Эрдэс баялгийн судалгаа шинжилгээний мэргэжилтэй боловсон хүчин эх орондоо
бэлтгэх шийдвэр 1960 онд гарч, МУИС-ийн газар зvйн 3-р ангиас 13 оюутан саналаар
нь шилжүүлэн геологийн 3-р анги болгож, шинээр 39 оюутан элсүүлэн 52 оюутантай
хичээлээ эхэлжээ. 1961 оны 1-р сард ууган геологич доктор
Ж.Дүгэрсүрэн,
доктор, профессор Ж.Лхамсүрэн,
академич Р.Барсболд, ЗХУ-ын мэргэжилтэн К.М.Малкова, Ю.Ф.Пекун нарын
бүрэлдэхүүнтэй геологийн тэнхим байгуулагджээ. Тэр үеэс өнөөгийн академич
О.Төмөртогоо, Д.Дашзэвэг, профессор О.Гэрэл, Н.Батсүх, Ч.Минжин, В.Балжинням,
П.Дугараа, Ж.Цэвээнжав
зэрэг анхны өндөр мэргэжилтэй багшлах боловсон хүчнээр хангагдаж эхэлсэн байна.
1973 оноос Гидрогеологийн, 1979 оноос Өрөмдлөгийн, 1990 оноос Нефтийн инженерийн
салбар тус тус нээгдэж геологийн салбарт хэд хэдэн мэргэжлээр боловсон хүчин
бэлтгэж эхэлсэн юм. Ингэж 45 шахам жилд манай сургууль 2500 гаруй инженер
төгсгөжээ.
1921 онд Монгол улсад үндэсний хувьсгал ялснаас хойш эх орны баялгийг судлах
явдал улсын мэдэлд шилжиж, түүнтэй холбогдсон баримт материалын хуримтлал үүсэх
бололцоо нөхцөл бүрдсэн байна. Ялангуяа ЗХУ-ын ШУА, Геологийн Хорооны
тусламжтайгаар геологийн судалгааны ажлыг эхэлж, 1923 оноос анхны анги,
экспедицийг ажиллуулж эхэлсэн нь манай орны геологи ашигт малтмалын судалгааны
баримт материал үүсэх анхны алхам болсон юм.
Улмаар 1931 онд Дорнодын геологи хайгуулын экспедиц, 1938 онд
БНМАУ-ын Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн (ШУХ) геологийн тасаг, 1939 онд Аж үйлдвэр,
барилгын яамны Уурхай ашигт малтмалын трест, 1943 онд Монгол-Зөвлөлтийн хувь
нийлүүлсэн ІСов-Монгол металлІ нийгэмлэг, 1947 онд ІМонгол нефтьІ хэмээх
үйлдвэрийн газрууд байгуулагдаж, геологи хайгуулын ажил өргөн хүрээтэй хийгдэж
ирсэн нь геологийн баримт материалын хуримтлал харьцангуй богино хугацаанд
түргэн өсөх зохимжтой нөхцлийг бүрдүүлжээ.
1956 онд Монгол орны геологи, ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг
олон жил судалсан Зөвлөлтийн геологи хайгуулын Дорнодын экспедиц, ІСовМонгол
металлІ нийгэмлэг геологийн үйл ажиллагаагаа манай оронд дуусгаж, өөрийн фондод
хадгалагдаж байсан геологийн судалгааны материалын зохих хувийг Шинжлэх Ухааны
Хүрээлэнд шилжүүлж өгсөнөөр манай орны геологийн судалгааны баримт материалын
фонд үүсэх эхлэл тавигдсан байна.
1957 онд үндэсний геологийн албыг өргөтгөн БНМАУ-ын Сайд нарын зөвлөл
(СнЗ) -ийн дэргэд Геологи шинжилгээний газрыг (ГШГ) байгуулж геологийн
үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний ажлыг гүйцэтгэж байсан байгуулгуудыг төвлөрүүлсэн
нь геологийн улсын нэгдсэн хадгаламж байгуулах чухал нөхцөл болжээ.
БНМАУ-ын СнЗ-ийн 1957 оны 11-р сарын 27-ны өдрийн 641-р тогтоолд «Улсын
хэмжээгээр геологийн фондыг нэгтгэж хадгалахын чухалыг харгалзан, ГШГ-ын дэргэд
Улсын геологийн фондыг байгуулж түүнд улсын хэмжээгээр урьд хийгдсэн ба хойшид
хийгдэх геологи шинжилгээний ажлын бүх фондыг нэгтгэн хадгалж байсугай» гэж
заасны дагуу ШУХ, Нефть хайгуулын Чойбалсан хот дахь контор, 54-р трест зэрэг
газруудаас геологийн баримт материалыг хүлээн авч төвлөрүүлэх замаар Улсын
геологийн фондыг байгуулсан байна.
Ийнхүү Улсын геологийн фонд нь 1957 онд ГШГ-ын харъяанд 2 орон тоо (дарга:
анхны геологич Ж.Дүгэрсүрэн,
номын санч: Г.Мэндбаяр)тойгоор анх зохион байгуулагдан үүссэнээс хойш цаг үеийн
онцлог, шаардлагаар ГШГ, НАХЯ, Геологийн Яам, ТЭХҮЯ, Монголын Геологийн алба,
ЭХГУУЯ зэрэг төрийн байгууллагуудын харъяанд орж ирсэн бөгөөд 1997 онд АМХЭГ-ын
Геологийн алба (одоогийн АМГТХЭГ-ын Геологийн газар)-ны харъяа Геологийн
мэдээллийн төв болсон байна.
Улсын геологийн фонд (ГМТ-ийн архив) нь БНМАУ-ын СнЗ-ийн 1960 оны 216-р
тогтоолоор улсын чанартай 27 архивын нэгд тооцогдон батлагдсан бөгөөд одоо
Архивын тухай хуулийн заалтын дагуу төрийн тусгай архивын тоонд Геологийн
баримтын төв нэрээр бүртгэгдсэн манай улсын томоохон салбар архивын нэг юм.
Улсын геологийн фондыг 1997 оны 5-р сарын 30-ны өдрийн Засгийн газрын
132-р тогтоолоор АМГТХЭГ-ын Геологийн газар (хуучнаар АМХЭГ-ын Геологийн
алба)-ын бүтцэд нэгтгэж, ГМТ гэж нэрлэсэн байна.
Байгаль ертөнцийн үүсэл хөгжил, геологийн тогтцын онцлогийн ачаар
манай улс нефтьтэй ажээ. Монгол оронд нефть хий агуулсан мезозойн насны
тунамал хурдсыг анх Америкийн байгалийн түүхийн музейн мөв Азийн экспедицийн
судлаачид олж илрүүлсэн байна. (Berkey, Morris. 1927) Ондай сайр нэртэй
ялгасан энэ хурдаст нефть хий байж болох шинж тэмдгийг Америкийн геологич
Д.Теннер 1931 онд хойд говийн Өвдөг хоолойн хошуу, Царсан чулуут,
Өвөржаргалан зэрэг газарт судалгаа хийснээр анх олж илрүүлжээ.
1940 онд Ж. Дүгэрсүрэн, Ю.С. Желубовский нар Дорноговийн Зүүнбаянгаас нефть
олж, удалгүй өрөмдсөн анхны цооногт 450 м хүртэл гүнд нефть бүхий 70 үе
тогтоосон байна. Энд 233 м-т илэрсэн 7 м зузаантай үе хоногт 1 тн хүртэл
нефть өгч байжээ. үүнээс хойш 1942 онд Чойбалсангийн сав газрын Даллагатын
хар овоо, Хар нуур зэрэг газруудад нефтийн илрэл тогтоогдсон болно.
1940-өөд оны сүүлч 1950-аад оны эхний хагаст өмнөд, дорнод
Монголд нефть хийн эрлийн ажил нэлээн эрчимжиж, Нялга, Дорноговь, Чойбалсан,
Тамсаг, Дундговийн сав газруудад 100 орчим эерэг бүтэц илрүүлэн, 24 бүтцэд
хайгуулын, 20 бүтцэд эрлийн цооног өрөмдсөн байна. Эдгээр ажлын үр дүнд
Дорноговийн сав газарт тухайн үеийн тооцоогоор 2.7 сая тн нөөц бүхий
Зүүнбаянгийн, 3.5 сая тн нөөц бүхий Цагаан элсний зэрэг нийт 6 сая гаруй тн
нефтийн 2 жижиг орд, Тамсаг, Чойбалсан, Нялга, Дорноговийн сав газруудад 10
орчим илрэл тогтоожээ.
Дорноговийн сав газарт Зүүнбаянгийн ордын хайгуул хийж нөөцийг
нь тогтоон ашиглалтыг 1950-1969 онуудад хийж, нийт 550 мянган тн нефть
олборложээ. Зүүнбаянгийн нефть нь парафин ихтэй, өтгөн царцанги бөгөөд,
түүнээс 30 хувь бензин, 14 хувь дизелийн түлш, үлдэх хувьд нь кокс, мазут
зэрэг 10 шахам төрлийн бүтээгдэхүүн гарган авдаг байжээ. Цагаан Элсний ордын
үнэлгээний ажлыг 1963 онд хийж дуусгасан байна.
Цаг үеийн байдал, манай орны нефтийн ундарга багатай, өтгөн
байдал, зөвлөлтийн Баруун Сибирьт нефтийн томоохон ордууд нээгдсэн, монголын
төмөр зам ашиглалтанд орж нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэх таатай нөхцөл
бүрдсэн зэрэг шалтгаануудаас тухайн үеийн тооцоогоор бензиний өөрийн өртөгэх
орны нефтийн нефтийн нэрлэгээс 10 коп/л, манай нефтийг Зөвлөлтөөс авчирсан
нефтьтэй хольж нэрэхэд 9 коп/л, зөвлөлтөөс бензинийг бүтээгдэхүүнээр нь
импортлох нь 4 коп/л байсан тул аль хямд гуравдахь хувилбараар асуудал
шийдэгдэж, манай орны нефть хийн судалгаа 20 гаруй жил завсарлажэ
Зүүнбаянгийн ордын ашиглалтын цооногуудын ундрага нөөцийн
багасалт, битүүрэл, ашиглалтын горимыг нарийвчлан баримтлаагүйгээс эрс
буурсан, нефть боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж хуучирч муудан улмаар
технологийн осол гарч нэрэх зуух дэлбэрсэн зэрэг шалтгаанууд ч энд нөлөөлсөн
бололтой.
Үүнээс хойш 20 гаруй жилийн хугацаанд Монгол оронд нефтийн аж
үйлдвэрийн салбар зөвхөн нефть бүтээгдэхүүнийг гадаадаас импортлон
хэрэгцээгээ хангсан дан ганц худалдаа, хангамжийн алба болтлоо хөгжлийн эрч
нь саарчээ. Нефть хийн аж үйлдвэрийн салбарын хөгжил 1980-аад оны эцэс
1990-ээд оны эхээр дахин сэргэж, одоо эрчимжиж байна. 1984-1992 онд Тамсаг,
нялгын сав газруудад монголын геофизикчид судалгаа хийж сонирхолтой эерэг
бүтцүүдийг илрүүлсэн ба 1990-1991 онд Монгол Газрын тос нэгтгэл, английн
Бритиш Петролеум, АНУ-ын EAIT, Филиппс Петролеум пүүстэй хамтран манай орны
нутаг дэвсгэрт газрын тос, байгалийн битум, шатдаг занар, тэдгээрийг
агуулсан тунамал хурдсын геологи-геофизик-геохимийн судалгааг хийж, сав
газар, талбай, ялган газрын тосны хэтийн төлөвийг үнэлж, судалгааны цаашдын
чиглэлийг тодорхойлох ажил явуулжээ.
Эдгээр ерөнхий судалгааны дүнгээр газрын тостой байж болох 22
сав газрын хэмжээнд хайгуул судалгаа явуулах тендер зарласан байна.
1991-1993 онуудад АНУ-ын Вестерн Жеофизикал, ОХУ-ын Сибнефтегеофизика
зэрэг пүүс компаниуд манай орны Дорноговь, Тамсагийн сав газруудад региональ
геофизикийн ажил явуулсан байна.
Дараа нь АНУ-ын Нескор Энержи компани манай Монгол Газрын
тос товчоотой гэрээ хийж Баян-ойл ХХК-ийг хамтын хайгуулын /joint
Venture/ зарчмаар байгуулж, Зүүнбаян, Цагаан Элсний талбайнуудад
хайгуул-олборлолтын ажлыг явуулж эхэлсэн боловч манай талын хөрөнгө
оруулалтын боломж муутайгаас Австралийн Рок-Ойл, Канадын гальф Канада
компаниудад лицензээ шилжүүлж Рок Ойл компани бүтээгдэхүүн хуваах
гэрээгээр ажиллах болсон билээ.
Ихээхэн эрсдэлтэй, асар их хөрөнгө оруулалт шаардагдах нефтийн
хайгуул, олборлолтын салбарт нэгэнт манай өөрийн талаас оруулах хөрөнгө, эх
үүсвэр хомсдолтой тул 1996-1999 оноос гадаадын пүүс компаниудтай
бүтээгдэхүүн хуваах гэрээгээр ажиллах болов. Тухайлбал АНУ-ын Соко
интернейшн пүүстэй Дорнодын Тамсагийн сав газрын 19, 20, 21, 22-р
талбайнуудад, Австралийн Рок Ойл пүүстэй Дорноговийн 13, Цагаан Элсний
14-р талбайнуудад бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан ажиллаж байна.
Мөн Баруун монголын сав газруудын нэг талбайд American desert
Oil судалгааны ажил эрхэлж байна. Олон улсын хэмжээнд өргөн хэрэглэгддэг
бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчим нь хөрөнгийн эх үүсвэрийг сонирхогч улс
орон, пүүс, компани гаргаж манай талаас газар нутаг дээрээ хайгуул судалгаа
хийх зөвшөөрөл олгож нефть байгалийн хийн зохих нөөцтэй, үйлдвэрлэлийн ач
холбогдолтой орд илэрсэн тохиолдолд ашгийг хуваах зарчимтай билээ. БХГ нь
ОПЕК-ийн орнуудаас бусад орнуудын хувьд газрын тосны нөөцийг ашиглах олон
улсын хамтын ажиллагааны ашиглах нийтлэг хэлбэр болсон байна.
Монгол улс дахь газрын тос олборлолтын байдал
АНУ-ын Соко интернейшн компани Дорнод аймгийн Тамсагийн сав газрын
19-22-р талбайнуудад, мөн Австралийн Рок-Ойл компани, БНХАУ-ын Доншен
компанитай хамтран Дорноговийн сав газрын 13,14-р гэрээт талбайд
бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан нефть, хийтэй холбогдсон үйл ажиллагаа
явуулж байна. Нефтийн хайгуул судалгаа дахин сэргэсэн 1990 оноос хойш
гэрээлэгч компаниуд 10900 тууш км 2 хэмжээст, 233 кв км талбайд 3 хэмжээст
чичирхийллийн судалгааны ажил гүйцэтгэж, хайгуул үнэлгээний 27 цооног
өрөмдөж, нийт 124 сая америк доллар зарцуулаад байна.
1998 оноос хойш 300 мянган түүхий тосыг БНХАУ-д вагон болон
автомашинаар зөөж экспортолсон байна. СОКО компани нь Тосон уул 19-р талбайд
2002-2004 онд хайгуулын 10, үнэлгээний 5 цооног өрөмдөх, олборлолтын
байгууламж барих зэрэг ажилд нийт 20 орчим сая америк доллар зарцуулсан юм.
Тосон уул 19-р талбайд үнэлгээний ажлын хүрээг өргөжүүлснээр 2002-2004
онд олборлолт, экспортыг 500 мянган баррель /60 мянган тн орчим/-д хүргэх
зорилт тавьжээ.
Австралийн Рок-Ойлкомпани урьд жилүүдэд хийсэн геологи,
чичирхийллийн судалгааны үр дүнд газрын тос байж болох магадлал бүхий хэд
хэдэн бүтэц /структур/-ыг тогтоосон бөгөөд үүний нэг болох Зүүнбаянгаас
урагш 20 км-т орших Могой бүтцэд 2002 онд БНХАУ-ын Доншен компанитай хамтран
300 м гүн бүхий хайгуул-судалгааны 2 цооног өрөмдөж, нийтдээ 8,2 сая америк
долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Эдгээр цооногууд нь Дорноговийн сав
газарт өрөмдсөн харьцангуй гүн ихтэй цооногууд байсан бөгөөд өрөмдлөгийн үр
дүнд сав газрын талаар нарийвчилсан мэдээллийг олж авах бололцоог олгосон
байна.
Нефть олборлолтын тухайд одоогийн байдлаар Тамсагийн сав газрын 6
цооногоос туршилтын олборлолт хийгдэж байгаа. Дорноговийн сав газарт хийгдэж
эхэлсэн 1998 оноос хойшх 4 жилийн хугацаанд Тамсаг, Дорноговийн сав газраас
нийт 300 мянга орчим тн нефть олборлон БНХАУ-д экспортолжээ.
Цаашдаа Соко компаниас гаргаж өгсөн ажлын хөтөлбөрийн дагуу 2009 оноос
Тамсагийн сав газар жилдээ 180 мянган тн нефть олборлохоор төлөвлөж байна.
Энэ үед жилдээ 100-150 мянган тн нефть боловсруулах үйлдвэр боломж бүрдэх юм.
Баруун монголын газрын тосны сав газруудын судалгааны түвшин
харьцангуй доогуур байгаатай холбогдуулан 2001 оноос эхлэн улсын төсвийн
хөрөнгөөр зарим талбайд геофизикийн эрэл, зураглалын ажлыг явуулж эхлээд
байна. Цаашид газрын тосны орлогын тодорхой хувиас тэдгээрийн эрэл,
хайгуулын ажлыг санхүүжүүлэх замаар нээлттэй байгаа талбайнуудад судалгааны
ажлыг эрчимтэй явуулах бодлого баримталж байна.
Газрын тосны хайгуул нь эрсдэл өндөртэй хөрөнгө оруулалтын хэмжээ
ихээр шаардагддаг тул манай засгийн газар одоогоор улсын төвлөрсөн төсвөөс
их хэмжээний хөрөнгө гаргах боломжгүй юм. Иймд Монгол улсын засгийн газраас
газрын тосны салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжихэд чиглэсэн
бодлого баримталж, хуувь эрхзүй, татварын таатай орчин бүрдүүлж,
гэрээлэгчдийн үйл ажиллагааг дэмжихэд онцгой анхаардаг юм.
2003 оны эхээр батлагдсан гадаадын хөрөнгө оруулалтын тухай
хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар хөрөнгө оруулагчдын үйл
ажиллагаа явуулах орчныг тогтвортой байлгах эрхзүйн баталгаа болгож,
тогтвортой байдлын гэрээ байгуулах боломж бий болгосон нь газрын тосны
салбарт шинээр хөрөнгө шинээр хөрөнгө оруулалт хийгдэх таатай нөхцлийг
бүрдүүлж байна.
Түүнчлэн Монгол улсын Засгийн газраас 2002 оныг хөрөнгө
оруулалтыг дэмжих жил болгон зарласан бөгөөд 9 сарын 17-19-нд Улаанбаатар
хотноо Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт зохион байгуулах болсотой
холбогдуулан ГТХЭГ-аас шинээр 2 гэрээт талбайг ялгаж, гадаадын газрын тосны
компаний компаниудтай холбоо тогтоож, танилцуулах уулзалт хийх зэрэг ажлыг
зохион байгуулсан байна. Энэтхэгийн үндэсний газрын тосны компани, Релай-Энс
групп, мөн БНХАУ-ын Петро Чайна компаний харъяа Дачингийн газрын тосны
компани, Хятадын үндэсний нефть, байгалийн хийн хайгуул олборлолтын
корпораци /CNPC/ зэрэг газрын тос, хийн компаниуд шинээр талбай авч
ажиллахыг сонирхож, төлөөлөгчдөө Монголд ирүүлж, гэрээт талбайнуудтай
холбогдох мэдээллийг нарийвчлан судалсан байна.
Манай оронд 1991 онд батлагдсан Газрын тосны тухай хууль нь
гадаадын хөрөнгө оруулалтыг татах талаар сайн хууль болсон бөгөөд газрын
тосыг хайх, олборлох, боловсруулах, тээвэрлэх, хадгалах, борлуулахдаа
холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Ойрын ирэээдүйд хийж гүйцэтгэх
чухал ажил бол өнөөгийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл,
хангамж, борлуулалттай холбогдсон харилцааг зохицуулах эрхзүйн баримт бичиг
боловсруулж батлуулж мөрдөх, Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдлыг
хангахад стратегийн ач холбогдол бүхий салбарын хувьд хайгуул олборлолтын
ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ дотооддоо боловсруулах үйлдвэр байгуулах,
газрын бүтээгдэхүүний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг оновчтой, тасралтгүй,
найдвартай хангах талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох шаардлага
тавигдаж байна.
Боловсруулах үйлдвэрийн тухайд дээр дурьдсан тайлбараас үзэхэд
түүхий эдэд тулгуурласан үйлдвэрийг ойын хэдэн жилд барьж байгуулах
боломжгүй юм. Тамсагийн сав газарт хийгдэж байгаа үнэлгээний хөтөлбөр үр
дүнтэй болох тохиолдолд 2004-7 оноос олборлолт нэмэгдэж, 150 мянган тн
газрын тос болосруулах үйлдвэр байгуулж болох юм.
Уг үйлдвэр нь зүүн бүсийн 3 аймгийн хэрэгцээг бүрэн, улмаар
төвийн бүсийн хэрэгцээний тодорхой хувийг хангах юм.
Харин импортын түүхий эд /хийн конденсат/-эд тулгуурласан боловсруулах
үйлдвэрийн асуудлыг газрын тосны бүтээгдэхүүний эдийн засгийн аюулгүй
байдалд үзүүлэх нөлөө, стратегийн ач холбогдлыг харгалзан үйлдвэрийн хүчин
чадлыг тодорхой хэмжээнд хязгаарлах нь зүйтэй гэж үзэж байна.
Тухайлбал жилд 550 мянган тн хийн конденсац боловсруулах үйлдвэр
баригдах тохиолдолд энэ нь Монгол улсын шатахууны хэрэгцээг бүрэн хангах тул
шатахууны хангамж нэг компаний хамааралд орж, газрын тосны бүтээгдэхүүн
үйлдвэрлэл, борлуулалт, хангамжийн үйл ажиллагаа эрхэлж байгаа үндэсний
компаниуд зах зээлээс бүрэн шахагдан гарах ноцтой байдал үүсэх магадлалтай.
Нөгөө талаас мөн дотоодод олборлох газрын тосыг боловсруулж,
борлуулахад хүндрэл учирна. Иймд газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг
олборлолтын асуудалтай нь нягт уялдуулан зохицуулах шаардлагатай юм.
http://news.gogo.mn/event/print/47281