3-r Yerenhi said Damba Chagdarjav

BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE

 

 

 

   

 

 

     
   

 

 
Damba Chagdarjav (1880-1922) 
 
 
 

Дамбын Чагдаржав (1880 - 1922 оны 8 сарын 31) нь Монгол улсын гурав дахь ерөнхий сайд байжээ. Тэрээр 1880 онд хуучнаар Түшээт хан аймгийн Дайчин бээсийн хошуунд төржээ.
1921 оны ардын хувьсгалд идэвхийлэн оролцож Консулын дэнжийн нууц бүлгэмийг Догсомын Бодоогийн хамт байгуулалцаж байсан, ардын хувьсгалын анхны долоон хувьсгалчын нэг.
Дамбын Чагдаржав нь Ардын түр засгийн газрыг байгуулахад 1921 оны 3 сараас ерөнхий сайдаар ажиллаж байсан.
1921 оны 4 сард ерөнхий сайдаас чөлөөлж, Тагнын урианхайн хязгаарт ажиллах Засгийн газрын төлөөлөгчөөр томилон ажиллуулжээ.
1922 оны 8 сарын 31-нд эх орноосоо урвасан хэрэгт хилсээр ял тулган цаазалжээ.

 

 
Бага нас
1880 онд Их шавийн Чандмань отогын (одоогийн Төв аймгийн Баян-Өнжүүл сум) нутагт ард Дамбынд мэндэлжээ. Түүнийг 5, 6 настай байхад нь төрөл садныхаа нэг ламд шавь оруулжээ. Тэрээр төвд үсэг нүдлэн, ойр зуурын уншлагатай болж ах ламдаа тоогдох болжээ. Хэдэн жил Хүрээнд сууж, ном үзсэн боловч бурхан номын хэрэгт төдий л идээшсэнгүй. 20 нас хүрмэгц, Их Хүрээний лам хүний ахуйгаас аажим аажмаар хөндийрч, эгэл борог амьдрал руу тэмүүлэх болжээ.

Худалдаа наймаа ба аялал
 1911 оны үндэсний хувьсгалын өрнөлтийг харж, амьдралын эрээн барааныг ухаарах тусам худалдаа арилжааны хэрэгт хүчээ сорихыг илүүд үзэх болсон байна. Ингэж тэрбээр Хүрээ, Хиагтын хооронд худалдаа наймаа эрхлэх болж, зэгсэн хөлжих төлөвийг олжээ. Ийм маягийн шинэ амьдралд хөл тавимагц хятад, оросын худалдаачид монголчуудыг хэрхэн хуурч, Монголын түүхий эд баялгийг яаж цөлмөж байгааг мэдэж үндэсний бие даасан үйлдвэрлэл, худалдааг хөгжүүлэхгүйгээр улс орон урагшлах аргагүйг мэдэрч ухаарсан байна.

1916-1917 онд Англи, Итали, Орос орноор аялаж, тэдгээр орны хөгжил дэвшлийг нүдээр үзжээ. 1917 оны зун эх нутгийнхаа зүг хүлгийн жолоог залжээ. Тэр замдаа Оросоор дайрч явахдаа тэнд болж буй үймээн, бужигнааныг нүдээр үзэж, нийгмийн цаад учир шалтгааныг ухааран ойлгохыг хичээж явлаа.

Нийслэл Хүрээнд ирээд хэд хоногийн нүүр үзтэл хуучин танил Цэдэвсүрэн гүнтэн 1917 оны намар албан ба аминаас хувь мөнгө хуралдуулах худалдааны ердийн хэлтэс байгуулах санал гаргаж, Монгол улсын дээд, доод хурлаар хэлэлцүүлэн дэмжүүлжээ. Чингээд Цэдэвсүрэн, Чагдаржав нарын зэрэг 18 хүн анх санал нэгдэж, Монголын харилцан туслалцах хоршоог байгуулсан байна. Эл хоршооны даргаар Чагдаржавыг санал нэгтэй сонгосон байна.

Улс төр
1919 оны сүүлчээр Хятадын генерал Сюй-Шүчжэн их цэргийн хүчээр Нийслэл хүрээг эзэлж, Монголын автономитыг устган, Монгол оронд хятадын цэргийн харгис дэглэм тогтооход 1918 оны сүүлчээр сэтгүүлч, лам Догсомын Бодоо нартай санаа нэгдэж, Консулын бүлгийг үүсгэн тэрлэсэн байна. "Монгол Ардын Нам" хэмээх хувьсгалт байгууллага Чагдаржавыг Зөвлөлт Орос Улсад тусламж эрэх 7 нөхдийн бүрэлдэхүүнд оруулж, тэд үүргээ амжилттай биелүүлжээ.

1921 оны 3 сарын 13-нд байгуулсан Монгол Ардын Засгийн хэргийг бүгд түр захиран шийтгэх газрын тэргүүлэгч даргаар Чагдаржавыг сонгосон байна. Түүнийг 1921 оны 3 сарын 13-19-нд Засгийн газрын дарга, мөн сарын 19-нөөс хойш Засгийн газрын ерөнхий сайд хэмээн тэмдэглэжээ.

Чагдаржав тэргүүтэй Ардын Түр Засгийн газар юуны өмнө, Хиагтыг чөлөөлж, хувьсгалын голомт нутгийг бий болгоход гол анхаарлаа төвлөрүүлсэн юм. 1921 оны 3 сарын 18-нд Хиагтыг чөлөөлснөөр Ардын Түр Засгийн газар Хиагтад нүүж иржээ.

Сангийн яамыг Ерөнхий сайд Чагдаржав өөрөө удирджээ. 1921 оны 4 сарын 16-нд Чагдаржавыг Ардын Түр Засгийн газрын Ерөнхий сайд бөгөөд Сангийн яамны сайдын албан тушаалаас чөлөөлж, Хөвсгөл, Урианхайн хязгаарыг тохинуулах Ардын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилжээ. Тэрээр дагалдах хүмүүсийн хамт Эрхүүгээс Красноярск хүртэл галт тэрэг, улмаар Енисей мөрнөөр усан онгоц, цаашид Тагнын Хэмчиг хошуу дамжин, Урианхай нутгийн гүн рүү оржээ.

1921 оны хувьсгалын дараа
1921 онд үндэсний ардчилсан хувьсгал ялж, Ардын Засгийн газар ид улс орноо илбэн тохинуулж эхэлсэн байлаа. Ийм нөхцөлд Ардын Засгийн газар Чагдаржавыг Хөвсгөл нутгаас дуудан авчирч, Ерөнхий сайд Бодоо Монгол Ардын Харилцан Туслалцах Хоршоог байгуулах ажлыг зохион байгуулах үүрэг өгчээ. Ийнхүү Чагдаржавын олон жил бодож санаж байсан хэрэг нь биелэлээ олж, нийгмийн янз бүрийн анги, бүлгийн 100 гаруй хувь нийлүүлэгчдийг эгнээндээ нэгтгэсэн Монгол Ардын Харилцан Туслалцах Хоршоог 1921 оны 10 сарын 26-нд байгуулсан байна.

Гэвч Чагдаржавыг эл албан тушаалаас нь өөрчилж, 1921 оны эцсээр Богд хааны дэргэдэх шадар сайдаар томилсон байна. 1922 оны эхээр элдвээр өөнтөглөж, Богд хааныг татгалзсаар байтал Чагдаржавыг шадар сайдын албанаас зайлуулсан байна. Чингээд Чагдаржав хөдөөлж, төрөлх Өнжүүл нутагтаа очиж, нэгэн хаврыг өнгөрүүлжээ.

Энэ үед Элбэгдорж Ринчиногийн явуулгаар Бодоо, Данзан нарын зөрчил хурцдаж, Бодоо Ерөнхий сайдын албанаас чөлөө гуйж, "энгийн ардын эрх"-ийг эдлэхийг хүсчээ. Бодоо, Чагдаржав нар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн боловч, ардын Засгийн бодлого, Элбэгдорж Ринчино, Данзан нарын явууллагыг олны дунд чөлөөтэй шүүмжлэн ярьж байв.

Үүнийг нь ашиглан, тэднийг урвасан хулгай Дамбийжанцан, Америкийн консул зэрэг дайсан этгээдтэй холбоо тогтоон, Ардын засгийг устгаж, хятадын харъяаны автономитыг тогтоох гэсэн хэмээх хэрэгт холбогдуулан, уг хэргийг хянаж шийдвэрлэх комиссыг түүнтэй сөргөлдөгч гол хүч Данзангаар удирдуулан байгуулав. Чагдаржав нарыг байцаасан байцаалтын протоколоос үзэхэд тэдэнд холбогдуулан үүсгэсэн хэрэг нь баримтыг илт мушгин гуйвуулсан, дэндүү зохиомол шинжтэй байжээ. Данзан тэргүүтэй комисс үүдэн бий болгосон зохиомол хэргээ, баталгаа, нотолгоотой болгон үзүүлэх гэж улайран зүтгэсэн байна.

Тэднийг хатуугаар эрүүдэн байцаасаар хилс ял тулган 1922 оны 8 сарын 31-ний үүр шөнийн заагаар амь насыг нь хороожээ.

 

 

 

 
 
 

 

GO BACK TO WEBSITE

Batmunkh.Ts Mongol Internet Contact to daanjuur@yahoo.com