Дорнын их яруу найрагч
Бэгзийн Явуухулан

BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE

 

 

     
   

 

 
Begz Yavuuhulan (1929-1982) 
 
 
 


Би хаана тєрєє вэ, Мєнгєн хазаарын чимээ, Тэхийн зогсоол, Хар-Yс нуурын шагшуурга, Хээр хоносон сар, Зөвхөн Монголдоо
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би...
 
 

 

Тvvвэр зохиол

Бэгзийн Явуухулан

Түүвэр зохиол

Яруу найрагчийн амьд хөшөөг босгох сайхан боломж олгосон Монголын Зохиолчдын Эвлэлийн хороонд талархаж байгаагаа илэрхийлье. Мөн хэвлэлд бэлдэх явцад бүх талаар тусалсан яруу найрагчийн уран бүтээлийн нөхөд болон шавь нарт нь баярласнаа бас илэрхийлье. Энэ ботийг хэвлэлд бэлтгэхдээ, удаа дараагийн ном түүвэр, тогтмол хэвлэлүүдэд хэвлэгдсэн шүлэг зохиолоос гадна гар бичмэлээр үлдсэн шүлэг зохиолуудаас нь сонгож эмхтгэлээ. “ Түүвэр зохиол “ – д бүрэн гүйцэд төгсөөгүй, дутуу үлдсэн хэдэн шүлэг зохиол орсон. Яруу найрагч, шүлэг зохиолоо түргэн түүхий хийдэггүй, эргэж няхуур ажилладаг байсан тул дутуу үлдсэн зохиол нэлээд байна. Үүнээс гадна, хэвлэлд бэлтгэгч бидний дадлага туршлага багатайгаас шалтгаалж хэвлэлд бэлтгэн оруулж чадаагүй шүлэг нэлээд үлдлээ. Шүлэг зохиолуудыг эмхтгэхдээ редакторын зөвлөсний дагуу улс төр иргэний уянгын яруу найраг, утга уянгын яруу найраг гэсэн хоёр хэсэгт ангилж, хэд хэдэн дэд сэдэвт ерөнхийлөн хуваагаад, дотор нь оны дэс дараагаар байрлуулахыг эрмэлзлээ. Дууль, найраглал зэргийг сэдэв харгалзалгүй нэгэн хэсэг болгож оны дэсээр байрлууллаа. Яруу найрагч маань сэрүүн ахуй цагтаа үргэлж хүндэтгэж явсан уншигч нарт нь уран зохиолын тухай өгүүлэл, уран сайхны найруулал, тэмдэглэл, жүжиг, орчуулга зэрэг бүтээлүүдээр дахин нэг боть ном бэлтгэж толилуулах эрмэлзэл дүүрэн байгаа гэдгээ хэлэхийг хүсч байна.

Эмхтгэгчид

 

Алаг дэлхийд төрсөн минь учиртай

Алтан дэлхийд төрсөн минь учиртай
Аавын гэрийн амар тайвныг эвдээд би
Ачит эхээ арван сар зовоосны эцэст
Алаг үр нь болж баярлуулах гэсэн юм би
Алтан дэлхийд төрсөн минь учиртай

Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай
Гэмгүй шувуудын үүрийг эвдэж өндгий нь няцлаад
Хэрсүү сууж ухаан орсныхоо эцэст
Гэнэн насаа өрөвдөж зовж явах гэсэн юм би
Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай

Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Адуу манаж дассан атархан тал нутагтаа
Анхны дурлалтай учирч эмнэг сэтгэлээ уяраагаад
Аз дутаж амьдралын турш мөрөөдөх гэсэн юм би
Алаг дэлхийд төрсөн минь учиртай

Тоост хорвоод төрсөн минь учиртай
Тохойн чинээхэн үрийнхээ шөнийн уйлахыг сонсож
Төрсөн эцгийндээ авчирсан зовлон баяр хоёрыг
Тоо ёсоор нь өөрөө амсаж мэдэх гэсэн юм би
Тоост хорвоод төрсөн минь учиртай

Дуулим хорвоод төрсөн минь учиртай
Дуулж суугаад ээжийгээ уйлахыг нь үзэх гэж
Дуунд тийм чадал шингэж байдгийг мэдээд
Дуу өөрөө зохиож дуутай хамт амьдрах гэсэн юм би
Дуулим хорвоод төрсөн минь учиртай

Хөрст дэлхийд төрсөн минь учиртай
Хүлгийн зоо болсон төрсөн нутагтаа амьдрах гэж
Хүүгийн сэтгэлээр эх орондоо хайртай байсан юм гэж
Хойч үеэрээ ам бардам хэлүүлэх гэсэн юм би
Хөрст дэлхийд төрсөн минь учиртай
1959 он.

 

Алдарт буудлага

Арван долоон онд, манай гариг дээр
Алдар цуутай буудлага болсон юм.
Нэлэнхүй орчлонг нэлд нь доргиож
Нева мөрөн дээр нирхийсэн юм.

Хуучин, шинэ ертөнцийг зааглан
Хорвоод нүргэлсэн Аврорын буудлага
Хувьсгалжсан Оросын пролетарийн
Хоолой нийлүүлсэн уухай байсан юм.

Алдарт Октябрийн хүчит уухайг
Аугаа Ленин биеэр удирдсан юм
Нийтээр бүрхэг Орос оронд
Нийгэм журмын үүр цайсан юм.

Хорвоод нүргэлсэн Аврорын дуунаар
Хотол Монгол нойроос сэрсэн юм.
Хонгор морио, Сүх жанжинд
Хувь заяагаа даатган эмээллэж өгсөн юм.

Хүн ардынхаа хувь заяаг
Хүлэг морьдынхоо дэлэнд өлгийдөж
Хувьсгал хийхээр журамт цэрэг гарахыг
Кремлийн ордонд Ленин мэдсэн юм.

Залуурч Лениний эх оронтой
Заяа холбосон Азийн монгол
Тив алгасах пуужин адил
Нийгэм алгасах хувьсгал хийсэн юм.

Хүчит аврорын буудлагын нүргээн
Хүчирхэг Лениний уухайн түрлэг
Үүл нүүгч манай гаригаас
Үүрийн цолмонд бяраа хүргэлээ.

Арван долоон онд манай гариг дээр
Алдар цуутай буудлага болсон юм.
Гариг алгасах алдарт буудлага
Гайхамшигт Нева дээр анх болсон юм.

1967 он.

 

Хоёр их буу

Хүргэх ачаа хүнд
Хүлээсэн хугацаа богино
Жанжин Сүхэд гардуул
Заасан хугацаанд биелүүл
Дарга ингэж тушаав
Далан цэрэг давтав.

Өдөт бичиг яаралтай
Өндөр уул шиг жинтэй
Хоёр лут их бууг –
Хоёр лут хүнд ачааг
Хос дөрвөн морь
Хоёр ачааны найман морь
Даахтай үгүйтэй хөдлөв
Далан цэрэг дагав.

Ачсан ачаа хүнд
Аваачих газар зайдуу
Тахтай морьд гэлдэрнэ.
Далан цэрэг яарна.

Умар зүгээс урагшлах бүр
Улсын хилд ойртох бүр
Замын нуруу хотолзов
Замгүй газар навталзав

Хоёр лут их бууг
Хоёр лут хүнд ачааг
Урсгал Сэлэнгээс өөр
Улсын хилд ойр
Дааж гаргах газаргүй байв.
Далан цэрэг мэдэж байв.

Хорин нэгэн он билээ.
Хаврын нэгэн өдөр билээ.
Нуруу юугаа Сэлэнгэ
Нум шиг бат хөвчлөв.

Хаврын зөөлөрсөн мөсөө
Хаш шиг хатуу болгов

Өдөт бичиг шиг яахалтай
Өндөр уул шиг жинтэй
Хоёр лут их бууг
Хоёр лут их хүнд ачааг
Далан орос цэрэгтэй нь
Далан найман морьтой нь
Нуруун дээрээ Сэлэнгэ даав.
Нутгийн хилийг алхуулав.

Хоёр их буу хөдлөв.
Ханын хөндийг өгсөв

Торойсон цагаан тоос угтав.
Тоосны үзүүрт Сүхбаатар ирэв.

Чандаган цагаан тогтож ядав.
Жанжин Сүх ингэж хэлэв.

- Хоёр их буу эхлээд буудна
Хувьсгалын дуу түүгээр дуурсана.

Хортон дайсан чихгүй болно.
Хотол Монгол жаргалтай золгоно.
Жанжин Сүх түрүүлээд давхив.
Чандаган цагаан нь сум шиг хурдлав.

Хөллөгөө морьдын чих сортолзов.
Хөтөч цэргүүдийн хийморь сэргэв.

Эрээн нарсанд үүр цайв.
Их бууны дуу нүргэлэв.

Журамт цэрэг хиагтыг дайрав.
Жанжин Сүх магнайд нь явав.

Дөрвөн пулемёт зэрэг галлав.
Дөтийн замаар гаминг тонилгов.

Их бууны анхны нүргээнээр
Эрэлхэг Сүхбаатарын уриан дуунаар
Хуучин төрийн сүлд зайлав.
Хувьсгалт төрийн наран мандав.

Хоёр их буу хүнд байсан юм.
Хөрст газар хотолзож байсан юм.

Аврорын дуу биед нь явсан юм
Ардын маань хувьсгалын дуу болсон юм.

1969 он.

 

Бүх ардын наадам

Эх орныхоо түүхт ойг улс даяар тэмдэглэх гэж
Эмээлт мориныхоо хурд чадлыг хотол даяар шалгах гэж
Өвч Монгол улсын “ Эрийн гурван “ наадам эхэллээ.
Үзэмжит хувцсаа өмсөөд хүмүүс наадамдаа ирцгээлээ.
Сайн малчны тэмдэгтэй буурал өвгөн харагдлаа.
Сангийн аж ахуйн тракторч залуу бүсгүй үзэгдлээ
Бүрэнцогтын уурхайчин хүдэр эр сууж байлаа.
Бүтэн бум явчихсан залуухан жолооч ирсэн байлаа.
Тэсийн голын унага асрын үүдэнд хазаар дарж
Тэрхийн голын хүүхэн түүнийг ажиж суулаа.
Дархан аваргуудын цолыг засуулууд нь дуудаж
Түрүүлж хэн нь шалгарахыг наадамчид таалцаж байлаа.
Эрхийдээ ончтон энд нум сумаа агсаж
Эр биедээ бяртан тэнд зодог шуудгаа өмсөж
Дуу хуурын эхэнд залуучууд бүжиглэж байлаа.
Дугараа түрлэгийн эхэнд настнууд хүндлэгдэж байлаа.
Арвайхээрээс пионер хүү морь уралдахаар ирсэн байлаа.
Алтай нутгаас эмгэн малчин уригдаж ирсэн байлаа.
Зочидын байранд олон хүн ирсэн харагдлаа
Зөвлөлтийн төлөөлөгчид хамгийн түрүүнд нүдэнд туслаа
Ардчилсан орны төлөөлөгчид дэргэд нь сууж байлаа
Ардын наадамд баясан инээж суугаа үзэгдлээ
Нарийн торгон зодог шуудагтай хоёр бөх
Наадамчдын өмнүүр дэвэн дэвсээр гарлаа
Начин шонхор зоригтны тулахыг үзэх гэж
Нам чимээгүй болоод хүмүүс ширтэж эхэллээ
Эхлээд хоёулаа бие биесээ хэрж баахан зогслоо
Энд тэндээсээ чангаалцаж жаахан өвдөлцлөө
Гэтэл нэг нь ухасхийн дайраад орлоо
Гэнэдүүлж байгаад өвдөг дороо хийж амжлаа
Хоромхон зуур алга ташилт ч нижигнэж эхэллээ
/Хурдан морь/ирлээ гэж зар ч тараад ирлээ
Хурц туурайтай хүлэг морьд ана мана айсуй явлаа
Хамгийн түрүүнд хээр морь их наадамд цулбуур хаялаа
Урсах усны долгио шиг туг далбаагаа намируулсаар
Улсын аварга тамирчид жагсаалаараа орж ирлээ
Наадмын талбарт ЭНХ ТАЙВАН/гэдэг үсэг боллоо
Наргиан болж,олон үзэгчид алга ташлаа
Долоон сарын тэнгэрт туг далбаа намилзаж харагдлаа
Дөлгөөн сайхан агаарт энхийн тагтаа нисэж үзэгдлээ
Эссэн айргаа хүндэт зочдодоо дахин сөгнөлөө
Эрийн гурван наадам ид дундаа үргэлжилж байлаа.
1953 он.

 

МАРКС /ДУУЛЛЫН ДУУЛЛЫГ БИЧИХДЭЭ /

Жуулч бөмбөрцөг аян замдаа эргэлдсээр
Зун өвлийг хорвоод бас л солилцуулсаар
Шөнө өдөргүй баячууд л цэнгэлд автана
Сарны гэрэлд боолчууд л зогсоогүй ажиллана
Бөмбөрцөг дэлхий гэдэг нь бүрэг саарал юмуу?
Бүгд бид гаслан зовлонд төрсөн юмуу?
Ийм үгтэй дууг ажилчин хүн дуулж байхад
Үүр шөнийг угтаж Маркс нойргүй сууж байлаа
Ширээн дээрх гэрэл нь бүдэг гийгүүлнэ
Шилэн гэгээвчийг нь нэвтлэн салхи сэвэлзэнэ...
Эвхмэл цаасыг дэлгээд Маркс урдаа тавилаа
/Эв хамт намын тунхаг/гэж гарчиг бичлээ
Сайн нөхөр Энгельс нь дэргэд нь сууж байлаа
Санаа бодолоо сүвэгчлэн Маркс зөвлөж байна.
Үзгээ тавиад Маркс шинэ ертөнцийг бодоход нь
Урт цагаан сахлаа илэн байж суухад нь
-Бидний замыг зааж өг!Маркс минь гэх шиг
Бэрсүү болсон пролетариуд өөдөөс нь сарвайгаад
Найман настан эзний газар дээр ажиллаж харагдлаа
Ная хүрсэн эрдэмтэн хөлсний хөдөлмөр хийж үзэгдлээ
Бүхэл дэлхий туждаа тас харанхуй харагдлаа
Бүүр шинээр хувиргах цаг нь болсон санагдлаа
Эргүүлж болшгүй мөрөн голын урсгал шиг
Энд тэндгүй ажилчдын бослого гарч байгаа нь
Түмэн жил хээр хэвтсэн нуруу өвсөнд
Түүдгийн оч үсрээд авалцаж байх шиг бодогдлоо
Тэгвэл одоо ганцхан хувьсгалын шуурга хэрэгтэй
Түм буман пролетариудад хувьсгалын уриа хэрэгтэй
Энэ бүгдийг бодоод Маркс үзгээ барилаа
Эгэл олон пролетариудын замыг зааж бичлээ...
“ Олохдоо бид бүх дэлхийг олж авна “ гэж тунхаглалаа.
Олох шинэ хувьсгал нь орчлонгийн хэвлийд өсөж байлаа.
“ Орон бүхний пролетари нар нэгдэгтүн “ гэж уриаллаа.
Олон сая пролетариуд энэ уриан дор нэгдлээ.
Ган үзгээ Маркс ахин ахин хурдлуулахад
Капитализм дарлалаа дахин дахин ширүүсгэлээ.
Дарлагч ангийг түлхэн унагаахыг Маркс заахад нь
Дарлагдсан пролетариудын эрх чөлөөний замыг нээхэд нь
Сая сая ажилчдын хувьсгалч гарууд яралзлаа.
Шив шинэ дэлхийн амгалан дүр тодорлоо.

1953 он.

 

Ленин – Москва

Зүг зүгийн орныг
Туяа гэрлээр гийгүүлж
Зүү орохгүй эвийг
Түмэн олонд заяасан
Үнэн зөв ялалтын
Эцэг нь болсон Ленин
Үүрдийн энх тайвны
Эх нь болсон Москва
Үндэстэн олны хүүхдийн
Ариун ирээдүйг холбож
Үнэн ариун хэргийн
Алтан жигүүрийг дэлгэсэн
Үнэн зөв ялалтын
Туг нь болсон Ленин
Үүрдийн энх тайвны
Түшиг нь болсон Москва
Саруул жаргалын нараар
Гийгүүлж байдаг гүрэн
Сайн санаатан бүхнээр
Хүрээлүүлж байдаг нийслэл
Үнэн зөв ялалтын
Нар нь болсон Ленин
Үүрдийн энх тайвны
Од нь болсон Москва.

1951.он

 

Москвагийн Дуун

Хонгор минь радиогоо чангалаарай,
Кремлийн цаг уянгалж байна шүү.
Хоногшиж дассан дуугаар “ Москвагаас ярьж байна “ гэнэ дээ.
Хоёр биеэ ширтэж баясанхан сууж хоёулаа
Хосгүй сайхан Москвагийн дууг
Өвгөн буурал Кремлийн өндөр цамхаг дээгүүр
Үүлэн өнгөт тагтаан сүрэг нисэж яваа нь үзэгдэх юм.
Үргэлж баяраар гийсэн үйлдвэр завод дотроо
Өнөр Зөвлөлтийн хүмүүс ажиллаж байгаа нь харагдах юм.
Чагнав уу? Хонгор минь. Ижил- Доны сувгаар,
Маргад эрдэнийн бараатай галт онгоц хөвж явааг !
Сонсов уу? Хайрт минь. Дорнодын ган замаар
Зөвлөлтийн бэлэг наашаа гарлаа гэж байгааг !
Амьдрал үнэн хоёрыг ингэж дуулгаж байдагт нь
“ Америкийн дуу хоолой “ шиг шал худлаа чалчдаггүйд нь
Мөнх саруул Кремлийн гэрэлт од гялалзан байдаг
Москвагийн дууг сонсохдоо дуртай юм би чинь !
Хонгор минь радиогоо чангалаарай,
Кремлийн цаг уянгалж байа шүү.
Хоногшиж дассан дуугаар “ Москвагаас ярьж байна “ гэнэ дээ
Хоёр биеэ ширтэж баясанхан сууж хоёулаа
Хосгүй сайхан Москвагийн дууг сонсьё !

1952он

 

Өдөржин би Улаан талбайгаар явав.
Өөрөө мэдэлгүй бүхэл өдөр эрэл хийв.
Уг нь би энд зүгээр л ирсэн юм.
Улаан талбайд очьё л гэж бодсон юм.

Харин, энд Сүхбаатарын мөр бийг,
Харах нүдэнд одоо яасан ч үзэгдэхгүйг,
Ариун гараар бүтээгүй тэр дурсгалыг
Алдарт Улаан талбай хадгалж байгааг

Сэтгэлдээ санаж, талбай дээр явахад
Сүлжмэл угалзтай монгол гутлын чимээ гарч
Сүхбаатартай өдөржин хамт байх шиг санагдав.

Үнэндээ тэр мөрийг би эрээгүй боловч
Итгэл хайрын хүчинд захирагдаж
Өдөржин би улаан талбайгаар явав.

 

Лениний тухай дуу

Хуучин төрийн туургыг халж
Шинэ нийгмийн тооныг тулж
Нийгэм журамт улсаа байгуулж
Нийт олноо тэгш жаргуулсан
Сод Ленин
Суут Ленин
Ленин –
Гэрэлт од шиг
Замд баримжаатай,
Ленин гэгээн тэнгэр шиг
Орчлонд түгээстэй.
Орос хүн шигээ эгэл төрж
Олон үндэстний хайрыг булааж
Зон олныхоо тэмцлийг манлайлж
Зовлон жаргалыг хамт туулсан
Эгэл Ленин
Их Ленин
Ленин
Эцгийн дүр шиг
Зүрхэнд уяатай
Ленин –
Эхийн сэтгэл шиг
Бүхэнд энэрэлтэй
Суут Марксын ухааныг тэлж
Саруул коммунизмын дүрийг тодосгож
Хүн төрөлхтний заяаг тэтгэж
Хүрэх ирээдүйн замыг заасан
Зөнч Ленин
Мөнх Ленин
Ленин –
Цаст оргил шиг
Орчлонд бараатай
Ленин –
Нарт хорвоо шиг
Олонд түшигтэй.

1970 он.

 

МОСКВА

Москва минь, Москва минь,
Монгол эхээс минь өөрцгүй
Эрдмийн сүүгээ шимүүлсэн
Эрхэм их ачтан минь

Москва минь, Москва минь
Монгол нутгаас минь өөрцгүй
Элэг зүрхэнд өөриймсөж
Идээшиж дассан гэр минь

Алс холын Монголын
Аз жаргалтай эзэн
Ард язгуурт хүний
Алаг үр гэлээ ч би

Сүрлэг Москва чиний
Сүү шиг хайранд багтаж
Өр зүрхэнд чинь үүрээ барьсан
Өчүүхэн хараацай билээ би.

Анх чамдаа ирж
Улаан талбай дээр гараад
Аугаа их Ленинд
Цэцэг өргөхдөө би

Амьд явах насанд
Цээжинд дандаа байдаг
Аавын сайхан дүрийг
Олж үзсэн билээ би


Энхрий олон үрстэй
Элгэн өвөрт чинь багтаж
Эрдмийн сүүний чинь шимийг
Эгнэгт хүртэхдээ би

Энэ яваа насанд
Ачийг нь хариулж дуусашгүй
Эхийн халуун хайрыг
Олж амссан билээ би.

Идэр бүргэд шиг сүртэй
Эрчүүлийн чинь зангаас
Эр хүний гүндүүгүйг
Олж харсан билээ би

Ингэн нүдэн тормойсон
Эмэгтэйчүүдийн чинь царайнаас
Эх хүний гоо сайхныг
Олж үзсэн билээ би

Өнөр сайхан бүлийн чинь
Өөдрөг сайхан жавхаанаас
Үндэстэн олны нөхөрлөлийн
Үр шимийг харсан би.

Анд олон нөхдийн чинь
Аз заяатай холбооноос
Ах дүүгийн барилдлагын
Аугаа гайхамшигийг мэдэрсэн би

Цэнхэр нүдэн найзтайгаа
Цэлмэг тэнгэрт өндөр авч
Далай жаргалын хураар
Далавчаа дэвтээж явахдаа

Өнгөт орчлонгийн царайг
Өндөр дээрээс харж
Үзэл санааны тэмүүллээ
Өөрийн болгож авсан би.

Москва минь чи надад
Өгөөгүй юм гэж огт байхгүй
Москва минь би чамаас
Аваагүй юм гэж огт байхгүй

Сүрлэг Москва чиний
Сүү шиг хайранд багтаж
Өр зүрхэнд чинь үүрээ зассан
Өчүүхэн хараацай билээ би.
Халуун элэгсэг зүрхэнд чинь
Холоос нисэж ирэхдээ
Хаврын анхны шувуу шиг
Мөрөөдөж ирдэг билээ би.

Найрсаг үүрээ орхиод
Нисэн одохын цагтаа
Намрын сүүлчийн шувуу шиг
Хоргодож буцдаг билээ би

Москва минь, Москва минь
Чиний алтан босго
Хань нөхдийн өмнө бол
Хавтгай газар шиг намхан билээ.

Москва минь, Москва минь
Чиний алтан босго
Харь дайсны өмнө бол
Хадан уул шиг өндөр билээ .

Өстөн шунахай дайсны
Өмхий санаанаас болж
Ард түмний гар дээр үлдсэн
Атаатантай тулах ганц зэвсэг

Зандан ташууртайгаа очсон
Залуу жанжин Сүхбаатарыг
Аугаа их Ленин
Алтан Кремльд чинь хүлээн авч

Хүндэт зочны ёсоор
Хүсэл зоригийг нь сонсож
Аврорын бууны цэнэгийг
Алган дээр нь тавьж өгсөн юм.

Аврорын домогт бууны
Атомаас хүчтэй цэнэг
Ар Монголын нутагт
Атаатны үүрэнд дэлбэрэх дээ:

Газар унасан хэсэг нь
Ган бат найрамдлын гэр болж
Өнөөдрийн социалист Монголын
Өндөр сүрлэг барилгын

Өлмий бат орших
Өлзийт суурийн чулуу болж
Монгол орон даяар
Молор эрдэнэ шиг гялалзсан юм.
Тэнгэрт хадсан чимээ нь
Тэр чигтээ эгшиглэж
Энхрий эх орныхоо
Эрх чөлөөтэй эзэн

Ард түмний дуулах дуртай
Аз жаргалын дуу болж
Өргөн уудам нутгийн минь
Өнцөг бүхэнд хангинасан юм.

Москва минь чи бидэнд
Өгөөгүй юм гэж огт байхгүй
Москва минь бид чамаас
Аваагүй юм гэж огт байхгүй

Ийм сайхан ачтантай
Эгнэгт бат нөхөрлүүлсэн
Аххмад үеэрээ бахархана
Ачит намдаа баярлана.

Хөх мөнх тэнгэрийн
Нэрийг барин хэлье
Монгол хүний үр би
Москва чамдаа хайртай

Хөрст хатуу газрын
Нэрийг барин хэлье
Монгол хүн бүгдээрээ
Москва чамдаа хайртай

Мөнх хөх тэнгэрийн дор
Москва чамайг байгаа цагт
Өнгөт дэлхий тэнхлэгээ
Өнө мөнх эргэнэ.

Газар дэлхийн хөрсөн дээр
Гайхамшигт Москва байгаа цагт
Ах дүүгийн барилдлага ялж
Ард түмэн бүгдээрээ жаргана.

Москва- Улаанбаатар
1981 он

 

МОСКВАГИЙН УЛААН ТАЛБАЙ

Элгэн хатуу боржин чулууг
Энэ дэлхийн пролетари нарын
Эв санааны нэгдэл шиг
Эвтэйхэн зүйж дэвссэн
Ямар бат бэх талбай вэ?
Москвагийн улаан талбай.

Арван сая Москвагийнхан
Аз жаргалын жагсаалд жигдрэхдээ
Эх орныхоо бүх хүн ам,
Энэ дэлхийхэнтэй хамт багтдаг
Ямар уудам талбай вэ?
Москвагийн улаан талбай.

Дээр нь байгаа Лениний дүр
Дэлхийн нар шиг гэрэлтэж
Дэлгэр их энгээ дэлгээд
Дэрвэж байгаа туг шиг
Ямар хүндэтгэлтэй талбай вэ?
Москвагийн улаан талбай.

1981 он
Москва

 

САЙН БАЙНА УУ, УЛААНБААТАР МИНЬ

Хүүгээ өлгийдөөд орхисон эх шиг
Хүний нутагт сэтгэл тогтсонгүй
Холоос гүйсэн хангал морь шиг
Хорвоод хосгүй чамдаа ирлээ.
Сайн байна уу, Улаанбаатар минь?

Хүний сайхан үрийг үзээд
Өөрийн үрийг хэн мартах вэ
Борооны дараах нар шиг чамайгаа
Бэтгэртлээ би чинь санаж явлаа.
Сайн байна уу, Улаанбаатар минь?

Саяхан мэндэлсэн эх үр хоёр
Сайхан хүйгээрээ холбоотойн адил
Энхрий хот чамтайгаа би
Энэ биеэрээ хлбоотой юм.
Сайн байна уу, Улаанбаатар минь?

Тив дэлхийн уудам гэдэг
Тэнүүн болоод уужим юм.
Тохмын чинээ зайгий нь эзлэх
Төрөлх нутаг үнэтэй юм
Сайн байна уу, Улаанбаатар минь?

Хүүгээ өлгийдөөд орхисон эх шиг
Хүний нутагт сэтгэл тогтсонгүй
Холоос гүйсэн хангал морь шиг
Хорвоод хосгүй чамдаа ирлээ.
Сайн байна уу, Улаанбаатар минь?

1959 он.

 

УЛААНБААТАРЫН УЯНГЫН ДУУ

Алгаар хааж болдоггүй
Алтан жаргал нарны дор
Азаар заяасан хорвоогийн
Арван найман насандаа
Хаяад явчихаж болдоггүй
Хархан нүдний талимаанд
Харих цагаас хождоод
Хан ууланд оройтоход минь
Буурал ээжийтэй минь хамт
Буцаж ирэхийг минь хүлээж
Уудам Азийн Монгол –
Улаанбаатар нийслэл минь
Дөрвөн уулын дундаа
Тэнгэрийн заадас шиг ярайна.

Үгээр хуурч болдоггүй
Эх орныхоо ивгээл дор
Үзэж өнгөрүүлэх амьдралын
Үд дундын насандаа
Хуудуу хийчихэж болдоггүй
Хэцүү ажлын эрхээр
Хоног хугацаа хождоод
Холын замд оройтоход минь
Энхрий янагтай минь хамт
Эргэж ирэхийг минь хүлээж
Уудам Азийн Монгол –
Улаанбаатар нийслэл минь
Дөрвөн уулын дундаа
Тэнрэгийн заадас шиг ярайна.

Эвээр аргалж болдоггүй
Эргэх хорвоогийн жамаар
Эцгийн голомтыг залгах
Эрийн цээний насандаа
Орхиод явчихаж болдоггүй
Очтой нүдний талимаанд
Эжий аавын балчирхан
Энхрий хүүг минь оройтоход нь
Хөгшин бид хоёртой хамт
Хүүгийн минь ирэхийг хүлээж
Уудам Азийн Монгол –
Улаанбаатар нийслэл минь
Дөрвөн уулын дундаа
Тэнгэрийн заадас шиг ярайна.

1967 он

 

УЛААНБААТАР

Улаанбаатар – гараар амилсан Азийн цагаан тагтаа
Уран тоосгоор шүлэглэсэн хүслийн сүлд дуулал
Үүр хаяарах дорнын цайлган цагаан сэтгэл
үүдээ зочиндоо дэлгэсэн танан цагаан буудал

Туулын эрэгт ургасан болрын мянган талст
Уулын дунд буусан тэнгэрийн мөнгөн заадас
Өргөө хийдийн ормон дээр дэлгэрсэн цагаан сарнай
Өргөн Азийн элгэн дээр хаяагаа тэлсэн нийслэл.

Манж, Хятадын хаадын үе дамжсан санаархал
Манай жинхэнэ андуудын ах дүүгийн бахархал
Аугаа дээдэс минь бидэндээ амиараа хадгалсан нутаг
Алтан гургалдай шиг үрс минь дуулан жаргасан цэцэрлэг

Умрын салхинд намирсан улаан тугийн дэрвээ
Урагшлах замаа сонгосон монгол түмний минь өлгий
Сансрын анхны нисгэгчээ цэцэш барьж угтах дэвжээ
Сая сая удмыг минь эх барьж авах эжий

Аав ээжийн голомтоос тулгалж дэвжээсэн гал
Ардын хувьсгалын тугийг Азид анх өргөсөн гар
Морин дэл дээр мөнхөрсөн Сүхбаатарын давхих талбай
Монгол орны минь ирээдүйг нар өөд хөтөлсөн харгуй

Урагш тэмүүлэх жагсаалын маань эхэнд барьсан тунхаг
Уудам дэлхийд цуурайлсан Монголын дуу хоолой
Маркс, Лениний үзлийн Азийн бат бэх цамхаг
Мандаж бадарсан социализмын харуулын нэгэн мэлмий.

Туулын эрэгт ургасан болрын мянган талст
Уулын дунд ярайсан тэнгэрийн сөнгөн заадас
Туурга тусгаар орны минь ариун гэгээн голомт
Тулганд ассан гал шиг бадрах заяаны минь үндэс.


Үүр хаяарах дорнын цайлган цагаан сэтгэл
Үүдээ зочиндоо дэлгэсэн танан цагаан буудал
Ажилсаг түмний минь зүтгэлээс дэлгэрсэн цагаан сарнай
Ариун энхийн нарны дор хаяагаа тэлсэн нийслэл

Эрдэнэт гараар амилсан Азийн цагаан тагтаа
Эрх чөлөөт Монголын тусгаар тогтнолын бамбар
Дэвшилт түмний нийслэлийн тэнгэр газрын холбоо
Дэлхийн сайхан хот – миний хайрт Улаанбаатар.

1978 он.

 

Сүхбаатарын талбай

Улс монголын минь ерөнхий хот
Улаанбаатар нийслэлийн минь төвд
Сүх жанжны минь нэрээр алдаршсан
Сүрлэг сайхан талбай бий.

Энэ талбайн эргэн тойронд
Эх орон минь цэлийж байдаг юм.
Энэ талбайнхаа эргэн тойронд
Эгэл бид нар амьдарч байдаг юм.
. . . . . . . . . . . .

1982 он.

 

АРАНЖИН ЭРДЭНЭТ

Цэлмэг тэнгэрийн сувдан оддыг түүгээд
Цэцэг болгож газарт шагласан юм шиг
Аранзал гэрэл нь яралзан яралзан туяараад
Аранжин Эрдэнэт минь яасан сайхан вэ?
Аранжин Эрдэнэт минь, сайхан хот минь
Аранзал гэрлээ улам улам туяаруул
Уулл нүүлгэж арвин эрдэнэ савласан
Уурхайч олноо баясган баясган туяаруул.
Үлгэрт гардаг тэнгэрийн баганыг авчраад
Үнэн болгож эгнүүлж тулсан юм шиг
Аварга яндан хүжлэн хүжлэн сүндэрлээд
Аранжин Эрдэнэт минь яасан сайхан бэ?
Аранжин эрдэнэт минь, сайхан хот минь
Аварга үйлдвэрээ улам улам сүндэрлүүл
Уул нүүлгэж арвин эрдэнэ савласан
Уурхайч олноо баясган баясган сүндэрлүүл
Хайрын захидлын сайхан бадгийг шилээд
Ханьдаа зориулж уулын дунд сийлсэн юм шиг
Андын дуугаар амилан амилан уянгалаад
Аранжин Эрдэнэт минь яасан сайхан бэ?
Аранжин Эрдэнэт минь, сайхан хот минь
Андын дууллаа улам улам уянгалуул
Уул нүүлгэж арвин эрдэнэ савласан
Уурхайч олноо баясган баясган уянгалуул.

1977-1978 он.

 

БАГА НУУРЫН ТУХАЙ БОДОЛ

Бага нуур -
Зөвхөн нуурын ч нэр биш
Бага нуур
Зөвхөн газрын ч нэр биш.

Бага нуур –
Хар алтны их уурхайн нэр
Бага нуур
Хорвоод төрсөн шинэ хотын нэр

Хот төрөхдөө
Хүнтэй адилхан хүндтэй төрөх юм.
Хот босохдоо
Хүнтэй адилхан нэртэй болох юм.

Бага нуур минь
Хорвоод чи ингэж төрлөө.
Бага нуур минь
Хорвоод төрөхийг чинь би үзлээ.

Бага нуур –
Лут хөдөлмөрийн их дүр
Бага нуур –
Бат найрамдлын лут сүр.

Хот өсөхдөө
Хүнтэй адилхан өсөж томроно
Хот хөгжихдөө
Хүнтэй адилхан нэрд гарна.

Сүр бараа чинь
Газар дээр улам их гэрэлтэнэ.
Дүр царай чинь
Гайхам сайхан болж туяарна.

Бага нуур минь
Эргэж чамдаа заавал ирнэ.
Бага нуур минь
Идэр сайхан насыг чинь би үзнэ.

Бага нуур –
Их баялгийн минь даруухан нэр
Бага нуур –
Үр удмын минь өсөх хотын нэр

Төрөлх хотоо
Тэд улам сайхан болгоно.
Төрүүлсэн эх шигээ
Тэд хорвоод чамайг хайрлана.

Талын дундах
Хар нүдэн нуурын нэртэй
Талын дээрх
Хаш цагаан хот минь

Хот харин
Хүнтэй адилхан өтлөхгүй
Хорвоо дээр
Өтлөх насыг чинь би үзэхгүй .

1978 он
Багануур

 

ИТГЭЛ

Хөвч тайгын мод дуулим тагаасаа гандаж
Хонгор намрын өдрүүд тал нутагт ирлээ
Хөндий дүүрэн тариагаа улсын аж ахуй хурааж
Ханагар талд аварга комбайнууд сэллээ.
Халиуран нүүгэлтэгч тариан талбарын дээгүүр
Халуун орон руу нүүдлийн шувууд зэл татлаа.
Хүчит кобайны жолоог эхийгээ залаад гарахад
Хонгор охин нь баяртай гэгч инээмсэглэлээ.
Арвин талын тариаланг тэртээ талаас нь хураасаар
Аварга комбайнууд эгнээ зэрэгцсээр ирлээ
Амраг охин нь эхийгээ тосон гүйж очоод
Аварга комбайны гинжийг зөөлөн гэгч иллээ...
Манай аж ахуй дээр энэ явдал болсон юм
Магадлаж дамжуулах нь миний үүрэг гэж бодсон юм.

Магтаал шүлэгтээ би нэмж бас хэлэхэд
Монгол хүний итгэл Зөвлөлт улсад ханджээ.

1953 он.

 

ААВЫН ГАР

Уул шиг барьцтай аавынхаа бяртай гарт нь хөтлөгдөн
Унаган хот Улиастайнхаа баян зээлий нь сонирхон
Аавыгаа ганц алхахад нь гурав гишгэн гүйцэж
Авч өгсөн дэвтэрт нь баяртай явсанаа санаж байна.

Эрээн мяраанаа дэлгэсэн зах зээлийн газар
Энд тэндээс цугларсан хүн олны дунд
Цаст уулын бүргэдэрхүү хоёр сайхан орос эр
Цав цагаан толгойтой хоёр мундаг “ доктор “

Улс амьтны чөлөөнд дуу алдан уулзсан юм.
Учир утга нь мэдэгдэхгүй дуржигнасан хэлээр
ярьсан юм.
Аавынхаа гараас чангаасхийж ойртон очиж зогссон юм
Анд хоёрын яриаг би ойлгон мэдэх гэж ядсан юм.
Зах зээлийн хөлд төөрөгдөхөөс намайг хамгаалсан
Залуу зандан эцгийнхээ өлзийт гарт хөтлөгдөн
- Хэлээ тэд яагаад ойлгож байгаа юм бэ? гэж
Хэрэг бологж ааваасаа зам зуур шалгаасан юм.

Ой тойнд оромгүй тэр хэлнийхээ нууцыг
Орос хүн өөрөө хожим над тайлсан юм.
Одоо харин намайг хүний нутагт явахад
Оросын гайхамшигт хэл аавын гарыг орлосон юм.
1959 он.

 

Лениний уулан дээр

Одоо би Лениний уулан дээр гараад
Оволзсон зүрхээ дарж ядан зогсож байна
Орчлонгийн зүрх – Москвад үүр цайж
Оргилсон хөл хөгжөөн нь эхлэх дөхөж байна.

Өндөр барилгууд нь тэнгэр баганадах шиг
Үүрийн бүрийгээс цайран тодорч байна
Өвч шөнөдөө харуулд зогссон юм шиг
Үйлдвэрийн яндангууд сэрийн үзэгдэж байна.

Тээр дороос оюутнууд дуу аялан
Тэвхийсэн номоо сугавчилсаар айсуй байна.
Тэнд Москва гол мөнгөн саа шиг гялалзан
Тээврийн хөлөг онгоцууд аялалд гарч байна.

Саяхан хүртэл гялалзаж байсан тэнгэрийн од
Шинэ өдрийн туяанд бүүдийгээд харагдахгүй байна.

Бүх дэлхийд цуутайгаа илчилсэн шиг
Буурал Кремлийн одууд л гялалзсаар байна.

Танил дорноос цайвар туяагаа тэлсээр
Тэнгэрийн хаяанаас нар өндийж байна
Тэмүүлсэн их зорилгод минь амжилт хүсэх шиг
Туяан гэрлээ надад тусгаж байна.

1954 он
Москва

 

ШУГАМ

Орлого зарлагыг
Заагладаг
Шугамыг энд яриагүй
Олон түмнээ
Жолооддог
Намаа би магтаж байна.
Хоёр цэгийн
Хоорондох
Шугам л шулуун гэж
Хэлэх юм бол
Хайрт намынхаа
Жанжин шугамыг

түүнээс шулуун гэж
хэлнэ би
Ная гарсан
Эмгэнээс
Намаа ерөөж суухыг
Дуулдаг би
Найм хүрээгүй
Хүүхдээс
Намаа нэрлэж байхыг
сонсдог би
Нар болсон
Намтайгаа
Зүрх минь хүчтэй
Цохилдог юм.
Намынхаа хэргийн
Төлөө л
Манай хүүхдүүд
төрдөг юм.

1952 он.

 

НАМДАА ӨРГӨХ ҮГ

Морин дэл дээгүүр анх хийссэн
Монгол оронд үүрд намирсан,
Чин зоригт Сүхбаатарын
Чилэхийг мэдэхгүй гарт анх мандсан
Гал улаан тугуудын тухай
Галтай нэг бодол бидэнд төрдөг.
Тэр бол – нам
Биднийгээ жолоодож байна
Тэгээд бас намдаа
Бид үнэнчээ шалгуулж байна
Нас биеэ бид намдаа зориулаастай
Нандин хүсэл маань ирээдүйд тэмүүлээстэй
Уурхайн гүн, үйлдвэрийн цехэд
Уралдаант ажил норм давж,
Уулын хормой талын арвинд
Баян сүрэг улам өсөхөд
Бүтээн босгогч бидний сэтгэлээс
Бас л тэр бодол ердөө гардаггүй .
Тэр бол – нам
Биднийгээ хөдөлмөрт зоригжуулж байна.
Тэгээд бас намдаа
Бид хүчин зүтгэлээ өгч байна.
Нас биеэ бид намдаа зориулаастай
Нандин хүсэл маань ирээдүйд тэмүүлээстэй.
Зөвлөлтийн өнөөдөр маргааш маань болж
Зүтгэл хөдөлмөрөөр эх орон цэцэглэхэд,
Зүгээр суулгүй хөдөлмөрт шамдсанаас
Чөлөөт амьдрал маань улам дэгжихэд
Нас биеэ зориулсан биднээс
Нөгөө нэг бодол бас л салдагггүй.
Тэр бол - нам
Биднийхээ амьдралыг ивээж байна.
Тэгээд бас намдаа
Бид бүхэн үгээ хэлж байна.
Нас биеэ бид намдаа зориулаастай
Нандин хүсэл маань ирээдүйд тэмүүлээстэй
Өтгөн хар үсэнд буурал суувч
Өсөх үе маань эхээс төрдөг,
Өнөөдөр маань үдшээр дуусавч
Өрнөх маргааш өглөөгөөр эхэлдэг.
Ирээдүйдээ итгэн урагшлах тутам
Ихэр болсон тэр бодол хамт явдаг.
Тэр бол - нам
Биднийгээ ирээдүйд зоригжуулж байна.
Тэгээд бас намдаа
Бид мүхэн итгэж байна.
Нас биеэ бид намдаа зориулаастай
Нандин хүсэл маань ирээдүйд тэмүүлээстэй.

1954он

 

НАМ

Нам –
Ард олныхоо өлмийд
Алтан хивс дэвсэгч
Ажилчин.

Нам –
Эцэг өвгөдийн нутагт
Эрдэнийн сувд өсгөгч
Малчин.

Нам –
Эрдэм соёлын танхимд
Эвийн үсэг хэлхэгч
Сэхээтэн.

Нас юугаа хувьсгалаар эхэлсэн
Намтар юугаа ялалтаар зузаалсан
Манай энхрий хайрт нам
Монгол Ардын Хувьсгалт Нам

Оюун ухааны лут нэгдэл
Олон түмний бат итгэл
Яруу алдрын сод манлай
Ямагт бидний сүлд магнай

Удаан жилээр талхиж ядраасан
Ужиг нийгмийн дарлал зовлонг
Малчин ардын бөгтөр нуруунаас
Манай нам ховхолж хаясан юм.

Бор гэрийг өргөө болгож
Богдын оронд ардыг өргөмжилж
Хуучирсан хүрээг хот болгож
Хувьсгалын тугийг оройд нь залсан юм.

Малчны дундаас ажилчин төрүүлж
Мандсан төрийнхөө жолоог бариулж
Ариун цагаан хөдөлмөрийн шимээр
Айл бүрийнхээ галыг мялаасан юм.

Анд Зөвлөлтийн баатар түмэнтэй
Ахан дүүгийн барилдлага холбож
Хань болсон итгэлт нөхдөө
Хамтын тэмцлийн замаас олсон юм.

Нэгийгээ орхихгүй халуун нэгдэлтэй
Нийтээрээ урагшлах ариун зорилготой
Бидний ирээдүй – Гэгээн Коммунизм
Бэрхшээлийг ялж хүрэх диваажин

Нас юугаа хувьсгалаар эхэлсэн
Намтар юугаа ялалтаар зузаалсан
Манай энхрий хайрт нам
Монгол Ардын Хувьсгалт Нам

Оюун ухааны лут нэгдэл
Олон түмний бат итгэл
Яруу алдрын сод манлай
Ямагт бидний сүлд магнай

Нам –
Эгэл түмнийхээ уаргалыг
Эзэрхэг дайснаас аварсан
Хувьсгалч.

Нам –
Эрх чөлөөний нарыг
Эмээл дээрээ дүүрч авчирсан
Морьтон.
Нам –
Эх орныхоо эзэн болсон
Эрэлхэг баатар ардын
Нам.

1981.2.27.

 

Эвлэлийн алдар

Мянга есөн зуун хорин нэгэн онд билээ
Манай эвлэлийн туг түүхэнд анх мандсан билээ.
Ачит Сүхбаатар тэр тугийг өргөсөн билээ
Ардын залуучуудыг нэгтгэсэн эвлэл ингэж
байгуулагдаж билээ.
Гал улаан тугаа ингэж анх мандуулаад
Хатуужиж ирсэн алдарт ойгоо тэмдэглэж,
Тэргүүн болсон намдаа өнөөдөр бид илтгэх
Төгс сайхан амжилтыг гучин жилдээ бүтээлээ.
Цогтой үеийг нэгтгэсэн эвлэл маань хэзээ ч
Жолоодогч ах намынхаа заасан замаас гажаагүй юм.
Төр улсаа хөгжүүлэх баатар гавъат үйлсийн
Тэргүүнд явах үүргээ нэр төртэй биелүүлсэн юм.
Атаат дайсны сумыг цээжээрээ тагласан баатаруудыг,
Амлаж авсан үүргээ мянгаар давуулсан ажилчдыг,
Өнөр баян сүргээ өсгөж олшруулсан малчдыг,
Өргөн уудам ертөнцийн нууцыг тайлсан эрдэмтдийг
Манай эвлэл хүмүүжүүлж бүтээлийн эзэд болгосноос
Мандах нарны гэрэлтэй эвлэл гэж нэрлэгддэг юм.
Манлай хайрт намдаа үнэнч тусалж ирсний
Магадтай баримт болсон баатар гавъяа нь юм.
Эх орноо хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөнд
Дадаж сурсан заншлаараа манай эвлэл түрүүлээстэй
Эгэл олны нэгдсэн энх тайвны хамгаалалд
Тэргүүнд яваа залуустайманай эвлэл зэрэгцээстэй

1951 он.

 

ХОЁР ДАЛБАА

Эцэг эхийн ууган хоёр хүү шиг
Ихэр хоёр хүдэр эр хөтлөлцөж явах шиг
Алх хадуурт далбааны дэргэд
Алтан соёмбот далбаа намирч байна.

Дэрвэхэд нь чөлөөтэй байлгая гэсэн шиг
Дээгүүр нь хөх тэнгэр асарлан цэлийж байна.
Намируулан байх гэж ертөнцөд гарсан юм шиг
Намуухан салхи илбэн таалан байна.

Хийсэж байхыг нь үзэхийн төлөө төрсөн юм шиг
Хүмүүсийн хараа далбаадын зүг тэмүүлж байна.
Он онд гийгүүлж байя гэсэн шиг
Орчлонгийн нар хүртэл гэрлээ нэмж байна.

1953 он.

 

НАЙРАМДАЛ – ДРУЖБА

Дотнын халуун сэтгэлээ өвөрлөөд
Догдлон хүлээсэн зочин маань ирлээ
Хойморт гэрийнхээ үүдийг сөхөөд
Хоёр гардаж мэндлэн золгоё.
Найрамдал – дружба
Дружба – найрамдал
Цэнхэр тэнгэрэн хадгаа дэлгээд
Тунгалаг наран аягаа тавиад
Хүн ардынхаа хайраар бялхааж
Хүндэт зочиндоо өргөн барья.
Найрамдал – дружба
Дружба – найрамдал
Зузаан найрамдлын ууган жишээ,
Удаан жаргалын үүдэн дэлгээ,
Ахан дүүсийн ариун холбоо,
Ард түмний хийморь золбоо
Найрамдал – дружба
Дружба – найрамдал
Ахан дүүсийн ариун холбоог
Алаг нүд шигээ хайрлаж явья
Ард түмнийхээ аз жаргалыг
Алган дээрээ нар шиг бадраая.
Найрамдал – дружба
Дружба – найрамдал

1974 он.

 

ЧУЛУУН ДЭЭРХ БИЧИГ

Зэрэгцээх уул хаданд цуурай нь хадаж
Жигдхэн хэмнэлээр алхны дуу гарч байна.
Жигтэйхэн хатуу ургаа чулуун дээр
Жирийн нэг өвгөн бичиг сийлж байна.
Хажууд нь байгаа өвгөний ач хүү
Хадан дээрх бичгийг хуруугаараа заагаад
- Энэ бичиг ямар учиртай юм бэ? гэж
Өвөг эцгээсээ шалгаан асууж байна.
- Ээ дээ хүү минь энэ бичиг
Энгийн биш учиртай бичиг шүү
Энэ дэлхий амгалан байг гэсэн
Эгэл ард түмний хүсэл юм шүү
Том болоод миний хүү үүгээр аялаарай
Тоймгүй олон нөхдөө дагуулж ирээрэй.
Аав минь урьд энэ бичгийг сийлсэн юм гэж
Аялагч пионеруудад тайлбарлаж өгөөрэй
Ээ дээ хүү минь энэ бичиг
Энгийн биш учиртай бичиг шүү гэж
Буурал эцэг нь ач хүүдээ хэлээд
Булбарай хацрыг нь зөөлөн гэгч илж байна.
Зэрэгцээх уул хаданд цуурай нь хадаж
Жигдхэн хэмнэлээр алхны дуу гарч байна.
Жигтэйхэн хатуу ургаа чулуун дээр
Жигд тодоор “ Энхтайван “ гэж зурайж байна.

1953 он.

 

ЭЙЗЕНХАУЭР ДАЙНД МОРДОХ НЬ ЭЭ...

Наполеон баруун европт хөл өргөж
Нарт ертөнцийг хамна гэж хэд дахин мордоод
Эгэл олны хүчинд нам цохиулаад авсанд ороход
Эйзенхауэр гэдэг нэр ор сураггүй байсан юм.

Эрэлхэг Москвагийн дэргэд Напалеон нам цохиуллаа гэж
Ээрүүл барьсан чавганцад хүртэл дороо сонсогджээ.
- Осолдчихов уу? гээд генералууд нь Наполеонд сөгдөхөд
- Орос руу довтолсноос л ялагдлаа гэсэн юм гэдэг.

Хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөнө гэгчээр
Хорвоод Наполеоныг дуурайгчид бас л гараад ирлээ
Энэ дэлхийг мах цусандаа хаман нэгтгэхээр
Эйзенхауэр дайнд мордох гэж байна гэнээ ...

Энх тайван руу атом далайгчдын хүзүүг
Эрчилсэн олс хүлээж байгааг эс харвал
Ямар ч гэсэн Наполеоныг дуурайгаад, Гитлер
Яадгаа алдталаа ард түмэнд ниргүүлсэн юм даг.

1952 он

 

ДАЙНЫ ЭСРЭГ ТАГТАА НИСЭЖ БАЙНА

Дайны эсрэг тагтаа нисэж байна
Далавчны чинь дэвэлтийг зогсоох хүч хаа ч байхгүй
Эх дэлхий чөлөөт дэвэлтэд чинь зам тавьж
Эгэл хүмүүс дүрээр чинь сэтгэлээ илчилж байна.

Дайны эсрэг тагтаа нисэж байна
Дандаа амгалан байхыг хүмүүс хүсэж байна
Далавчны чинь дор социализмын барилга босож
Тив тивийнхэн найрамдлын төлөө гараа барьж байна.

Дайны эсрэг тагтаа нисэж байна
Далавчныхаа дэвэлтээр чи ирээдүйг даллаж байна
Дайн өдөөгчид, жигүүрийн чинь өмнө дагжин чичирч
Даян дэлхийд зэс гуулиа илрүүлсээр байна.

Дайны эсрэг тагтаа нисэж байна
Дажны эсрэг, энхийн уриаг чи түгээж байна
Хүчит жигүүр чинь ертөнцийн хязгаар бүрд дэвж
Хүн бүхэн дайны өөдөөс гараа далайж байна.

Дайны эсрэг тагтаа ни сэж байна
Далавчныхаа дэвэлтээр шуургыг хөдөлгөж байна.
Дажин үхлийн утааг шуургаараа чи хөөж,
Дайнгүй энх зам өөд хүмүүсийг замчилж байна.

Дайны эсрэг тагтаа нисэж байна
Дандаа амгалан байхыг хүмүүс хүсэж байна.
Жигүүрийн чинь доор тэнгис тэнгистээ гараа өгч
Жинхэнэ ирээдүйгээ хүмүүс өөрсдөө байгуулж байна.

1954 он.

 

ДАМАНСК АРАЛ

Нүүгэлтэх дөлгөөн урсгалтай
Уссур мөрний дундаас
Нүдэн адил тормойх
Даманск арлыг үзлээ би

Өргөн нутгийнхаа хил дээр
Тормойх энэ мэлмийд
Өвгөн маогийн сум
Өргөс адил торжээ.

Ирмэх нүдний сормуус шиг
Даманск арлын шугуй
Итгэл эвдсэн суманд
Даамай их шархалжээ.

Нутгийн мэлмий – Даманскийг
Ирмэх нүд шигээ өмөөрч
Нугаршгүй дайчин хилчид
Энхд дайсантай тулалджээ

Ариун сайхан мэлмийд
Торсон өргөсийгаваад
Амиа өргөсөн баатрууддаа
Эх орон нь сөгджээ.

Итгэж хилээ мануулсан
Эх орны итгэл, энд
Эрсэдсэн баатрын хөшөөн дээр
Гэрэлтэж байхыг үзлээ би.

Үрээ цэрэгт мордуулсан
Эжий аавын найдвар, энд
Эрэлхэг хилчдийн энгэр дээр
Гялалзаж байхыг харлаа би

Нүүгэлтэх дөлгөөн урсгалтай
Уссур мөрний дундаас
Нүдэн адил тормойх
Даманск арлыг үзлээ би.

Үнэхээр энэ Даманск арал
Уссур мөрний нүд байна.
Өнөр Зөвлөлт гүрний
Хилийн нэгэн мэлмий байна.

1969 он.
Даманск арал.

 

БИД НЭГ ОРЧЛОНГИЙН ХҮМҮҮС

Үүлс мөөгөрч нар халхлалгүй
Уужим тэнгэр цнлмэг байхыг,
Гамшигт дайнаар галав юүлэлгүй
Газар дэлхий амгалан байхыг,
Эх үрсийн сэтгэл түгшилгүй
Элэг бүтэн жаргаж суухыг
Хүн ард минь зүрх сэтгэлээсээ
Хүй орчлонд түгээн дуулцгаая
Энхтайвны их үйлсийн төлөө
Эх дэлхийн хүмүүс сэрэмжтэй байцгаая.
Алаг нүдэнд гуниг суулгүй
Аз жаргал гэрэлтэж байхыг,
Насан туршид нүд дальдралгүй
Найрсаг тэнүүн амьдарч байхыг,
Бие биесийнхээ элгийг хатаалгүй
Бид нэг орчлондоо эвсэж суухыг
Хүн ард минь зүрх сэтгэлээсээ
Хүй орчлонд түгээн дуулцгаая
Энх тайвны их үйлсийн төлөө
Эх дэлхий хүмүүс сэрэмжтэй байцгаая.
Цээж давчдан амьсгал хордолгүй
Цэнгэг агаар амьсгалж байхыг ,
Алтан наран шархдан сэвтэлгүй
Амгалан тэнгэртээ мандаж байхыг
Хорвоо дэлхийнхэн хоорондоо дайталгүй
Хотол даяар энхжин суухыг
Хүн ард минь зүрх сэтгэлээсээ
Хүй орчлонд түгээн дуулцгаая
Энх тайвны их үйлсийн төлөө
Эх дэлхийн хүмүүс сэрэмжтэй байцгаая.
Хийж бүтээснээ хэмхчин нураалгүй
Хойч үедээ гардуулж байхыг,
Нүгэл хийж нүүрээ баралгүй
Нарт хорвоод насаа элээхийг
Хүн болсон хорвоогоо марталгүй
Чин сэтгэлээсээ хайртай байхыг
Хүн ард минь зүрх сэтгэлээсээ
Хүй орчлонд түгээн дуудцгаая
Энх тайвны их үйлсийн төлөө
Эх дэлхийн хүмүүс сэрэмжтэй байцгаая.

1975 он.

 

ГУРГАЛДАЙН ЦЭЦЭРЛЭГТ БУУТАЙ ОРЖ БОЛОХГҮЙ

Энэтхэгдээ би алтан гургалдай,
Энэтхэг бидэнд анхилуун цэцэрлэг.
МУХАММАД ИКБАЛ


Хүн болгоныг хэрвээ
Алтан гургалдай юм гэвэл
Хүй нутаг минь бидний
Анхилуун цэцэрлэг минь юм шүү.
Гургалдайн цэцэрлэгт буутай орж болохгүй,
Гургалдайг хэзээ ч цэцэрлэгээс нь салгаж болохгүй,
Буу онилох газар тэгэхлээр хаана ч байхгүй,
Бузар дайн гарах ёс үнэхээр байхгүй
Эв найрамдал бидэнд нар шиг хэрэгтэй,
Энх тайван мөнх мандах ёстой.
Эгэл түмнийг хэрвээ
Алтан гургалдай юм гэвэл
Эх орон минь бидний
Анхилуун цэцэрлэг минь юм шүү.
Гургалдайн цэцэрлэгт бөмбөг зүүж болохгүй,
Гургалдайг хэзээ ч цэцэрлэгээс нь салгаж болохгүй
Бөмбөг хаях газар тэгэхлээр хаана ч байхгүй,
Бүрэлгэх дайн гарах ёс үнэхээр байхгүй.
Эв найрамдал бидэнд нар шиг хэрэгтэй,
Энх тайван мөнх мандах ёстой
Хүн төрөлхтнийг хэрвээ
Алтан гургалдай юм гэвэл
Хүж дэлхий минь бидний
Анхилуун цэцэрлэг минь юм шүү.
Гургалдайн цэцэрлэгт түймэр тавьж болохгүй,
Гургалдайг хэзээ ч цэцэрлэгээс нь салгаж болохгүй
Түймэр тавих газар тэгэхлээр хаана ч байхгүй
Түйвээх дайн дэгдээх ёс үнэхээр байхгүй.
Эв найрамдал бидэнд нар шиг хэрэгтэй,
Энх тайван мөнх мандах ёстой.

1978 он.

 

УРИА

Гийгүүл, алтанхан нар минь гийгүүл,
Гэгээн тунгалаг гэрлээ нэмэнхэн гийгүүл
Гэр оронд минь гэгээ тусганхан гийгүүл
Гэр бүлийн минь заяаг дэвжээнхэн гийгүүл

Орон хотыг минь улам дуртууланхан гийгүүл
Олон түмнийг минь улам өнөржүүлэнхэн гийгүүл
Сайхан эх орныг минь ивээнхэн гийгүүл
Саруул энх амгаланг оршоонхон гийгүүл

1979 он
 

ДЭЭВЭРТ НАРЛАСАН ТАГТАА

Дээвэрт нарлан тагтаа буугаад
Дэлхийн амгаланг зарлан байна.
Дэргэд налайн хань минь суугаад
Дэлгэсэн яриа хүүрнэн байна.
Дээвэрт нарласан цэнхэр тагтааг
Дэлбэрэх чимээ битгий үргээг
Дэргэд суугаа ханийн минь зүрхийг
Дэлгэр дэлхий дандаа баясгаг
Хайртай хотын минь жавхаа нэмээд
Харах нүдэн баясган байна.
Хажууд цугларан хүүхэд наадаад
Хөөрхөн тагтаа зураглан байна.
Хайртай хотын минь цэнхэр тэнгэрийг
Харлах утаа битгий нөмрөг
Хажууд наадсан үрсийн маань зүрхийг
Халамж ивээл дандаа баягаг
Цэлгэр талбай амгалан уужраад
Цэнгэг агаар сэнгэнэн байна.
Цэцэрлэгт хослон залуус зугаалаад
Цээжний үгсээ шивнэн байна.
Цэлгэр талбайн минь амгалан тайвныг
Цэнэг дэлбэрч битгий цочоог
Цэцэрлэгт шивнэсэн залуусын зүрхийг
Цэнгэл жаргал дандаа баясгаг.

1981.11.10

 

ХАЛХЫН ГОЛ

Эцгийн цагаан өргөөний
Ээлтэй уужим хаяа шиг
Туждаа цэлийх Дорнын тал
Туулах тусам уужирна.

Дорнын талын хаяанд
Дайчин эцгийн сэлэм шиг
Домогт цэнхэр Халхын гол
Таших наранд гялалзана.

Эхийн бүүвэй шингэсэн
Ээлтэй дулаан өлгий шиг
Нутгийн сайхан Дорнын талд
Нутаглах тусам жаргана.

Энгүй талын хаяанд
Ээжийн цагаан сүү шиг
Талыг туулсан Халхын гол
Түмэн олноо умдаална.

Уужмын холдоо цуурайтсан
Уртын дууны эгшиг шиг
Сэлгүүн уудам Дорнын тал
Сэтгэл зүрх булаана.

Дорнын талын хаяанд
Дотнын ханийн мэлмий шиг
Халхын сайхан Халхын гол
Хайраар бялхан мэлмэрнэ.

Эцгийн цагаан өргөөний
Ээлтэй уужим хаяа шиг
Туждаа цэлийх Дорнын тал
Туулах тусам уужирна.

Дорнын талын хаяанд
Дайчин эцгийн сэлэм шиг
Домогт цэнхэр Халхын гол
Таших наранд гялалзана.

1979 он.
Халхын гол

Буйр нуур

Эх орны минь дорнод хил дээр
Эргээ бялхан мэлтийх Буйр нуур
Түмэн хонгор адууны нуруу шиг
Талын хөрсөн дээр гөвийж харагдана.

Хүний нутгийн сэжүүр цухуйх
Хөх тэнгэрийн хормойд байгаа
Хонгортох түмэн адуугаа бүртгэх шиг
Харуулын шонгоос хилчин дурандана.

Хүний нутгийн тэр зүгээс
Хөвсрөгдөн үлээх хар салхинд
Тэртээ захаасаа үргэсэн адуу шиг
Тэнгэрийн доор Буйр нуур давалгаална.

Үргэн хуйларсан хонгор сүрэг
Унаган зэлэндээ эргэн хурах шиг
Тэнэгэр тал дээр Буйр нуур давлавч
Тэр л газраа нуруу нь гөвийнө.

1979 он
Буйр нуур

 

БАЯНЦАГААНЫ НУРУУ

Баянцагааны нуруу
Алдрын оргил шиг өндөр
Баянцагааны нуруунд
Авирах зам өгсүүр

Алтайн нуруунаас энд
Хилийн цэрэгт ирсэн
Аавын олон хөвгүүд
Дандаа өгсөж ирсэн гэнэ.

Хөвсгөлийн цэнхэр уулнаас
Илгээлтээр ирсэн малчид
Халхын гол өөд нүүнгээ л
Дандаа өгсөж ирсэн гэнэ

Баянцагааны нуруу
Алдрын оргил шиг өндөр
Баянцагааны нуруунд
Авиран гарахад өгсүүр

Нуруун дээр нь гарахлаар
Өргөн тал шиг цэлгэр
Нутаг усны бидэндээ
Өгөөж шим дэлгэр

Баянцагааны нуруунд
Өндөрлөг бүхэн нэртэй
Баянцагааны нуруунд
Дэвсэг бүхэн хөшөөтэй.

Сөөм газар бүхэн нь
Өнгөрсөн тулааны түүхтэй
Сөөг дэрс болгон нь
Өөрийн нэг домогтой.

Баянцагааны нуруу
Алдрын оргил шиг өндөр
Баянцагааны нуруунд
Авиран гарахад өгсүүр.
Тийм ч учраас тээр жил
Дархан хилд маань халдсан
Далайн арлын самуурай нар
Давж чадалгүй ялагдсан юм.

1979 он
Баянцагааны нуур

 

ДЕПУТАТ

Өрнүүн амьдралын байнга хувирах хуулинд
Өртөгдөөгүй юм орчлонд огт байхгүй юм.
Арц модны өнгө шиг мөнх улирсангүй
Зарц гэдэг үгийн утга нь бас хувирчээ.

Тулах модноос дөнгүүр унаагүй ядуус
Тулга тогооноос дээгүүр суудалгүй зүдүүс
Харц нэртэй зарц явсан юм гэнэ лээ
Хаад баядад ер итгэгдээгүй юм гэнэ лээ.

Харц гэдэг үг ангилах үүргээс чөлөөлөгдөж
Зарц байсан ард түмэн зарцтай болжээ.
Баядын зарц ядуугийн эрхэнд очдог байсан бол
Ардын зарц итгэлийн хүчинд ирдэг болжээ.

Алаг үрсийнхээ аль авхаалжтайг олон түмэн маань
Ардын депутат болгож үйл хэрэгтээ зардаг юм.
Ард түмэнд зарц болж итгэгдэх тийм хүн
Ажил үйлсээрээ ардынхаа дундаас төрдөг юм.

1957 он.

 

Төрийн жолоог ард түмэн барьж байна

Хүн бүрийн гар дахь сонгох эрхийн үнэмлэх дээр
Хөх улаанаар алаглах соёмбот далбаа намиран байна.
Тэмцэлд ялан бадраасан сүлд тугийнхаа ишнээс
Тэгш эрхээр хүн ард атган барьж байгаа нь энэ байна.

Ард түмэн минь төрийнхөө жолоог барьж байна гэж
Анх удаа сонгуулийн үнэмлэх гардаж аваад
Аз завшаант энэ өдрийг тоолон хүлээсэн
Арван наймтай дүүгийн минь баясал хэлж байна.

Өргөн түмэн минь төрийн жолоо барьж байна гэж
Өчнөөн удаа сонгуульд саналаа өгсөн мөртлөө
Өнөөдөр л шинээр оролцох юм шиг яарсан
Өвгөн буурал аавын минь баясал хэлж байна.

Олон түмэн минь төрийн жолоо барьж байна гэж
Онцын хүндэт энэ үнэмлэхийг гар дээрээ тавиад
Эрхмээс эрхэм энэ төрийн сонгуулийн өдөр
Эх орны чөлөөт иргэн би хэлж байна.

Хүн ард минь төрийн жолоо барьж байна гэж
Хүндэт энэ үнэмлэхийг хожим гардан баярлах
Хүсэл сайхан ирээдүйд жигдхэн алхаагаар тэмүүлсэн
Хүүхэд багачуудын минь яралзсан жагсаал хэлж байна.

Хүн бүрийн гар дахь сонгох эрхийн үнэмлэх дээр
Хөх улаанаар алаглах соёмбот далбаа намиран байна
Тэмцэлд ялан бадраасан сүлд тугийнхаа ишнээс
Тэгш эрхээр хүн ард атган байгаа нь энэ байна.

1966 он

 

АРДЫН ХЯНАН ШАЛГАГЧДЫН ДУУ

Алба бүхнийг амжилт бүтээлтэй байлгах гэж
Ардын хянан шалгагчид сэтгэл амаргүй
Алдаа дутагдал гарахаас урьдчилан сэргийлж
Аль ч цагт бид чөлөө завгүй.
Ардын хянан шалгагчид бид
Аль ч цагт чөлөө завгүй
Гэгээн төрийнхөө хатан их сүлдийг
Гэрэлт нар шиг орой дээрээ залаад
Ард түмнийхээ ажил үйлст зүтгэсэн
Ардын хяналт шалгалтынхан аз жаргалтай
Ардын хянан шалгагчид бид
Аль ч цагт чөлөө завгүй.
Хуучны гай хүнд суртал удахгүй устаж
Хүн бүхэн өөртөө хяналт тавьдаг болно.
Тэр цагт бид хүнд ачаагаа бас хөнгөлж
Тэдний адил зөвхөн өөрийгөө хянах болно.
Ардын хянан шалгагчид бид
Аль ч цагт бас аз заяатай

1981 он

 

ШИНЭ ОН

Хоёр он солилцдог
Хоромхон төдий зааг бий.
Хөх манхан тэнгэрээс
Хөвөн цагаан үүлнээс
Хуучин онд шүхэрлэсэн
Хундан цагаан цасны ширхэг
Шинэ он гарсан хойно
Газар дэлхийд бууж ирдээг.

Хоёр он дамнадаг
Холын хол зай бий
Хүний гэрэлт ертөнцөөс
Хөрст газар дэлхийгээс
Хуучин онд харвасан
Холхи огторгуйн оньсон хүлэг
Шинэ он гарсан хойно
Од саранд дүүлэн хүрдээг.

Хоёр оныг хооронд нь
Хүний хөдөлмөр холбодог юм.
Холыгоо харан байж
Хойчийгоо бодон байж
Хуучин онд асгаруулсан
Хөдөлмөрийнхөө хөлсний үр шимийг
Шинэ он гарсан хойно
Хүн ард эдлэн жаргадааг.

Тийм учраас
Шинэ он залуу нь юм.
Шинэ он залгамжлагч нь юм
Шинэ он бүтээлч нь юм.

1962 он

 

САМПИН

Осолгүй ирэх нэгэн өдөр
Олон хүн ажилгүй болно
Тэр олон ажилгүй хүнийг
Тэжээх үүрэг Гүрэнд ногдоно.

Орон улс маань хөгжих тутам
Орлого зарлага гэж хязгааргүй болно
Энгийн сампин музейд шилжиж
Электрон машин тооцоолох болно.


Нарийн техник амьдралд нэвтэрч
Нээх ухаан эрчээ авч байна.
Нарлаг орон маань хөгжилт гүрэнтэй
Нэгэн гараанаас хурдаа авч байна.

Авсаар хүн электрон машиныг
Ажиллуулж дийлэхгүйг бид мэднэ
Тийм ч учраас модон сампинчид
Техникийн эрин дараа болно.

Гүрэн улс маань иргэн хүнээ
Гудманд хэзээ ч хаядаггүй болхоор
Техникийн эринээс өөрсдөө хоцорсон
Тэр хүмүүсийг тэжээх гэж зовно.

Хоёр он солигдох тоолон
Хүнд нэгийг хэлсээр байна
Хожим ирээдүй улам ойртож
Хүний ухаан тэлсээр байна

Ийм болохоор ухаант хүмүүн
Элэгдсэн сампинг бодох нь зүй
Элдвийг эргэцүүлж боддог хүнд
Энэ шүлэг лав хэрэгтэй.

1972 он

 

ХӨШӨӨНИЙ БИЧЭЭСТ ЗОРИУЛСАН ҮГ

Ардын журамт цэргээс төрсөн
Ардын хувьсгалт армийн алдрыг
Түүхийн хуудсанд ган үзгээр бичиж
Түмний нүдэнд гантиг чулуунд сийлэв.

Ардын журамт цэргээс төрсөн
Ардын хувьсгалт армийн гавъяаг
Ган үзгээр түүхэнд мөнхөлж
Гантиг чулуугаар газарт мөнхлөв.

Ардын журамт цэргийн гавъяаг
Ардын хувьсгалт армийн алдрыг
Ган үзгээр түүхэнд мөнхлөв
Гантиг чулуугаар газарт сийлэв.

Ардын журамт цэргийн гавъяаг
Ардын хувьсгалт армийн алдрыг
Асах галын дөлөнд бадрааж
Алтан нарны туяанд цацрааж
Эх орны гантигт сийлэв,
Энэ дэлхийн хөрсөнд мөнхлөв.

1980 он

 

ЭХ ОРНЫ СҮР ЖАВХАА

Цэргийн жагсаалын дуу

Эх орны минь сүрлэг жавхаа
Эрэлхэг дайчдын жагсаалд байдаг юм.
Эгэл олны минь заяа жаргал
Энхрий орныхоо амгаланд байдаг юм.

Жанжин Сүхийн алхах чимээ
Жагсаалын дууны аялгуунд байдаг юм.
Жаргалтай ардын инээх баясал
Цэргүүдийн нүдэнд гэрэлтэж байдаг юм.

Ардын армийн ялалт бүхэнд
Ачит намын минь гавъяа байдаг юм.
Атгаж мөрлөсөн зэвсэг бүхэнд
Аугаа зөвлөлтийн хаяг байдаг юм.

Ах дүү армийн аварга хүчинд
Алтан дэлхийн минь заяа байдаг юм.
Ард түмний халуун нэгдэлд
Атаат дайснуудын мөхөл байдаг юм.

Дайчин бидний сүрт дуулал
Даяар энхийн төлөө байдаг юм
Даян дэлхийн шудрага түмэн
Дандаа бидэнтэй хамт байдаг юм

Эх орны минь сүрлэг жавхаа
Эрэлхэг дайчдын жагсаалд байдаг юм.
Эгэл олны минь заяа жаргал
Эх орныхоо амгаланд байдаг юм.

1981 он

 

СОЛОНГОС ТҮМЭНДЭЭ

Найман зуун сая гаруй хүний
дуу хоолойг нэгтгэсэн
Нар ба туг нь
бидний гарт байгаа хойно
Хэн ч гэсэн
мэдээжийн
хүний зүрх жаргаж
Хаа газрын амьтны
Доголон
Нулимс хатах бий
Аалагын эзэд
далай дээгүүр
хядлага таривч
Энэ дэлхийн
элэг нэгтний
их сэтгэмж нь
Элгэн хад шиг
танай фронт дээр
нягтарсан хойно
Ази ба
Нөхдийн минь эх орон –
Солонгос
Атлантын эвслийн
түрэмгий хөлд
хэрхэвч ойчихгүй
Үхлэн янк
фашистчилсан хэргийнхээ
эцэст нь
Үхсэн хүүрээ л
далайн тэртээ рүү
зөөхөөс биш,
Энх тайвны, төлөө
Ган болд шиг нягтарсан,
Үнэнчийн тангараг
ардын зүрхийг аваачихгүй
Эрх чөлөөний туг
Та –нарын гарт дэрвэлзэж байна.
Энэнийхээ л төлөө, энхийнхээ төлөө
Ай даа,
давшаад бай
солонгосчууд аа
Амьдралаа,
цусаа,
зүрхээ
Аз жаргалдаа бэлэглэцгээ
Эгэл жирийн бидний дуу
ямар ч хэлэнд
нийцдэг нь
Энх тайсан
хэн бүхэнд
хэрэгтэйнх юм.
Аугаа Зөвлөлт тэргүүтэй
хамтын хүчинд
нэгдсэн хойно
Ялалт ба туг нь
биднээс сална гэж
байхгүй шүү.

1951 он.

 

МОНГОЛ БОЛГАР АХАН ДҮҮС

Өвгөн буурал Алтай
Өндөр Родопи хоёр
Өөрсдийгөө хэзээ ч хараагүй юм.
Өвч монгол түмэн
Өнөр болгар хүмүүс
Өнө мөнхийн ахан дүүс болсон юм.

Ган адил ширээгдсэн
Ган бат найрамдал
Газар нутагт огт холддоггүй юм.
Гал халуун сэтгэлээр
Гараа атгалцсан хүмүүс
Газар дэлхийд ер алздаггүй юм.

Тэнгисийн хойг Балкан
Төв Азийн их тал хоёр
Түмэн газрын алс холд оршдог юм
Төрөлх Улаанбаатар минь
Төрсөн дүү Софитойгоо
Төө зайгүй ойр дотно байдаг юм.

Өвгөн буурал Хэнтий
Өндөр Вытоша хоёр
Өөрсдийгөө хэзээ ч хараагүй юм.
Өвч монгол гүрэн
Өнөр Болгар улс
Өнө мөнхийн ахан дүүс болсон юм.

1981 он.
 

КУБА

Дэлхийн бөмбөрцөгийн нөгөө хагаст
Дэлбээлсэн цэцэг шиг гүрэн бий
Дэлгэрч явах сайхан заяатай
Диваажин шиг сайхан орон бий.

Хөх тэнгэрээс Кубыг харахад
Хүний гартай адил харагдана
Хөдөө нутаг эдлэн газар нь
Алганы хээ шиг ирийж үзэгдэнэ.

1982 он.

 

ЭРЛИЙН ҮЗҮҮР

Эрх чөлөөнийхөө төлөө
Тэмцэгч нөхөртөө

Торолзох олны тоосон дундаас
Торойх барааг чинь би үзнэм.
Тоост хорвоод үнэнийг хайж
Тормойх нүдийг чинь би харнам

Агсам хөлгийн дэлд нь бөхийж
Ахуй ертөнцөөр чи минь хэснэм
Үхэх төрөхийн үнэний хооронд
Эрх чөлөөгөө чи минь хайнам.

Дуулим хорвоо туйлгүй уудам
Дөрвөн зүг найман зовхистой
Амьдрал гэдэг агсам хүлэг
Аянд цуцахгүй шандас сайтай.

Аугаа дээдэс чинь ухаанаар баян
Агсам хүлгийн нуруунд чадалтай
Хорвоог хэрж үнэнийг хайсан
Хүлгийн тоос нь одоо ч босоостой.

Хүлгийн жолоог эцгийн гараас
Хүлээж авах үрийн ёс оо
Эцгийн эрлийг хүү нь залгах
Энэ хорвоогийн жам ёс оо

Эрлийн үзүүр эцэсгүй урт
Эцэг чинь тэгээд замд цуцсан юм
- Хүү минь одоо давхи даа гэж
Хүлгийнхээ жолоог чамд өгсөн юм.

Эцгийн дөрөөний сэнжийг элээж
Эрх чөлөөгөө чи минь хайнам
Хорвоод өөр шигээ эрэлд гарсан
Холхих олны тоосонд дарагднам.

Орчлон хорвоод үнэнийг эрсээр
Олдошгүй бие чинь цуцах юм бол
Хүлгийн жолоог эцгийн адил
Хүүгийнхээ гарт чи минь өгөөрэй

Торолзох олны тоосон дундаас
Торойх бараагаа томруулан давхи
Тоост хорвоод үнэийг хайсан
Тоймгүй олны магнай нь давхи
Эрлийн үзүүр эцэсгүй гэлээ ч
Эрсэн хүн заавал олдог юм
Эцгийн улбааны торгон үзүүрийг
Аавын хүү, наран өөд хөтөлдөг юм.

1967 он.

 

ЭНЭТХЭГИЙН ШӨНӨ

Шивнээт шөнийн тэнгэрт одод гялалзан
Ширүүн Гангын урсгал долгио татаж байна.
Энэтхэг нутгийн тэргэл сартай шөнө
Эрхгүй Бомбейн ядуус ажил хаян жагсаж байна.
Хонгор Энэтхэгийн эх болсон эмэгтэй
Хувь заяандаа итгэн хүүгээ хүлээн хоцроход
Бугын эвэр шиг салаатсан Гангын урсгал шиг
Босогчдын жагсаалууд өргөжин нийлж байна.

Одод сүүмэлзэх Энэтхэгийн тэр шөнүүдэд
Олны хүчнээс нутгийн эзэд сүрдэн чичирч байна.
Бенгал газрыг хээглэн залгих гэсэн
Британ ноёдын ч зүрх нь шимширч байна.
Аллах тэнгэрт итгэсэн хөл нүцгэн өвгөн л
Аз жаргал гуйж догшин бурхандаа залбиравч
Шанааны нь үс улам л бууралтсаар байна.
Шармал бурхан нь улам л зэвэрсээр байна.

Энэтхэг нутгийн тэргэл сарны дор
Эзгүй хээр босогчдын бамбар гялалзаж байна.
Энэтхэг орон, сайхан эх орон минь
Эзэрхэг дайсны гинжинд байх ёсгүй гэж
Сүмийн хонх сонсогддог Энэтхэг нутагт минь
Сүртэй улаан туг намиран хийсэх ёстой гэж
Эвлэж нэгдсэн нөхдүүд тойрон сууцгааж
Инд мөрний урсгалаас хүчтэй дуулж байна.

Хөл ихтэй Бомбей хот түгшүүртэй байна.
Хөлөг онгоцууд ачаатайгаа зогсоол дээр шавсан байна.
Заводын байранд ачаа зөөгчид ирсэн байлаа.
Цугларагсдын зүг хандаж өвгөн үгээ эхэллээ.
- Булчинт гараа хумхидаггүй хөдөлмөрийн хүмүүс
Боолын боол байх үйлтэй юм гэж үү?
Хүн хүүхдээрээ, ногоо нялхаараа үхдэг нь
Хөгжиж байгаа нь тэр үү, Энэтхэг орон?

Одон хээлэлт тэнгэрийн хормойг шуусаар
Энэтхэг оронд үүр манхайтал цайж байна.
Олон ажилчдын цугларсан заводын байранд
Эрх чөлөө, энх тайван гэдэг үг дуурсаж байна.
Манхайтал цайж байгаа үүрийн гэгээг
Октябрийн туяа гэж Энэтхэгчүүд нэрлэж байна.
Мандан гарах гэж байгаа ариун нарыг
Эрх чөлөөний нар гэж Индусүүд ойлгож байна.

1953 он.

 

ТОКИОГИЙН ШӨНӨ

Номхон далай алсын туяанд гялбаж
Нойрмог сар үүлсийн завсраас хялайна.
Бүтэн шөнө дөө хар даран зүүдэлсэн шиг
Бүргийн дунд Токио хот нэвсийнэ.

Хүйтэн далайн эрэг нүдэнд зэвүүн буудалд
Хүний газрын дайны онгоц арзайн зогсоно.
Аймтгай харуул, дэргэд нь мод шиг ёрдойж
Америкийн далбаа , дээр нь навсайн хийснэ.

Гэвч Токио хотын зах дахь жижиг байшинд
Гэдэс өлсгөлөн япон эмэгтэй унтаагүй байна.
Гэгээвчээрээ үүрийн туяа орж байгааг
Хэтэрхий шамдсан ажилдаа мэдэхгүй байна.

Дөрвөлжин цах модны өмнө бөгцийн сууж
Тэнгэрийн өнгөтэй цэнхэр хивс нэхнэ.
Тэрсүүд аюулын эсрэг хэлэх үгээ бэлдэж суух шиг
Тэр эмэгтэй яаран яаран нэхнэ.

Далайн ёроолоос гарах шиг өглөөний наран мандаж
Токио хотын ядуус шинэ өглөөг угтав.
Өлсгөлөн эмэгтэйн нэхсэн цэнхэр хивсэн дунд
Энхийн цагаан тагтаа дүүлэн дүүлэн нисэв.

1953 он

 

АФРИКТ БИЧСЭН ШҮЛГҮҮД

1. ЭТИОП ОРОН

Африкийн Эвэрийн сайхан нутаг
Алс холын Этиоп орон
Анхны учралаар сэтгэл булааж
Ах дүүгийн барилдлага барив.

Аддис – Абебын ногоон цэцэрлэг
Амхаар хэлний уянгалаг яриа
Торомгор бүсгүйн золбоот бүжиг
Тольт зүрхний хайр булаав.
Улс орных нь өөдрөг царай
Ухаалаг залуусын нь хувьсгалч зан
Ард түмнийх нь гэрэлт ирээдүй
Айлчин мидний сэтгэл баясгав.

Амь үрэгдсэн хувьсгалчдын музейг
Анхны кебелийн хүүхдийн яслийг
Амхаар хүмүүсийн алаг том нүдийг
Ашид мартахгүйн андгай тавив.

Африк тивийн махир өнцгийг
Африк тивийн Эвэр гэх юм
Амьдарч тэнд идээшсэн хүмүүсийг
Африкийн Эвэрийн хүмүүс гэх юм.

Алс холын Этиоп орон
Африк тивийн Эвэрт орших юм.
Бүх Африкийн тэргүүн гэдгээ ч
Байлдаж олсон хувьсгал нь батлах юм.

Эвэр гэдэг тэргүүнд ургаж
Эх биеэ хамгаалдаг билээ
Эх биеийн тэргүүнд ухаан байж
Бүх биеэ жолооддог билээ.

1979 он.
Аддис- Абеба

2. АФРИК БИЕЛГЭЭ

Этиоп улсын үндэсний театр
Эрхэм зочдодоо суудал бэлэглэж
Энд тэндхийн гийчин бид нар
Эгнэн сууж урлаг сонирхов.

Хуургинах хөшиг алгуур нээгдэж
Хувьсгалын дуу эхлээд дуулав
Нүргэлсэн хэнгэрэг дараа нь дэлдэж
Нүцгэн шахуу хүүхнүүд бүжив.

Африк хүүхнүүдийн бүжих нь адтай
Авсаар болихгүй удах шинжтэй . . .
Гэтэл нум сум, өд зүүсэн харчууд
Гэдрэг савчин цовхрон ирэв.

Эхнэрүүдийн онгод улам сэргэж
Эртний амьдрал тайзан дээр амилж
Эх эмээрээ хосолж байгаад
Элдэв янзаар баахан бүжив.
Урлаг өөрийн хэлтэй болхоор
Ухаант ардын бүтээл учраас
Бүжгийн хөдөлгөөн өвөрмөц ч гэсэн
Бүрэн учрыг нь ойлгож суув.

. . . Гэрэл унтарснаа дахин асаж
Гэгээ цацарсан бүсгүй гарч ирэв
Цээжин биелгээ гайхмаар биелж
Чимээгүй танхимд алга нижигнэв.

Түмний газрын урлагийн бүтээлд
Төрөлх ардынхаа биелгээг үзээд
Африк түмнийг үнсээд авмаар
Алаг зүрх минь баярлан догдлов.

Алсын хоёр тивд боловч
Алдын бүтээл ижилхэн байна.
Манхан тэнгэр доор африк бүсгүй
Монгол хүн шиг биелдэг байна.

3. АСКАЛА БҮСГҮЙ

Аскала бүсгүй – алаг нүдэн бүсгүй
Амхаар залуугийн хайртай бүсгүй
Борхон биетэй бүжигчин бүсгүй
Бодол санаанаас гарахгүй бүсгүй.

Тайзан дээрээ тун ч шидтэй
Талын гөрөөс шиг түлхүү цээжтэй
Бултаж дүүлэх нь бусдаас сондгой
Бултын дундаас нэг л онцгой

Бүжиглэх гэдэг нь бүүр ч идтэй
Бүхнийг нүдээрээ өгүүлэх нь адтай
Хайр хүрмээр сайхан жавхаатай
Харах нүдэнд өртөх заяатай.

Аскала бүсгүй, ай даа адтай бүсгүй,
Амраг сэтгэлийн одтой бүсгүй
Насны хань тогтохгүй зовох бүсгүй
Нартын нэгэн сайхан бүсгүй.

4. АФРИКААС АВСАН БЭЛЭГ

Африкаас авсан бэлэг минь
Аягын чинээхэн бөмбөр
Аваачиж өгөх хүн нь
Аавын хайртай Амар.

Бөмбөр гэдэг амьтай
Бөмбөрдөхлөөр дуугарна.
Аягын чинээхэн бөмбөр
Аавын сэтгэлийг ярина.

Ууж идэх юм Африкт
Ус агаар шиг зөндөө
Өмсөж зүүх юм Африкт
Өргөн дэлхий шиг баян.

Бөмбөр харин амьтай
Бөмбөрдөхлөөр дуугарна.
Урлаг гэдэг үнэтэй
Урлаг өөрөө амьтай.

Африкаас авсан бэлэг минь
Аягын чинээхэн бөмбөр
Аваачиж өгөх хүн нь
Аавын хайртай Амар

1979 он
Улаан тэнгис

 

АДЕН

Африк орж буцах замдаа
Аденд онгоц нэг цаг зогсоно
Араб нутгийнхны ойлголтоор
Аден гэж диваажинг нэрлэнэ

Их далай руу сунатал жийсэн
Эх газрын нарийхан тохойд
Жийсэн хөлийн өлмий гэмээр
Жижигхэн толгойн нүцгэн ар дээр

Өнө эртний боловч шинэхэн хот
Өмнөдийн наранд цонох шахам байна
Энэ хотыг Аден гэж нэрлэнэ
Энэ их усыг Адены булан гэнэ

Аден - Өмнөд Йемений нийслэл
Аден - өөрсдийнхөндөө диваажин,
Дэргэд нь их далай цэнхэрлэнэ.
Дээрээс нь хурц нар төөнөнө.

Өмнөдийн хурц нарны туяа
Өргөн далайг толь шиг гялбуулна
Нар туссан тэр том толины өмнө
Нийслэл Аденийхан хүрэнттэлээ төөнүүлнэ.
Ханатай байшинг нэвт төөнөсөн
Халцгай гэмээр энэ их халуунд
Хичнээн ч жил энэ нутгийнхан
Хүрэнттэлээ төөнүүлсэн юм бэ,бүү мэд

Эзэн хаанаа ширээнээс гулсуулж
Эрхгүй боолыг чөлөөлснийг нь би мэднэ
Эх орондоо эзэн суусан
Эндхийн хүмүүст би баяр хүргэнэ

Аден хот яагаад ч юм бэ
Алаг зүрхэнд минь дотно санагдана
Араб нутгийн хаана нь ч явсан
Адилхан нэг үзэгдэл сэтгэл хөргөнө

Ханатай байшинг нэвт төөнөсөн
Халцгай гэмээр энэ их халуунд
Хар нөмрөгтэй шажинт бүсгүйчүүл
Хаана л бол хожуул шиг шовойно.

Ээ дээ хөөрхий, энэ бүсгүйчүүл
Эрлэгийн харанхуй шиг хар нөмрөгөө
Хуу татаж хаяагүй байсан цагт
Хотол Арабынхан сайнаа хэзээ ч үзэхгүй

Харин Адены хүмүүст би итгэнэ
Хар нөмрөгөө хуу татаж хаяна.
Аден хот тэгэхэд диваажин болно.
Араб нутгийн од болж гялалзана.

1979 он
Аден хот

 

САУДЫН АРАБ

Саудын Арабад би очоогүй
Сайхан нутагт нь хөл тавиагүй
Саудын Арабыг би сайн мэднэ
Саудын Араб – Хааны Араб

Өнөөдөр би Саудын Арабын
Үүлтэй тэнгэрт нь нисэж явна.
Үүлэн цоорхойгоор хааяа нэг
Үзэгдэх төдий газар эрээлжилнэ

Үүрийн туяаг амдан нисэхэд
Өргөн нутаг нь бас ч зайтай
Үүл нөмөрсөн Саудын Араб
Үзэгдэх юмгүй ихэнхдээ харанхуй
Сансрын солирыг бурхан болгож
Эндхийнхэн хичнээн ч удаа шүтэв дээ
Сауд хаадын боол нь болж
Энэ хүмүүс хичнээн ч жил зүдэв дээ

Шажин шүтлэгээр оролдохгүй гэж
Өрнөдийн хөрөнгөтнүүд ярих дуртай
Шажин шүтлэгийг минь хамгаалах нь гэж
Эндхийн Арабчууд бас дуртай

Сансрын солирыг бурхан болгоод
Саудын удмыг хаанд өргөмжлөөд
Эцэст нь тэгээд юу боллоо?
Энэ гутамшгийг нь дэлхий мэднэ.

Хаадын ёсонд харшлаа гэж
Хайр сэтгэлтэй боллоо гэж
Хоёр сайхан цэцэг шиг залууг
Хоёр сайхан эр, эм хоёрыг

Хорьдугаар зууны энэ сайхан
Хосгүй тунгалаг алтан нарны дор
Хаадын үе дамжсан мохоо сэлмээр
Харах нүдний өмнө цаазалж

Сая сая хайрын сэтгэлтний
Сайхан зүрхийг шархлуулсан шүү дээ
Саудын Араб хүн төрөлхтнөөс
Салж гээгдсэнээ харуулсан шүү дээ

Ээ зайлуул, Саудын араб
Эртний харанхуй Саудын араб
Саудын Араб арабчуудын араб биш
Саудын Араб – Хааны Араб

1979 он
Саудын Арабын тэнгэрт

 

МОРЬ

Уудам сайхан хорвоод
Эхээс намайгаа мэндлэхэд
Уяаны зулзаган шон дээр
Эмээлтэйгээ угтсан морь минь

Үүрийн цагаан туяанаар
Чи минь наддаа харагдаж
Үүрсэх сайхан дуу чинь
Чихэнд дандаа хадах юм
Үүрийн цагаан туяанаар
Эхээс унаад уйлахад чинь
Үүрсэх сайхан дуугаараа
Бүүвэйлж байсан нь гарцаагүй

Унасан сайхан нутагтаа
Хөл дээрээ анх тэнцэхэд минь
Угаас миний хүлэг чи
Шилгээж баярласан нь гарцаагүй

Уул шиг өндөр нуруундаа
Намайг анх мордоход
Уудам цагаан тал шиг болж
Навтайж өгсөн нь гарцаагүй

Амьдралын урт харгуйд минь
Аз жаргал билэгдэж
Амгай юугаа хангинуулан
Эвшээж баярласан нь гарцаагүй

Хуйвтай уургаа даахгүй
Бараагий чинь харан гуруйлахад
Хурдан морины уяан дээр
Өөрөө ирсэнийг чинь санаж байна

Хуй салхи шиг уралдаанд
Газар шаргалтан дайвалзахад
Хуруу чинээхэн намайгаа
Хээр хаяагүйд чинь баярлаж байна.

Ардын цэрэгт мордох гэж
Адгаж баярласан нэгэн шөнө
Айлын гадаа чамайгаа
Анх мартсандаа гэмшиж байна

Амьтан хүн босохоос урьд
Чи минь наддаа үүрсэж
Амрагийн тэр болзооноос
Дуудаж сэрээснийг санаж байна

Ээлтэй чиний нуруунд
Эр бие минь жарган өсөж
Эрдэнийн хүлэг чамайгаа
Элэг зүрхнээс хайрласан сан

Алхан эрдэнийн толгойд чинь
Ташуур зангалгүй байсаар
Ажил эрдмийн эрхээр
Хөдөө нутгаасаа гарсан сан
Орон хотод суурьшсан
Анхны тэр шөнөө би
Онгон хүлгээ хулжлаа гэж
Хар даран зүүдэлсэн сэн

Моринд хайртай намайгаа
Амраг хань минь өрөвдөж
Мондийн тэр зүүднээс
Олон удаа сэрээсэн сэн

Орон хотод одоо
Морьтой хүн харахлаар
Онгон хүлгээ хулжлаа гэж
Хар даран зүүдэлсэн сэн

Моринд хайртай намайгаа
Амраг хань минь өрөвдөж
Мондийн тэр зүүднээс
Олон удаа сэрээсэн сэн.
 

Орон хотод одоо
Морьтой хүн харахлаар
Онгон хөдөө нутаг минь
Сэнхийтэл үнэртэх юм.

Айлын гадаа чамайгаа
Харанхуй шөнөөр орхиж
Амрагийн болзоонд оройтсон
Залуу насаа өрөвдөх юм.

“ Морь гэдэг, хүү минь,
Хүнд л заяасан унаа
Морь шиг ухаантай адгуус
Энэ дэлхийд байхгүй

Хүлэг морин гэдэг
Тэнгэрийн оддыг ч андахгүй
Хүний нутгаас гүйхдээ
Одоор баримжаа авдаг юм. “ гэж

Аавын ярьсан яриа
Сэтгэлд сэрхийн бодогдож
Ажил төрлийн чөлөөндөө
Хөдөө нутгаа зорих юм.

Айл л байвал гадаа нь
Морь байдаг учраас
Айлын үүд татахаас урьд
Чам руу гаа л би очих юм.
Аглаг хөдөө нутгаас минь
Нулимс гаргаж үдсэн
Алхан эрдэнийн толгойг чинь
Зөөлхөн нэг илэх юм.

Уудам сайхан хорвоод
Эхээс намайгаа мэндлэхэд
Уяаны зулзаган шон дээр
Эмээлтэйгээ угтсан морьд минь

Улс Монгол орныхоо
Ивээл хайранд жаргаж
Улаанбаатар нийслэлийнхээ
Элгэн халуунд өнөржиж

Улирах цаг үсэнд минь
Буурал шигтгэнэ гэдгийг ч
Ухаарч завдаагүй мөртлөө
Чамайгаа би мартаагүй.

Донойн хөндий шиг зайтай
Дөрвөн өрөө байшиндаа
Дотнын сайхан хань минь
Үр хүүхэдтэйгээ бужигнаад

Аавын ор гэж хүндэлдэг
Миний орны толгой дээр
Алхан эрдэнийн толгойтой
Морин хуур өлгөөстэй бий .

Хүлэг сайхан морио
Санаад ирэхийн үедээ
Хуур юугаа бариад
Хөгийг нэг чагнахлаар

Сайхан хүлэг морь минь
Миний дэргэд ирээд
Сарны дор янцгаах
Дуу нь надад дуулддаг юм.

Аяа, миний хүлэг
Эмээлт сайхан морь минь
Алхан эрдэнийн хэлбэртэй
Хүний анхны жигүүр минь

Амьсгалын тоо дуустал
Чамайгаа би мартахгүй
Алтан дэлхийн хүмүүс
Чамайг бас мартахгүй.
Хүн төрөлхтөн өнөөдөр
Сансар хорвоог эзэмшиж
Хүйлэн их огторгуйд
Суман хөлгөөр дүүлж байна

Хүлэг чиний нуруун дээр
Нисэж анх сураагүй бол
Хөвчит оньсон хөлгөөр
Өнөөдөр яахин нисэх вэ?

Алсын сансарт хүмүүс
Үдлээд өнгөрөх өртөөндөө
Ачит хүлэг морио
Магтаж ярина гэж итгэж байна.

Ач гуч минь хэзээ хойно
Оддын хоорондох зайд
Алхан толгойт мориндоо
Хөшөө босгоно гэж найдаж байна.

1979 он

 

САНСРЫН ХӨЛӨГ ДАХИАД Л ХӨӨРНӨ

Сүүн зам тэнгэрт татуулан
Сансрын хөлөг дахиад л хөөрлөө
Гүүн зэлэн дээр хөлд орсон
Монголын иргэн сансарт нислээ.
Яасан сайхан зол заяа вэ?
Ямар их баяр баясгалан бэ?
Монгол түмэн бархархан баярлав.
Морь нь хүртэл шилгээн баясав.
Октябрийн орны гарамгай баатар
Сансрын хөлөг удирдаж явна
Олон улсын найрсаг багийнхан
Нислэгийн программ биелүүлж явна
Цэнхэр номин газар дэлхийг
Аягахан цай уух зуур тойрно.
Цэлгэр уудам Монгол нутгийг
Гуравхан минут ширтэн өнгөрнө
Гуравхан минут ширтэх хугацаанд
Гучин жил хийх ажил зураглана.
Гучин жилийн бүтээн байгуулалт
Гурван үеийнхэнд жаргал авчирна.

Ард түмэн үүнийг огт андахгүй
Алаг үрсээ дахиад л сансарт илгээнэ.
Сансрын эриний ажил гэж дуусахгүй
Сансрын хөлөг бас дахиад л хөөрнө
Найрамдалт орны сансрын нисэгчид
Нам ард түмнийхээ найдварыг биелүүлж
Эрхэм андынхаа хөлөг дотроос
Эрдэм шинжилгээний нээлттэй ирнэ
Хүнээ сансарт анх илгээж
Хөлгийн цувааг анх хөөргөсөн
Хүчирхэг Зөвлөлтийн ард түмэнд
Хүн төрөлхтөн үүрд баярлана.
Дэлгэо Зөвлөлт гүрэн өнөөдөр
Дэлхий орчмын тойрог замд
Асар их байгууламж цогцлуулахаар
Нүсэр их ажил хийсээр байна.
Ард түмэн үүнийг огт андахгүй
Алаг үрсээ дахиад л сансарт илгээнэ.
Сансрын эриний ажил гэж дуусахгүй
Сансрын хөлөг бас дахиад л хөөрнө.
Гарт барьцгүй сансрыг байтугай
Газрыг анх нээгчдийн гавъяаг мартахгүй
Сансрын огторгуйд хүн анх нэвтэрсэн
Сайхан эринд төрсөндөө би баярлана.
Алсын их сансарт амьдрал эхлүүлсэн
Анхны арван гүрэн улс дотор
Морины л найз гэж нэрлэгдэж байсан
Монгол үндэстэн орсонд бахархана.

1981 он

 

БИДНИЙ ХҮСЭЛ

Төрсөн нутгаа
“ Эх орон “ гэж
бид нэрлэдэг юм.
Түүнээс чухал юм
Энэ дэлхийд
хаа байна ?
Юу чамд сайхан бэ? гэж
Хэн ч надаас асуухад
- Хамгийн сайхан нь
Амьд явах гэж
Хэлнэ би
- Юу чамд хэрэгтэй вэ? гэж
Хэн ч надаас асуухад
- Хамгийн чухал нь
эх орон гэж
хэлнэ би.
Унасан газар
угаасан ус
эх орныхоо
Хөгжил мандлыг
харах тутам
баясах юм.
Урьдах зорилго
сэтгэл нэгт
нөхдийнхөө
Хөдөлмөр тэмцлийг
үзэх тутам
бахдах юм.
Маргаашийн ажлыг
орон даяар
түрүүлээд хийчихэд
Намуухан шөнө
ээлж ёсоор
өнгөрөх юм.
Намайг бас л
өчигдөр үдчихэв үү
гээд л
Найртай маргааш
нөгөөдрийнхөө ажлыг
зээлдэх юм.
Өдөр шөнө
ингэж хурдсаж
байгааг бодоод
Өнө ирээдүйгээ
үүнтэй холбон
санаж үзэхэд
Олон жилийн
хийх ажлыг
урьдчилан хийвэл
Орон улс маань
хичнээн их
хөгжинө гэж санана.
Хүсэл хайрыг
булааж татсан
эх орныхоо
Хүү нь болж
төрсний гавъ яа
юу билээ.
Хүсэлтэй сайхан
ирээдүйнхээ төлөө
шамдахаас өөр
Хүндтэй гавъяа
хаанаас бидэнд
олдох билээ.
Өтлөх насандаа
чандраа тавих
энэ Монгол орноо
Улам хурднаар
мандааж бадруулахыг
би хүсэж байна.
Өрнөж байгаа
энэ цагийнхаа
сайн сайхныг үзэж
Өгөөмөр хөгжлөө
бахдан баясан
харж байхад
Улам л ихийг
бүтээх сэтгэл
аандаа төрөөд
Уян залуу
зүрхний минь цохилт
улам хурдсаж
Хангай модыг
ээрэм талдаа
тарьж ургуулаад
Хот тосгодыг
байгуулахын төлөө
зүрх минь цохилох юм.
Хатан Туулыг
элсэн цөл рүүгээ
татаж урсгаад
Хүрэн тариаг
халиуруулахын төлөө
зүрх минь цохилох юм.
Орхоны хүрхрээг
хазаарлан авч
станц байгуулаад
Орон даяар
гэрэлтүүлэхийн төлөө
зүрх минь цохилох юм.
Төрсөн нутгаа
эх орон гэж
бид нэрлэдэг.
Түүндээ зүтгэхээс
эрхэм гавъяа
хаа байна.
Үр ач минь
эхээс мэндлэх
энэ Монгол орноо
Юунаас ч илүү
мандааж бадруулахыг
би хүсч байна.
Ирээдүй хэтийг нь
нөхөдтэйгөө хамт
байгуулалцаж байгаа
Итгэл төгс
иргэний нь нэг
би байна.

1951 он.

 

Зугаатай сайхан нутгаа чи орхиод
Зоргоор, хүний нутагт юунд тэнэнэ вэ?
Дуу чинь тасраад удсан чамайг
Дурсахаа болиод мартах юм биш биз,

Хангай говь хосолсон сайхан нутгаасаа
Хагацаж удаан тэсэх зүрхтэй хүн үү?
Харин бүүр, үдийн нар шиг жаргалыг үзвэл
Харихаа болиод суурьшихаас ч буцахгүй эр үү?

Үгүй нөхөр минь, харин би эх орондоо
Гэрийн үүднээс будаа түүгч болжмор шиг
Харийн нутгаас эрдмийн үрийг цуглуулж явна.

Гайхамшигт нутгаа бэтгэртэл санасан шүлэг эргэнэ
Гантай жилийн дараах өнтэй зун шиг
Зантай сайжирсан хоолой нь дахин цуурайтна.

 

НАМУУН ШӨНИЙН БОДОЛ

Ойролцоох нэгэн төгөлд
Алтан гургуул жиргэнэ.
Орой дээрх тэнгэрт
Мөнгөн зүйдэл гэрэлтэнэ.

Жийсэн хөлийн өлмийд
Нэлийсэн тал уужирна.
Налайсан шөнийн харанхуйд
Цэлийсэн тэнгис шиг бараантана.

Байгаль дэлхийг харахад
Хүний нутаг танигдана.
Байгаа тэнгэрийг ажихад
Багын таньдаг санагдана.

Гуулин шанага шиг махирлаад
Долоон бурхан дүрээрээ.
Гурван марал гэрэлтээд
Багын нүдэлсэн зүсээрээ.

Дээгүүр цэлийх тэнгэрийн
Зүсний өнгө ижил ч
Доогуур нэлийх газрын
Усны амт нэгэн ч :

Шөнийн бодол дунд
Хүнийх болох нь илэрхий.
Сэрхийн харвах сэтгэлд
Миний нутаг тодорхой.

Зулай битүүрсэн цагаас
Минийх гэсэн болохоор
Зулагтай гутлын мөрөө
Анх гаргасан гэхлээр
Өсөж төрсөн нутгаа
Өо зүрхнээс хайрлалтай,
Өндгөө дарсан бүргэд шиг
Өмөөрөн өмчилж хамгаалалтай.
1956 он

 

ШОРОО

Орчлонд миний атаархаж явдаг
Цорын ганцхан амьтан байдаг юм.
Олноос гойд сайхан ч амьтан биш,
Жирийн нэгэн шувуу байгаа юм.

Хайрт нутгийн минь алтан шороог
Ходоодон дотроо хадгалж явдаг юм
Хойлогтой би, тийм азтайд нь
Хонзон тавьсан юм шиг атаархаж явдаг юм.

Гэлээ гээд би орчлонд бас л
Ганцхан хойлогийг өрөвдөж явдаг юм.
Үнэнийг хэлэхэд би адилхан
Үнэт тэр шороог биендээ хадгалдаг бол

Монгол нутагтайгаа хамт явдагтаа
Магнай хагартлаа баярлаж явах сан,
Хойлогтой адилхан учрыг нь мэдэхгүй
Хоол эрэн гэлдэрч явахгүй сэн.

 

НАРАНЦЭЦЭГ

Нарнаас нүүрээ өдөржин салгалгүй
Наранцэцэг эргэн дагах юм.
Шингээд орохоор нь харсан чигтээ
Шилбэн дээрээ гунин зогсох юм.

Санаа сэтгэл минь өдөржин завгүй
Сайхан эх орноо мөрөөдөх юм.
Зөвхөн шөнөдөөн амравч тавгүй
Зүүдэн дундаа хамт байх юм.

1957 он
Переделкино тосгон

 

НИСЭЭД ИРСЭН ШУВУУ ШИГ

Нисээд ирсэн шувуу шиг
Тэнгисийн эрэгт би сууна.
Нүргэлээд байгаа тэнгэо шиг
Долгисын шуугиан хүржигнэнэ.
Хэрмэн уулс хүрээлээд
Крым нутаг гоёхон байна.
Хэрэггүй шахуу гэгэлзээд
Хүний сэтгэл туяхан юм.
Элэнц хуланцын өвгүүд минь
Энд нутагтай байсан юм.
Үзэсгэлэнт энэ нутгийг
Удаж суурьшилгүй орхисон юм.
Нүүгээд явсан буурийг нь
Эргэж үзэхээр ирсэн шиг
Нүцгэн цохионы орой дээр
Энд би сууна.
Ганганаад зэллэсэн шувуу шиг
Өвгөд минь эндээс нүүсэн юм.
Газрын холхи талыг
Үүрдийн нутаг гэж муусан юм.
Холоос ирсэн шувуу шиг
Маргааш би буцна.
Хумсанд шороо нь шингэсэн
Монгол орондоо харина.
Зэлүүд байхад нь өвгүүд минь
Шаваа манд босгосон юм
Залгаж уламжлаад бид
Эх орноо гэж өргөмжилсөн юм.

1959 он.
Крым

 

ЭХ ОРОН ИРГЭН ХОЁР

Харийн сайхан нутагт
Насны хэсгийг элээхдээ
Хайрт эх орноо би
Сэтгэлдээ дааж явлаа.

Гэгээн сайхан Эх орноо
Дааж яваа хөлийн минь доор
Гишгэгдсэн газрын нуруу
Нахис хотос хийх шиг байлаа.

Эх орон иргэндээ
Эр чадлыг шингээдэг юм
Грек орон байгаагүй бол
Геркулес төрөхгүй байсан юм.

Эх орноо иргэн нь
Сэтгэлдээ дааж явдаг юм.
Эх орон нь иргэнээ
Элгэн дээрээ тээж байдаг юм.

 

Удаан хугацаагаар харийн холд суухын цагт
Уушги зүрхээ шаналтал Эх орноо санах хэцүү.
Тэгэвч эргээд нутгийн хилийг алхахын үед
Тэнгэр цэлмэх шиг сэтгэл зүрх уужрах сайхан.

1959 он.

 

ЭХ ОРОНДОО ЭГЖ ИРЭХҮЙ

Удаан жилийн жуулчлал маань дуусаж
Уугуул нутгийнхаа хил дээр ирэв.
Халх нутгийнхаа шороог шороог үнэртвэл
Хайрт хүүхний минь үнэр ханхлав.

Даан удалгүй гэртээ ирэхэд
Даамай амраг минь угтан золгов.
Хайрт хүүхнийхээ духан дээр үнсвэл
Халх нутгийн минь шороо ханхлав.

1959 он.

 

МИНИЙ АРАНШИН

Хөхөөн дууны ногоохон зунаар
Хөвч хангайнхаа зусланд байхдаа
Хавтгайн чөмөг царцам өвлөө
Харахсан гэж хүсдэг шигээ би,
Цэцэгт хангайдаа давхиж явахдаа
Цэнхэрхэн говьдоо очихсон гэж яарах юм.

Буурын шүдний хангинах өвлөөр
Бударганат говийнхоо өвөлжөөнд байхдаа
Хандгай аяндаа хөлрөм зунаа
Харахсан гэж хүсдэг шигээ би
Алтан говьдоо давхиж явахдаа
Аглагхан хангайдаа очихсон гэж яарах юм.

Цэнхэр хаврын нүдлэх хавраар
Цэлгэрхэн талынхаа хаваржаанд байхдаа
Өнчин янзага өөхлөх намраа
Үзэхсэн гэж хүсдэг шигээ би,
Цайдам талдаа давхиж явахдаа
 

Цастайхан ууландаа очихсон гэж яарах юм.

Халиун буганы урамдах намраар
Хан уулынхаа намаржаанд байхдаа
Ууган төл цангинах хавраа
Үзэхсэн гэж хүсдэг шигээ би,
Үүл шүргэсэн ууланд явахдаа
Өргөнхөн талдаа очихсон гэж яарах юм.

Энэ бүхэн миний араншин
Эцэг эхээс өвлөсөн араншин
Өвөл, зун, хавар, намаргүй
Уул, тал, хангай, говьгүй
Тийм нутагт сэтгэл минь тогтохгүй,
Тэгээд ч би амьдарч чадахгүй.

1968 он

 

ЭХ ОРОН

Миний хайрт эх ороон
Мөөгний хүрээ шиг цүдгэр гэдэстэй
Малчин эх чамайг анх
Малынхаа бэлчээр дээр нярайлсан байнам.

Алтан дэлхийн энээхэн чөлөөнд
Анх мэндэлж эхээс төрөхөд чинь
Илгэн дээлтэй морьтон хүдэр эр
Эх барьж чамайг гардан авчээ.

Нутаг усаараа тэднийд цуглаж
Нугын зүлгэн дээр гэр барьж
Магнай тэнийн угаалгыг чинь хийж
“ Монгол орон” гэж чамайг нэрлэжээ.

Зүрхний хайрт эх орон чи минь
Зүйдэлт тэнгэрийн дор анх ингэж
Монгол гэдэг дотнохон нэрээр
Морьтон ардтай заяа холбожээ.

Морьтон ард минь түүнээс хойш
Морин дэл дээр сүлдийг чинь тахиж
Өндгөө дарсан уулын бүргэд шиг
Үеийн үед чамайгаа хайрлажээ.

1968 он.

 

УССУР МӨРӨН ДЭЭР БОДСОН БОДОЛ

Даманскийн хилчин
Лениний одонт
В.М.Каныгинд
Зориулав.
Уссур мөрний урсгал сөрөн
Онгоц хөвнөм
Өнөр Зөвлөлтийн хил даган
Бид хөвнөм

Усархаг Уссурийн хоёр эрэг
Хоёр гүрнийх
Ургалд нь аялагч бид нар гэдэг
Өөр орных

Торолзон хурдлах хуягт хүлэг
Хилийн цэргийнх
Торгон хилдээ аялуулна гэдэг
Хуруу шигээ итгэснийх

Даманскийн баатруудтай уулзана гэхээс
Зүрх догдолно.
Дайчин үйлсийг нь яриулна гэхээс
Сэтгэл яарна.

Хүлгийн өвчүүнд мөрний урсгал
Ярагдан үлдэнэ
Хүрэхээр зорьсон Дамансх арал
Ойртон ойртоно

Өөрийн эрхгүй гүн бодол
Намайг дарав
Өнгөрсөн тулааны үйл явдал
Нүдэнд харагдав

Итгэлийн өөдөөс хятад хүн
Буу шагайв
Эрчилсэн хилэнг бууны дуун
Өөртөө татав

Цэрэг эрсийн цэнэгтэй буу
Сүүлдээ хайлав
Цэлгэр оросын хилчдийн суу
Нэлдээ дуурсав


Холын замд би алдаг оног
Ийнхүү бодов
“Хормой дор дайсан бий”гэдэг
Үг санагдав.

Хуягт онгоц урсгал сөрөн
Улам довтлов
Хувь заяа нэгтэй нутагтаа хандан
Ингэж шивнэв:

Эр орон иргэнээ нэг л цагт
Шалгадаг байнам
Иргэний чанар тэр л үед
Танигддаг байнам.

Энхрий монгол орон!Би чамдаа
Мөнх данстай
Иргэн намайгаа хэрэгтэй цагтаа
Заавал шалгаарай

1969
Уссур мөрөн

 

Эх орондоо

Алтан дэлхийд анх ирээд
Алгын чинээ өлгийд багтаад
Аав нэрийг минь өгөөгүй байхад
Айлдаа дуу минь хүрээгүй байхад
Сэвлэг хархан шингэн даахийг минь
Сэвэлзэх салхиараа хатааж өгсөн
Өлгий нутаг эх орон чамдаа
Өр зүрх үнэн голоосоо би хайртай

Өсөх бие эрийн цээнд хүрээд
Өрх гэрийн амьдрал толгойлоод
Үрээ өсгөх гэж мэрийж байхад
Үйлсээ дэвжээх гэж чармайж явахад
Магнай хагартал данадаа баярлуулж
Тагнай өөхөлтөл жаргал эдлүүлсэн
Өлгий нутаг эр орон чамдаа
Өр зүрх үнэн голоосоо би хайртай

Цаст уул шиг тэргүүн минь цайгаад
Цагийн эргэлтэнд тэнхэл минь сульдаад
Ээлжит хорвоогийн жам ирхэд
Эхэлсэн дуугаа дуусгалгүй орхиход
Алд биеийг минь хөрсөн гэлгүй
Алтан хэвлийдээ шингээн авах
Өлгий нутаг эх орон чамдаа
Өр зүрх үнэн голоосоо би хайртай.

1971 он.

Эх ороны тухай дуу

Агийн цэнхэр утаа шиг
Уул талгүй униартай
Алганы танил хээ шиг
Ухаан санаанд тодорхой
Энхрий монгол орон минь
Чамдаа би хайртай
Энэхэн яваа насандаа
Сэтгэл зүрхээрээ чинийх
Үд дунлын тэнгэр шиг
Өргөн болоод саруулхан
Үнэн голын яриа шиг
Өр зүрхэнд дотнохон
Энхрий Монгол орон минь
Чамдаа би хайртай
Энэхэн яваа насандаа
Сэтгэл зүрхээрээ чинийх
Уулын оргил цастай ч
Үүлний сүүдэр дулаахан
Усны харз нь хүйтэн ч
Ундаа болох нь бүлээхэн
Энхрий Монгол орон минь
Чамдаа би хайртай
Энэхэн яваа насандаа
Сэтгэл зүрхээрээ чинийх
Алиман сарны толио шиг
Бүхий олон эндахгүй
Алтан нарны туяа шиг
Бид хэзээ ч салахгүй
Энхрий Монгол орон минь
Чамдаа би хайртай
Энэхэн яваа насандаа
Сэтгэл зүрхээрээ чинийх.

1971 он.

 

Зөвхөн Монголдоо

Цэцгийн сайхныг би зөвхөн нугаасаа түүлээ
Цэнгэлийн дууныг би зөвхөн талаасаа сонслоо
Хүлгийн хурдныг би зөвхөн сүргээсээ барилаа
Хүүхний царайлагийг би зөвхөн Монголдоо харлаа

Усны тунгалагийш би зөвхөн уулнаасаа амслаа
Ухааны саруулыг би зөвхөн өвгөдөөсөө өвлөлөө
Андын журмыг би зөвхөн ардаасаа сурлаа
Амьдын жаргалыг би зөвхөн Монголдоо эдэллээ.

1973 он.

 

Цаг ирлээ ч гэсэн би үхэхгүй

Цаг ирлээ ч гэсэн би үхэхгүй
Цогцос чандар булагдах нь хамаагүй
Харин би цэлмэг тэнгэрийнхээ
Хаа нэг зайд нь од болон хувирна

Ухаант амраг минь хойноос очиж
Удалгүй тэр од хоёул болно
Хоёулаа болоод өндөр тэнгэрээс
Хонгор нутгаа хайрла н ширтэнэ.

Сайхан эр орон минь тайван байвал
Санаа сэтгэл минь амгалан байна
Шинэ сэргэг бүхэнд нь баярлаж
Шөнийн харанхуйд инээмсэглэн гэрэлтэнэ.

Хэрвээ Эх оронд минь гай учирвал
Хэрхэвч би тэнгэрт гэрэлтэхгүй
Хүйтэн огторгуйд амрагаа орхиод
Хүй минь булаасатай нутгаа тэмцэнэ.

Тэсэж ядсан хилэндээ шатаад
Тэнгэрийн солир болж газарт бууна
Тэрслэх дайсны үүрэн дээр унаж
Тэр чигээр нь үнс болгоно.

Сайхан өлгий нутгаа аварсан
Солирын талст минь газарт гэрэлтэнэ
Амьддаа төлөлгүй орхисон өрөө
Ард түмэндээ ингэж төлнө.

Эх орны тухай дуу

Уулын оройг нь уудлах юм бол
Туждаа есөн эрдэнэтэй
Уудам талыг нь сөхөх юм бол
Тунгалаг усан тэнгистэй
Алтан тариа нь
Дөрвөн далайн давалагаатай
Арвин сүрэг нь
Таван тивийн шагшаатай
Цэцэгт дэлхийн магнай
Цэлмэг тэнгэрийн өлгий
Энэхэн хорвоод ганцхан
Эзэн бидэндээ сүжхэн
Монгол орон жаргалтай
Монгол хүн заяатай
Хүний сайхныг нь хэлэх юм бол
Хангайн нуруу шиг гүндүүгүй
Хүлгийн хурдныг нь жиших юм бол
Хунгийн далавч гүйцэхээргүй
Үдшйин бүрий нь
Яралзсан хотын гэгээтэй
Үүрийн туяа нь
Янагийн сайхан инээвхийлэлтэй
Цэцэгт дэлхийн магнай
Цэлмэг тэнгэрийн өлгий
Энэхэн хорвоод ганцхан
Эзэн бидэндээ сүжхэн
Монгол орон жаргалтай
Монгол хүн заяатай
Намын ачийг нь ярих юм бол
Зуны нар шиг энэрэлтэй
Найзын чанарыг нь хэлэх юм бол
Зузаан эвийн гагнаатай
Урагшлах зам нь
Таван жилийн алхаатай
Угтах ирээдүй нь
Арван нарны туяатай
Цэцэгт дэлхийн магнай
Цэлмэг тэнгэрийн өлгий
Энэхэн хорвоод ганцхан
Эзэн бидэндээ сүжхэн
Монгол орон жаргалтай
Монгол хүн заяатай

 

Эх орны өглөө

Үүриин өмнөхөн бороо ороод
Үүлээ хөөж тэнгэр цэлмэсэн
Эх орны минь тунгалаг өглөө
Энхрий янагийн минь царай шиг сайхан

Унтаад сэрэхэд санаад босдог
Улаанбаатарынхаа өргөн гудамжинд
Ургах нарнаар алхаж явахад
Урам сэргээд өөдрөг сайхан

Нойтон навчис шил шиг гялтганаж
Норсон болжмор мөчир дамжиж
Хөөрөх наран илчээ нэмээд
Хөлйин дороос уур савсана

Зөрсөн хүмүүс цөм танимхайрч
Зүг болгон мэндээ мэдэлцэж
Өглөөний аггарт хөл нь хөнгөрөөд
Өөрсдийнхөө ажилд эртлэн алхацгаана

Өндөр настанууд урьдыг бодвол
Өтөл овор суугаагүй явцгаана
Үр ач нар маань ихэр юм шиг
Үзэсгэлэн гоо төрсөн харагдана

Шинэ өдрийн тунгалагхан өглөө
Шимт дэлхий туждаа нялхарч
Орчлонд жаргасан олны дунд явахад
Олон насаар өөрөө залуужна

Найлзуур бүхэн нь багсайн цэцэглэж
Намиран байгаа моносыг хараад
Амьдрал заяагаа зүйрлэн хайрлаж
Алаг зүрх минь баярлан оволзоно

Энэ сайхан хүмүүсийн дунд
Энхрий орныхоо хайраар жигүүрлэж
Умбан нисч яваа хараацай би
Урт наслахгүй яахав гэж бодогдоно

Аз заяандаа сэтгэл минь дэвэрч
Авааль гэргийдээ дахин дурлаж
Өөрийгөө өвчсөн үрийгээ байтугай
Өрөөл бусдыг ч үнсмээр санагдана

Нойтон навчис шил шиг гялтганаж
Норсон болжмор мөчир дамжиж
Хөөрөх наран илчээ нэмээд
Хүн болгон ажилдаа алхсан

Энхрий янагйин царай шиг сайхан
Эх орны мин ь өглөө бүхэн
Унтаад сэрэхэд санаад босдог
Улаанбаатарын минь өглөөгөөр эхэлдэг.

1978 он.

 

Үеийнхэндээ

Элгэн халуун эх ор он минь
Энх тайван цэцглэж
Хүн ардынхаа хөдөлмөрөөр
Хүрэх ирээдүй нь ойртож
Эрх жарагалын нар мандсан
Энэ сайхан үед
Өөрөө анзаарч мэдэлгүй явтал
Өчүүхэн бие минь өтөлнө гэдэг
Өөрийн биеэрээ бид
Жаргал эдэлж яваагийн тэмдэг!

Элгэн халуун ард түмэн минь
Энх төвшин жаргаж
Ариун цагаан хөдөлмөрөөр
Айл бүхэн дэвжиж
Эрх чөлөөөнйи нар мандсан
Энэ сайхан үед
Өөрөө анзаарч мэдэлгүй явтал
Өтгөн үс минь цайна гэдэг
Өргөн түмэндээ бид
Тус хүргэж яваагийн тэмдэг!

 

Эрдэнэт хүн алтан амиараа
Эх орноо үнэлдэг болохоор
Хүний эх орон шиг үнэтэй юм
Хүж дэлхийд үгүй юм

Өлгий нутгаа найраг шүлэгчид
Өр зүрхнээсээ дуулдаг болохоор
Дуулал найраг шиг үнэтэй юм
Дули хорвоод ховор юм

 

Монгол орон

Ази тивийн аварга мөрдийг
Арван тийш нь урсгаж байдаг
Их газрын нэгэн өндөрлөг дээр
Эх орон минь цэлийн байна

Эх орны энэ өндөрлөгөөс
Эргэн тойроныг харахад саруул
Холын бараа эндээс тодхон
Хотол дэлхий үнэхээр уужуу

Энд ухаант хүний бие эрүүл
Эгшиглэх дууных нь ая яруу
Цэнхэр байцын цуурай чанга
Цээжинд орох агаар цэнгэг

Эмээлт морины туурай цомбон
Эзэн хүний зориг нь шулуун
Тураг шувуудын далавч нь урт
Тунарах тэнгэрийн өнгө цэнхэр

Уулын орой мөнх цастай
Урсгал ус нь өвөл харзтай
Манхан хадны сарлаг сүртэй
Мал нь хүртэл өндөрт дуртай

Тэнгэрийн од энд олон
Тэртээ гариг эндээс ойрхон
Он жил нь дөрвөн улиралтай
Хүн ард нь түүндээ дуртай

Үдший н дараа саран мэлмэрч
Үүрийн дараа наран тунарч
Их газрын нэгэн өндөрлөг дээр
Э х орон минь цэлйин байна

 

Хадлан

Намрын хурц нарны туяанд
Навч цэцэг халиурч байна
Сэвэлзэн үлэээх сэрүүн салхинд
Сахлаг хадлан шуурайлж байна

Халуун хайрт нөхдийн хамт
Халиурсан хадлангаа хадаж байна
Хайрыг улаасан хүү минь
Хамуурдан бухалдан хурааж байна

Тавлан нуруулдсан үрлэг бухлууд
Давхар барилга шиг сүндэрлэж байна
Хадлангаа бэлтгэсэн бидний баясал
Түүнээс илүү бадарч байна

Цан хүүргээ шашин үлээсэн
Царцам өвөл ирэхэд ч тэр
Хахир хатуу догшин амьсгалт
Хаврын агааар ирсэн ч тэр

Хамаг мал нь дулаан хашаанд
Халуун өвсөө тайван иднэ
Хүчээ гаргаж хөдөлмөрлөсөн бид
Хөөр хуучаа тавтай ярилцана

Мал минь тарган учраас
Төл минь бүрэн бойжно
Сүрэг минь өсөх тутам
Зориг минь улам нэмэгдэнэ.

1949 он.

 

Тээврийн жолоочийн дуу

Тал шиг тэвш нь дүүрэн бараатай
Тээврийн машин хүнгэнэн довтолно
Гал шиг сэтгэл нь дүрэлзсэн баяртай
Хээрийн замд жолооч уралдана

Довтлогч тэрэгнийх нь дугуйн дор
Тунгалаг наран гэрлээ дэвсэж
Алс аяны алтан замд
Амжилт ерөөн уулс мэндэлнэ

Нүүгэлтсэн тал өмнө нь цэлийгээд
Нүүсэн тоос хойно нь хоцорно
Уралдаант ажилдаа урам нь сэргээд
Уянгын дуугаа жолооч аялна.

Довтлогч тэрэгнийх нь дугуйн дор
Тунгалаг наран гэрлээ дэвсэж
Алс аяны алтан замд
Амжилт хүсэн гүүрүүд бөхийнө

Өргөн талыг сум шиг зүсээд
 

Өндөр уулыг шувуу шиг даваад
Амласан газартаа саадгүй хүрэхэд
Ачих бараа нь уул шиг хүлээнэ

Довтлогч тэрэгнийх нь дугуйн дор
Тунгалаг наран гэрлээ дэвсэж
Алс аяны алтан замд
Анд нөхөд нь угтан мэндлэнэ.

1952 он.

 

Ус ирлээ

Хааяа хааяа
Овгор товгор
Замыг дагаад

Байн байн
Боргио давалгаа
үүсгэсээр
Шугам татсан
Цэнхэр ус
Сувгаа дүүргээд
Шуугиад айсуй . . .
- найз нар минь
Ус ирлээ.
Эрэг дээр нь
Зогсож байгаа
хүүхэн инээлээ.
Энгэр дээр нь
алтан од
гялалзаж байлаа
Цэлэлзсэн ус
хүүхний дэргэдүүр
шуугин гарахад
Цангинасан дуугаар
баяртай гээд
үдэж байлаа
Гал улаан тугууд
сувгийн боомтоор
дэрвэлзэнэ
Голын эргийн дагуу
цугласан хүмүүс
бахархана
Зөвлөлтийн хүний
гараар бүтсэн
тэнгисийн сав руу
Дөлгөөн Доны
тунгалаг ус
цутгаад орлоо.

Галтай хөдөлмөрөөр
байгалийн алдаа
засагдаж
Газрын зурагт
нэмэгдэж байгаа
тэнгисээ хараад
Идрийн галаар
хүчээ сэлбэж
барьсан эзэд нь
-Ирээдүй –коммунизм !
Эрх чөлөө-
Энх тайван! гэлээ.
Алга ташилт
тэнгисийн мандалаар
цуурайтаад ирлээ
Ариун Ижил
намуухан Дон
мөнх нийллээ.
Балчир охин нь
эцгээ хүзүүдээд
тэнгисийн ус
Хаачих нь вэ? гэж
гайхан асуулаа.
Буурал эцэг
ачийгаа тэврээд
-Дон мөрөн
ижил мөрөнтэйгээ
золгож байна гэлээ.

1952 он.

 

Сонин сурвалжлагчид ярьсан нь

Үнэндээ сурвалжлагч ажилчин хоёр дотно байдаг нь
Үзтэл тодорхой байхыг хэн эс андах вэ?
Социалист уралдааны явцад шинээр юу гарав гээд л
Сонин сурвалжлагч үйлдвэр рүү хүрээд ирлээ
Орох зөвшөөрөл авч мэнд мэдчихээд сурвалжлагч
-Оройлж ямар ажилчин уралдаанд шалгарч байгааг
Онцолж юун дээр шинэ санаачлага гарч байгааг
Орхилгүй ярина уу?гэж үйлдвэрийн даргаас хүслээ
Олон ажилчдаа арван хуруу шигээ сайн мэддэг
Оргилоод гарсан шинэ санаачлагыг дэмжиж байдаг
Олон ч жил үйлдвэрийг удирдсан хижээл хар хүн
Улирал сарынхаа дүнг дэлгээд ингэж хариуллаа
-Өнгөрсөн сард үйлдвэрийн төлөвлөгөө 200% биелсэн
Өрнөж гарсан шинэ санаачлага маань нийтэд дэлгэрсэн
Уралдааныхаа тугийг хэнд ч бид алдахгүй гэлээ
Уралдаж одоо стахановч туршлагааар ажиллаж байна гэлээ
Уудам сайхан монгол орны минь хязгаар бүрд
Улсын аж ахуй уурхай үйлдвэрүүд байгуулагдаж
байна.
Улиг болсон ажлын хуучин нормыг шинэ хүмүүс эвдэж
Улс орныхоо төлөө хүчээ нэгтгэн хөдөлмөрлөж байна
Сурвалжлагч хүний ажил явах бичих л болсон хойно
Сурвалжлагч маань Чоногол Бүрэнцогт руу очлоо
Уурхайчдын өрөм газрын гүнд зэрэг уралдаж
Өнгөт металл хар алтыг вагаон вагоноор гарагж байна
-Уурхайд ороход биднийг уурхайчны дэн минь
гийгүүлдэг юм
Уралдаж ажиллахад биднийг намын уриа зоригжуулдаг
юм гэж
Эвлэлийн бригадын дарга залуухан эр бахдан ярилаа
Эндээс яваад сурвалжлагч улсын аж ахуй руу очлоо
Уудам саруул талд өнгөрсөн жил байгуулсан
Улсын аж ахуйн дараг түүнийг хүлээж аваад
-За Сурвалжлагч чухам ямар ажилтай танилцах вэ?
Залуучуудын бригад уу?бүх аж ахуйгаар нь уу?
Аж ахуй маань ч өдрөөс өдөрт л өргөжиж байна
Ардын засагч хайр ивээлээ харамгүй өгч байна
Мал өсгөх ажилдаа бид Зөвлөлтийн туршлагыг хэрэглэсэн
Манай аж ахуй шинэ үүлдэрийн малтай болно
Тэгэхээр та бас л үүгээр зочилж ирээрэй гэж
Талын монгол хүний зочломтгой зангаар үдлээ
Буцах замдаа сурвалжлагч ардын нэгдлээр орлоо
Буурал өвгөн нэгдэлийн дараг ингэж хэллээ
-Өнгөрсөн үеийн зовлонд үс минь буурал суусан ч
Өнөөгийн засгийн халамжинд амьдрал маань залуужиж байна
Өвгөдийн үеэс нутагшсан бидний эх оронд
Өнөр сайхан социализмын нарлаг үүр цайж байна

 

Уул уурхайн тухай шүлгүүд

1.Уурхайн замд

За нөхөр минь их хотоос замд гарахад
Заавал саатдаг нь үнэн юм даа.Цагаа хараач ?
-Эрхэм минь битгий зов.Унаа маань хурдан шүү дээ
Их л хождохдоо уурхайд шөнөдсхийгээд хүрнэ биз дээ
Нөхөр маань энэ үгийг дуулаад толгой дохилоо
-Нээрээ л тийм дээ .Замд маань саад байх биш гэлээ
Наргианч нөхөр маань тамхиа гаргаж биднийг дайллаа
Намхан хамраараа утаа савсуулж алсыг ширтлээ
Идэрхэн жолооч маань залуураа чадамгай мушгина
Эрчилсэн дээс шиг урдах зам эрэээлжлэн үзэгдэнэ
Өвсөн толгой ёслон үдэх шиг бөхөлзөн хоцроно
Өндөр уулс тосон авах шиг сүндэрлэн угтана
Урьд өмнө би үүгээр овоо хэд явсан юм
Уудам их хорвоогоор хэрэн жуулчлах дуртай юм.
Явж өнгөрсөн газартаа хожим эргээд очиход
Яахын аргагүй хүний хөдөлмөр цэцэглэсэн байдаг юм.

Ээрэм талд мал сүрэг багширч харагдлаа,
Эзгүй хээр шинэ тосгон боссон үзэгдэнэ.
Эртний үлгэр домогт гардаг лусын эзэн гэдэг
Ээ дээ ард түмнийг л хэлсэн үг байх даг шүү.

h