7th Prime minister
Anandyn Amar

BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE

 

 

 

  Ерөнхий сайд агсан А.Амар

 

     
   

 

 
Anand Amar (1886-1941) 
 
 
 


Анандын Амар

Миний бие анхны өдрөөс эхлэн улсыг хөгжүүлэх хэрэгт оролцож явсаар эцэст урвагчид холбогдож, хаягдахад хүрвээс миний зүрх хагарах лугаа адил байна.
Үнэн хэрэг дээрээ Монгол улсын нутагт хувьсгалын ямар ч эсэргүү бүлэглэл байгаагүй, эсэргүү хэмээн баривчлагдсан хүмүүс бол хууль бус мөрдлөгийг үл тэсвэрлэн, худал хэрэг хүлээсэн хүмүүс, тэд хувьсгалын эсэргүү огтхон ч биш гэж өчжээ.

 

 

Timeline
1886 онд А.Амар Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин вангийн хошуу, одоогийн Булган аймгийн Хангал сумын нутагт Анандын хүү болон төрсөн.
1898 онд (12 нас) Амар хошууны тамгын газрын дэргэдэх бичгийн сургуульд
1898-1911 онд Манж Чин улсын үед бичээч, эх зохиогч түшмэлээр
1913 онд (27 нас) Богд Хаант Монгол улсын Гадаад явдлын яам, аймгын чуулганд бичээч, түшмэл, дэс түшмэлээр
1917-1918 онд (31 нас) Монгол улсын хойд хил хязгаарыг харгалзан хамгаалсан тавин цэргийг захиран суужээ.
1919 онд (33 нас) Хятадын харгис цэрэг Монголд цөмрөн орж Монголын автономит төрийг устгахад А.Амар нутагтаа оджээ.
1919-1921 онд (33-35 нас) хоёр жил орчим хугацаанд мал ажил эрхлэн байв.
1921 онд (35 нас) намар ардын засгын газрын туслах түшмэлийн албанд томилогдон шинэ Монгол улсад хүчин зүтгэж эхэлсэн.
1921-1924 онд (35-38 нас) Гадаад явдалын яамны эрхэлсэн түшмэлээр дэвшиж, улмаар мөн Сайдаар тохоогдон ажиллаж байгаад
1924-1925 (38 нас) онд Аж ахуйн яамны сайд
1926-1927 (40 нас) онд Дотоод яамны сайд, Эдийн засгийн тэргүүлэгчээр
1928 оны (42 нас) эхээр хуралдсан Улсын бага хурлаас Монгол улсын Ерөнхий сайдаар
1928- 1930 он (42-44) хүртэл Ерөнхий сайдаар ажиллаж байгаад
1930-1932 онд (44-46 нас) Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга
1932-1936 онд (46-50 нас) онд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга
1933 онд (47 нас) зохиомолоор үүсгэсэн Лхүмбийн хэрэг гэгчийг тэрээр нягтлуулан шалгуулж уг хэрэг үндэсгүй тул баригдан хоригдсон ихэнхийг суллуулах арга хэмжээ авч байв.
1934 онд (48 нас) А.Амар, Монголын товч түүх босоо монгол бичгээр анхлан хэвлэгдсэн.
1936-1939 (50 нас) онд хоёронтоо Монгол Ард Улсын Засгийн газрын Ерөнхий Сайдаар тус тус ажилласан.
1939 онд (53 нас) Ерөнхий сайд А.Амарт улс төрийн эсэргүү хэрэгтэн хаяг зүүгээд. 1939 оны 3 сарын 7-нд болсон МАXН Төв Хорооны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцжээ. А.Амарыг ЗХУ-д хүргүүлэн, Сталины шадар этгээдүүдээр хэргийг нь шалгуулж байгаад
1941 оны (55 нас) 7 сарын 10-нд цаазаар аваачжээ.

1960 онд ЗХУ-н Ерөнхий прокурорын газар А.Амарын хэргийг хянан үзээд уг хэрэгт огт холбогдолгүй хэмээн тогтоосныг үндэслэн
1962 онд А.Амарыг Монгол улс хилс хэргээс 21 жилийн дараа цагаатгажээ.
1989 онд 55 жилийн дараа, А.Амар, Монголын товч түүх хоёрдах удаагаа кирилл үсгээр хэвлэгдэв.

 

А.Амар. Монголын товч түүх, 1934 онд босоо монгол бичгээр анхлан хэвлэгдсэн. (55 жилийн дараа Чингис хаанийг магтан дуулах сайн цагийн эхэн 1989 онд хоёрдах удаагаа кирилл үсгээр хэвлэгдэв. Өмнөх үгийг эрдэмтэн А.Очир 1989, 5 сар 28)
Номын 10 бүлэг.
1. Монголчуудийн уг гарал үүсэл ба анх түүхэнд тэмдэглэгдэх болсон үе
2. Хүннү улсийн үе
3. Монголын Сянби улсын мандсан үе
4. Монголын Тоба хэмээх Их Юан улс мандсан үе
5. Түрэг улс мандсан үе
6. Уйгар улс мандсан үе
7. Монголын Хятан улсын мандсан үе
8. Алтан улсын үе
9. Бөртэ чинос эхлэн Чингис хаан хүртэлх үе залгамж
10. Чингис хааны үе хэмээсэн 10 бүлэгтэй.
Эл номондоо Түрэг, Уйгар бол Монголын бус харин Монголын Сянби, Монголын Тоба, Монголын Хятан гүрэн гэж оруулсан нь маш сонирхолтой болоод чухал билээ.

 

А.Амар 1886 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин вангийн хошуу, одоогийн Булган аймгийн Хангал сумын нутагт Анандын хүү болон төрсөн. Амарыг 12 нас хүрэхэд эцэг нь (1898 он) өөрийн хошууны тамгын газрын дэргэдэх бичгийн сургуульд оруулжээ. Хичээл оролдлого сайтай Амар төдөлгүй монгол бичиг сайн сурч манж, төвд хэл бичиг ч төсөөлдөг болж, Чингээд тэр Манх Чин улсын үед бичээч, эх зохиогч түшмэлээр ажиллаж байгаад 1913 оноос (27 нас) Богд Хаант Монгол улсын Гадаад явдалын яам, аймгын чуулганд бичээч, түшмэл, дэс түшмэлээр ажиллаж байгаад 1917-1918 (31 нас) онд Монгол улсын хойд хил хязгаарыг харгалзан хамгаалсан тавин цэргийг захиран суужээ. 1919 онд Хятадын харгис цэрэг Монголд цөмрөн орж Монголын автономит төрийг устгахад А.Амар нутагтаа одож, хоёр жил орчим хугацаанд мал ажил эрхлэн байв.
Судлаачдын тогтоосноор Д.Сүхбаатар 1921 (35 нас) оны хавар хилийн чанадад байхдаа А.Амар болон бусад дэвшилт үзэлтэй хүмүүс нэг бус удаа элч зарж, ажил хэрэг зөвлөж байв. Монгол оронд Ардын хувьсгал ялсаны дараа А.Амар нийслэл хүрээнд ирж 1921 оны намар ардын засгын газрын туслах түшмэлийн албанд томилогдон шинэ Монгол улсад хүчин зүтгэж эхэлсэн.
Удалгуй Гадаад явдалын яамны эрхэлсэн түшмэлээр дэвшиж, улмаар мөн сайдаар тохоогдон ажиллаж байгаад 1924-1925 (38 нас) онд Аж ахуйн яамны сайд, 1926-1927 (40 нас) онд Дотоод яамны сайд, Эдийн засгийн тэргүүлэгчээр ажилласан байна. 1928 оны (42 нас) эхээр хуралдсан Улсын бага хурлаас А.Амарыг Монгол улсын Ерөнхий сайдаар томилсонд 1930 он (44) хүртал ажиллаж байгаад, 1930-1932 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, 1932-1936 (46 нас) онд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга, 1936-1939 (50 нас) онд хоёронтоо Монгол Ард Улсын Засгийн газрын Ерөнхий Сайдаар тус тус ажилласан.
А.Амар нам төрийн удирдлагад ажиллаж байхдаа Монгол улсын төрийн тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэхэд ихэд анхаарч байсан. А.Амар сүм хийд, лам нарыг хүчээр устгах тухай Сталины шахалт тулгалтыг эсэргүүцэж байв. Сталинийг тахин  шүт сэн нь манайд нөлөөлж хүмүүсийг олноор хэлмэгдүүлж байсныг А.Амар тухайн үед эсэргүүцэж байжээ. X.Чойбалсан нар 1933 онд  зохиомолоор үүсгэсэн Лхүмбийн хэрэг гэгчийг тэрээр нягтлуулан шалгуулж уг хэрэг үндэсгүй тул баригдан хоригдсон ихэнхийг суллуулах арга хэмжээ авч байв. <Хүний эрхийг хөсөрдүүлж буйг илчлэн чухамдаа гэмт хэрэг хэмээгч нь жинхэнэ хийж үйлдсэн явдал дээрээс бүтэж гардгаас бус, хэн нэгэн хүний санааны дураар зохиомол хэрэг ба зохиомол ял хийж явуулдаг ёсон хаа ч байж болохгүй> хэмээн хэлжээ.

А.Амарын эл бодлого, үйл ажиллагаа Чойбалсан нарын зорилгод саад тотгор болж байв. Иймд Ерөнхий сайд А.Амарт улс төрийн эсэргүү хэрэгтэн хаяг зүүгээд. 1939 оны (53 нас) 3 сарын 7-нд болсон МАXН Төв Хорооны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцжээ. Уг хуралд нарийн бичгийн дарга Д.Лувсаншарав Амарын нам бус явдалын тухай илтгэл тавьж түүндээ <Амар бол ангийн дайсны эрх тусыг өмгөөлөн хамгаалагч мөн. Энэ ни Японы тагнуулын төлөөлөгчөөс хэдэн хувь дор юм. Тэр зальт аргаар өндөр албан тушаалд гарсан ба өөрийн зорилгыг биелүүлэхийн тулд хувьсгалыг ашиглахыг оролдож байв> гэхчилэн хамаг бурууг тохоож, Х.Чойбалсан дэмжин ийм өнгөө будсан дотор нь харалсан, идээ бээрээр гүйцсэн этгээдийг намын хүрээлэнд нэг минут ч байлгахгуй хөөвөөс зохино, Ерөнхий сайдийн тушаалаас шууд зайлуулбал таарна гэжээ.

Уг хурал дээр А.Амар <надад ийм аюултай мөндөр ирж ийм хүнд байдалтай болохийг мэдсэн. Нөхөдүүд намайг хаяж таягдах болжээ. Гомдох газаргүй. Хоёрт, нөхөдөөс эсэргүү нартай холбоотой гэж үздэг юм уу, намайг хардах аваас би хэрхэвч хүлээхгүй. Миний гагцхүү итгэдэг зүйл нь Монгол хөл дээрээ зогсож, тусгаар эрхтэй улс байгаасай хэмээн итгэдэг амуй. Би улс орондоо хайртай, би өөрөө үүнийг үзүүлсэн. Миний бие анхны өдрөөс эхлэн улсыг хөгжүүлэх хэрэгт оролцож явсаар эцэст урвагчид холбогдож, хаягдахад хүрвээс миний зүрх хагарах лугаа адил байна> гэж хэлжээ.
Мөн өдрийн орой 12-р бага хурал болж, Х.Чойбалсан Ерөнхий сайд Амарын ажил явуулгын тухай илтгэл тавьж, уг хурлаас гаргасан тогтоолд < Амар нь Японы эзэрхэг түрэмгийчүүдийн хөлсний тагнуулууд ба эх орноосоо урвагчид хийгээд дээд ангийн лам нар, феодал нарын хувьсгалын эсэргүү ажил явуулгыг бут ниргэх явдалд төрөл бүрээр эсэргүүцлийг учруулж, үнэн хэрэг дээрээ тэднийг шууд хамгаалах байдалд хүрсэн> хэмээн заагаад түүнийг ялтаний ширээнд шилжүүлэн, мөнхүү хурлаар Х.Чойбалсан Ардын сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайд болжээ.

Үүний дараа А.Амарыг ЗХУ-д хүргүүлэн, Сталины шадар этгээдүүдээр хэргийг нь шалгуулж байгаад 1941 оны (55 нас) 7 сарын 10-нд цаазаар аваачжээ. А.Амар эцсийн мөрдөн байцаалтад, өөрийгөө ямарч гэм буруугүйг нотлоод, өмнөх мэдүүлэг бол аргагүйн эрхэнд гаргасан худал зүйл. Үнэн хэрэг дээрээ Монгол улсын нутагт хувьсгалын ямар ч эсэргүү бүлэглэл байгаагүй, эсэргүү хэмээн баривчилагдсан хүмүүс бол хууль бус мөрдлөгийг үл тэсвэрлэн, худал хэрэг хүлээсэн хүмүүс, тэд хувьсгалын эсэргүү огтхон ч биш гэж өчжээ.
1960 онд ЗХУ-н Ерөнхий прокурорын газар А.Амарын хэргийг хянан үзээд уг хэрэгт огт холбогдолгүй хэмээн тогтоосныг үндэслэн 1962 онд А.Амарыг Монгол улс хилс хэргээс цагаатгажээ.

1933 онд Монголын бүрэн түүхийг таван ботиор гаргах шийдвэр гарснаас, нэн эртнээс 13-р зуун, 14-20-р зууны эхэн үеийн түүхийг хамарсан эхний хоёр ботийг А.Амарт тохоосноос харахад ямар их мэдлэг чадвартай нь харагдах бөгөөд, хоёр дахь ботио бичиж чадаагүй ба бусад нь 1934 онд хэвлэгджээ.
А.Амар бол манай ахмад үеийн түүхчийн нэгэн билээ. Түүний эл зохиол нь манай эриний өмнөх нэг мянганы эцсээс 13 р зуун хүртэлх 1000 гаруй жилийн түүхийг он цаг дэс дараалалд эрэмбэ цэгцтэй хураангуйлан бичсэн манай түүхчдийн анхны бүтээл болсныг дурдах ёстой. А.Амар бас өмнөх үеийн судалгаанд үндэслээд Монгол оронд Бурхан шашин дэлгэрсэн түүхийг ерөнхийд нь 3 үе болгохын зэрэгцээ бүх шашнийг дэмжих өвөрмөц бодлого явуулж байжээ. А.Амар сайд, Чингис хааны түүхэнд гүйцэтгэсэн эерэг талыг маш их үнэлэн, айлгүй зоригтойгоор бичсэн.

А.Амар сайд номын эхэндээ <Монгол үндэстэн бол эрт хэдэн мянган жилийн үес эхлэн Ази тивийн дотор нэр сүрийг бадруулан явсан ба ялангуяа Чингис хааны үед Ази, Европ хоёр тивийн хүнийг байлдан дийлж, гайхамшигт гавьяа түүхтэй явсан бөгөөд монгол угсаатан эрт дээр үед энэ мэт идэрхэг, хүчирхэгээр Мандан явсан атал хожмийн үед дорой буурай байдалд орж, аль хүчирхэг этгээдийн эрх мэдлийн доор ороход хүрч, бидний дээд өвгөдөд эзлэгдэн захирагдаж байсан бусад аймгууд харин биднийг эзлэн захирахад хүрээд, бидний өвгөдөөр удирдуулан явсан бусад үндэстэн нь харин бидний багш болоход хүрчээ. .
ОЙр дөтмөөр нэгтгэн хураангуйлж зохиосон үндэсний түүх шаширгүй болоод тус улс нь ардын хэмжээт цаазат улс байгуулсан (1921 он) 13 жилийн ой ба Бүгд найрамдах засгийг явуулж Үндсэн хуулиа баталсан 10 (1924 онд) жилийн ойн баяр энэ онд тохиолдуулан бичив.
Монгол үндэстэний түүх бол маш дэлгэрэнгуй хүнд, цөөн хэдэн сар, хоног төдий хугацаанд багтаан зохиож завдахуйяа бэрх. Бас би цөөн хоногийн хугацаанд бүхий л олон түүх судруудийг цөмийг нягтлан уншиж, утга учрийг хураангуйлан авах арга завдал гарсангуй учир маш товчоор бичсэн ба, бас ч зарим нэгэн бодсон санаснаа ч бүрэн гүйцэдээр оруулж чадсангүй. Хэдий тийм ч олон эрдэмтэний зохиосон түүх судруудийн гол утга чанарыг их төлөв хураангуйлан оруулсан бөгөөд, хэдий товч ба зохиол найруулгын талаар уран гоё бус боловч монгол угсаатны анх түүх сударт тэмдэглэгдэх болсон цаг үес эхлэн олон үйл явдлуудийг товчлон хурааж, үнэнээр илтгэн гаргахыг хичээсэн билээ. > хэмээжээ.

 

Жич: Цаазаар авахуулсан Ерөнхий сайд, дан ганц биеэр монголын бүхий л үеийн түүхийг бичих үүрэг хүлээж явсан шилдэг бичгийн хүн, түүхч, эх оронч А.Амар гуайн бичсэн <Монголын товч түүх> бол Монгол улс үндэстэний бүхий л түүхийг товчлон үнэнээр хураасан болоод орчин цагийн түүхийн ном зохиолийн тулгуур үндэс болно.
Тэрээр бусад олон эрдэмтний ишлэн судлах тулгын чулууг тавьсан загалмайлсан эцэг билээ. Тухайн үедээ 1934 онд номын эхэндээ тусгаар улсын үзлээ ил бичиж, түүхээ Чингис хааныг шууд илээр анхлан магтан дуулсан нь хожим цаазаар авахуулах нэгэн шалтгаан болсон буюэ. Монгол залуу хүн бүрийн алив түүхийн гарын авлага, тулгуур болгон анхааран заавал унших чухал номын нэгэн болоод зогсохгүй, номыг бичсэн үзэл санаа, язгуурын ёс хэвшил нь одоо ч хамгийн чухал хэвээрээ байгааг бид судлан ухаарах, юуны төлөө алтан амиа алдсаныг  сэхээрэн хүндлэх чухал билээ.

 
 
 
References

1. А.Амар. Монголын товч түүх, 1989

 

GO BACK TO WEBSITE

Batmunkh.Ts Mongol Internet Contact to daanjuur@yahoo.com