Yнэнээ хэлье
Нулимсаараа зуурч хэлье
Хагацахын цагт үхэл давж уулздаггүй шиг
Yнэнээ хэлье
Амьсгалаа зангидаж хэлье
Ижийтэйгээ байхад би баян байсан…
Орилсоор ижийдээ очин нулимсаа арчуулахад
Одод бүгдээрээ миний нүдэн дотор л түгдэг байсан
Ижий минь инээгээд над руу ирэхэд
Энэхэн замбуутивийн наран над дээр л асгардаг байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан
Араг үүрсэн ижийнхээ ар өвөрт гүйхэд
Аараг толгодын элс алтаар нурдаг байсан
Бөртөн бөртөн зэрэглээ хормойтой минь орооцолдож
Бүжин бор хөлийн минь сайрыг долоодог байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан
Судас нь лугшиж халуу дүүгсэн
Бурханы өвөр дээр тоглодог байсан
Сүнс зайлам харанхуйн дунд
Сүү нөмөрч унтдаг байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан
Уул уулын орой уулздаггүй шиг
Yнэнээ хэлье
Эсээ шатааж хэлье
Урсгал усан эргэж урсдаггүй шиг
Yнэнээ хэлье
Цусаа буцалгаж хэлье
Ижийгээ амирласнаас хойш би гуйлгачин болсон
Гэхдээ…
Энэ хорвоогийн үхлээс бусдыг тоож гуйхгүй гуйлгачин болсон
Ижийтэйгээ байхад би баян байсан
Чилтлээ ширтэх,харчуудын нүдэнд хордсон
Чиний үзэсгэлэнд өөрийн чинь юм нэг ч байхгүй
Төөрөг заяа чинь тэнгэр эцгийнх
Төрсөн бие чинь газар эхийнх
Нулимс чинь хөх булгийн ус
Инээд чинь хөөрүү хадны цуурай
Эрвэлзэх сормуус чинь хиаг өвснийх
Элбэг сөвх чинь харвасан ододынх
Илүү зангүй дөлгөөн чинь уулынх
Их тунгалаг зүс чинь сарных
Өнгө, сүүдрийн хорвоогоос булааж авсан үзэсгэлэн чинь
Өгсөн юм болохоороо буцааж чамаас авна
Гайхуулж яваа үзэсгэлэнгээс чинь
Ганц ч юм чиниих бишээ амраг минь
1990 он
Би
Ижийг минь төрөх гээд ёолоход
Зуун цэцгийн дэлбээ тасарсан ч
Намайг төрөөд чарлахад
Мянган цэцэг цомирлогоо дэлгэжээ
Намайг төрлөө гэж
Дэлхийн жин нэмэгдээгүй ч
Би яахын аргагуй нэмэгдэхүүн
Би газар, тэнгэрийн хүү
Дуртгал маргааш хоёрын хэлхээ
Дуу нулимс хоёрын голтриг
Хоёр туйлыг холбосон уртраг
Төрөх үхэхийн дундах бодгаль
Гэрэл сүүдрийн цогц
Өөрийгөө элээж
Өрөөлийг ирлэж дуусах
Өнжүүлийн цэнхэр билүүний хэлтэрхий
Би
Дороо эргэлдэх өдөр шөнө
Нарыг жилдээ нэг тойрох
Газрын хаан
Намайг тэврэх гэж ярагдсан газрын шархыг
Нар алтан утсаар хөвөрдөхийн цагт
Би хасагдахуун
Боржигоны бор тал
Санаа алдахад
Эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүр залгихад
Агь хоолойд аргасан
Боржигины бор тал минь
Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Таанын цагаан толгойноос өөр
Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь
Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл
Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь
Тэнгэр тийчиж намайг төрөхөд тал минь
Торго шиг зөөлөн байсан чи
Жаргал зовлон хоёрыг амсаж эдэлж
Чулуун дээр чинь баяр гунигийн нулимс унагахад
Эр хүн шиг нуруутай бай гэсэн шиг
Эргүүлж над руу цацан хатуугаас хатуу байсан чи
Сайран дээр чинь өдөлсөн жигүүртэн тэнгэртээ нөгчихөд
Салхи хөлөглөсөн өд нь чам дээр эргэж буудаг
Ботго нь үхсэн ингэний
Борвио хагартал савирсан цусны туяатай сүүг
Чи л залгиж зовлонг нь хугасалж
Чинэсэн хөхийг нь амирлуулсан
Дээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирыг
Дэлхийн төвтэй чи л нийлүүлсэн
Чиний шарх
Зүрхний шархнаас хождож анина тал минь
Тугалын бэлчээрээс эхлэн
Тоглоом дэлгэсэндээ чи
Намайг эрх болгосон
Туулсан зуунуудын гашуун сургамжийг
Хэлж зүрхлээгүйдээ чи
Намайг гэнэн болгосон
Газрын нүдэн булгийн чинь
Хад цоолсон догшин цамнаа
Намайг эрэмгий болгосон
Хөрөөний ир шиг алсын намхан уулсын чинь орой
Хөх галын чинь урт улаан дөл
Намайг бадрангуй болгосон
Сайхан чинийг гандах элэгдэх хоёр
Сартай шөнийн чинь чимээнд зангирах цагаан аялгуу
Намайг уяхан болгосон
Нутаг усны минь хаяа өлзийтэй түмэн
Нуур тойрмын ширхэг чулуу хүртэл
Намайг хүн болгосон
Байдуу мянганы уулсаа дууриан
Толгойд буурад сууж
Багадаа хөхсөн эхийн сүү
Гадагшлахын цагт
Шүлгээ би чам дээрээ
Хүн улуу шиг орхиод
Сүүдрээ дарж унахдаа
Элгий чинь цөмлөн шингэнэ
Боржигины бор тал минь
Тэр хөх мөнхийн уул, миний хүүгийн уул
Ачит эцэг Бавуудаа
Тэлмэн зэрэглээн дунд
Эмнэг адуу шиг цовхчих
Тэр хөх мөнхийн уул
Миний хүүгийн уул
Ургах нарыг
Духдаж дүнхийн
Унах нарыг
Үүрч ханхайлна.
Нар нь шингэдэггүй
Навч нь ганддаггүй
Хөх мөнхийн уул.
Хүүгээ сайн явааг дуулаад
Дэргэдүүр нь дуулж өнгөрсөн
Дуулж байна лээ.
Миний хүүгийн хөх мөнхийн уул.
Хөгшнөө нутаглуулчихаад
Дэргэдүүр нь уйлж өнгөрсөн
Уйлж байна лээ.
Миний хүүгийн хөх мөнхийн уул.
Алдрайхан ганц үр
Насны алганд заяахад
Адуунаасаа чиний морь гэж
Унага ногтолж өгье! гэтэл
Багадаж санагдхаар нь
Хөхөмдөг униарт талын хаяанаас
Дөл шиг цоролцох
Хөх мөнхийн уулыг чиний уул гэж
Хүүдээ алга дэлгэнэ зааж өгөөд
Бах нэгэн ханаж билээ.
Тэлмэн зэрэглээн дунд
Эмнэг адуу шиг цовхчих
Тэр хөх мөнхийн уул
Миний хүүгийн уул.
1980 онд

