Мандан бадрахын бэлгэдэл Э.Бадар-Ууган олимпийн аварга боллоо
Энхбатын БАДАР-УУГАН, Пүрэвдоржийн СЭРДАМБА НАРААР монгол түмэн бахархаж байна-
"Бээжин 2008" олимпийн наадам сайхан болж өндөрлөлөө. Монгол Улсын баг, тамирчид түүхэнд байгаагүй амжилт үзүүлж, энэ олимпоос хос алт, мөнгөн медаль авав. Жүдо бөхийн -100 кг-ын жинд Н.Түвшинбаяр алтан медаль авч ард түмнээ баярлуулсан бол өчигдөр боксын 54 кг-ын жинд гавьяат тамирчин Энхбатын Бадар-Ууган мөн алтан медалийн эзэн болж монгол түмний хүслийг биелүүлэн өргөн олноор нь баяр хөөрт умбуулав.
1985 оны зургадугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төрж, нийслэлийн 97 дугаар
дунд сургуулийг төгссөн 23 настай Э.Бадар-Ууган маань эхнэр хүүхдийн хамт
амьдардаг юм.
Тэрбээр Монголын боксын спортын түүхэнд жинхэнэ анхдагч болж чадлаа. Манай
улсын боксчдоос дэлхийн аварга гэдэг цолыг 60 жилийнхээ түүхэнд хараахан авч
чадаагүй байсан. Тэгвэл гавьяат тамирчин Э.Бадар-Ууган 2006 онд Монгол Улсаас
анх удаа оюутны дэлхийн аварга боксчин болж энэ цолыг авчирсан юм. Харин дараа
нь 15 жил тасраад байсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийг
Америкийн рингнээс эх орондоо зүүн ирж, спорт сонирхогчдод илүү их итгэл найдвар
төрүүлсэн шилдэг боксчин билээ. Тэрбээр өчигдөр ард түмнийхээ итгэлийг алдалгүй
амжилттай тулалдаж, боксын эх орон Кубын тамирчинг 11 онооны зөрүүтэй (16:5), ур
чадвар, техникийн илт давуу байдлаар буулган авч алтан соёмбот төрийнхөө далбааг
Бээжингийн тэнгэрт намируулж, төрийн дууллаа эгшиглүүлээ.
Түүний
байгуулсан ялалтууд онооны илт давуу байдлаар
өндөрлөсөн
нь энэ жиндээ, Бээжингийн олимпод илт тасархай боксчин гэдгийн илэрхийлэл биз
ээ. Ямартай ч Монголын боксын түүх,
спортын түүхэнд
анхны алтан медалийг Э.Бадар-Ууган авч чадлаа.
Гавьяат тамирчин Энхбатын Бадар-Ууган
1985 оны зургадугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн. 97 дугаар сургуулийг төгссөн. Эхнэр, охины хамт амьдардаг. Одоо Үндэсний шигшээ багийн тамирчин. Боксын спортоор 1998 оноос эхлэн хичээллэсэн. Боксын 54 кг-ын жинд тоглодог. Өндөр 172 см. Хөгжим сонсох дуртай. 2007 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, 2007 оны Ази тивийн аварга, 2007 оны улсын аварга, 2006 оны Оюутны дэлхийн аварга, "ДОХА-2006" Азийн наадмын хүрэл медальт, Герман улсад болдог Химийн цом тэмцээний аварга, Туркийн Ахмад Комертийн нэрэмжит тэмцээний аварга, Чехийн Устинад Лабе хотод болдог олон улсын тэмцээний мөнгөн медальт.
Олимпийн эрх авсан тэмцээн: АНУ-ын Чикаго хотод болсон 2007 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль авч олимпийн эрх авсан.
Дасгалжуулагч: Д.Банди, Д.Батсүрэн

