Luvsanjamts Tsogzolmaa

BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE

 

 

 

   

 

 

     
   

 

 
Luvsanjamts Tsogzolmaa (1924) 
 
 
 


Лувсанжамцын Цогзолмаа

Төрийн шагналт, ардын жүжигчин, "Зууны сайхан эмэгтэй, Монгол Улсын хєдєлмєрийн баатар

 

 

Timeline

Төрийн шагналт, арын жүжигчин, \"Зууны сайхан эмэгтэй\" Л.Цогзолмаа:
2004.12.25 ,Хувийн амьдрал

Төрийн шагналт, ардын жүжигчин, "Зууны сайхан эмэгтэй" Л.Цогзолмаа:
АЖ Цогзолмаа: "Шууд би танд хайртай гээд үнсэлцээд байгаагүй ээ"
-Та өнөөдөр 80 насыг зооглосон буянтай бас жавхаатай буурал. Авъяас тэтгэвэрт
гардаггүй гэдэгчлэн "Эртний сайхан" чуулга ард олондоо ая дуугаа өргөсөөр яваа.
Урилга, заллага тасардаггүй бололтой?
-Тийм ээ. Манай ахмад уран бүтээлчдийн "Эртний сайхан" чуулга хааяа цуглаж
тоглолт хийдэг. Хөдөө орон нутгаар аялна. Ахмад настан хүсэлт тавихаар очоод
тоглохоос өөр аргагүй. Миний хувьд янз бүрийн уралдаан, тэмцээний комист орж, зааж
зөвлөдөг албатай болчих юм. Мөн энд тэнд болж буй уулзалт, хурал хуйд уриад л байх
юм. Бид чинь ховордчихсон амьтад болоод байна шүү.
-Өдий өндөр наслаад, биеэ ийм сайхан авч яваа төдийгүй уран бүтээлээ хийсээр
байгаагийн тань нууц нь юу бол?
-Нууцсаад байх юу байх вэ. Хүн дуртай зүйлдээ огт шантардаггүй. Би мэргэжилдээ
хайртай. Хөдөлж байгаа цагтаа урлагтаа зүтгэсээр айх болно. Дуу хуургүйгээр
өөрийгөө төсөөлөхийн аргагүй. Арван дөрөвхөн наснаасаа өдий хүртэл урлагтай
амьдралаа холбож явна. Надад сайн, сайхан зүйл байдаг бол энэ бүхэн урлагийн ач, ид
шид, Тиймгүй байсан бол намайг хэн мэдэхэв. Миний бусдаас гойд сайхан гэж юу айхав.
Сайхан эмэгтэй зөндөө л бий. Намайг хүндэтгэж, хайрладаг ард түмэндээ сайн сайхан
харагдаж байхад, сэтгэл тэнүүн явахаас яахав. 
-Таныг харахад их сайхан эрүүл саруул биетэй юм. Хоолны ямар дэглэм барьдаг вэ.
Таны насныхан бүгд л ямар нэгэн хууч ярьдаг. Үеийнхэндээ хандаж эрүүл байх талаа
юу зөвлөх вэ?
-Сүрхий нарийн дэглэм барьдаггүй. Намайг голдуу цагаан хоол хэрэглэдэг байх гээд
шалгаадаг. Тийм биш. Бусдын адил шөлөө ууна, өөхтэй махаа иднэ. Өөх, мах их идвэл
эрүүл мэнд, гоо сайханд муу нөлөөтэй л гэж ярьдаг болсон байна лээ. Би одоо ч гэсэн
өөх, мах байнга хэрэглэдэг шүү дээ. Монгол хүн болохоороо хамаагүй л байдаг юм.
Муугаар хэлвэл бүдүүлэг, сайнаар яривал хамаагүй хүн дээ би.
-Та хаанахын гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ?
-Дээр үед Хятадын бараа, бүтээгдэхүүнийг л хэрэглэддэг байсан. Гэхдээ тэр үеийн
хүхнүүд будаж шунхдах нь бага байсан. Монгол хүүхнүүдийн зан энэ.
-Та 14 насандаа урлагийн замд хөл тавьсан гэсэн. Энэ талаараа тодруулж ярина уу?
-Би нялх байхдаа өнчирсөн. Миний ээжийг сайхан бүсгүй байсан гэж хүмүүс ярьдаг.
Ижий минь намайг төрүүлээд нэг сарын дараа өөд болсон юм. Багаасаа л дуулах өвчтэй
нэгэн байв. Хүмүүс өнчин хүний хоолой гоё байдаг гэж өхөөрдөнө. Бууз, чихэр
өгөхөөр нь дуулж өгнө шүү дээ. Мод барьчихаад шанз тоглож байгаа дүр үзүүлээд л.
Орос цэргийн дуу дулахдаа дуртай байв. Тийм л хүүхэд байж. Тэгсээр 14 насандаа тэр
үеийн Залуучуудын соёлын ордонд сайн дураараа орсон. Тэнд "солгой" Баяр гэж
хөгжимчин хүн байсан. Түүнд шавиар орж, мандолин хөгжим заалгасан. Тэгээд 1940 онд
Улсын циркийн дагшаа найрал хөгжимд анхны эмэгтэй саксацончоор ажиллах болсон.
-Таны үеийн сайхан бүсгүйчүүд, өдгөөгийн мисс хүүхнүүдийн ялгааг та олж харсан
байлгүй?
-1930, 40-өөд оны бүсгүйчүүд монгол дээлээр гоёдог, их намбалаг, үндэсний хэв маягтай
байж. Өнөөгийн бүсгүйчүүд өндөр зэгзгэр, жижиг нүүртэй гоё болж. Тэр үеийнхэн
арван тавны сар гэдэг шиг дугуй царайтай, том нүдтэй, улаан хацартай байлаа. Тийм
хүүхнүүдийг гоё сайхан гэж үздэг байсан юм. "Хүрээ хүүхнүүд" гэж нэрлэгдсэн
бүсгүйчүүд явах, суух, хооллох бүхэн нь хүрээ маягаа байнга хадгалдаг, өөрийн дэг
журамтай бүсгүйчүүд байлаа. Тэр үеийн цагаан сарын бууз, банш их жижигхэн. Ганцхан
савхдаад амандаа хийж сурсан байдаг байв. Их донжтой. Дээл, хувцасаа тос болгохгүй
гэж тэр. Мөн ханцуйндаа том алчуур байнга хийж явна. Ам, хамраа арчина л даа. Алхаж
гишгэхдээ хүртэл хамаагүй салбаганаж, сэмбэгэнэхгүй. Ардын жүжигчин
Ичинхорлоотой би олон жил ажилласан. Нэг удаа ч хамаагүй салбаганаж гүйхийг нь
хараагүй шүү. Байнга намбатай алхална. "Хүрээ хүүхнүүд" ийм л байсан юм.
-Тэдний гоёоо юу байв?
-1940-өөд оны эхээр Европ соёл нэвтэрсэнтэй холбоотойгоор герман оймс, малгай зэрэг
гоёл моодонд орсон. Тэгэхдээ монгол дээлээрээ л голдуу гоёно. Тэр үед одтой
торгоор дэгжирхдэг байсан юм. Мөн минж, булган малгай, сувдан сам, зүүлтээр
гангарна. Өдөн малгай их өмсдөг байлаа. Дугуй цагаан гэдэг дээ. 1940-өөд оноос хойш
янз бүрийн алчуураар гоёх болсон. Гоёо гээч зангидаж, толгойдоо янз бүрээр
цэцэглнэ. Харин цүнх зүүдэггүй байсан.Тэр үеийнхэн урт ханцуйтай, урт дээл өмсөөд
гараа хаялж алхана даа. Үс буржилгана гэдгийг орос хүүхнүүдээс сурч байлаа.
Хувийн үсчинд очиж үсээ буржийлгана. Гоё алчуураар толгойгоо ороогоод, үсээ олон
янзаар сүлждэг байсан шүү. Янз бүрээр сүлжиж толгой дээрээ овоолж чамирхана.
Тэвхийсэн мөртэй европ хувцас, сийрсэн, эсгий малгайгаар бас гоёно. Герман малгай,
оймс өмсөөгүй бол хүүхэнд тооцогдохгүй байв.
-Алта, мөнгөн эдлэлээр гоёно биз?
-Шүр, сувдан чимэг, минж булга зэрэг ангийн үсээр бас гоёно оо. Би алтан бугуйвч,
ээмэгтэй, сувдан зүүлттэй байсан даг. Дундаа сувдтай алтан ээмэг, сүүлдээ
санжигасан, цагирган, сүйжин ээмэг зүүгээд л. Ичинхорлоо, Дагийсүрэн, Сосорбарам
гуай гээд дээдхэн үеийн толгой гангачууд байсан. Бид тэднийг л харж дуурайна.
-Тухайн үед эрдэмтэн Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, маршал Х.Чойбалсан нарыг их дэгжин,
сайхан эрчүүд байсан гэж ярьцгаадаг?
-Тэр үеийн сэхээтэн, удирдах албан тушаалтнууд их гоё хүмүүс байсан. "Барон"
Дашзэвэг, Өлзийбат гээд л. Чиний нэр дурдсан тэр их хүмүүс чинь зүйрлэх ч юм биш.
Голдуу монгол дээл бас костюм өмсөнө. Дашзэвэг гуай голдуу костюм, Дэмид байнга
цэргийн хувцас өмссөн, шаагисан хөдөлгөөнтэй, жавхаалаг ганган хүн байсан юм.
Маршал Чойбалсан үйтэн хуар дээл, сийрсэн малгай өмсөхөөрөө үнэхээр жавхаалаг. Ер
нь тэр үеийн хүмүүс бүдүүлэг, бие биеэ дайрсан, хэрэлдсэн байгаагүй юм. Өөрийнхөө
харьцааг илэрхийлэхдээ, одоогоор бол их дипломатч маягийн, нууцлаг байсан. Шууд
бид танд хайртай гээд үнсэлцээд байгаагүй. Бүх зүйл санаа бодол дотор нь л өрнөнө.
Эмэгтэйчүүдийнхээ хойноос олон сар, жилээ хөөцөлдөн гүйж байж үерхэнэ шүү дээ.
-Танд захиа их ирдэг байсан байх. Зарим нэг захидлынхаа талаар дурсаж яриач?
-Захиа гэдэг чинь 1940-өөд оны үед л гарч ирсэн юм. Захианы хувьд ярихад их гоё,
уянгалаг, яруу үгтэй шүлэг их бичнэ шүү дээ. Надад захиа их ирдэг байсан. Энэ нь их
хүндэтгэлтэй, ёс журамтай л даа.
-Хүрээ хүүхнүүд хятадуудтай гэр бүл болох явдал их байсан гэдэг?
-Тийм тохиолдол их байсан. Аль сайхан, гоё хүүхнүүдийг хятадууд мөнгөөр цохиод
аваад суусныг тэр гэхэв. Хар тамхинд оруулна. Их л өлөн цагаан хүүхнүүд байсан даг.
Одоо ч гэсэн сайхан монгол бүсгүйчүүд солонгос зэрэг гадаадынхатай суугаад
байгаа нь харамсалтай.
-Танд зориулж шүлэг хүртэл тэрлэсэн байдаг?
-Манай уран бүтээлч, зохиолчдоос надад зориулж туурвисан бүтээл зөндөө бий.
Цогзолмаа гэсэн дуу хоёр, гурав байдаг. Би л дуулддаггүй болохоос. Нэр цохоод
дуулаад байх сайхан биш шүү дээ. Эвгүй санагддаг юм. Төрийн шагналт, ардын уран
зохиолч Ш.Сүрэнжав бид хоёр их сургуульд хамт сурч байсан анд нөхөд. Надад зориулж
тэрэлсэн сайхан шүлэг бий. Намайг хүндэтгэж, дэмжиж явдагт нь их баярладаг шүү.
-"Цогт тайж" кинонд бүтээсэн Түвдийн гүнжийн дүрээ эргэн харахад ямар санагддаг
вэ?
-Үнэхээр сайхан байлгүй яахав. Залуу насаа кинонд мөнхлөнө гэдэг том аз. Манай
урдаа барьдаг мундаг жүжигчид тоглосон болохоор сайн кино болсон шүү.
-Ер нь сайхан эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ?
-Гаднаа сайхан төдийгүй дотроо зөв бодолтой, уужим сэтгэлтэй байхыг л хэлнэ.
Ухаалаг, үр хүүхэддэ халамжтай байж таарна. Их л цогц ойлголт шүү дээ. Эмэгтэй хүн
гоёсон ч уичр утгатай байх ёстой. Ямарваа юм хэмжээнээсээ хэтэрвэл яадаг билээ.
Гоёл биш болчихдог юм. Эмэгтэй хүний гоёл бол нүд, шүд, урт гэзэг гэдэг.
-Танай гэр бүлийг урлагиын элит гэр бүл гэдэг?
-Манай хүүхдүүд яах аргагүй урлагийн гэр бүлд өссөн. Элит нь я юу айхав, үе дамжсөн
урлагийн гэр бүл гэвэл зөвшөөрнө. Миний хүүхдүүд боломжийнхоо хэрээр урлагтаа
зүтгэж явна. Би охин Сувдынхаа "Мандухай" кино, "Цахлай" жүжигт бүтээсэн дүр
болон бас нэг коммссарын дүрд нь их дуртай. Мөн ач хүү Бат-Оргилын "Цовоо хонгор",
"Аж богдын харуул", Ганхуягын олон дуу бий дээ. Би тэднээрээ бахархдаг.
-Урлагийн хүнд авъяасаас өөр юу чухал вэ. Шинэ үед та юу зөвлөх вэ?
-Өнөөдөр эмэгтэй хүн компьютэер эзэмшиж байна. Зөвхөн биеийн гадна төрхөө тордох
нь өрөөсгөл хэрэг. Гоё, ганган, хөөрхөн гэдэг чинь нас өндөр болох үед үгүй
болчихно. Мэдлэг боловсрол хэзээ ч илүүдэхгүй, алга болохгүй. Хэн ч түүнийг
булаахгүй шүү дээ. Мөн сайхан сэтгэлэээр өөрийгөө гоёж явах хэрэгтэй гэж хэлмээр
байна.
-"Зууны манлай дуучин" Б.Сарантуяа таны бэр байсан. Түүний талаа та ямар
сэтгэгдэлтэй явдаг вэ?
-Их сайн бүсгүй. Миний бэр байсан болохоор одоо ч хайртай байдаг. Хөдөлмөрч,
чадвартай дуучны нэг. Ганхуяг тэр хоёр маань цуг амьдрах хувь зохиолгүй байсан юм
болов уу.
-Та  шинэ жилийг яаж тэмдэглэдэг вэ, Урилгаар олон газрын ёлконд орно биз?
-Өө, урилга ирдэг юм аа. Бие гайгүй бол очихыг боддог. Тэр бүр яваад байж чадахгүй
шүү дээ. Ихэвчлэн гэртээ, гэр бүлээрээ шинэ оноо угтдаг.
-Та ямар сонин, сэтгүүл уншдаг вэ?
- Ер нь гэгээлэг, үнэн зөв мэдээлэлтэй сонинг уншихыг боддог. Ардын эрх, Зууны
мэдээ гээд өдөр тутмын хэвлэлийг гарчигладаг. Танай сонинг ч амтархан унших
дуртай.
Танд эрүүл энх, аз жаргалыг хүсье.


 

 
 

GO BACK TO WEBSITE

Batmunkh.Ts Mongol Internet Contact to daanjuur@yahoo.com