Хөдөө аж ахуйн ухааны эрдэмтэн

Гэндэндоржийн Төмөрбаатар

BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE

 

 

Ардчилал

Хүн бүхэн их мэдэгч болж

Дураар дургиж дунд чөмгөөр жиргэв

Хүн бүхэн их мэргэч болж

Дүрээрээ хувилж сүрээрээ жижигрэв

 

Гологдож явсан бүхэн хэлмэгдэгч болж

Гоочилж болох бүх юмаар гулгив

Шилэгдэж явсан бүхэн хэлмэгдэж

Ширээнээсээ шилжиж ширдэгнээсээ гулсав

 

 

Гэргийдээ

Усгал сайхан харцанд нь

Уян хайр гэрэлтсэн

Улаа бутарсан хацарт нь

Буян заяа дэлгэрсэн

Итгэл хайр нэвчсэн ерөөл

Ивээл халамж шингэсэн учрал

Халхын царайлаг сайхан бүсгүй

Ханийн цараатай тайван гэргий

 

Урт сайхан гэзгэнд чинь

Харчуул нүд эрхгүй унагасан

Уран гоолиг биенд чинь

Харин би эрхлэн унасан

 

Цайлган цагаан сэтгэлээрээ

Цай идээнийхээ элбэгээрээ

Амьтан хүнд хүндлэгдсэн

Айл гэртээ хүрээлэгдсэн

Биднийхээ төлөө элэгдэн зүтгэсэн

Бие сэтгэлээ эмтлэн зориулсан

 

Өөнтөглөх юмгүй хүүхдүүддээ

Өсөхийн ухаан суулгасан

Өргөн олондоо хүндлэгдэхийг

Өөрийнхөө намбаар сургасан

Заяаны сайнаар өнөр өтгөн

Зангийн сайхнаар амар жимэр

Эр биеийн халамж

Өрх гэрийн тааламж

Эхнэр Шамаарынхаа ачаар

Энэ бие амьдарч ажилласан

 

Амьдралын минь тулах багана

Ажил үйлсийн түших хана

Таван хүүхдийн минь

Тансаг сайхан ээж

Үр ач нарынхаа

Үлэмж ачтан эмээ

 

Аз жаргалд умбасан

Хоёр буурал хөгшин

Амар тайван суусан

Хоёр буурал хөгшин

 

 

   

 

 

     
   

 

 
Gendendorj Tumerbaatar (1938-2007) 
 
 
 

 


Сэлэнгэ аймгийн дарга асан
Шарнууд овогтой Гэндэндоржийн Төмөрбаатар бага наснаас эхлэн ажил хөдөлмөр, эрдэм ухаанд дурлаж, тэрээр Орост сургуульд сурч, Германд эрдмийн цол хамгаалж, Угтаалын сангийн аж ахуйгаас эхлээд Төв Хороонд ажиллаж, Хөдөө аж ахуйн яаманд хэлтсийн дарга, Сэлэнгэ аймгийн даргаар 10 жил, Өвөрхангайн аймгийн даргаар 3 жил ажиллажээ.
Манай ахмад үеийнхэний адилаар энэ хүн Эх орноо бүтээн босгоход амь биеэ үл хайрлан, нойр хоолгүй хөдөлмөрлөж, чин үнэн сэтгэлээр зүтгэж иржээ.
Тэрээр Ардчилалыг анхнаас нь дэмжин дуу хоолойгоо нэгтгэж, Ардчилалын чухам утга учрыг өөрийн намтарчилсан, шүлэглэсэн бүтээлдээ оруулсан бий.

 

Шарнууд овогтой Гэндэндоржийн Төмөрбаатар Сайн Ноён Хан аймгийн Сайн ноёны хошуу, одоогийн Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг Шаварт гэдэг газар шар бар жилийн зуны дэлгэр цагт (1938 он) төрсөн. 

Энэ сайхан нутагт Монголын анхны Ерөнхий сайд
, Сайн Ноён Хан Төгс-Очирын Намнансүрэн, төрийн нэрт зүтгэлтэн Жамбын Лхүмбэ, Аж үйлдвэрийн комбинатын анхны дарга, Эрхэм уран зохиолч Улаан Пүрэв, гавъяат багш Цэвэгийн Раш-Онолт, шавь нараас нь Адьяахүүгийн П.Хорлоо, Алиа Тогмидийн Ч.Ойдов, Аянга туужийн Ж.Пүрэв гээд олон сайхан хүмүүс тодрон төржээ.


Энх тунх үедээ бичин үлдээсэн БИ нэртэй дурсамж шүлгээс нь та уншина уу.

 

 




 
References
Үг Гаравсүрэн Ая С.Цэрэнчимэд
Аав минь 

Хэндээ ч нэгэн зангаараа
Хээгүй гүдэсхэн аав минь
Далдхан нуусан хайрандаа
Дандаа өлгийтэй өсгөлөө дөө
  Үггүй зэмлэсэн харцнаас нь
  Үнэний ухаарлыг авлуу даа
  Өөрийнхөө хайранд өлгийдөөд
  Өтлөхөд нь жаргааж чадлуу даа
 

Ээжий шиг илхэн уйлаагүй ч
Энгэртээ мэгшдэг аав минь
Бодолдоо өнжүүлсэн намайгаа
Ботгон буйлаатай зүйрлээ дээ
  Үггүй зэмлэсэн харцнаас нь
  Үнэний ухаарлыг авлуу даа
  Өөрийнхөө хайранд өлгийдөөд
  Өтлөхөд нь жаргааж чадлуу даа

Зунтай зудтай хорвоодоо
Зуугаар наслаад мөнхрөхгүй
Араасаа нэхэлтэй аавын минь
Аргамжаа нь бөх л байгаасай даа
  Үггүй зэмлэсэн харцнаас нь
  Үнэний ухаарлыг авлуу даа
  Өөрийнхөө хайранд өлгийдөөд
  Өтлөхөд нь жаргааж чадлуу даа
 

Бурхан бумбын орон
Үг. Д. Алтангэрэл
Ая. Н. Жанцанноров 

Сэрүүн булгийнхаа усыг хө
Рашаан чинээ санасангүй дээ хө
Сэгсгэр буурал ээжийгээ
Бурхан чинээ санасангүй дээ хө

Дөлгөөн хангайнхаа уулсыг хө
Хайрхан чинээ бодсонгүй дээ хө
Дүнхгэр буурал аавыгаа
Бурхан чинээ санасангүй дээ хө

Бумбын орон шиг нутгаа хө
Зүүдэлнэ чинээ бодсонгүй дээ хө
Бурхан хоёр буурлыгаа
Өтөлнө чинээ санасангүй дээ хө
 

Үг П.Батсайхан Ая Ц.Жамьян
Аав минь

Ураг нэгтэй монгол түмний
Уурга барьсан адуучны удам
Тужийн нарс Халхын голдоо
Уухай дуудсан цэрэг байсан
  Аав минь та
  Зуун зуун тасраагүй амь
  Аав минь та
  Амьдрал тэмцэлд нугараагүй нуруу
Хосоор амины жамт орчлонгийн
Хоёр үндэсний нэг нь та билээ
Уярч суух миний ээжийтэй
Тулганд галаа бадраасан ачтан
  Аав минь та
  Зуун зуун тасраагүй амь
  Аав минь та
  Амьдрал тэмцэлд нугараагүй нуруу
Алтнаас үнтэй сургаал үгс тань
Арван цагаан буяны түрүү
Алаг хорвоод үнэнийг дуулсан
Алдрай үрийн чинь ухааны ундраа
  Аав минь та
  Зуун зуун тасраагүй амь
  Аав минь та
  Амьдрал тэмцэлд нугараагүй нуруу

 

Хорвоод ганцхан ээждээ

 

Үг. Соёлын гавьяат зүтгэлтэн, Яруу найрагч С.Оюун
Ая. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг

Наран наадавч харламгүй
Насны салхитай үсийг чинь
Ариун гангын усаар угааж
Ачийг тань нэг хариулахсан

Гургалдай дуулавч толиймгүй
Цагийн сүүдэртэй магнайг чинь
Мянган шөнө алгаараа дулаацуулж
Сэтгэлийг тань нэг баярлуулахсан

Томоогүй явж боллоо ээжээ
Тогоруу буцаж зэгс шаргалтлаа
Хорвоод намар ирдгийг мартсан
Хонгор хүүгээ уучлаач ээжээ

Цурамгүй хонуулсан үеэ
Цэцэг болгон өргөе ээжээ
Зул цэцэг шиг залуу нас
Зуу наслах илч хайрлаг ээ
 

Миний сайхан ээж (Сүүний үнэр)

Үг. Яруу найрагч А.Дандий-Ядам
Ая. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Эрэгзэнгийн Чойдог
Дуучин. Улсын гавьяат жүжигчин Сүрэнгийн Цэрэндолгор

Сүүний үнэр шингэсэн
Сэвлэг даахьтай байхад минь
Дууны сайхан эгшгээрээ
Эвлэг зөөлөн бүүвэйлсэн
Миний ээж сайхан ээжий
Мяндас зөөлөн уян ээжий
Бурууг хийвэл хатуу ээжий
Буурал болсон ч чадуу ээжий

Хүүгээ гэсэн намайгаа
Хүний зэрэгт хүргэх гээд
Цаг эргэх мөч бүрийд
Цацлаа өргөсөн миний ээжий
Миний ээж сайхан ээжий
Мяндас зөөлөн уян ээжий
Бурууг хийвэл хатуу ээжий
Буурал болсон ч чадуу ээжий

Ямар хүү төрүүлснээ
Ээж минь та хараарай
Ямар хүнээр мануулснаа
Эх орон минь та үзээрэй
Миний ээж сайхан ээжий
Мяндас зөөлөн уян ээжий
Бурууг хийвэл хатуу ээжий

 

Хүүгийн бодол

Үг. Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Д.Цэдэв
Ая. Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Чойгивийн Сангидорж

 

Сэрүүн намар болоогүйсэн бол
Шувууд юундаа буцах вэ
Хайртай үрээ бодоогүйсэн бол
Хаанаас ээж минь юундаа ч уярах вэ

Цайдам хөндий цасаар хучигдаад
Цангинам өвлийн эрч боллоо
Цайлган сэтгэлт хайртай ээж минь
Санаа сэтгэлээс хэзээ ч гарахгүй

Урьхан хавар болоод ирэхэд
Усны шувууд ганганаад ирнээ
Уяхан сэтгэлт хайртай ээжийгээ
Удаан наслуулж жаргуулна даа

www.bayanmongol.com

 

 

БИ

 

Нэг

Гарьдын сайхан бүрдний хөлд

Сарьдаг сүрлэг хадны өвөрт

Шаварт нуурын дэрст хөвөөнд

Шар нар ээсэн дэнжид

Энэ дэлхийд анх мэндэлсэн

Эцэг эхдээ энх ирсэн


Угаас манайхан нүүх дуртай

Улирлын дулаанд хангайд гарна

Бар жилийн тэр зун

Нар хур тэгш зун

Тэр жил манайх энд зусчээ

Тэгэхэд би эхээс мэндэлжээ

 

Аав наадамд явчихсан байжээ

Айлын хөгшин эх барьж авчээ

Баярын өдрүүд байсан гэнэ лээ

Бялхсан угаалга болсон гэнэ лээ

Янжив өвгөн уянгалуулан хуурдаж

Ягаан Суурь уртын дуу өргөж

Хавьд болоогүй өргөн найр

Хангайн сайханд болсон гэдэг

 

Цагаалга дайллагаас эхлээд хүмүүс

Цагаан гэж намайг дууддаг болж

Саахалт айл ах дүүсдээ Цагаан үлдэж

Сахилын нэр төр түмэндээ тархжээ

 

Сүрэг мал нь дэлхий бүрхэж

Сүү сааль нь саваа бялхаж

Айраг ундаа хөхүүрээ хальж

Ааруул ээзгий дэлгэцээ дүүрч

Хангайн сэрүүнд зусч байж

Хаяа хатавчаа шуусан байж

Хаалга үүдээ ярсан байж

Малчин хүн жаргадаг цаг

Мал сүрэг таргалдаг үе

Өнтэй өвлийн урьтал болж

Өег цагийн урилга болж

Амьтан ах дүүсээрээ амс хийж

Адуу мал нь тарга хүчээ авч

Нартай хуртай найрсан зусаад

Найртай хууртай наргин зусаад

Намрын сэрүүнд говьдоо ирнэ

Нарлаг дулаан голдоо өвөлжинө

 

Хоёр

Ардын хувьсгал ялаад удаагүй

Авралт төр сургаас цаашгүй

Амьтан бүхэн урьдынхаа адил

Амьдралын бор тавилан ердийн

 

Үүр шөнөөр гэрээ ачаалан

Үд хэвийлгэж ханаа шийрлэн

Хорвоогийн бор өдөр хоногийг

Хонь малынхаа зөнгөөр өнгөрөөж

Дэлхий ертөнцөөс ангид хэвээр

Дэндүү хоцрогдсон бодь янзаараа

 

Монголчууд нүүж бууж явлаа

Морьтойгоо дуулж дүүлж явлаа

Хөх тэнгэрт онгоц нисдэггүй

Хөдөө нутагт машин явдаггүй

Агь тааны үнэр хамар цоргилсон

Аргалын утаа дээш боргилсон

Адуу малын тоос боссон

Ардын дууны шуранхай хадсан

Байгаль дэлхий амгалан байлаа

Айлгаж сандраах зүйлгүй байлаа

Бүсгүйн өөв, хүүгийн гийнгоо

Бүүвэйн дууны уянга байлаа

 

Хөдөө нутагт соёл тааруухан

Хүн амьтны амьдрал даруухан

Сонин хэвлэл гэж байсангүй

Сонсч чагнах радио байсангүй

 

Хөнжил даав, дотоожийг мэддэггүй

Хөдөс эсгий илгийг эрээлдэггүй

Ариун цэврийн шидийг мэдэхгүй

Амттан тансагийн амтыг мэдрэхгүй

Мах сүү хоёрынхоо хүчинд

Мацаг барьж хоосон хонодоггүй

Буянт малынхаа ашиг шимээр

Бусдаас гуйхгүй хэвийн амьдардаг

 

Говийнхон ер нь зүгээр суухгүй

Гол бараадаж амрыг хайхгүй

Хонь малын бэлчээр сонгож

Ховоо татаж мал услахаас айхгүй

Хэдэн малынхаа аяыг дагаж

Хээр хонож хэц дэрлэнэ

Иймэрхүү явсаар хорвоог элээдэг байв

Зуун мянган дамжсан тэртээгээс

Зугаа цэнгэлгүй ингэж иржээ

 

Гурав

Аав ээжээсээ бид арваннэгүүл

Ахан дүүсээрээ бүгд эв эрүүл

Балчираасаа хурга ишиг хариулдаг

Багаасаа хөдөөний бор амьдралтай

 

Монгол ардынхаа уламжлалт зангаар

Морьтой төрсөн удамт заяагаар

Тал хөдөөгийн бор хүүхдүүд

Таван хошуу малаа дагаж бойжсон

 

Тараг айраг халгиж цалгисан хөдөөдөө

Таана хөмүүл хамар цоргисон говьдоо

Эрх танхи жаргалтай өсцгөөсөн

Эцэг эхийн халамжинд өндийцгөөсөн

 

Шил шилээ даран араасаа дагаж

Шим ертөнцийн номонд суралцсан

Алаг цоогтой хорвоогийн хүрдээр

Ажил амьдралын замд орцгоосон

Зоргоороо биш замбуулин хорвоодоо

Зовлон жаргалаа заяагаараа эдэлсэн

 

Үе үеийнхээ жаргалыг амсч

Үрийн зулай үнэртэн баясч

Төр услдаа хүчин зүтгэцгээсэн

Түмэн олондоо үрээ нэмэрлэцгээсэн

Хорвоогийн жамаар зарим нь хальсан ч

Харуусал нулимс үлдээж үүрд салсан ч

Үйлс зан төрх нь бидэнд үлдэж

Үр ач нар нь тэднийг орлосон юм

 

Дөрөв

Цэцэгт талдаа цэнгэн наадаж өслөө

Цэнгэг усандаа шунган тоглож өслөө

Таацын тунгалаг голдоо шунгаж өслөө

Таван хөшөөн дэнжээр шуугиж өслөө

Тараг айргандаа цатгалан өслөө

Танхил бага насандаа цалгиж өслөө

Хангай говийг дамнан нүүж өслөө

Ханагар баян нутагтаа жаргаж өслөө

 

Даага шүдлэн сарвайлган дарвиж

Дарцаглаж явсан бага нас

Буянт аав ээжийн ивээлээр

Бужигнаж өссөн бага нас

Бултаж тойрдоггүй жамаар

Бутарч тарсан залуу нас

 

Сургууль соёлын мөр хөөж

Сурч боловсорсон залуу нас

Сэтгэл зүрхний онгон дуудлагаар

Сэргэлэн явсан залуу нас

 

Алтан номын үсгийг нүдэлж

Арван хуруугаараа тоо бодож

Богийн бэлчээрээс бодийнход шилжиж

Борхон охидын өмнө нүүр улайж

 

Бодол дотроо эрх хүн болж

Болох зүйлд сэтгэл өег байж

Гэнэн хонгор сэтгэлийн мөрөөдлөөр

Гэрэлт ирээдүйг таамаглан төсөөлж

Үеийн олон найзуудтайгаа дарвин

ҮЙмүүлж шуугиулж явсан залуу нас

 

Тав  

Завсардаж сургуульд яваагүй ч

Заавал сурахыг мөрөөдөж явсаар

Амбаагийн зүтгэл ээжийн халамжаар

Ахиад сурах сэтгэлийн хатаар

Арвайхээрийн дунд сургуульд оров

Анд нөхдийн хамт суралцав

 

Сургуулийн танхимд эрдэм сурч

Суурь боловсрол бүрэн эзэмшиж

Арван жилийг овоо дуусгав

Алсад цааш сурах болов

 

Хорин хэдэн хүүхдээс хоёулаа

Хойшоо сургуульд явах болов

Амьтан бүхэн очихыг мөрөөддөг

Алтан Москвад суралцахаар мордов

Оюутны давтагдашгүй таван жил

Од харвах мэт нисэн өнгөрөв

 

Хамаг дэлхийн сүр сүлд болсон

Хатан зүрхний тэмүүлэл болсон

Гадаад их гүрэнд ном сурч

Ганзага дүүрэн эрдэм өвөрлөж

Эх орны даалгаврыг биелүүлсэн юм

Эцэг эхийн захиасыг биежүүлсэн юм

Хэл мэргэжил хоёрыг эзэмшээд

Эргэж нутагтаа ирсэн юм

Хэнээс ч дутахгүй байхаар шийдэж

Эрч хүчээ дайчлан ажилласан юм

 

Зургаа

Атрын сангийн аж ахуйд очиж

Алтан тариа ургуулж ажиллав

Амьдралын их замд гарч

Ажлынхаа гарааг атраас эхлэв

 

Аварга техникийг сувилж явлаа

Архаг техникчдийг сургаж явлаа

Атрын талбайд мэдлэгээ хувааж

Арга туршлагаа мэдээж зузаалж

Гайгүй овоо инженер гэгдэж

Гайхуулж магтуулж шагнуулж явлаа

Сайн мэргэжилтэн залуу гэгдэж

Сайд дарга нараа үнлүүлж явлаа

 

Онгон хайрын талиман харцанд

Оньчлон ирсэн үйлийн эрхэнд

Оосорлогдож би баригдсан юм

Орчлонд би хайранд умбасан юм

 

Айл болж авгай авч

Асар удалгүй аав болж

Өрх гэр маань өлзийтэй байлаа

Өнөр өтгөн ам бүл боллоо

Таван сайхан хүүхэдтэй болж

Тайван тохилог амьдарч ирлээ

 

Түмний дунд төлөв явж

Төрийн яаманд дуудагдан ажиллав

Олон зуун инженерийн дотроос

Олигтой гэгдэж яаманд очлоо

Монголын хөдөөг механикжуулах үйлсэд

Морь шигээ техник эзэмшин сурахад

Миний бие хүчин зүтгэсэн юм

Мэргэжлийн ур чадварыг гаргасан юм

 

Нас залуу идэрхэн байв

Намд данстай дарга байв

Аав ээжээс ухаан заяасан

Ардын багшаар ном заалгасан

Москвад мэргэжил эзэмшсэн

Монголдоо мэргэшин эрхэшсэн

Мэргэжил таарсан хэлцийн дарга

Мэдлэг чадвар тохирсон инженер

Даалгасан албыг даамай биелүүлж

Дадлагатай инженер дарга гэгдэж

Улсын ажилд уйгагүй зүтгэж

Ухаан эрдэм хоёроор үнэлэгдэж

Эрдмийн зэрэг цол хамгаалахаар

Эр биеийн цог хатыг сорихоор

Ухаан дэнслэх шалгалт ялав

Улсад хэрэгтэйг сурахаар явав

 

Эхнэр маань залуухан байв

Эрхүүд маань жаахан байв

Энэ хэдийг зөнд нь орхиод

Эгэл амьдралд бие даалгаад

Алс оронд явж байлаа

Амжиж сурахыг яарч байлаа

 

Зургаа

Хөгшин Европын Герман орон руу

Хөлгийн жолоо зориглон залав

Хэл эрдмийг зэрэг сурах нь

Хэнд ч тийм амар хоол биш ч

Төрийн ивээл түмний халамж

Түүнийг давахад боломж олгов

 

Гадаад далайн эргийн хотод

Герман орны хойд захад

Олон улсын том боомт

Росток хотод гурван жил болов

Шинжлэх ухааны ололтын дээжээс

Шимтэн хэрэгтэйг шүүрдэж явав

 

Ари үндэстний хэлийг гадарлаж

Арвин номын хуудсыг гарчиглаж

Уншиж судлах юм дутахгүй

Ургуулж бодох юм мундахгүй

Өвгөн багшийн удирдлагаар

Өөрийн биеийн чармайлтаар

Эрдмийн ажлаа хурдан дуусгав

Эрхэм зорилгоо гардан биелүүлэв

Ардаа татлаатай нэд мэт нь

Амарч зугаалах цаг мөхөс байв

 

Гадаад далайгаар олонтоо аялав

Гайхамшигт хөгжлийг бишрэн аялав

Хөгшин Европоор хэрэн аялав

Хөгтэй зугаатай мөч зөндөөн байв

Хөгжил соёлыг сонирхож явав

Хөдөө хотын ялгаагүйг ажиж авав

Эрдэм ухааны захаас хэлтэлж

Эх нутагтаа эргэж ирэв

 

Эрдэмтэн болсныгоо ах дүүстэйгээ

Эсэн мэнд ирснийгээ олонтойгоо

Задгай их найр болоогүй ч

Заллага зартай баяр болоогүй ч

Холын сониныг дуулгахаар цугласан

Хоол цайгаа хуваалцан наргисан

Амжилтаа тэмдэглэж ажилдаа оров

Аялалаа дуусгаж ажиллах л үлдэв

 

Долоо

Гайгүй боломжийн дарга байсан

Герман оронд цол хамгаалсан

Намын Төв Хороонд данстай

Намба төрх нь ахих шаанстай

Гуч гарч гунхсан эр

Гурван хэл сурсан эр

Гүйлгээ сайтай бараа байлаа

Гүрэн улсад хэрэгтэй байлаа

 

Шилж сонжиж ширвэж сонголоо

Ширүүн гараар шигшиж туршлаа

Намын төв хороондоо авлаа

Нарийн шалгаж шүүж авлаа

Хэний ч хамаатан бишийг мэдсэн

Хэрэг болох хүн гэж тооцсон

 

Арын хаалгаар ороогүй болохоор

Амьтан хүнээр гуйлгаагүй болохоор

Өөрийн бор зүрхээр юм гээ биз

Өөнтөглөөд байх юм алга гээ биз

Төр засагтаа нэмэр болсон юм

Түмэн олныхоо төлөо зүтгэсэн юм

Намын нөлөөг түгээж явлаа

Намба төрх сууж явлаа

 

Найм

Нам төрд хэрэгтэй гэсэн юм уу

Намайг хийж чадна гэсэн юм уу

Ажил сайжруулах үүрэг өгөөд

Аймгийн даргаар тохоон томилов

Цэдэнбал дарга шууд даалгав

Хэдэн дарга нь дуугүй дагав

Улс төрийн товчоо шийдэв

Ухаан зар ажиллахыг даалгав

 

Сэлэнгэ аймгийг даргалах даалгавартай

Сэтгэл шулуудан ажиллах найдвартай

Хөлгийн жолоог эрийн зориг чангалан

Хөдөө нутаг тийш зорин чанх залав

Мэддэг нутаг болохоор амар байв

Мэргэжлийн чиг болохоор дөхөм байв

Бүхэл бүтэн аймаг болохоор

Бүрэн танилцах хэрэгтэй байв

 

Монголын тарианы гол нутаг

Модны үйлдвэрийн том нутаг

Ардын хувьсгалын алтан өлгий

Аугаа найрамдлын алхам өлмий

Түүхийн асар их шилтгээн

Түмний аугаа их шүтээн

Дуунд мөнхөрсөн Сэлэнгэ мөрөн

Буун дуу замхарсан Тужийн нарс

Хамаг монголын хүн цугласан

Хамтын хөдөлмөр гүн цогцолсон

 

Энэ сайхан нутагт ажиллах

Эрхэм нандин үүрэг ноогдов

Эгэл олны дунд амьдрах

Эргэж олдохгүй үе нээгдэв

 

Будаа тариа ургуулж явлаа

Бусдаас түрүүлж урамтай явлаа

Атар талдаа бусад аймгаас давуу

Амжиж цагт нь хийх ажил бачуу

Ажиллаж амьдарч алдаршиж явмаар

Ай даа мөн сайхан нутаг даа

 

Ес

Ажилсаг бүтээлч ард түмэн

Арга дадал сайтай дарга нар

Ажил үйлсийн төлөө шамдан

Амжилт ололтын төлөө шимтэн

Цаг наргүй махран ажилласан

Цар хүрээтэй үйлс бүтээсэн

Монголынхоо эдийн засгийн хөгжилд

Мундахгүй хувь нэмэр оруулсан

 

Ургацын дээд амжилтыг тогтоож

Улсдаа хамгийн их будаа тушааж

Уралдаанд түрүүлж шалгарч явсан

Урамшилт байранд орж шагнуулж явсан

Урагшгүй зүйл гарч бангадуулж явсан

Урмыг нь сэргээж баярлуулж явсан

 

Буриад нөхөдтэй хундага тулгаж

Буруу зөрүүг шударгаар тунгааж

Олонтойгоо нийтэч эвлэг явсан

Орос ах нартай найрсаг явсан

Ах нарынхаа өгөөмөр тусламжийг

Ард олондоо түгээмэл болгож

Өндөр ашигтай малыг өсгөж явсан

Өөх махны гахайг үржүүлж явсан

Хөдөөд эрчимжүүлэлт нэвтрүүлсэн

Хөгжлийн түлхүүр болохыг нотолсон

Төрийн уйлчилгээг түмэндээ ойртуулж

Төмөр мэт хатуу сахилгаар төлөвшүүлж

Төрийн албыг аж ахуйгаас ангид болгосон

 

Төрх намбанд засаглал тогтоосон

Ардаа төлөөлсөн депутат байлаа

Аймгаа тэргүүлсэн дарга байлаа

Ажилсаг бүтээлч түмний хүчээр

Аймгаа тэргүүний аймаг болгож алдаршуулсан

Сэтгэл зүрхэнд дурайн үлдсэн

Сэлэнгэ нутаг дурсгал болсон

Төрийн ажилтны намба төрх сууж

Төрсөн нутагтаа ажилламаар бодогдож

Өргөдлөө төв хороонд гаргаж

Өвөрхангайд хөлгийн жолоо залав

 

Сайхан нутагт бүтээлтэй байсан ч

Санаа буруудан нутагтаа зорив

Арван жил хамт зүтгэж ажилласан

Ах дүүс болсон хүмүүсээс салсан

Тужийн нарс нүүгэлтэн сугсарч байв

Туждаа нөхөрлөж явахыг сургаж байв

Нарсаар дүүрэн хүмүүс ирсэн

Намайг нутгийн зүг үдсэн

 

Арав

Аяны зам бартаагүй сайхан байлаа

Аймгийн төв утаагүй саруулхан байлаа

Хөхүүрийн ам цаашилж сэрүү тацан

Хүйтний ам наашилж зэвүү даасан

Намрын тэр нэг нарлаг өдөр

Намайг тэнүүн сэтгэлээр угтсан

Тэхэд хүнийг томилохдоо асуудаггүй

Тэрэгний морь шиг зүтгүүлнэ

Ажил тааруу газарт бол

Албадан үүрэг өгөөд явуулна

Даалгавар тун хатуу байдаг

Давж гарахаас өөр аргагүй

Уг нь би нутагтаа ажиллая

Ухаан бодлоо тэдэндээ зориулья

Хүний гэж энэ нутгийг орхиогүй ч

Хүрэн бөөрлөж нутагтаа очсон

 

Өөрөө санал гаргаж ирсэн

Өөдтөйхэн ажиллахаар шийдсэн

Нөхцөл байдал өвөрмөц байв

Нөр их ажил хүлээв байв

Цалгар назгай газар авсан

Цаг үеийн ажил хугацаа алдсан

Эрчимтэй ажиллах шаардлага

Эрэмбэ дараатай шахалт

Энд тэндгүй хэрэгтэй байв

Энэнээс ажлаа эхэлж байв

 

Хурдан шуурхай ажилласан юм

Хугацаа алдалгүй амжуулсан юм

Хуучинсаг хүмүүсээ шигшиж явуулав

Хувьсгалт намаас шигшилт хийв

 

Арван нэг

Ардчиллын салхи сэвэлзэж эхлэв

Ард түмэн хөдөлгөөнд оров

Учраа сайн мэдэхгүй хүмүүс

Уухай түрэн хашгирч байв

Улс төрийн товчоог огцрохыг шаардаж

Сүх жанжны талбайд өлсгөлөн зарлав

Удирдах бүрэлдэхүүнийг огцрохыг шахаж

Сүр үзүүлж тайвнаар буухыг заав

 

Олон нийтийн таашаалд нийцсэн

Он цагийн тохироо бүрдсэн

Ардчилсан хувьсгалын анхны уриа

Ард түмний дуу болон өргөжсөн

Хонхны дуу эрх чөлөөг тунхаглав

Анхны улс төрийн тэмцэл ялав

Жагсаалт суулт өлсгөлөн бүгд

Улс төрийн тэмцлийн хэлбэр

Жаргахыг хүссэн хүн бүхэн

Урдаа бариж болдоггүй хэрэгсэл

Ардчилал тууштай хөгжиж чадвал

Ард түмэн тухтай амьдарч болно

Цаашдын бидний тавилан яахыг

Цаг хугацаа харуулаад өгнө


Арван хоёр

Үндсэн хуулиар олгосон эрхээр

Үнэхээр нам төрийг барьж байлаа

Үнэмлэхүй их хүчээр давамгайлан

ҮЙ олон түмнээ удирдаж байлаа

Төр засаг түмэн олноо удирдах

Түүхэн чухал үүрэгтэй болохоор

Туурга тусгаар тусдаа улс байх

Тун чухал асуудал байсан болохоор

Улаантнууд дагах үүрэгтэй болохоор

Урагшлах зорилго социализм болохоор

Бүх зүйл дандаа дууриамал байлаа

Бүр дагаар улс болоход дөхлөө

 

Ганц намын удирдлага өрөөсгөл байлаа

Гав хийх хүнгүй болохоор өнгөрч байлаа

Улсын хөгжил урагшлахгүй байлаа

Ухаантны бодол урамгүй байлаа

Ахыгаа дууриахаас өөр юмгүй байлаа

Алдаагаа дэнслэх чадалгүй байлаа

 

Ухаантайгаа тэрс үзэлтэн гэж хажиглана

Урагшлах зоригтойгоо эсэргүү гэж хавчина

Бэлэн юманд бялуурч байлаа

Бэнчингүй байж баярхаж байлаа

Бидний Монголчууд чиг зүгүй боллоо

Бишдийг дагаад гарцгүй мухарт туллаа

Гэгээн коммунизм гэж байдаггүй байж

Гэрэлт ирээдүй гэж бас үгүй байж

Хөрөнгөтний нийгмийг алгасч болдоггүй байж

Хөгжөөгүй улс гүрэн нийгэм алгасдаггүй байж

Хамжлагат нийгэмд хамаг юм байж

Харин бид тэндээс хоосон гарсан байж

 

Монгол хаашаа явахаа мэдэхээ байв

Москва молиго үмхүүлснээ хүлээв

Дэлхийд шинэчлэлийн салхи үлээв

Дэмий цаг алдсанаа бид ухаарав

Гадаадын зээл тусламж зогсов

Гарцаа олохгүй халамж горилов

 

Ардчилал зогсонги байдлыг эвдэв

Аялдан дагагсад айдаст автав

Олон жил ноёрхсон систем

Орчлон дэлхийд нойллосон титэм

Нурж унах тавилантай байв

Сүйрч устах жамтай байв

 

Энэ бүхний дуулиан золиосонд

Эр бие хамрагдаж зоригжсондоо

Ээдрээтэй цагийн урсгал дунд

Эгэл бие минь гэрч болсон

Гурван мянганы босгыг хамт алхсан

Гурав хүрэхгүй саяын нэгэн болсон

 

Арван гурав

Ардчиллын нахиа эмзэгхэн байлаа

Адлах үзэлтэн ихээхэн байлаа

Ард олны санаа сэтгэлд нийцэж байв

Аргагүй цаг нь болсон нь мэдрэгдэж байв

Хөдөө нутаг хөдөлгөөнд оров

Хөлөө олохгүй будилж байв

Дагаж дууриасан нь барьцгүй байв

Улс төрийн хөдөлгөөн ингэж эхлэв

Унтаж байсан хөдөө ингэж сэрэв

 

Хүн бүхэн их мэдэгч болж

Дураар дургиж дунд чөмгөөр жиргэв

Хүн бүхэн их мэргэч болж

Дүрээрээ хувилж сүрээрээ жижигрэв

 

Гологдож явсан бүхэн хэлмэгдэгч болж

Гоочилж болох бүх юмаар гулгив

Шилэгдэж явсан бүхэн хэлмэгдэж

Ширээнээсээ шилжиж ширдэгнээсээ гулсав

Үерийн ус эргээ эвдэх мэт

Үй олон задарч эвээ эвдэв

 

Улсын гэсэн хөрөнгө эзгүйрч

Улайран дайрч хувааж авав

Эрхээ бусдынхаас дээгүүр тавьж

Эргүү юм шиг хашгиралдаж эхлэв

Олигтой бүхнийг огцрохыг шаардаж

Олгогдоогүй эрх эдлэхгүйг огоорч байв

 

Арван дөрөв

Эрүүл ухааны дэнсэн дээрээс

Эргэцүүлэх бодлын хайсан дотроос

Шударга үнэний төлөө тэмцэж

Хударга муутантай үг зөрүүлж

Хүний эрхийг хөсөр хаягчидтай

Гүн ухаан гэлгүй тулж явсан

Улсын хөгжил түмний амьдралд

Урагшлах замыг шулуутгах ажилд

Алаан гарын хүчийг зориулав

Ухаан санааы бядыг гаргав

Төрийн нэр хүндтэй албыг

Түмний төлөө үүрэгтэй ажлыг

Арван дөрвөн жил хашсан юм

Ардчиллын дуу гартал хийсэн юм

 

Ардын их хурлын депутат байж

Аймгийн дарга нарын ахлагч байж

Ардчилсан Үндсэн хуулийг батлалцах

Ариун үүрэг бидэнд ноогдсон юм

Хүний эрхийг баталгаажуулсан

Хурэх зорилтыг баримжаажуулсан

Төрт ёсыг журамлан цэгцэлсэн

Түмний эрхийг жудаглан цэгнэсэн

 

Дэлхий дахинд үнэлэгдсэн хууль

Дээдлэн мөрдөх Үндсэн хууль

Монголын түүхэнд хэрэг болно

Мохошгүй зоригийг хурцалж өгнө

Урагшлах хөдөлгөөний пуужин болно

Улсын хөгжлийн луужин болно

Тусгаар тогтнолын баталгаа болно

Туурга нэгтний баримжаа болно

 

Төрийн албанд насаар зүтгэсэн

Төрсөн биеийг намбаар нь зориулсан

Амжилт бүтээл ирмүүн байлаа

Алдаа бүдрэл бишгүй байлаа

 

Хүмүн заяагаараа баярлаж гомдож

Хувь тавилангаараа зовж жаргаж

Төрсөн биеийн заяасан ухаанаар

Төр засагтаа зайгаа эзэлж явав

Төрөлх удмын заасан төрхөөр

Түмэн ах дүүсдээ түшиг болж явав

Хурц ширүүн дайчни шаардлагатай ч

Хуншгүй загнаж хэнийг ч хохироогоогүй

Хатуу зарчимч зангаараа шалгарч

Хамт олондоо заргүй үнэлэгдсэн

 

Ашиг хонжоо хайдаггүй байж

Ажлаас өөр юм боддоггүй байж

Хогшил хөрөнгөөр хуягласангүй

Хожмоо бодож мөнгө хураасангүй

Өлсөж цангахыг үл ажран

Өөрийн биеийг үл ажиглан

Өргөн түмнээ түшин зүтгэсэн

Өөдрөг түвшнээ түсгхин зүрхэлсэн

 

Төрийн алба хашихад түвэгтэй болов

Түмний төлөө зүтгэл талаар болов

Төрийн төлөө оготно гэгчээр

Төмөрөөгөөр төр дутав л гэж

 

Хааны алба халаатай эзний алба ээлжтэй

Халаагаа өгч ээлжээ шилжүүлэх үлдэв

Хэтдээ ямар ч болох юм билээ

Хэдэн хүүхдээ бараадах минь 

Нийслэл хотдоо очиж суурьшиж амьдаръя

Нэг дороо байсан цагт учир нь олдоно

Дөрвөн уул өлзийгөө өгдөг юм билээ

Дөмөг биш гэхэд хэвийн амьдаръя

 

Өвөг дээдсийн нутагтаа ажилласан

Өөрийн чадлаар тэдэндээ зүтгэсэн

Шударга үнэнийг хүмүүстээ ойлгуулсан

Шулуун гүдэс занг олондоо ойртуулсан

Ардчиллыг дэмжиж адлуулсан боловч

Ард олон хүсэл тэмүүллээрээ дэмжив

Аймгийн намынханд таалагдаагүй боловч

Ардчилал аймагт хөгжин дэгжив

 

Арван тав

Хот хүрээнд нүүж ирэн суурьшив

Хоол хүнс хариуцаж ажиллав

Хүрээнд маань хүнс хомсхон байв

Хүн ард нь өлөн зэлмүүн байв

Үй олон хоол нэхэж бухимдахаас айж

Үнийг зардлаа нөхөхөөр чөлөөлөөгүйгээс

Эрхтэн дархтан нэрээ хамгаалж

Эргэлтийн хөрөнгөгүй үйлдвэрүүд унав

Үйлдвэр аж ахуй байхад хэцүү болов

Үнэндээ хэвийн ажиллахад хатуу байв

Орлогоороо зарлагаа нөхөж чадахгүй

Олонхи газар хаалга барив

 

Зардлаа нөхөж оршин тогтнох

Зах зээлийн зарчмыг ухаарав

Хүнсний зах олноор байгуулав

Хүнийхээ хэрэгцээг гаднаас хангав

Улсын гэсэн хөрөнгө эзгүйрч

Улайран дайрч хувааж байв

Хувьчлалын нэрийн дор олигтойг нь

Хувааж аваад эзэмшчихсэн байв

Төрийн дансанд үлдсэн хэсэг нь

Түм бумаараа өр төлбөртэй байв

 

Саалийн үнээний дайны ашигтай

Сав болгон танилдаа очдог ааштай

Тендер гэгч жүжиг тоглоод

Тэрүүхэндээ хувааж авдаг болов

Овоо орлоготой газруудыг хувьчлахад

Овсгоотой нь дандаа шалгарч байв

 

Иргэн бүр гадаад паспорттай болж

Импортын бараагаар түмнээ хангав

Ихэс доодосгүй парольтой болж

Идэж уухыгаа багцаар нь зөөдөг болов

 

Хэн чадсан нь хийж байгаа болохоор

Хэрэгцээг хангахад найдвартай болов

Хэм хэмжээндээ бараа авчирсаар

Хэдэн бор юм нь байвал хоолтой болов

 

Зах зээл гэдэг нь үнэхээр хатуу бололтой

Задгай амьдралтай хүмүүс хашрав бололтой

Хоёр идэхгүй хоосон хонохгүй гэдэг нь

Холын бодолтой хүний зан байж

Орж гарсан хүн бүрт ид уу гэдэг нь

Онгироо зан биш олны жишиг байж

 

Өртөг харамжгүй юм нэг ч үгүй

Өөрийн бор зүргээр амьдрах ёстой

Өгөөмөр загнаж задгай байхгүй

Өгч авахаа нарийн тооцох ёстой

Энэ бол зах зээлийн зарчим

Энэнээс зөрж амьдарч болохгүй

Ингэж өөрийн хүчээр амьдардаг

Ийм замаар л хүмүүс ажилладаг

Төрсөн биеийн чадал муудаагүй ч

Төрөлхийн ой ухаан сулраагүй ч

Төрийн албыг орхих болов

Төөрөг заяагаа эдлэх болов

 

Арван зургаа

Зах зээлийн эдийн засаг

Задгай зайдан байхыг тэвчдэггүй

Ардчилал эрх чөлөө гэж

Анархи цадиггүй байхыг хэлдэггүй

Төр нь хахуульд идэгдэж

Түмэн олон нь хэрэг төвөгт орж

 

Нам хичнээн байгаад хэрэггүй

Наана гэж амь аврах засаггүй

Иргэд нь харж үзэх эзэнгүй

Итгэл хүлээсэн хурал нь ээлгүй

Төлөөлж гарсан хүмүүс нь

Төрд уусч дарамтлагч болсон

Эрхийг хамгаалах үүрэгтэй хүмүус нь

Эргээд засагтай хамсч дарангуйлдаг

 

Нам ах дүүсээрээ улсаа хувааж идсэн

Найдваргүй гэж сэхээтнээ хусч хаясан

Ард түмний хөрөнгөөр туйлсан

Ардчиллын нэрээр гул барьсан

Ийм төр засагтай байхад

Иргэн бид яаж танагтай байх вэ

 

Идэж уухдаа улайрсан улс

Итгэл найдвар яаж даах вэ

Сонгуулиас сонгуульд идсээр байгаад

Сохор зоос ард түмэнд үлдэнэ гэж үү

 

Эрх энх мөнгө энэ бүхэн

Эгэл олонд хүртээмжтэй байвал

Эх оронд маань эзэн болох чадах

Эрхэм удирдагч олдмоор санагдана

Харин намууд хамжааргатай байж

Хамаг Монголынхоо төлөө нэгдэж

Хахууль гүтгэлгийг таягдан хаяж

Харц ардынхаа төлөө нийлж

Шударга хуулийн диктатурыг тогтоож

Сувдаг сэтгэлтэн дүдийг торлогдож

Гэмтэн бүхэн зэмлэл хүлээж

Гэрэгэ цаазыг чандлан сахиж

Төр нь түмэндээ үйлчилдэг

Түмэн олон нь төрөө түшдэг

Тусгаар тогтнол нь баттай

Тунх амьдрал нь баталгаатай

 

Эдийн засаг нь тогтвортой

Эдэлж хэрэглэхдээ тоолууртай

Эрх хэмжээ нь хязгаартай

Эрүүл мэнд нь хамгаалалттай

Иргэд маань амар тайван

Эх орон маань энх амгалан

 

Ийм л нийгэм бидэнд хэрэгтэй

Иргэн бүр жаргах хэрэгцээтэй

Ихэс дээдэс болгоох учиртай

Их бага гэхгүй бодох ёстой

Ард түмнийхээ итгэлийг дааж

Ашид тэдний сэтгэлийг тээж

Бишдийг дагаж хоосон хоцролгүй

Биднийг дааж амраах болтугай

Модоо барьж хоосрохгүй ч

Монгол түмэн ядарч таарахгүй

Морио унаад хол явахгүй ч

Молиго үмхэж ярч хэрэггүй

 

Их гүрнүүдэд дулдуйдах хэрэгтэй

Ирмүүн хөгжлөөс нь дундлах хэрэгтэй

Өгч байгаа хөрөнгий нь авах хэрэгтэй

Өгөөш хандивыг нь ашиглах хэрэгтэй

 

Гааль хилээ чангатгаж байгаад

Гарах орохыг цагдаж байгаад

Газар нутгаа түрээслэж болно

Гайгүй орлого ашиглаж болно

Бөөн бөөн мөнгөөр түрээслэе

Бүх хүнийхээ амьдралыг тэтгэе

Улс маань мөнгөтэй болж баяжиг

Улмаар ард түмэн бас батжиг

 

Ноёдууд маань ямба эрхийг хөөлгүй

Нохой яс булаацалдах мэт байлгүй

Хувьсгалт нам хуншгүй зангаа гээж

Хударгагүй эвсэл хүнлэг зарчмаа тээж

Албан тушаалын төлөо алалцалгүй

Аль болох идэхийн төлөө талцалгүй

 

Төр засгаар тоглохоо больж

Төрх зангаа тогтвортой болгож

Энэ цагийн эрхшээлд эзэн болж

Эргэх цагийн ээлжинд элч болж

Улс орноо хөгжүүлээсэй билээ

Ухаан оюунаа хөдөлгөөсэй билээ

Ард иргэдээ амраагаасай билээ

Ажил үйлсээ амжуулаасай билээ

 

БИ

Автобусанд мөнгө төлдөггүй тусгай хүн

Ач нараа хүргэж өгдөг тустай хүн

Албан тушаал горилдоггүй амар хүн

Ажил хөдөлмөрт дуртай ажилсаг хүн

Авгай хүүхдээ загнадаг адайр хүн

Асрамж халамж захиалдаг арчаагүй хүн

Хойчийг бодож долигнодоггүй бодь хүн

Хонжоо болгож долгомсдоггүй бор хүн

Насны нар хэвийж байгаа ч

Намба төрх хэлтийж байгаа ч

Чалх жавхаа буурч яваа ч

Чадал тэнхээ суларч яваа ч

Ухаан санаа саруул байна

Уураг тархи эрүүл байна

 

Оньчилсон юм ирэхгүй бол

Онцгой юм илрэхгүй бол

Хөгшнийхээ ивээл халамжаар

Хүүхдүүдийнхээ итгэл хайраар

Хайрласан та нартаа бараа болж

Халуун сэтгэлийн цараа болж

Хана болж түшиж явъя даа

Хань болж түгшиж явъя даа

 

Шарнууд овогтой Гэндэндоржийн Төмөрбаатар

2004 оны 10 сарын 16.

Улаанбаатар

 


Гэргийдээ

Усгал сайхан харцанд нь

Уян хайр гэрэлтсэн

Улаа бутарсан хацарт нь

Буян заяа дэлгэрсэн

Итгэл хайр нэвчсэн ерөөл

Ивээл халамж шингэсэн учрал

Халхын царайлаг сайхан бүсгүй

Ханийн цараатай тайван гэргий

 

Урт сайхан гэзгэнд чинь

Харчуул нүд эрхгүй унагасан

Уран гоолиг биенд чинь

Харин би эрхлэн унасан

 

Цайлган цагаан сэтгэлээрээ

Цай идээнийхээ элбэгээрээ

Амьтан хүнд хүндлэгдсэн

Айл гэртээ хүрээлэгдсэн

Биднийхээ төлөө элэгдэн зүтгэсэн

Бие сэтгэлээ эмтлэн зориулсан

 

Өөнтөглөх юмгүй хүүхдүүддээ

Өсөхийн ухаан суулгасан

Өргөн олондоо хүндлэгдэхийг

Өөрийнхөө намбаар сургасан

Заяаны сайнаар өнөр өтгөн

Зангийн сайхнаар амар жимэр

Эр биеийн халамж

Өрх гэрийн тааламж

Эхнэр Шамаарынхаа ачаар

Энэ бие амьдарч ажилласан

 

Амьдралын минь тулах багана

Ажил үйлсийн түших хана

Таван хүүхдийн минь

Тансаг сайхан ээж

Үр ач нарынхаа

Үлэмж ачтан эмээ

 

Аз жаргалд умбасан

Хоёр буурал хөгшин

Амар тайван суусан

Хоёр буурал хөгшин
 

Шарнууд овогтой Гэндэндоржийн Төмөрбаатар

2004 оны 10 сарын 16.

Улаанбаатар

 

 

 

Миний Амьдын Шүтээн

Эхийн минь мойног гар хив хадаг мэт зөөлхөн           

Ээдрээт амьдралын нууц үрчлээс бүхэнд нь шингэсэн           

Эвэршиж хатсан арьс нь даахинд зөөлнөө үлдээсэн

Эвдэрч бяцарсан хумс нь хатуу бүхнийг билүүдсэн   

            Гэгээ шагайх зайгүй сүмбэн цагаахан байсийм

            Гилтэгнэн сэвлэг илбэсэн сэвгүй булбарайхан байсийм

            Гялбарлага солонго наадсан толин ягаахан байсийм

            Гэрэлт амьдралаа зориулсан бүсгүйн заяа байсийм
           

Эхийн минь гал буурсан нүд их мөрөн лүгээ дөлгөөхөн         

Ээрэмтэн тогтсон нуух нь зовлон бүхнээ нууцалсан   

Эрвийсэн цөөхөн сормуус нь тоотойхон насыг илчилсэн       

Эвхэрч атирсан магнай нь энэрэл хайраа үгүйлсэн     

            Нарыг цоо ширтсэн бүргэдийн нүдтэй байсийм

            Навчит ойн согоо мэт дүрэлзсэн тунгалаг байсийм

            Үүлээ хөөсөн тэнгэр мэт бүртийх ч судалгүй байсийм

            Үнэнч амьдралаа зориулсан эхийн заяа байсийм
           

Эхийн минь буурал үс нялхын сэвлэг шиг анхилхан   

Халцарч унасан үс нь ачлаагүй ачийг сануулсан         

Хагтаж хогжруутсан хуйх нь ухааны сорилтонд ядарсан         

Харгүй мөнгөн сор нь цагаан сүүндээ шингэсэн         

            Нарны туяа наадсан хилэн хархан байсийм

            Намалзан тослог дааварласан сэвхгүй зөөлхөн байсийм

            Бэлхүүс гоолиг нуруунаа сулдаа асгарч байсийм

            Буурал суусан үсэндээ орчлонгийн тоосыг аргадсийм


Эхийн минь үрчгэр царай сарнайн дэлбээ мэт зөөлхөн           

Эмсийж унасан шүд нь цагийн саалтанд суларсан       

Ээдэрч бувтнасан хэл нь хайрын бүүвэйнд ядарсан   

Эндүүрч сонссон чих нь насны сүүдэрт хатуурсан     

            Үрийн зулай үнэрлэсэн бадмын дэлбээ байсийм

            Өргөн шанаагаа тэгшилсэн яралзсан цагаахан байсийм

            Өндөг дарам хонхойсон инээмсэглэлийн оромтой  байсийм

            Өлмийн чимээнд сонордсон янзаган сонор байсийм           

Эхийн минь бөгтөр бие согоон зоо шиг гоолигхон       

Атийж давжийсан бие нь ачааны хүндэд түүртсэн       

Агшиж бөгтийсөн нуруу нь айлгамч үрээ үүрсэн         

Алхайж бохирсон хөл нь амьдралын аянд эцсэн         

            Эхийн минь эгэлхэн бие эгэлгүй гоолиг байсийм

            Сойлгийн морь мэт жавхалзсан гилгэрэм зүслэг байсийм

            Согоон зоо мэт тэвхэлзсэн суман гоолиг байсийм

            Сэтгэл зүрхээ золиослосон залуу халуухан байсийм

 

Энэ дэлхийн эгэл бурхан
Ээжийгээ хайрлаж харамлаж яваарай. Хүмүүсээ

Ц.Батмөнх

 

 

GO BACK TO WEBSITE

Batmunkh.Ts Mongol Internet Contact to daanjuur@yahoo.com