Монгол Улсын Төрийн шагналт,
Гавьяат багш Дамдинсүрэнгийн Цэнд

BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE

 

 

Сургамжаас 

Насны багад эрдэмд шамдах, нарны гэрэлтэйд хөдөлмөрт шамдах гэдэг үгийг  л санаж явбал болчихно доо.
Цагийг сайн ашиглах хэрэгтэй. Хамгийн сайхан ажил амждаг цаг бол шөнө байдаг. Сургууль хичээлийн хажуугаар шүүмж зохиол бичихэд би шөнө л суудаг байсан. Өдөр цаг зав олдохгүй. Шөнө гурван цаг хүртэл юмаа биччихээд л өглөө долоод босоод хичээлдээ явна.

   

 

 

     
   

 

 
Damdinsuren Tsend (1930) 
 
 
 

Image


Монгол Улсын Төрийн шагналт, Гавьяат багш, Монгол Улсын Боловсролын их сургуулийн Монгол судлалын сургуулийн Уран зохиолын тэнхимийн зөвлөх багш, доктор, профессор, Монголын уран зохиолын нэрт судлагч, шүүмжлэгч Д.Цэнд
1955 онд Архангайн багшийн сургуулийг байгуулахад хихээлийн эрхлэгчээр, 1956 онд Улаанбаатар хотод Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт байгуулагдахад анхны хичээлийн эрхлэгчээр ажилласан. Эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн хамтаар үндэсний үзэлтэн гэж цоллуулж явсан, эрдэмтэн Б.Содномтой 12 жил хамт ажилласан, Монголын утга зохиолын талаар хэд хэдэн ном бичсэн, УБДС-д 1957 оноос хойш багшилсан нэрт сурган хүмүүжүүлэгч хүн билээ.
 
 

 

Timeline
Шавь нараас нь 12 гавьяат төрсөн.

1930 онд төрсөн.
1932 онд гурван настай эхээсээ өнчин хоцорч ээжийнхээ төрсөн дүү Дамдинсүрэнг бараадан хүн болж өсчээ.

1938 онд (8 нас) Архангай аймгийн төвийн бага сургуульд оржээ.
1941 онд (11 нас) Архангайн сургуульд Улаан-Үүд хотод рабфак сургууль төгссөн зургаан багш ирж хичээл заах болсон. Хичээл зааж байсан тэр сайхан багш нар бол гавьяат багш Сүрэнхорлоо, Соёлын сайд Болд, Музейн дарга Сумьяа зэрэг мундаг чадвартай хүмүүс байлаа. (дурсамжаас)
 

Д.Цэнд хотод ирээд монголдоо ганц байсан “Үйлдвэрийн техникум”-д орж, цэргийн дэглэмээр хөл гарын сургууль хийж норм формын хувцас хэрэглэж, хоёр жил суралцаад цахилгааны монтёр болов.
1944 онд (14 нас) нагац ах Дамдинсүрэнгээ бараадан Налайх хотод очиж цахилгааны засварчин болж улмаар Монтёр Д.Цэнд Сүхбаатарын талбайн гэрэлтүүлэг, УБИС-ийн байрны гурван давхрын цахилгаан далд сүлжээг хийж, хот байгуулалтад гар бие оролцов. Төдөлгүй улсын “Ударник” цолд нэр нь дэвшиж мандсан ч Багшийн сургуульд суралцах хүсэлдээ хөтлөгджээ.

Улсийн нийслэл Улаанбаатарт
1945-1948 онд (15нас) намар Архангай аймгаас Улаанбаатар хотод Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Багшийн сургуульд ирж бага ангийн багшийн ангид гурван жил суралцан төгсөв.
1948 онд (18нас) Багшийн сургуулиа төгсөөд 5-р дунд сургуульд томилогдон очсон. Сарын цалин 175 төгрөг.
1949 онд (19нас) зуны семинарт сурч мэргэжил дээшлүүлэн Байгаль дэлхийн багш диплом авч удалгүй Архангайн Эрдэнэмандал сумын (1925) 7 жилийн 5 сумын хүүхэд хурсан дунд сургуульд багшаар томилогдон 2 жил ажиллав. Хайрхан сум руу хоёр хүүхэд оргоод чононд хөөгдөөд бариулахын даваан дээр хоёр багш хойноос нь очиж аварч байжээ. (өөрийн дурсамж).
Хичээл заахаас гадна гар бөмбөг тоглох, цана тэшүүрээр гулгах төдийгүй Г.Ойдовын зохиолоор жүжиг найруулж, гол дүр “Долоодой хүү”-г амилуулан тоглож, нэг хэсэгтээ л “Долоодой хүү”-гээр дуудуулж хөгжилдөв. “Долоодой хүү”-д нэгэн бэрхшээл байх. Байсхийгээд л аймгийн төвд семинартай гэсэн дуудлага ирнэ. Эрдэнэмандалаас Цэцэрлэг хот хүртэл чилийсэн дөрвөн их өртөө зайтай. Энэ замыг мориор туулна гэдэг тийм амаргүй байжээ. (Зохиолч А.Далхжав)

1950 онд (20) зуны амралтаар хот орж МУЙС-д шалгалт өгч тэнцэн монгол хэл уран зохиолын ангид оютнаар элсэн суралцсан.
1955 онд (25нас) МУЙС төгсөж Архангайн багшийн сургууль байгуулагдахад хичээлийн эрхлэгчээр ажиллажээ. Хавар нь таван хүүхдийнхээ эх гэргий Лизатайгаа танилцан гэр бүл болов.

1955 онд (25 нас) “Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээл” гэсэн сэдвээр сурагчдад заах хичээлийн тэмдэглэл бичиж байсан
1956 онд (26 нас) Улаанбаатар хотод Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт байгуулагдахад анхны хичээлийн эрхлэгчээр томилогдов.
1957 онд (27 нас) намар Улсын багшийн Дээд сургуульд (одоогийн Боловсролын их сургууль) орж одоог хүртэл 50 гаран жил багшилсаар.
1959 онд (29) “Монголын утга зохиол” сурах бичгээ

1961 онд (31 нас) Гадаадын уран зохиол; дунд сургуулийн 9-р ангид үзэх гарын авлага ном

1963-1975 онд (33-45) ШУА-н Хэл зохиолын хүрээлэнд ЭША, тасгийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн даргаар нийт 12 жил эрдэмтэн Б.Содномтой хамт ажиллажээ. (Миний мэдэх Б.Содном дурсамжаас)
 

1964 онд (34нас) Нийгмийн ухааны багш нарын улсын зөвлөгөөн болж Ц.Дамдинсүрэн багш” Манай нам үндсэрхэг үзэл, шашин хоёртой тэмцэж байна. Гэхдээ арга нь буруу байна” гэж хэлжээ. Д.Цэнд тэр зөвлөгөөн дээр “ Манай Гаадамба багш бүтээлээ амжилттай хамгаалсан. Бүтээл нь яагаад хэвлэгддэггүй юм бэ? Чингис гэдэг нэрээс болоод хэвлэгддэггүй юмуу? Чингисийн нэр яваа учраас Төв Хороо хязгаар тавьдаг юмуу“ гэж хэлжээ. Түүнээс хойш үндэсний үзэлтэн нэр авсан.


1972 онд (42 нас) Дэд эрдэмтний зэрэг хамгаалсан
1972 онд (42 нас) Монголын орчин үеийн уянгын яруу найраг (1921-1970) ном
1976 онд  “Монгол шүлгийн онцлогийн асуудалд” бүтээл туурьвисан
1975-1991 онд Монгол Улсын анхны Уран зохиолын тэнхимийн эрхлэгчээр 16 жил ажиллаж ирсэн

1983 онд Д.Цэндийн хүү Ц.Энхбат Горькийн нэрэмжит утга зохиолын сургууль төгссөн. Одоо хэвлэлийн хүрээлэнгийн захирал, ТВ9-н захирал
2007 онд (77 нас) 2 сарын 15-нд Монгол улсын гавьяат багш цол хүртжээ.
 

Профессор Д.Цэнд удаа дараагийн сурах бичиг, зохиолууддаа Д.Нацагдоржийн тухай чамгүй бичмэл нийтэлсэн. (Я.Баатар, Улаанбаатар сонин)

 

http://mendooyo.blogspot.com/2007/11/blog-post_113.html
Гомбожавын Мэнд-Ооёо 1952 онд Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт төржээ. Түүний намтар манай мянга мянган залуусын намтраас гоц ялгаагүй бөгөөд дунд сургууль төгсөөд УБДС-ийн монгол хэл-уран зохиолын ангийг 1978 онд төгсөж, одоо МРТУХ-нд редактораар ажил хөдөлмөрийн анхны гараагаа эхэлж байна.
Яруу найргийг хүүхэд ахуй үеэсээ эхлэн оролдож, анх “Сүхбаатарын зам” сонинд “Ганга нуур” (1966) шүлгээ хэвлүүлсэн нь уран бүтээлийн нь дээж болжээ. Түүнээс хойш яг 10 жилийн дараа 1976 “Утга зохиол,урлаг” сонины “Таны шинэ танил” булангаар уншигч олонтойгоо танилцсан байна.
Энэхүү товч намтрыг бид бүхний эрхэмлэн хүндэлдэг дээд багш, Монгол Улсын төрийн шагналт, уран зохиол судлагч Д.Цэнд бичсэн юм. Г.Мэнд-Ооёогийн “Бодлын шувуу” хэмээх анхны түүврийнх нь оршил өгүүллээс сая иш татлаа. 1978 оны 12-р сарын 7-ны өдөр Д.Цэнд багш оршил өгүүллийг нь бичиж суусан “Бодлын шувуу” түүвэр 1980 оны хавар хэвлэгдэн гарч наяад оны яруу найрагчдын нэгэн түүчээ болж уншигчдынхаа гарт хүрсэн юм
Аугаа их Д.Цэнд багшийн бичиж эхэлсэн товч намтар ийнхүү баяжин дэлгэрч байгаа бөгөөд энэ ч бас цаашдаа баяжих болно. (Я.Баатар)

 

Монгол улсын төрийн шагналт, профессор Д.Цэнд:
“Монгол хэл соёлын төлөө тууштай тэмцэгч Бямбын Ринчен хаа нэг томчуулыг үгээр мохоож авдаг нэгэн хэдий ч бас нөгөөтэйгүүр энгүүн хүн байлаа. Суръя мэдье, заалгая шамдъя гэсэн хүн, хэнд ч гэсэн хэдэн цагаар ч хамаагүй мэдэж чадахаа зааж, хөдөөгийн арван жилийн сургуулиас ирсэн гуравдугаар ангийн хүүхдэд ч алаг үзэхгүй цаг гарган захиа бичиж суудагсан. Хийж бүтээх, сурах мэдэхийн төлөө өөрийгөө дайчилж чаддаг хүн дээ. Гэрт нь ороход гурван бичгийн машин тавьчихсан нэгд нь орчуулга, нөгөөд нь судалгаа, нөгөө дээр нь зохиолоо бичээд тойроод л ажлаа хийгээд, ер зүгээр цагийг өнгөрөөдөггүй байсан. Монголыг гадаадад таниулах, гадаадын сонгодог соёлыг манайдаа дэлгэрүүлэхэд түүний гүйцэтгэсэн үүрэг их. Манай Ринчен гуай бол Оросын алдарт сурган хүмүүжүүлэгч Сухомлинский, Жан Жак Руссо нартай эн зэрэгцэхүйц аугаа сурган хүмүүжүүлэгч байсан юм.
Дөч хүрээд би сая тогтниюу. Тэгээд үгсийн цэцэрлэгч болж ч магад буюу. Тэгвэл сэтгэлийн гайхамшиг сайхан цэцэг зүрхнийхээ улаан цусаар ургууланхан, намайг хүн болгосон эх орондоо анхилам үнэрээр нь ачий нь магтан хариулюу.
Б.Ринчен
Тэр өөртөө ийн амлажээ. Тэгээд хожмоо үл мартагдах үгсийн цэцэрлэгч болж чадсан юм.
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалтай
Хөгжим мэт яруу баясгалант Монгол хэл минь хэмээн аугаа чадлыг нь магтан дуулж, бишрэн хэрэглэснийг нь Оросын алдарч зохиолч Николай Тихонов Ринчен гуайд бичсэн захидалдаа “...элчилгүй уудам Монгол нутгийн бүх өнгө, будаг, цэцгийн үнэр шингэсэн үнэхээрийн яруу сайхан шүлгүүдээ илгээснийг тань ихэд сонирхон үзлээ. ...Та уг нь тал нутгийн хээрийн агь ямар сайхан анхилуун үнэртэй байдгийг л бичсэн билээ. Гэтэл тэр анхилуун үнэрт миний толгой эргэж орхиод “Ариун сайхан сэтгэлт” малчин ардын аргамаг сайхан хүлэг зүүдэнд ороод амраахаа байлаа” хэмээн сэтгэлийн гүнээс магтан бичиж байжээ.



Нүдээ олсон шагнал
http://www.dailynews.mn/modules.php?name=News&file=article&sid=8555
Монгол Улсын Боловсролын их сургуулийн Монгол судлалын сургуулийн Уран зохиолын тэнхимийн зөвлөх багш, Монгол Улсын Төрийн шагналт, доктор, профессор, Монголын уран зохиолын нэрт судлагч, шүүмжлэгч Д.Цэнд багш гал гахай жилийн босгон дээр Монгол Улсын Гавьяат багш боллоо.
Багшийгаа Гавьяат багш болохыг түмэн шавь нь хичнээн жил хүлээсэн гэж санана. Д.Цэнд багшийн энгэрт нь “Гавьяат багшийн одон тэмдэг” гялалзаагүй ч олон зуун шавь нар нь, ард түмэн түүнийг гавьяатын хэмжээнд хүндэтгэсээр ирсэн юм. Харин сар шинийн босгон дээр Д.Цэнд багшийг Монгол Улсын боловсролын системд 60 гаруй жил, МУБИС-д 50 гаруй жил үнэнч, шударга, бүтээлч хүчин зүтгэсэн, багш хүний үлгэр дуурайл болсон эрхэм сайхан зан чанар, гавьяа зүтгэлийг нь монгол төр баталгаажуулан үнэллээ. Юм нүдээ олохын жишээ энэ буюу. Д.Цэнд багш 1950-иад онд Архангайн Багшийн сургууль, Улаанбаатар хотод Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтийн анхны хичээлийн эрхлэгч, 1956-1975 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн тасгийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Багшийн дээд сургууль буюу одоогийн МУБИС-д 1957 оноос хойш 50 гаруй жил багшлахдаа 1959-1960 онд Монгол хэл, уран зохиолын факультетийн декан, 1975-1991 онд Монгол Улсын анхны Уран зохиолын тэнхимийн эрхлэгчээр 16 жил ажиллаж ирсэн юм. Тэтгэвэртээ гарс­наас хойш ч сургуульдаа багшилж, өдгөө хүртэл эрдэм номын өглөг буянаа шавь нартаа хайрласаар, тэнхлүүн сайхан гялалзаж яваа билээ. Д.Цэнд багшийг Монголын орчин үеийн уран зохиолын судлагч нэрд гарсан эрдэмтэн гэдгийг Монгол Улсад төдийгүй дэлхийн монголч эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг билээ. Багш эрдэм шинжилгээний 100 гаруй өгүүлэл, 50 гаруй уран зохиолын шүүмж, 27 ном, сурах бичиг туурвин, Монголын орчин үеийн уран зохиолын түүхийг голлон бичсэн. “Орчин үеийн яруу найргийн төрөл зүйл” (1972), “Монголын орчин үеийн уянгын дуу найраг” (1921-1970), “Монгол шүлгийн онцлогийн асуудалд” (1976) зэрэг чансаатай олон ном, өгүүлэл, нэг сэдэвт зохиол нь монгол яруу найргийн онол, түүх, уламжлал шинэчлэлийг ултай судлан шинжилсэн юм. Д.Цэнд багш олон залуу эрдэмтэн, судлаач, шүүмжлэгчдийн анхны алхамд урам дэм өгч, ултай нухацтай үгээрээ зааж сурган, Монголын их уран зохиолын босгоноос олон авьяас билигтний бүтээл туурвилын аяны дөрөөг мялаасан билээ. Монгол суд­лалын сургуу­ль, Уран зохиолын тэнхимийн хамт олон, шавь нар нь багшдаа эрүүл энх байж урт наслахын ерөөл дэвшүүлж байна.

МУБИС-ийн багш Р.ЧүлтэмсҮрэн

 

ImageЭнэ ертөнцөд ирсэн хүн бүхэн багшийн гарыг дамжиж,  эрдмийг нь өвлөн ивээл хайрыг нь хүртэж амьдрал хэмээх их далайд хүчээ сорьдог. Багшийнхаа тухай дурсахгүй хүн гэж үгүй.
 
Энэ удаа уншигч танд Боловсролын их сургуулийн  ахмад багш, доктор профессор, төрийн соёрхолт, Монгол улсын гавьяат багш Д.Цэндтэй хийсэн ярилцлагаа хүргэе.
-Та яагаад багшийн мэргэжлийг сонгох болсон юм бэ? Анхныхаа хичээлийг заахдаа сандарч байв уу? Тэр үеийн дурсамжаасаа сонирхуулаач.
-1941 онд манай  Архангайн сургуульд Улаан-Үүд хотод рабфак сургууль төгссөн зургаан багш ирж хичээл заах болсон юм. Тэд их гоё цэвэрхэн хувцаслана. Ер нь дөч тавиад оны багш нар  хүүхдүүддээ зориулж жүжигт тоглоно, хүүхэд өвдвөл эмчийн үүрэг гүйцэтгэнэ гээд оролцохгүй ажилгүй байсан даа. Их мэдлэгтэй  хожмын сайхан багш нарыг хараад миний сэтгэл өөрийн эрхгүй багш болох хүсэлд хөтлөгдсөн. Надад хичээл зааж байсан тэр сайхан багш нар бол гавьяат багш Сүрэнхорлоо, Соёлын сайд Болд, Музейн дарга Сумьяа зэрэг мундаг чадвартай хүмүүс байлаа. Сайхан багш нарын үлгэр дууриал надад багш болох жигүүр ургуулсан. Архангай аймгаас Улаанбаатар хотод 1945 оны намар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Багшийн сургуульд ирж бага ангийн багшийн ангид гурван жил суралцан төгсөөд хотод тавдугаар дунд сургуульд томилогдон очсон доо. Тавдугаар дунд сургуульд үдээс өмнө нэгдүгээр ангид, үдээс хойш гуравдугаар ангид хичээл заадаг. Сарын цалин гэж 175 төгрөг авна.  Ер нь тавдугаар сургууль байгуулагдаад удаагүй хамгийн ахлах анги нь тавдугаар анги байлаа шүү дээ.  18 настай багшилж байсан болохоор ч тэрүү цонхоор гаднаас хүүхдүүд хараад байхаар тэднээс ичээд завсарлаж чадахгүй ангидаа л сурагчидтайгаа яриад суудаг байсан. Тавдугаар сургуулийн ойролцоо хятадын есөн гудамж гэж байх. Хятад эцэгтэй, монгол эхтэй хүүхдүүд их сурдаг. Эрлийз хүүхдүүд чинээлэг  гэр бүлд өссөн байдаг. Эцэг, эх нь талх, нарийн боовны цех, цайны газартай хүмүүс байна шүү. Сайдын тушаалаар  ангийн багш өдөрт хоёр айлаар орж хүүхдийн эцэг эхтэй уулзах ёстой. Эцэг эхчүүд багшийг хүндэтгэнэ гэж жигтэйхэн . Эндээсээ хойтон зун нь зуны семинарт сурч мэргэжил дээшлүүлээд “Байгаль дэлхийн багш” гэсэн диплом авч билээ. Тэгээд нэг их удалгүй Архангай аймгийн Эрдэнэмандал сумын долоон жилийн сургуульд томилогдлоо. 1950 оны зун хотод амралтаараа ирж Монгол улсын их сургуульд шалгалт өгч тэнцээд  Монгол хэл утга зохиолын ангид суралцаж төгссөн.
-Таныг сурагч байх үед багш нарын заах арга ямар байсан бэ?
-Тэр үеийн ахмад багш нар хүүхдүүдээ өөрийн туршлагаар хүмүүжүүлдэг байсан. Анх багшилж байгаа хүнд нэг анхаарах зүйл байдаг. Тэр нь хүүхдүүдтэй зөв харьцах явдал юм. Багш болох оюутанд хичээлийн бэлтгэл их хийлгэнэ. Хамгийн гол нь хүүхэд, багш, эцэг эхийн холбоо тун сайн байлаа.
-Их сургууль төгсөөд хаана багшилсан бэ?
-Тэр үед Арханхангайн багшийн сургууль анх байгуулагдаж байсан цаг. Намайг хичээлийн эрхлэгчээр нь томиллоо. Энд анхны багшийн сургуулийг төвхнүүлсэн. Дараа нь 1956 онд Улаанбаатар хотод Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт байгуулагдахад  хичээлийн эрхлэгчээр дуудагдаж  очсон. Тэгээд 1957 оны намар Улсын багшийн Дээд сургуульд ажилласан юм. Энэ сургуульд би 50 жил ажилласан байна. Сургуулийн нэр гурван удаа өөрчлөгдөж, арван захирал солигдоход би дэвшсэн ч үгүй, буусан ч үгүй  нэг л байрандаа байсан хүн. Амьдралынхаа ихэнх он жилүүдийг Багшийн дээд сургуульд зориулсан болоод ч тэрүү би энэ сургуульдаа их хайртай. Хажуугаар нь гарахад ч сэтгэлд нэг л сайхан санагддаг юм.Энэ сургууль намайг сурах бичгийн зохиогч  болгож доцент, дэд эрдэмтэн цол олгож бас Төрийн шагнал өгч, хүндэт профессор, гавьяат багш гэсэн алдруудыг өгсөн. Багшийн Их сургууль хэмээх эрдмийн их өргөөнд хамтарч ажиллаж явсан үе үеийн багш нартаа талархлаа л илэрхийлэхийг хүсч байна.
-Хөдөө орон нутагт багшилж байхад ямар бэрхшээл тохиолдож байв? Нэг үе малчид хүүхдээ сургуулиас нууж мал маллуулах сонирхолтой байсан гэдэг?
-Архангай аймгийн Эрдэнэмандал суманд багшилж байхад хүүхдүүд хичээлдээ цуглахгүй болохоор багш нар нь айл айлаар орж эхлээд хичээлдээ бэлтгэхийг сануулж эцэг эхтэй нь уулзаж хамгийн сүүлчийн айлдаа очоод буцахдаа хүүхдүүдээ бүгдийг авч явдаг байсан юм. Энэ ажлаар гурав дөрөв хоног явна. Нэг айлын морины уяан дээр очоод цулбуураа тайлж байтал миний өмнөөс хичээл насны нэг эрэгтэй  хүн шууд угтаж ирснээ “Хүүхээ, чи манай хүүг  энэ жил сургуулиас чөлөөлчих. Мал хариулах хүнгүй хэцүү болж байна. Би чиний өвлийн идшийг даая “ гэдэг байна.  Би “Тэгж хоёулаа дээлээ нөмрөхөө болъё” Та хүүгээ сургуульд нь бэлтгээд байж бай. Би эргэх замдаа очиж авна” гэлээ. Нөгөө хүн чинь “ Еэ бас хүнтэй чинь ярьж болдогсон. Энэ хүүтэй чинь болохгүй нь ээ“ гэж билээ.
-Эцэг, эх хүүхдээ сургуульд явуулахгүй хориглохоос гадна хүүхдүүд хичээлээс оргож байсан тохиолдол бий юу?
-Эрдэнэмандал суманд аймгийн таван сумын хүүхдүүд ирж сурдаг байсан юм. Хүүхдүүд сургуулиас оргож багш нарыг зовоох явдал зөндөө гарна. Манай сургуулийн тавдугаар ангийн Дагвадорж гэдэг хүү  зоосоор мэргэлдэг. Тэр хүү зоос татаж үзээд хүүхдүүдэд бүгд тарж хонхорт нуугдаж байгаад орговол болох юм. Нуугдахгүй бол багш нар ирээд бариад авна гэсэн байгаа юм. Тэгээд яахав, нөгөө хүүхдүүд чинь хонхор газар  нуугдаад үлдчихээр багш нар олоогүй. Араас нь явж гэр орноос нь олж ирнэ. Хайрхан сум руу хоёр хүүхэд оргоод яг чононд хөөгдөөд бариулахын даваан дээр хоёр багш хойноос нь очиж аварч байлаа. Одоо эргээд санахад тэр үед сонин содон зүйл их байж дээ. Хүүхэд гэр лүүгээ оргож хөл гараа хөлдөөх энүүхэнд байв. Нас хэтэрч орсон долоодугаар ангийн хүүхдүүд гэхэд охид нь хүний авгай болж хуруундаа алтан бөгж зүүчихсэн, амралтын өдрүүдээр нөхрүүд нь эргэж ирдэг байсан юм. Нэг ангид одоогийнхтой адил дөч тавин хүүхэд суухгүй. Хорь гучин хүүхэд л байна.  Зуны амралтаар хүүхдүүдэд зурамны арьс, цоохор цох, эрвээхэйн хатаамал хийх даалгавар өгдөг. Хүүхдүүд ээжийнхээ зүүг эрвээхэй, амьтан хатаахад хэрэглэхээр авч яваад бөөн хэл ам болно. Тэр үед чинь  зүү бас л их ховор нүдний гэм байлаа. Халдварт яр өвчин их гардаг. Нөгөө Догмид зохиолчийн “Улаан тарианы хүүхнүүд” гэдэг үе чинь л байсан. Тариа хийлгэх үеэр сумын бүх айлын  морины уяаны гадаа олон морь багширч байдаг.
-Одоогийн боловсролын системийн талаар та ямар бодолтой байдаг вэ? Ирэх жилээс  дунд сургууль 12 жилийнх болно.
-Монгол улсын боловсролын тогтолцооны хувьд би дөрвөн шинэчлэлийг үзэж өнгөрөөгөөд байна. Шинэчлэлээр сургалтын хөтөлбөр,  сурах бичиг, зорилго гээд олон зүйл өөрчлөгддөг. Анх бидний үед зөвхөн багш төвтэй сургалт голлож байсан бол одоо шавь төвтэй болох жишээтэй.  Би туршлага судлах ажлаар ОХУ, Унгарт очиж байсан. Энэ бүхнээс үзэхэд боловсролын систем нэг суурин дээр удаан байх нь буруу юм. Тухайн нийгэм, хүнийхээ хөгжлийг дагаж өөрчлөгдөж байх ёстой. Нийгмийн хөгжил хурдасч даяаршил эрчимтэй явагдах боллоо. Өөрчлөгдөн шинэчлэгдэж боловсролын систем хөгжиж буй энэ замнал  ганц Монгол орны төдийгүй дэлхий нийтийн жишиг юм.
Ирэх жилд арван жилийн сургууль 12 жилд шилжинэ. Зургаан настай хүүхдүүдийг нэгдүгээр ангид элсүүлнэ. Энэ бол даяаршлын үеийн зайлшгүй авах чухал арга хэмжээ.
Манай хүүхдүүд өндөр хөгжилтэй гадаад орнуудад сурахын тулд 12 жилийн сургууль төгссөн байж л сая тэдний шаардлагыг хангана. Энэ чинь бүр гучаад оноос гадны орнуудад эхэлсэн байсан юм шүү. Их зохиолч Д.Нацагдорж Герман улсад очиж дээд сургуульд орох гэтэл энэ шаардлагыг нь хангаж чадаагүй учраас  орж чадахгүй буцаж байсан гэдэг. Тэр үеэс л гадаад орнууд 12 жилийн сургууль төгссөн хүүхдүүдийг их дээд сургуульд авдаг байж. Боловсролын системийн энэ өөрчлөлт тун зөв. Гэхдээ ганцхан арга зам,  материаллаг бааз, багшлах боловсон хүчнийг сайн бэлтгэхэд анхаарах хэрэгтэй. Сурагчийн хичээллэх цаг, бие даах цагийг зөв тогтоох хэрэгтэй. Үүнээс гадна боловсролын  энэ өөрчлөлтийг Монгол орны нөхцөлд тохируулан зохицуулах нь тун чухал. Улаанбаатар хотын дунд сургууль гадаадын сургуулиудтай ойролцоо болж байна. Гэтэл хөдөөгийн сургууль ерөөсөө шаардлагын хэмжээнд хүрээгүй байдаг. Тэгэхээр хөдөөгийн сургуульд түлхүү анхаарвал  зохино.
Монголын нийт ард түмний боловсрол дэлхийн  бусад орнуудын иргэдийн боловсролтой харьцуулахад тун өндөр шүү. Тиймээс бид гадны боловсролын системийг хөөж суралцах биш харин угтаж уулзах зорилгыг өмнөө тавибал амжилтад хүрнэ.
-Та гэр бүлийнхнээ танилцуулаач? Таны мэргэжлийг хүүхдүүдээс тань өвлөсөн үү?
-Манайх таван хүүхэдтэй айл. Нэг хүү шүүмжлэл судлалын чиглэлээр миний мэргэжлийг өвлөсөн. Бага охин бас монгол хэл уран зохиолын багш мэргэжлийг сонгосон юм. Тэгэхгүй бол энэ хэдэн ном маань эзэнгүй болчих гээд байлаа. Архангай аймагт хичээлийн эрхлэгчээр очсон жилээ гэр бүлийнхээ хүнтэй танилцсан. Тэр үеийн багш нарт оролцохгүй ажил гэж ер байгаагүй. Нам, эвлэлийн дугуйланд хичээл заана, клубт орос кино орчуулж хүмүүст үзүүлнэ. Янз бүрийн ажил хийсээр байгаад бүр орой арав арван нэгэн цагт л гэртээ очдог. Гэрт очиход ганц бие эр хүнийг хүйтэн гэр, хөлдүү ус, хөлдүү мах л угтана.  Тэгээд 1955 оны хавар  гэр бүл боллоо. Лизагийнх аймгийн төвд хашаа байшинд тохилог амьдардаг.  Аав, ээж нь үнээ малтай болохоор хавар малаа оторлохоор Тамирын гол руу нүүгээд явчихна. Манай хүн аравдугаар ангиа төгсөөд байлаа.  1956 онд манайх хот руу ирсэн. Лиза маань МУИС-ийн анагаах ухааны факультетэд орж суралцаад их эмч боллоо.
Тэр жилээ хамар хоолойн нарийн мэргэжлийн курст сурсан. Улсын хоёрдугаар зэрэгтэй эмч болж Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн хүндэт профессор цол хүртсэн. Одоо бид хоёр чинь таван хүүхдийн 14 ач, зээ, зээнцэр, гурван жичтэй болж үр ачаа тойруулаад л сууж байна. Эргээд энэ бүхнээ бодоход хүний амьдралд их зүйл тохиолдох юм даа.
-Та шүүмж судлал руу их зоригтой орсон. Зохиолчид шүүмжлэлийг чинь яаж хүлээн авч байсан бэ? Дорны их яруу найрагч Б.Явуухулангийн шүлгэнд та шүүмж бичиж байв уу?
-Миний үед уран зохиолын салбарт жигд нэгэн том үе гарч байсан . Б.Явуухулан, Д.Чимэд, С.Эрдэнэ, Д.Пүрэвдорж  нартай найзалж нөхөрлөж, зохиол бүтээлийг нь  шүүмжилж явсан юм. Найз нөхрийн хувьд тэдэнд  дутуу дулимаг зүйлийг нь шууд хэлчихдэг байсан даа. Б.Явуухулангийн “Хээр хоносон сар” шүлгийг нь би Ш.Сүрэнжавын “Ой мод” шүлгийг хуулбарласан гэж шүүмжиллээ. Явуу ганц ч үг хэлээгүй, уурлаагүй. Харин хожим  “Намрын мөнгөн өглөө” номондоо “Хээр хоносон сар” шүлгээ Ш.Сүрэнжавт зориулав гэж бичсэн байлаа.
Зохиолчид шүүмжлэлийг хүлээж авдаггүй байсан. Манай нөхөд бүх зохиол сайн болдоггүй. Оросын их зохиолч Лермонтов  300-гаад зохиол бичснээс “Угаагдаагүй орос орон”,” Манай үеийн баатар” зэрэг таван зохиол нь л сод бүтээл болж дэлхий нийтэд түгсэн гээд л маргана. Би болохоор та нар зохиол бүтээлийнхээ чанарыг л бод гэнэ. С.Эрдэнээг уран бүтээлийнхээ чанарт ахиц гаргахгүй байна. Сүүлийн үеийн зохиолдоо архи дарс, садар самууныг их бичих боллоо. Энэ зохиол  чинь буриад  бүсгүйчүүдийг хэтэрхий задгай хүмүүс гэж ойлгуулж байна. Ганцхан Монголд үүнийг уншаад орхихгүй дэлхий дахинд цацагдах үе ч бий гэж “Сэмжүүхэй, Хөх хулгана жил “ гэсэн гурвал  зохиолыг нь шүүмжилсэн.Энэ шүүмжийн дараа С.Эрдэнэ надтай заргалдаж эсэргүүцэн Үзэл суртлын хэлтсээр хүртэл орж байсан юм. Би ч гэсэн хэвлэн нийтлэх эрхтэй гээд мөчөөгөө өгөхгүй байлаа.
Хожим  энэ шүүмжээ би “Яруу найраг ба шүүмжлэл” номондоо оруулж  С.Эрдэнээд номоо дурсгасан.
-Тэр үед сэхээтнүүд их хэлмэгддэг байсан гэх юм. Та хэлмэгдэлд өртөж байв уу?
-Нийгмийн ухааны багш нарын улсын зөвлөгөөн 1964 онд болсон. Энэ зөвлөгөөн дээр Ц.Дамдинсүрэн багш” Манай нам үндсэрхэг үзэл, шашин хоёртой тэмцэж байна. Гэхдээ арга нь буруу байна” гэж хэлсэн юм.
Гаадамба багш 1962 онд “Монголын нууц товчоо бол уран зохиолын дурсгал” сэдвээр Москвад эрдмийн зэргээ хамгаалчихсан. Гэтэл бүтээлийг нь хэвлэлд гаргадаггүй байлаа. Би тэр зөвлөгөөн дээр “ Манай Гаадамба багш бүтээлээ амжилттай хамгаалсан. Бүтээл нь яагаад хэвлэгддэггүй юм бэ? Чингис гэдэг нэрээс болоод хэвлэгддэггүй юмуу? Чингисийн нэр яваа учраас Төв Хороо хязгаар тавьдаг юмуу“ гээд хэлчихсэн. Намын Төв Хорооны үзэл суртлын хэлтсийн дарга Б.Лхамсүрэн “Профессор Ц.Дамдинсүрэнтэй Цэнд нийлж үндсэрхэг үзэл гаргаж байна” гэж шүүмжиллээ. Дамдинсүрэн багш намайг нударч” Анх шүүмжлэл сонсоход халуун байгаа биз” гэсэн. Түүнээс хойш наадмын өмнө Тэрэлжид амарч байхдаа “Утга зохиол”  сонин авч унштал “Утга зохиолын хүмүүжүүлэх үүргийг мартаж болохгүй” гэсэн редакцийн зурвас бичсэн эзний нэргүй гарчихсан байв. Тэнд намайг марксизм, ленинизмд харалганаа харуулж байна гэж ирээд шүүмжилжээ. Үүнийг уншаад сэтгэлд нэг л эвгүй оргиж хүмүүс намайг бүр онцгойлж хараад байх шиг санагдаад амралтаа дутуу орхиод харьсан. Түүнээс хойш үндэсний үзэлтэн нэр авсан.  Тэр үед үзэл суртлын хэлтэс зохиолчдын бүтээлийг мөр бүрээр нь уншиж шалгаад үндсэрхэг үзэлтэй бүтээл бичсэн хүмүүст нууцаар Дотоод яаманд хавтаст хэрэг нээдэг байсан юм билээ. Ямартаа л Б.Явуухулангийн  “Би хаана төрөө вэ” шүлгийн
“Хүний газрын шороог ариун усаараа угаасан
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө гэсэн“ бадгийг шалгаад үндэсний үзэлтэн гэж байхав. Гэтэл надад Дотоод яаманд бас хавтаст хэрэг нээсэн байсныг би сүүлд нь мэдсэн юм. Тэгээд бүх сонины газарт Д.Цэндийн бичсэн зүйлийг засаж болохгүй гэсэн нууц даалгавар өгсөн байж билээ. Уг нь бичсэн бүтээлийг заавал хянаж засах ёстой. Засахгүй байна гэдэг нь өө сэв, алдаа нөгөө үндсэрхэг үзэл гаргана гэж тэгж байсан юм байна. Тэгээд миний бичсэн зүйлийг гурван жил засалгүй гаргаж харин би бүр завшсан юм.  
Энэ явдлыг би хэлмэгдэл гэж үзээгүй. Жинхэнэ хэлмэгдэлд өртсөн хүмүүс чинь ажлаасаа халагдана, бүр хэрэг нь хүндэрвэл нутаг заагдан цөлөгддөг байсан юм шүү.
-Та гавьяат багш гэсэн энэ эрхэм алдрыг нэлээд хожуу авлаа. Таны шавь нар дунд хэд хэдэн гавьяат байдаг гэв үү?
-Миний шавь нараас 12  хүн гавьяат цол хүртсэн юм. Тэгэхлээр би их олон гавьяатыг төрүүлсэн байх нь.
Нэг үе манай ард түмэн төрийн өврөөс гарсан хүн, араас нь гарсан хүн гэж ярьдаг байсан. Би  төрийн араас нь гарсан болоод хожуу гавьяат авсан юм боловуу? Улсад 54  жил багшлахдаа цэцэрлэгийн багшаас бусад бүх ажлыг нь хийж явсан.
-Ахмад багш хүний хувьд залуустаа хандаж та юу захимаар байна?

-Насны багад эрдэмд шамдах, нарны гэрэлтэйд хөдөлмөрт шамдах гэдэг үгийг  л санаж явбал болчихно доо.
Цагийг сайн ашиглах хэрэгтэй. Хамгийн сайхан ажил амждаг цаг бол шөнө байдаг. Сургууль хичээлийн хажуугаар шүүмж зохиол бичихэд би шөнө л суудаг байсан. Өдөр цаг зав олдохгүй. Шөнө гурван цаг хүртэл юмаа биччихээд л өглөө долоод босоод хичээлдээ явна.

2007 оны 04 сарын 10, Утга зохиол урлаг

Хөглөгөр Хангайн буурал түшээ мэргэн багш

Гачуурт тосгоны Баянтөхөмийн дэнжээс дунд зэргийн нуруутай, тайван алхаатай нэгэн буурал зорчигч тээврийн “АСИЯ” гэдэг автобусанд сууна. Долоо хоногт хоёроос гурван удаа явах нь хотод ямар нэг ажил албатай санж. Нас сүүдэр ная дөтөлж байгаа ч автобусанд суух, буухдаа үл түүртэнэ. Хэн нэг нь суудал тавьж өгөхгүй бол зогсож л байх. Түүний буурал халимаг 1950-аад оны засалтын донж маягтай ч заримдаа богиносгоод хажуу тийш нь хагалж самнасныг харахад үлэмж зохимжтой. Гонзгойвтор хавчигдуу нүүр, нимгэн цайвар царай, зайгүй босоо цагаан шүд, хар цагаанаар эргэлдэх алаг нүд энэ бүхнийг бурханаас заяасан аж. Унжуухан, уртавтар шулуун хамар нь түүнийг цэгц шударга, аливаад нягт нямбай, хань бүл, хамтран зүтгэгчиддээ хал балгүй, зорьсондоо хүрэхээс нааш зогсох цуцахыг үл мэдэх нэгэн хэмээн бичиглэсэн мэт. Костьюм өмсвөл зангиа зүүнэ. Дээл өмсвөл бүрх тавина. Энгийн цагт гарт тааралдсанаар хувцаслана. Тэрээр хаана юу өмсөж эдлэх, ямар ёс жаяг эрхэмлэхийг хэнээр ч заалгахгүй. Энэ буурлыг танихаасаа танихгүй нь олон. Харин тосгоны сургуулийн багш нарын заримыг түүний шавь гэх. Шавьтай байхаараа багш байж таараа. Тиймээ! МЗЭ-ийн шагнал, Ардын боловсролын тэргүүнээс эхлээд Төрийн соёрхолт, Гавьяат багш гэдэг алдар цол хүртсэн нэрт сурган хүмүүжүүлэгч, доктор, профессор Дамдинсүрэнгийн Цэнд бөлгөө. ЕБС-ийн ахлах ангид үзэх “Монголын уран зохиол” сурах бичгээр мянга мянган охид хөвгүүд хичээллэж, уран зохиолын өргөн мэдлэг олж, эрдмийн мөр мөшгиж хүлгийн жолоо залсан нь үнэн. Цэнд багштай нүүр учирч танилцаагүй нь бас олон.
Д.Цэнд  багш Гачууртад суурьшаад тийм ч удаагүй. Гэхдээ л тохилог байшинтай төдийгүй хашаа дүүрэн жимс, жимсгэний бут сөөг ургуулж, хүнсний ногоо тариална. Д.Цэнд багш өглөө оройн цагаар, амралтын өдрүүдэд жимс ногооны талбайд цагийг өнгөрүүлнэ. Ач гуч нар нь өвөөгийнхөө ажилд дэм болохы хичээнэ. Заримдаа усыг нь хамаа бус асган цутгаж, навч нахиаг нь таслан хаяж, хүрз багажийг нь булаалдан сандаргах удаатай. Тэрээр тэтгэвэрт гарсан ч оюутнуудад богиносгосон хуваариар долоо хоногт хэдэн цагийн хичээл заана. Бас болоогүй ээ, утга зохиолын шүүмж судлал бичих, уран бүтээлчдийн бичсэн туурвисныг уншиж, ариусган хурайлах гээд насандаа хэтийдэх эрдэм номын ажилтай зууралдана. Залуудаа бол дээрх ажилтай зууралдах биш, шууруулж байсан.
Худлаа гэвэл Д.Цэнд багш 1955 онд “Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээл” гэсэн сэдвээр сурагчдад заах хичээлийн тэмдэглэл /конспект/-ээс эхлээд өдгөө хүртэл уран зохиолын шүүмж, судлалын 100 гаруй үгүүлэл, 60 шахам шүүмж, 27 ном бүтээн туурвиж, докторын зэрэг хамгаалсныг ихэнх хэвлэлд үг үсэг алдалгүй хуулбарлан нэгэн өнгө аясаар хөхөө мэт донгодсоныг уншихад түүний бүтээл наснаас нь хэд дахин олон тоо гарна. Мэргэжил нэгт нөхдийнхөө зохиол бүтээлийг ариусган хурайлна гэдэг бол тэр олон хүний оюун санаа, ур чадвар, бүтээж болгоосныг уншиж нягтлахдаа хөнгөн гоомой хандаж, хөл алдахгүй, найруулгаар нь тунгааж цэгнээд алдаа мадаггүй болоход нь оюун ухаанаараа дэм болно гэсэн үг. Тэр үе үехэн хүүхэд ахуй, залуу халуун насныхаа инээд баясал, ажил амьдралын туршид тохиолдсон юу эсийг ургуулан бодож суух авай. Найманы Таян хан Хангай ханы өвөр Хачир уснаас хөдөлж, Тамирын гол уруудаж, Орхоныг гаталж байсан тэр их түүхийн замаар  Д.Цэнд  хүү тоос манарган мөлхөж, хөрст дэлхийд босож тэнцсэн ажуу. Хангай ханы өвөр, Хачир усны зүүн биеэр Улаалзайн даваа гэх сүрлэг уулс хөндөлсөнө. Тэнд Ёл хад, Ёлын цагаан сайр гээд малын бэлчээр, ус жигдэрсэн өгөөмөр сайхан нутаг буй. Ёлын цохио гэж 30 орчим алд өндөр сондгой байц уулын өвөрт нэлээд дээхнэ байхыг харвал оройд нь шувууны сангас судалтан цайрах нь энд ёл суудаг юм шүү гэх шиг. Д.Цэндийн чухам л унасан газар, угаасан ус энд. Тэрээр найман нас хүртлээ хурга хариулж, тугал сүүлдэж, тавагтай өрөм долоож, дэлгэцтэи ааруул шүүрч баяр хөөрийг эдэлжээ. Гэвч гурван ойтойдоо өнчирсөн учир “миний хүү” гээд гар сунган тосч, духан дээр нь үнсэх ээжийн хайраар дутаж, янз янзын ааш араншинтай хойт эхийн олон гар дамжиж, хатуу үг сонсож, алга савааны амт үздэг байлаа. Өнчирсөн үрийг ээжийнх нь төрсөн дүү Дамдинсүрэн өөр дээрээ авч, өсгөн торниулж хүний зэрэгт хүргэжээ. Тэднийх Тамирын голын эхнээс нүүсээр Тайхар чулууны орчим хэдэн жил нутаглав. Нагац ах Дамдинсүрэн цэргийн алба хаасан, бичиг үсэгт муугүйн хэрэг юу билээ аймгийн төвийн артельд ажилтай болж, Д.Цэнд найман нас хүрч, аймгийн төвийн бага сургуульд оржээ. Жаалхүү урин цагт Тамирын хөндийгөөр тоос манарган давхиж, хонины Цагаан даваа давж, Хавтгай модны хөлөөр жирийлгэсээр сургуульдаа очно. Наанадаж арван мод газар. Хичээл тармагц гэрийн зүг харвуулна. Гэртээ очоод хонь малын ажилд гарна. Үүрийн гэгээтэй уралдан босож, үдшийн бүрийгээр борви бохирдог ч ядрах түүртэх нь үгүй. Багын цовоо, юманд авхаалжтай хүү гэж нутгийнхан үг унагана. Нагац ах Дамдинсүрэн нь Улаанбаатарт шилжихээр болж, Д.Цэндийг ганд нь хаясангүй.  Д.Цэнд  ч хотод ирээд монголдоо ганц байдаг “Үйлдвэрийн техникум”-д орж, цэргийн дэглэмээр хөл гарын сургууль хийж норм формын хувцас хэрэглэж, хоёр жил суралцаад цахилгааны монтёр болов. Түүнийг суралцаж байх үед Манжуурын толгод, Халхын гол төдийгүй баруун Европ тэр аяараа дайнд нэрвэгдэж, гал усны гашуун зовлонд тарчилж байлаа. Хот хөдөөгүй хүнс бараа ховор тарчиг, “Бүхнийг фронтод” уриан дор монголчууд ээмэг бөгжөө мулталж, эрмэг хангалаа улаан армид бэлэглэж хариуд нь “алтан үсэгтэй” цаасан үнэмлэх гардаж байсан цаг үе. Ямар сайндаа дэвтэр харандаа олдохгүй улаан дүнсэн тамхины зузаан боолт цаасан дээр тугалгаар бичиж байхав дээ. Гэвч өнчин хүү цагийн бэрхэд туйлдаж сөхөрсөнгүй. Нагац ах Дамдинсүрэн ягуухан ахисаар тухайн үед “Коммунизмын их сургууль” гэгдэж байсан үйлдвэрчний хорооны даргын алба хашихаар Налайхын уурхайг зорилоо. Д.Цэнд  хүү ч ахыгаа дагаад Налайхад очиж, 14-тэй хүүхэд шонгийн оройд авирахдаа дөрөө мултарч дүүжлэгдэн, цахилгааны утастай улаан гараараа ноцолддог болов. Монтёр Д.Цэнд Сүхбаатарын талбайн гэрэлтүүлэг, УБИС-ийн байрны гурван давхрын цахилгаан далд сүлжээг хийж, хот байгуулалтад гар бие оролцов. Төдөлгүй улсын “Ударник” цолд нэр нь дэвшиж мандсан ч Багшийн сургуульд суралцах хүсэлдээ хөтлөгджээ. 1948 онд сургуулиа дүүргээд хангай нутгийнхаа Эрдэнэмандал суманд багшаар томилогдож “Эр өсөж, эсгий сунадаг” гэж нагац ахынхаа үглэж байсан сургамжийн үнэнийг амтлах шиг санагджээ. Хичээл заахаас гадна гар бөмбөг тоглох, цана тэшүүрээр гулгах төдийгүй Г.Ойдовын зохиолоор жүжиг найруулж, гол дүр “Долоодой хүү”-г амилуулан тоглож, нэг хэсэгтээ л “Долоодой хүү”-гээр дуудуулж хөгжилдөв. “Долоодой хүү”-д нэгэн бэрхшээл байх. Байсхийгээд л аймгийн төвд семинартай гэсэн дуудлага ирнэ. Эрдэнэмандалаас Цэцэрлэг хот хүртэл чилийсэн дөрвөн их өртөө зайтай. Энэ замыг мориор туулна гэдэг тийм амаргүй байжээ. Эмээлийн бүүрэгнээсээ зууралдсаар яваад гарын алга цэврүүтэх, гуяны дотор тал үрэгдэж улайгаад тэсэж тэвчихийн аргагүй хөндүүрлэх гээд мөн ч их зовооно. Явдал хатуу, ам нь дийлддэггүй морь таарвал яана. Хөгөө чирэх нь тэр. Гэлээ ч мориноос буугаад явгалалтай биш. Шүд зуугаад хоёр өртөө хороочихвол цаашаа ажрахгүй. Удалгүй морин өртөө авто өртөөгөөр солигдож, хүүхэд хөгшидгүй бөөн баяр болжээ. Эрдэнэмандалд хоёр жил багшилчихаад зуны амралтаар хот орж, “Элдэв-Очир” кино театрын бүжгийн танхимд эргэлдэж, “Ленин” клубт кино үзсэн шигээ өдөр хоног өнгөрүүлж яваад МУИС-ийн элсэлтийн шалгалт авч байгаатай тааралдаадхав. Сурсан эрдэм мартагдаагүй халуун насны ааг амтагдаад шалгалтад ороод тэнцэж, монголын уран зохиолын хичээлийг онц дүнтэй өгөв. Хүсэхэд хясах гэгчээр утга зохиолын ангийн элсэлт дууссан гэсэн үг сонсоод бараг л доголон нулимстай дээгүүр доогуургүй харайлгаж гүйсээр санасандаа хүрэв. Арай л авгай шигээ хүний эмч болчихоогүйдээ одоо ч олзуурхана. МУИС-ийг төгсөөд Архангайн Багшийн сургуульд хичээлийн эрхлэгчээр тохоогдов. Өдий насны эр хүнд амраг хайрт, ахуй амьдрал бодогдолгүй яахав. Цэцэрлэг хотыг “Заяын хүрээ” гэх хүн цөөнгүй. Заяын хүрээний охид бүсгүйчүүдийн зүс царай, өнгө үзэмж, оюун ухаан хаа газрын эрчүүдийн зүрх сэтгэлийг нялхруулах увидастай. Тэдний дунд Ч.Лиза, Ч.Роза гэж эгч дүү хоёр охин байх. Д.Цэнд  багш элдэв шалдир явдалгүй, үг цөөн, олны газар тэр болгон үзэгддэггүй “Нууц ноёнтон” байсныг яана. Нэгл мэдэхэд “Юнок” мотоцикл дээр Ч.Лиза охиныг суулгачихсан гудамж талбайгаар пижигнүүлэн давхиж явах нь тэр. Хожимдсон харчууд амаа .барьсаар бувтнаж үлдэв. Ч.Лиза хүний их эмч, Ч.Роза агрономичийн мэргэжил эзэмшээд зам мөрөө хөөж, цөөнгүй харчуудын бундан зүрхэнд сэрүү татуулан түнэр харанхуй тэнгэрийн мандалд одод харвах мэт цахилан арилав. Удаж төдөлгүй Д.Цэндийнхэн гэх өнөр бүл бүрэлдэж хоёр охин, гурван хүүтэй болж, өдгөө хүргэн бэр, ач гуч гээд хөл алдсан хөглөгөр билгүүн өвөө өрх гэрийн зайг эзэлж, эрдэм номын хүндтэй суудалд заларнам.

 Д.Цэнд  УБИС-д багш, тэнхимийн эрхлэгч, ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнд тасгийн эрхлэгч зэрэг алба ажил хашсаар 42 насандаа дэд эрдэмтний зэрэг хамгаалж, эрдэмтэн мэргэдийн тоог нэгээр нэмэв. Б.Ринчин, Ц.Дамдинсүрэн, П.Хорлоо, Ш.Гаадамба зэрэг түүх соёлын нэрт эрдэмтэн багш, мэргэдтэй мөр зэрэгцэн ажиллаж, тэдний сургаал, арга барилаар оргилд тэмүүлэн өдий зэрэгт хүрснийгээ мартах учиргүй гэж Д.Цэнд  багш олонтаа залбирах. Тэрбээр идэр залуу үедээ буюу 1950-аад онд улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, “Марксизм, Леннизмд харалган  хандсан үндсэрхэгч, үгүйсгэгч үзэлтэн” гэж чичлүүлсэн боловч мэргэжил, эрдэм номын чадвараар охор ухаант, хөлдүү толгойтноос хол давуу байх тул цөлөгдөх аюул нүүрлэсэнгүй. Тэр үед олон сэхээтнийг үндсэрхэг үзэлтэн, үгүйсгэгчид хэмээн нэр хоч өгч, цөлсөн билээ. Д.Цэнд  тэр бүхэнд гомдож, хөөрсөнгүй. Утга зохиолын шүүмж судлалаа үргэлжлүүлж, сурах бичиг, үгүүлэл бичих, туурвих, багшлах ажлаа хийсээр хагас зууныг хэвийлгэж, 76 насандаа “Гавьяат багш” хэмээх алдар хүртэж, өөрийнхөө биш мянга мянган шавь, мэргэжил нэгт нөхдийн урмыг сэргээж, сэтгэлийн хөвчийг чангалж, “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэж” болдгийг лавтайяа харуулав. Монгол улсын төр засаг түүний ажил үйлсийг үнэлэхдээ “…Монголын утга зохиол, шинжлэх ухаан, боловсролын салбар, олон улсын монгол судлалд оруулсан бодитой гавьяагаараа…” гэж тэмдэглэсэн байна. Саяхны нэгэн өдөр хөглөгөр хангайн буурал түшээ, мэргэн багштай нүүр тулаж уулзаж, амар амгаланг эрээд цол хүндэтгэл гардсанд баяр хүргэвэл “Цаг цагийн салхины ачааг үүрч явдаг монголын хэл, уран зохиолын ноён нуруу, гольдрого хазайсангүй. Харин ч уран бүтээлийн нь өв арвижиж буйд баяртай байна” хэмээгээд “Энэ муу хөл үү” гэж хөл рүүгээ зааж байв. Хашаанд нь ороод “үхэр” нүдний нахиа хөөж бөлцийсөн байхыг харвал өвөлдөө өнтэй, хавартаа цас ахиу унаж, чийг дулаан тохирч, урьдынхаас эрт навч цэцэг дэлгэрэх бололтой. Бутны дэргэд очиход анхилуун содон үнэр хамар цоргиж байлаа. Өвгөн багш тэсэж ядан хүлээсэн урин улиралтай золгож, хүүхдүүд, ач гуч нараа дагуулаад цэцэгсийн балын амтад мансууран эргэлдэх эрвээхэй лугаа бужигналдах ньээ.

Гачуурт. 2007 он

Зохиолч А.Далхжав

 

References
1. Book B. Lkhagvasurengiin iaruu nairagt khiisen azhiglalt / 
Author: Bigermaa, R. 1973-; TSend, D.; Galbaatar, D.
Publication: Ulaanbaatar : [s.n.], 1998
2. Book Biambyn Rinchen, 1905-1977 : namtar, uran buteel / 
Author: TSend, D.; Sampildendev, Kh.
Publication: Ulaanbaatar : ["Bembi san" khevleliin gazar], 2001
3. Book Ramaiana Mongold delgersen n' / 
Author: Damdinsuren, TS. 1908-1986.; Valmiki.; TSend, D.
Publication: Ulaanbaatar : Shinzhlekh Ukhaany Akademiin khevlel, 1976
4. Book IAvuukhulan sudlalyn zarim asuudal / 
Author: Baatar, IA.; TSend, D.
Publication: Ulaanbaatar : Shinzhlekh Ukhaany Akademiin Khel Zokhiolyn Khureelen, Soλl Erdem Deed Surguul’, 1999
5. Book Shagzhiin Vanchaarai : namtar, uran buteeliin tovchoon / 
Author: TSend, D.; Burentuiaa, B.; Sampildendev, Kh., and others
Publication: Ulaanbaatar : "Bembi San" khevleliin gazar, 2003
6. Book Mongolyn uran zokhiolyn toim / 
Author: Damdinsuren, TS 1908-1986.; TSend, D.
Publication: Ulaanbaatar : Ulsyn Khevleliin Gazar, 1957-1977
7. Book TSerendorzhiin Monkh : namtar, uran buteeliin tovchoon / 
Author: TSend, D.
Publication: Ulaanbaatar : "Bembi san", 2004
8. Book Udq-a jokiyal-un tuqai / 
Author: IAvuukhulan, B. 1929-; Ad”iaa, Zh.; Baatar, IA., and others
Publication: Ulaanbaatar : Ulsyn Khevleliin gazar, 1990
9. Book Tengeriin zaadas / 
Author: Dashdoorov, S. 1935-; TSend, D.
Publication: Ulaanbaatar : Ulsyn Khevleliin Gazar, 1986
10. Book Mongolyn uran zokhiolyn devshil, sotsialist realizm : uran buteeliin arga, zokhiolchdiin ovormots shinzh / 
Author: Luvsanvandan, S.; Tsend, D.
Publication: Ulaanbaatar : Ulsyn Khevleliin Gazar, 1987-
11. Book Begziin iavuukhulan / 
Author: Tsend, D.; Ad”iaa, Zh.
Publication: Ulaanbaatar : Ulsyn Khevleliin Gazar, 1990
12. Book Mongolyn uran zokhiol : ardyn aman zokhiol ; ertnyi uran zohkiol / 
Author: TSagaan, D.; TSend, D.; Puntsag, D.
Publication: Ulaanbaatar : Ulsyn Khevleliin Gazar, 1958-
13. Book Mongol khoshin shog iaria / 
Author: Tsend-Aiuush, Shagdain.; TSend, D.
Publication: Ulaanbaatar : Ulsyn Khevleliin Gazar, 1975
14. Book Mongolyn orchin ueiin uiangyn iaruu nairag (1921-1970) / 
Author: TSend, D.
Publication: Ulaanbaatar : Shinzhlekh Ukhaany Akademiin khevlel, 1972
15. Book Mongolyn uran zokhiol 
Author: TSend, D.
Publication: Ulaanbaatar : BNMAU Ardyn Bolovsrolyn IAamny Khevlel, 1985
16. Book Gadaadyn uran zokhiol; dund surguuliin IX angid όzne; garyn avlaga. 
Author: TSend, D.
Publication: Ulaanbaatar, Gegeerliin iaamny khevlel, 1961
17. Book Monggol-un uran jokiyal-un toiimu / 
Author: Damdinsuren, TS. 1908-1986.; TSend, D.
Publication: [Kokeqota] : Obor Monggol-un Arad-un Keblel-un Qoriy-a, 1982
18. Book Mongol uran zokhiolyn deezhis-108. b. 29, Galyn naadam / 
Author: Gaitav, TS 1929-; TSend, D.
Publication: Ulaanbaatar : "Bot’Bileg" Khevleliin gazar, 2005
19. Book Biambyn Rinchen : namtar, uran buteel / 
Author: TSend, D.; Sampildendev, Kh.
Publication: Ulaanbaatar : Bembi San Khevleliin Gazar, 2001
20. Book Uran zokhiol / 
Author: TSend, D. 1930-
Publication: Ulaanbaatar : BNMAU Ardyn Bolovsrolyn IAamny Khevlel, 1976
21. Book Mongolyn uran zokhiolyn khogzhliin asuudald / 
Author: TSend, D.; Monkh, TS.
Publication: Ulaanbaatar : Ulsyn khevleliin gazar, 1979
22. Book Mongol orchin ueiin uiangyn iaruu nairag, 1921-1970 / 
Author: TSend, D.; Luvsanvandan, S.
Publication: Ulaanbaatar : Shinzhlekh Ukhaany Akademiin khevlel, 1972
23. Book Zam / 
Author: Banzragch, N. 1925-; TSend, D.
Publication: Ulaanbaatar : Mongolyn Zokhiolchdyn Evlel, 2002
24. Book Meng-ku wen hsόeh kai yao / 
Author: Damdinsuren, TS. 1908-1986.; TSend, D.
Publication: Hu-ho-hao-t`e shih : Nei Meng-ku jen min ch`u pan she, 1983
25. Book Tuuver zokhiol / 
Author: IAvuukhulan, B. 1929-; TSend, D.
Publication: Ulaanbaatar : Ulsyn Khevleliin Gazar, 1985
26. Book Monggol-un uran jokiyal-un toyimu / 
Author: Damdinsuren, TS. (TSendiin),; TSend, D.
Publication: [Kokeqota] : Obor Monggol-un Arad-un Keblel-un Qoriy-a : Obor Monggol-un Sinquva Bicig-un Delgegur tarqagaba, 1983

 

GO BACK TO WEBSITE

© Batmunkh.Ts Mongol Internet Contact to daanjuur@yahoo.com