?

1933 онд оюутан Ц.Дамдинсүрэн Ленинград хотноо анд Уртнасан, гэргий Сурмаажав, тэдний 2 настай охин Роза буюу Батнасангийн ойн баярт ирэхдээ энэ шүлгийг гардуулжээ

Ц.Дамдинсүрэн гуайн босоо монгол бичгээрээ мутарлан үлдээсэн эх ноорог эзэндээ буюу 2 настай Ро нэрт Батнасан бууралд хадгалаастай бий.

 

Түүхээс... Майн нэгнийг тохиолдуулан 1935 оны 4-р сарын 27-нд монгол үсгээр бичиж Ленинградын Дорно Дахины Хүрээлэнгийн ИВ Штурм нэртэй ханын сонинд гаргасан шүлгийг Д.Цэдэв гуай 1969 онд тус хүрээлэнгийн номын сангаас хуулан авчээ. Ц.Дамдинсүрэн гуай залуу цагийнхаа хүрэн бор өнгийн гэрэл зургийн ард монгол бичгээр бичсэн Зургийг минь үзвээс... эхлэл бүхий шүлгийг, дээрхтэй ижил гэмээр гэрэл зургийн ард Уртнасан, Сүрмаажав нартгэж хандаж мөн монгол бичгээр бичсэн Биеийн дүрс хэмээгч...гэж эхэлсэн  бадгийг буулгав...

Ц.Дамдинсүрэн Хоёр настай Ро шүлэгтээ

Дээшилж яваа Монголын
Дэвшиж яваа У-гийн
Дэлгэрч яваа Сү-гийн
Өсөж яваа Ро-гийн хэмээн гардагийн У-гийн гэдэг нь Уртнасан, Сү-гийн гэх нь Сүрмаажав, Ро-гийн гэх нь Роза гэдгийн товчлол болно. Уртнасан, Сүрмаажав нарын охин, хожим Батнасан нэртэй болсон Розагийн хоёр насны ойд очихдоо Ц.Дамдинсүрэн 1935 онд уг гэрэл зургаа Уртнасан, Сүрмаажав нарт дурсгаж өгсөн ажээ.

Ц.Дамдинсүрэн, Бүрэн зохиол, гутгаар боть, 2001 он, эмхэтгэсэн Д.Цэдэв. номоос авав. (1933 ond bolson uil yavdal yum, 1935 ond zohioson ni buruu medee?)

 

Шигтгээ 4. Хоёр настай Роза Батнасангийн аав, ээжийн тухайд

Хоёр настай Розагийн аав Уртнасан (Lycee Michelet, Paris, France) Франц улсын Парис хотноо Мишээлт лицейд, ээж Сүрмаажав (1910 онд төрсөн, Дэлгэр аймаг) нь (Litzlingen, Germany) Герман улсын Лицлингэн сургуульд суралцсан болно.

Тэд 1926-1929 онд Монголоос их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн хамтаар хөрөнгөтөн хэмээгдэх Герман, Франц улсад сураар одсон анхны монгол хүүхдүүд байлаа. Эдгээр сэхээтнийг хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр тойроогүй болно. Аав Уртнасан хүнд өвчтэй болсон тул бусад нөхдийн адил арай шоронд орсонгүй таалал болсон. Тэрээр сурах бичгийн ном хэвлүүлж багшилж байлаа. Хожмоо их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн гуайхтай хаяа зэрэглэн бууж ядрах үедээ туслан насан туршаа нөхөрлөн явжээ.

2 настай Розагийн ээж 23 настай цэл залуухан Сүрмаажав нь Онходын Жамъян гүний бүтээн босгосон Судар Бичгийн Хүрээлэнгээс аваад Монголын Төв номын санд насаараа ажиллан номыг төрөл ангиар каталог хийх, эмхлэн цэгцлэх ариун үйлсэд зүтгэсэн аж. Билгүүн номч Бямбын Ринчен, Цэндийн Дамдинсүрэн нарын олноо хүндлэгдсэн суутнууд ховор чухаг судар номуудыг гэрээрээ авч үзэн судлахад ээж нь туслан байжээ.

Б.Сумъяабаатар эрдэмтэн Чингисийн алтан ургийн угийн бичиг ба гэрийн үеийн бичмэл (The genealogy of the Mongols), Улаанбаатар 2002 номонд  дурсахдаа Бямбын Ринчен багш, Хөдөөгийн Пэрэнлэй (Пэрлээ) багштан намайг анх угийн бичиг судлалд сугадан оруулсан буянтанууд. Тэр үедээ эрдмийн зэргийг нь хүртээгүй боловч үнэхээр эрдэмтэй ажилдаа дур сонирхолтой, нэн зүтгэлтэй, нүдээ аньж байгаад сугалсан ч хаана ямар ном байгааг олдог туршлагатай Дагва, Молом, Сүрмаажав, Баянзул нарын нэрт номын санч нар байлаа. Тэднийг Онходын Жамъян гүн тэргүүтэй манай номын санчдын алтан үе гэж нэрлэхэд хилсдэхгүй. Буурлуудынхаа ачийг санагалзан одоо Монгол улсын номын санд гэрийн үеийн бичмэлүүдийг нэгд нэгэнгүй худам монгол, латин кирилл үсгээр хадамлан мэргэдийн үзэхэд хялбарыг бодон цагаан толгойн дэс дараагаар жагсаан үзүүлье гэжээ.

 

Шигтгээ 5. Хоёр настай Ро, амьдрал хатуужил, хэлмэгдэл 

Аав ээж нь хэлмэгдүүлэлтийн хар шуурганаар буцан ирж улмаар 1933 онд ирээдүйн их эрдэмтэн, оюутан Ц.Дамдинсүрэнтэй хамт Ленинградад сурч байлаа. Ц.Дамдинсүрэн 1933-1938 онд Ленинградын Дорно дахиныг судлах институтэд суралцсан бөгөөд 1938-1940 онуудад хэлмэгдэн шоронд хоригдсон. Аав ээжийнх нь хамт сурч байсан олон сайхан хүмүүс шоронд амьсгал хурааж олонх нь насаараа ялтан болсон ч тэдний л хийсэн бүтээсэн бүхэн, хатуу тэмцэл монголын ирээдүйг залан түүхэнд мөнхөрөн үлдсэн билээ. Монголын сор болсон суут ухаантнууд үхэх эсвэл насаараа хэлмэгдэх хувь тохиол үргэлжилсээр... Тэдний гэгээн тэмүүлэл, гашуун нулимсаар хэлмэгдүүлэлт бас дууссангүй үргэлжилсэн бөгөөд 2 настай Розагийн ирээдүйн хань, эсэргүү эмч нэрт Дэлэгийн Самбуу 1964 онд улс төрийн хилс хэргээр насаараа хэлмэгдэн 1990 онд цагаадсан ба жижигхэн биедээ багтамгүй гүн хар хурц ухаантай энэ хүн Монголын бүтээн байгуулалтад хийдэгээ хийгээд бурханы оронд одоод удаагүй байна. Тэрээр манай ахмад үеийн сэхээтэн цөм ийм замаар хүйс тэмтрэгдсэн тул миний мэт нь үхвэл зохино хэмээн сэтгэл шулуудан гудамжнаас олсон хадаасаар толгойгоо цоолж, мөн тарианы зүүгээр цээж рүүгээ хатган уушгиндаа зүү оруулж амиа хорлохыг оролдсон ч сайн санаат орос эмчийн ятгаснаар амьд үлджээ. Хүнийг ийм байдалд хүргэнэ жинхэнэ бузар яргачдын хийж чадах зүйл. Хүний хувь заяа гэж. Ийнхүү 30-аад жил 2 настай Роза Батнасан, үр хүүхдийнхээ хамт гадуурхагдан зовж явжээ. Шүлгийн 17-р дөрвөн мөртөд өгүүлсэнчлэн 2 настай Роза

   Аавдаа алт болсон

   Ээждээ сувд болсон 3 сайхан хүүхэд төрүүлсний ахмад нь Балдан-Осор, удаах нь Сувд, отгон нь Лувсанжамц. Отгон хүү нь Америк оронд сурахаар шалгарсан ч явахын өмнөхөн золгүй тохиолоор таалал болж хэрэг цагаадаад удаагүй хоёр буурлын сэтгэлийн гүнд бараан сүүдэр ахин туссан билээ. Хүүгийх нь бүтээгүй хүслэн, хүрээгүй газраас ээжийнх нь тухай зохиосон эрдэмтний гарын үсэгтэй, шүлэгтэй номыг 72 жилийн ойгоор олсон нь бас нэгэн сонин хувь тохиол ажээ.

Ийнхүү шүлгийн зохиогчийн 30 жил тэнэж , 40 жил суув хэмээн орчуулсанчилан, шүлэг амилан ном болтлоо (1933-1969) 30 жил тэнэж, Америк орноо (1970-2005) 40 жил сууж, 70 жилийн тоосод дарагдаж, шүлгийн баатар маань 1964-1990 хүртэл хэлмэгдүүлэлтийн шуурганд 30 жил зовж, 40 жил сууж 70 насыг элээн сууна.

 

Шигтгээ 6. Хоёр настай Ро далан жилийн дараа

Шүлгийн 22-р мөртөд бичсэнчилэн

Арвидах шинийн сар шиг
Дэлгэрэх хаврын цэцэг шиг
Өдөр бүр өсөж байгаа
Цаг бүр чадалжиж яваа хэдэн сайхан үр ачаа хайрласан буурал эмээ

Улаанбаатар хотод амьдран сууна.

Шүлгийн 2,3-р дөрвөн мөртөд бичсэнчилэн

Нүд нь дүгрэг бөгөөд харавтар
Тунгалаг толийн гэрэлтэй
Шүд нь хурц бөгөөд жижиг
Цагаан лавайн өнгөтэй

Үс нь нарийн бөгөөд хархан
Зөөлөн мяндасын ширхэгтэй
Зүс нь бор бөгөөд хөрслөг
Сайхан Монголын шинжтэй... тэр жаахан охин 7
2 жилийн дараа ч гэлээ хөрслөг бор царайдаа сайхан Монголын шинжээ хадгалан, багын төрхөөс

Дэргэд нь суухад сэтгэл уужрам
Даруухан инээвхийлсэн амгалан дүр
Дүрэлгэр хархан ботгон нүд
Дөлгөөн амгалан үрчлээст нүүр хэвээрээ үлджээ.

 

Ардчилалын урин дулаан цаг Монголд айлчилсан тэр л жилүүдэд хэдхэн жилийн өмнө Улаанбаатар телевизээр Хоёр настай Ро нэвтрүүлэг гарч түүх хураан буурал болсон жаахан охины магнайн хөлс гарч, хэлмэгдсэн алдарт хүмүүсийн үр ач үнэнийг гүйцэн, тэдний үйл хэрэг цагаадан, аав ээжээ алдсанаас хойш харин энэ удаа баярын болоод үгүйлэн санах гунигийн нулимс унагааж байсан цаг саяхан.

 

Шигтгээ 7. Хоёр настай Ро болон Буурал ижий шүлгийн холбоос

Ц.Дамдинсүрэн гуайн ард түмнийхээ сэтгэлд мөнхрөн үлдсэн олон сайхан дөрвөн мөртүүд бий. Тухайлбал Ц.Дамдинсүрэн гуайн 1934 онд бичсэн Буурал Ижий минь шүлэгтээ
Халх Монголын малчин
Хатгин овгийн нүүдэлчин
Харц язгуурт Дамдинсүрэн
Харь газар суухдаа

Эх нутгаа эрмэлзэж
Элгэн саднаа дурдаж
Эцэг эхээ санагалзаж
Эгшиглэж шүлэглэсэн нь энэ байна.

Тал сайхан нутагтай билээ
Тамсаг сайхан устай билээ
Таван хошуу малтай билээ
Тараг айраг элбэгтэй билээ

Өвгөн настай эцгийнхээ
Өмөг түшигт өссөн би
Өнөр буурал ээжийнхээ
Өршөөл хайранд хүмүүжсэн би хэмээсэн бий.

Монголчуудын тухайн цагийн сайхан амьдралын төсөөлөл, эцэг эх элбэрэл журмаа хайрлан дээдлэх гүн ухааныг, дээрх шүлгээс нэг жилийн өмнө 1933 онд бичсэн 2 настай Ро-гоор дамжуулан ирээдүй хойчдоо захимжилсан нь шүлгийн 30-34 дөрвөн мөртүүдэд илэрнэ.

Таван ханатай гэр барьж
Тал дүүрэн мал билчээж
Зуун адуу ууландаа хурааж
Мянган хонь гаднаа хотлуулж...

Эцэг өвгөдийн сайшаалыг сонс
Эмгэд хөгшдийн ерөөлийг дуул
Ард олондоо их тус бол
Амар жаргалыг ихээр эдэл хэмээн хожмын Монголын залгамж бидэнд буурал түүх, өвөг дээдсээ хайрлан асрах, нүүдэлчин малчин соёл иргэншил монгол хүний амьдралын хамгийн жаргалан болохыг захин хэлжээ.

 

Мөн 1934 он 26 насандаа бичсэн Буурал Ижий минь шүлэгт

Хөрст дэлхийн хөвөөнд
Хөх тэнгэрийн хормойд
Гадаад далайн эрэгт
Гайхамшигт Лениний хотод...гэсэн мөр бий. 4 жилийн дараа 1938 оны намар

Пушкиний Алтан загасны үлгэрийг орчуулж эхэлжээ.

Хөрст алтан дэлхийн
Хөвөө хязгаар нутагт
Хөх цэнхэр далайн
Эрэг ирмэг газарт... хэмээсэн мөрүүд, шүлгийн нандин санаа Буурал

ижийдээ зориулан бичсэн шүлэгт анхлан ийнхүү төржээ. Яг ийм сонин хувь учрал, Ц.Дамдинсүрэн гуайн сэтгэлд мөнхөрсөн алдарт дөрвөн мөртүүдийн амин санаа Хоёр настай Ро шүлэгт бий ажээ.

 

Шигтгээ 8. Хоёр настай Ро болон Зугаацахаар мордсон нь шүлгийн холбоос

Ц.Дамдинсүрэн гуайн Ленинградад шавилан суух зуураа

1933 онд, 25 насандаа бичсэн Хоёр настай Ро шүлгийн 26-р дөрвөн мөртөд буй

Хоёр хүрээгүй нялхдаа
Туурайт морины давшгүй
Тураг шувууны дэвшгүй
Түмний газар хүрчиж дээ гэх 4 мөрөөс харахад, нэг жилийн дараа

1936 онд, 28 насандаа бичсэн Зугаацахаар мордсон нь шүлгийн

Мөчит дөрвөн хөлтний
Мөр нь гараагүй оргил
Мөгөөрс нимгэн хоолойтны
Дуу нь хүрээгүй оргил хэмээх сонгодог зүйрлэлийн анхны хувилбар

гэмээр. Хүний амьдралын хамгийн нандин гэрэл гэгээг агуулсан жаахан охиныг сэтгэлдээ ургуулсан зөн билигт эрдэмтний маань уран бүтээлд энэхүү жаахан шүлэг ийм гүнзгий нөлөөтэйг овоо босгоогүй бол шаазгай юунд суухын адилаар хэн яахин мэдэх билээ. 

 

Шигтгээ 9. Хоёр настай Ро болон Монгол нутаг шүлгийн холбоос

1943 онд, 35 насандаа бичсэн Монгол нутаг шүлгийн
   Цагаан цасан малгайтай
   Ногоон модон хүрэмтэй
   Хөх усан хормойтой
   Баян Хангай уул минь хэмээх чихэнд хүртэл чимэгтэй сонсдох энэхүү дөрвөн мөрт

1933 онд, 25 насандаа бичсэн Хоёр настай Ро шүлгийн 16-р мөрт
   Тохойн чинээ биетэй
   Ханцуйн чинээ дээлтэй
   Бээлийн чинээ малгайтай
   Балчир нялх дүүгийн минь хэмээсэн мөртэй эрхгүй адил билээ.

Цал буурал сахалтай их эрдэмтэн өвлийн өвгөн аавд хувилж, цасан цагаан хувцастай 2 настай жаахан охин цасан охины дүрд хувилсан шинэ жилийн баярт мөч санаанд буух билээ.

 

Шигтгээ 10. Хоёр настай Ро болон ирээдүйн Монголын хойч залуус

Элэг зүрхээрээ эх оронтойгоо уяатай явсан их эрдэмтний 27, 25, 29-р дөрвөн мөртөд
Гар нь ганзаганд хүрвэл
Гадаад далайг туулах байх
Хөл нь дөрөөнд хүрвэл
Хөрст дэлхийг тойрох байх...

Бэх цаас учруулсаар
Бичгийн эрдмийг сураарай
Эрдэм ажлыг хосолсоор
Эрхэм гавъяаг байгуулаарай ...

Түүнээс Монголдоо буцаж
Төв журмаар явж
Түвшин голомтыг байгуулж
Түгээмэл ихээр жаргаарай... хэмээснийг уудалбал хэдийгээр залуу хойч үе холын холд эрдэм номыг суравч Түүнээс Монголдоо заавал буцан ирж, төв журмаар улс гүрнээ удирдан хөгжүүлж, түмэн ардаа амар амгалан байлгахын чухлыг захин үлдээсэн нь 7
2 жил өвгөрсөн ч, өнгө гялбаа нь дахин дахин бадарч мартсаныг сануулж, ухаараагүйг ухааруулсан их хүний хол зөнч, гүн билгүүн оюуны хурц мэргэн ухаан байжээ.

 

Erhem buural setgeliin gegeen ijii tandaa zoriulav.


Буурал суусан үсэндээ
Орчлонгийн тоосыг аргадан
Буянт ариун сэтгэлээрээ
Олны хайрыг хүлээсэн...

Эхийн минь мойног гар
Хив хадаг мэт зөөлхөн
Ээдрээт амьдралын нууцаа
Үрчлээс бүхэндээ шингээсэн
Эвэршиж эвдэрсэн хуруу нь
Даахинд зөөлнөө үлдээсэн...
 

Эх хүний нүднээс үнэн хайр гэрэлтэхийг
Эргэн уулзах бүрдээ сэтгэлээ тайтгартал мэдэрсийм.
Гал буурсан нүдэндээ, гуниг жаргал хослуулсан
Гэгээн буурал таны мэлмий бат оршиг. 

Ц.Батмөнх 2005.05.29 USA daanjuur@yahoo.com

 

Ц.Дамдинсүрэн гуайн өхөөрдөм дүрийн адилаараа энэ жаахан охин, буурал эх залуудаа Роза нэр шигээ жавхаалаг сайхан бүсгүй байлаа. 

Жич: Хоёр буурайн түүхийг мөшгөж миний өмнө бичсэн Орчин цагийн Монголын боловсролын түүхээс Герман-Монголын төгсөгчдийн холбооны xуудсанд тавигдсан бий. (Цэнд-Аюуш овогт Батмөнх)
2 настай Ро буюу Батнасан гуайтай холбоо барих утас 322344.

http://www.mongolinternet.com/bolovsrol/History1.htm
(
Орчин цагийн Монголын боловсролын түүхээс)

http://www.mongolinternet.com/bolovsrol/History4.htm
(Хэлмэгдүүлэлтийн үеийн хувь заяа)
 
References

1. Ц.Дамдинсүрэн, Түүвэр зохиол, Монголын Зохиолчдын Эвлэлийн Хэвлэл, Улаанбаатар хот, 1969, эмхэтгэсэн Д.Цэдэв. (Николай багши даган өргөбэ. Ц.Дамдинсүрэн 1970 он 9 сарын 6, гарын үсэгтэй, USA)

2. Ц.Дамдинсүрэн, Бүрэн зохиол, гутгаар боть, 2001 он, эмхэтгэсэн Д.Цэдэв.

3. Ц.Дамдинсүрэн, Хоёр настай Ро, Утга зохиолын бичиг, тэргүүн дэвтэр, УХ, Улаанбаатар, 1941 он, 46-50-р тал

4. Б.Сумъяабаатар, Чингисийн алтан ургийн угийн бичиг ба гэрийн үеийн бичмэл

(The genealogy of the Mongols), Улаанбаатар 2002

5. Го.Аким, Хэлмэгдсэн заяа 12, Улаанбаатар, 1999

6. Д.Самбуу, У.Батнасангийн Дурсамж ярианаас ишлэв
http://soronzon.blogspot.com

 


 

 

GO BACK TO WEBSITE

Batmunkh.Ts Mongol Internet Contact to daanjuur@yahoo.com

[pic3.jpg]

[piv2.jpg]