Яруу найрагч, эмч Ламжавын Мягмарсүрэн

BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE

 

 

 

   

 

 

     
   

 

 
Lamjav Myagmarsuren (1954) 
 
 
 

 


 

 
 

 

СЭТГЭЛИЙН ГҮР СОРОНЗОН

Мөхөж байгаа ертөнцийн
Мөн төрх нь америк юм
Сөнөж байгаа хүмүүний
Сүүдэр зураг нь америк  юм
(Л.Мягмарсүрэнгийн Хас Сар түүврийн тухай)
Доктор Я.Баатар

Яруу найрагч Ламжавын Мягмарсүрэнгийн шинэ номын бичмэл эхийг тун богинохон зуур Чикагод унших завшаан тохиолдов. Шинэ номын эхийг уншина гэдэг найз дотно уран бүтээлчдийн дунд л байхаас жирийн уншигч нарт тийм боломж олдохгүй тул найз яруу найрагчийнхаа шинэ номын бичмэл эхийг уншсанаа завшаан гэж хэлэхэд бүрнээ нийцэх билээ. Завшаан гэхийн бас нэгэн учир гэвэл Л.Мягмарсүрэнгийн хэд хэдэн түүвэр Улаанбаатарт хэвлэгдсэн боловч тэдгээрийн гар бичмэл эхийг цогцоор нь уншиж байсангүй. Найз нөхрийн хувьд тэнд орсон шүлгүүдийн ихэнхийг урьдчилан уншсан, магадгүй заримынх нь анхны уншигч болсон байлаа. Хэдий тийм боловч, Улаанбаатарт олдоогүй тэр ховор завшаан энэ удаа Чикагод тохиож байгааг яруу зохис бэлгэ хэмээн үзэхээс өөр яах билээ.
Ерөнхийд нь цэгцэлсэн боловч нарийвчлан дэглээгүй Яруу найрагчийн шинэ түүвэр нь түүний Америкт бичсэн шүлгүүдээс бүрдэж байгаа юм байна. Америкийн цаг агаар, газар шороо, хүмүүсийнх нь энгийн дотно зан төрх Л.Мягмарсүрэнд уран бүтээлийн урам хайрласан нь илт байна... Тийм ч учраас яруу найрагч
Тэнд
Өвс ногоо нь ширэлдэн ургана
Ой мод нь ширэнглэн баглирна.
Тэнд
Чулуу шидсэн ч ургахаар
Чухам шимтэй газар юм.
гэж Америк газар шүлэгтээ бичсэн байна.
Америк орон, тэндхийн хүмүүсийн тухай Л.Мягмарсүрэн шүлэг зохиолдоо олон удаа дүрсэлжээ. Түүнээс гадна, яруу найрагчийн сэрэл мэдрэмжээр хөгжлийн хурд, хүүдийтэй мөнгөний чухам алинаас нь болоод байгааг бүү мэд, түгшсэн сэтгэлээ илэрхийлсэн ч байгаа. Заримдаа бүр хурц тодоор илэрхийлжээ.
Мөхөж байгаа ертөнцийн
Мөн төрх нь америк юм
Сөнөж байгаа хүмүүний
Сүүдэр зураг нь америк  юм
    /Америк шүлэг/ гэх буюу
Америкчууд
Нисэх мэт амьдармуй
Үхэх мэт ажилламуй
Америкчууд
Мөнгө, секс, рок гурав
Мөрлөн хурдалмуй

Эрчилсэн энэ их хурд
Эвгүйхэн нэг бүдэрвэл
Эргэж хэмээ олоход бэрхтэй буй
/Америкчууд шүлэг/ гэж бичсэнийг америкчууд уншаад цочих биз. Сайшаал, муушаал олныг сонссон юм болохоороо тоохгүй ч байх. Тоолоо гэхэд лав л Л.Мягмарсүрэнг барьж цагдаад, хаа нэгэн газар цөлчихгүй юмдаг.
Монголд байхдаа Л.Мягмарсүрэн нэгэн удаа цөлөгдсөн юмдаг. Учир явдал юун гэвэл 1986 оны нэгдүгээр сард зохиолч Б.Ринченгийн тухай 30 минутын нэвтрүүлгийг тэр бэлтгэсэн юм. Монголын радиогийн урлаг соёлын редакцид уран зохиолын нэвтрүүлэг эрхэлдэг тэрбээр гадаад дотоодын олон зохиолчийн тухай урт богино нэвтрүүлэг бэлтгэн нэвтрүүлжээ.
Гэтэл Б.Ринчен гуайн тухай нэвтрүүлэг радио долгионоор нэвтрэх хувь дутсан төдийгүй бэлтгэсэн эзнээ Хөвсгөл рүү илгээв. 1985 оны 12 сард Ринчен гуайн 80 жилийн ойг хаана ч, хэн ч тэмдэглэлгүй өнгөрсөн юм. Тэр үед радиогийн нэвтрүүлгийг 30-45 хоногийн өмнө төлөвлөж, 14 хоногийн өмнө бэлтгэж тушаадаг байлаа. Зохих ёсоор төлөвлөж, төлөвлөгөө батлагдаж, төлөвлөсөн эзэн нь бэлдэж, шат дараалан хянуулсаар хамгийн сүүлчийн дамжлага буюу БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Хэвлэл, утга зохиол хянах газрын төлөөлөгч Долгорсүрэнгийн Чилхаажав эсэргүү Ринченгийн тухай магтан нэвтрүүлэх гэж байгааг социалист ёсоор, сонор соргогоор илрүүлсэн тул үр дүн нь Хөвсгөл аймагт Л.Мягмарсүрэнг ажиллуулах томилолт байв.
Ахмад зохиолч, анхны төрийн шагналтан Б.Ринченгийн 100 жилийн ой энэ жил тохиож байна. Сонин сэтгүүл, радио телевизүүдээр түүний тухай нийтлэл нэвтрүүлэг олон удаа хэвлэгдэж, нэвтэрсэн боловч Л.Мягмарсүрэнгийн тэр нэвтрүүлэг сураг чимээгүй л байна. Тэр нэвтрүүлэгт оруулахаар бэлтгэсэн яруу найрагч Ж.Бадраагийн багшийнхаа тухай ярьсан яриа хураагдаад устсан болов уу гэж санаж байна. Энэ мэтээр тэр нэвтрүүлэг сэргэх боломжгүй болсон байх.
Б.Ринченгийн тухай өнөөдөр олон хүн ярих болжээ. Тэр цагт Л.Мягмарсүрэн ганцаараа л дуугарч байсан шүү гэж тэдэнд сануулмаар байдаг юм.
- Б.Ринчен гуайн хөшөө ямар болж вэ? гэж тэр надаас асуулаа.
2005 оны зургаан сарын эхээр Улаанбаатарт боссон хөшөөнийх нь нээлтэнд оролцсон тухайгаа яриад, урлагийн хувьд санаанд хүрээгүй гэж хариуллаа. Яагаад ур хийц муу болсон тухай бид тунгаан ярилцаад санал нийлэв. Чин сэтгэлэээсээ хийгээгүй юм тийм болдог ажээ. Гэтэл чин сэтгэлээсээ бэлтгэсэн Л.Мягмарсүрэнгийн нэвтрүүлэг буюу үгийн хөшөө бараа сураггүй болсон байдаг. Юм гэж сонин юм аа.
Зохиолч Б.Ринченг эх оронч хүн гэчихсэн байсан нь тэр нэвтрүүлгийн хувь заяанд нөлөөлсөн байж магадгүй. өвөг дээдсээс уламжилсан эх оронч үзлийг Б.Ринчен тод илэрхийлдэг байсныг социалистууд үндэсний үзэлтэн гэдэг ганцхан өнгөнөөс харж өөнтөглөж байв. Тэрхүү эх оронч үзлийг Л.Мягмарсүрэн уран бүтээлдээ уламжлан хөгжүүлж байна.
Яруу найрагчийн эх оронч сэтгэлийн хэмжээ царааг Монгол маань гэх зэрэг эх орны тухай мөчлөгүүдээс мэдэрч болно. Тэр нэг удаа америкаас монголд оччихоод Эх орны тухай бичсэн яруу найрагчийг хүндлэх хэрэгтэй юм байна гэж чин сэтгэлээсээ хэлж байлаа. Тэгэхэд урлагын гавьяат зүтгэлтэн Ц.Ойдовын хамт гурвуулаа нэлээд ярьж суусан билээ. Тэгээд л тэр эх орны тухай санаа талбин бичжээ. Дэлхийг таних зохиолчын хувьд араб, солонгосын тухай гэх зэргээр гадаадын улс орны тухай сэдэвтэй шүлэг бичсэн байгаа хэдий ч цаад санаа нь Монгол эх орон гэсэн нэгэн углуургад очин зангилагдаж байна.
Л.Мягмарсүрэнгийн эцэг бэсүд Ламжав гуай эх орноо дотор талаас нь нээж таньсан хүн байлаа. Халхын хавтгайг хэрэн хэссэн жолоочийн хувьд Хамгийн сайхан нутаг бол Завхан хангай гэж хэлсэн удаатай. Тэгээд ч Мягмарсүрэн Хөвсгөлд байхдаа Завханы нутгаар хэрэн хэсэх шиг болсон доо. Одоо тэр дэлхийгээр хэрэн тэнэж явна. Эх орноо гаднаас нь таних эрлийн замд гарсан нь тэр. Ухаан бодлын арга билэгт зохилдож, улс монгол эх орноо гадна, дотноос нь таньж байж л эх оронч сэтгэлийн яруу найраг ундарна гэдгийг мэдэрсэнээрээ эрийн цээнд аль хэдийн хүрсэн уран бүтээлчийн буурь зааж байна. өөрөөр хэлбэл эх орны тухай шүлгүүдээ тэр албадаж бус, соёмбо мэт тодрон гэрэлтсэн сэтгэлийнхээ гүнээс гадагш илэрхийлэн бичсэн байгаа билээ.
Ерөөс Л.Мягмарсүрэн албадаж бичихийг эрс эсэргүүцдэг яруу найрагч юм. Тэр зөвхөн сэтгэлийнхээ дуудлагаар л бичдэг бөгөөд сэтгэл зүрх нь яруу найраг хэмээх гүр соронзонд салахын аргагүйгээр наалдсан байх ажгуу.
Л.Мягмарсүрэнд маань нэг Хачин өвчин тусчээ. Түүнийг үзсэн эмчийн асуултанд өвчтөн хэрхэн хариулсаныг өвчний түүхийн дэвтэрт бичсэн нь.
Сайхан бүсгүй хараад
Санаа алддаг зовиуртай би
Ийм хачин өвчтэй би
Эдгэж өгдөггүй эмгэгтэй би
Эл өвчин ихээхэн даамжирсаныг Цагаан бүсгүй, Америк бүсгүй, Чикагогийн гудамжинд, Лос Анжелесийн хүүхнүүд, Алтан ятга мэт бүсгүй, Тэр бүсгүй, Маскегоны хүүхнүүд, Нэгэн Америк бүсгүйд, Энэтхэг охин, Тариа мэт шаргал бүсгүй, Бороо минь, бороо минь, Ивлэсэн сүү шиг бүсгүй байдаг гэх зэрэг шүлгүүдээс мэдэж болно. Газар газрын хүүхнүүдийн сайхан муухайг асуухад тэр бүрэн хариулж чадахаар болсон байгаа биз.
Л.Мягмарсүрэнгийн Энэтхэг охин гэдэг шүлэг их зохиолч Д.Нацагдорж, их яруу найрагч Б.Явуухулан нарын энэ сэдвээр бичсэн шүлгийг уламжлан хөгжүүлжээ. Д.Нацагдорж 1935 онд:
Энэтхэгийн залуу бүжигч чамтай танилцахыг хүснэ.
гэж нэлээд хал суучихаад мөрөөдөсхийн бичиж байсан бол 35 жилийн дараа Б.Явуухулан тэр бүсгүйд нэлээд ойртож очоод
Намуухан дуулах нь нартыг мартуулах гургалдай
Найган бүжих нь надад баригдахгүй жараахай
гэж дуу алдан буцсан байдаг юм.
Тэгвэл эндээс дахиад л 35 жилийн дараа Л.Мягмарсүрэн Энэтхэг охин шүлгээ бичсэн байх бөгөөд
Үггүй хэлэх зүрхний үг
Үнэндээ ямар гайхамшигтай юм бэ?
гэж дүрсэлсэн байгаа нь бүр ойртож очоод, танилцаад, магадгүй хамт бүжиглэсэн ч юм боловуу гэмээр сэтгэгдэл төрүүлж байна. Энэ гурван яруу найрагч гурвуулаа энэтхэг бүсгүйн бүжих эрдмийг магтсан байна.
Эл бяцхан өгүүлэлд үлэмжийн суут хоёр их хүний нэрийг санаандгүй дурдсан хэрэг биш гэдгийг дараа өгүүлэх хоёр баримт аяндаа тодруулах буйзаа.
1. Д.Нацагдоржийн гэрэл зураг
Анагаах ухааны дээд сургуулийн оюутнууд 1976 оны зун Булган аймгийн Хишиг-өндөр суманд очиж ажиллажээ.  Зуны ажлаас буцаж явах замд жолооч нь хөдөөгийн нэг айлын гадаа зогсчээ. Оюутнууд тэр айлд орж цай уусан байна. Цай ууж суух зуураа оюутан Л.Мягмарсүрэн хоймрын авдар дээрх Д.Нацагдоржийн зургийг харснаа, харц тогтон ажжээ.
-Энэ зургаа надад өгчих гээд хорин тавтын төгрөг тавиад зургийг авахад гэрийн эзэн юу ч хэлсэнгүй. Гайхах мэт харж байснаа тээр хойно
-Гаадамба ах /зохиолч, эрдэмтэн Ш.Гаадамбыг хэлж байна. Түүний төрсөн нутаг нь ч юм. Я.Б/ хадгалж байгаарай, ховор зураг байна гэж байсан юм гэж үг шидсэнээ,
-Авах ёстой хүн нь л юм байлгүй, ав, ав. гэжээ.
Мягмарсүрэн энэ зургаараа бахархах дуртай. Д.Нацагдорж гэхлээр бидэнд юуны өмнө монгол дээл, бүрх малгайтай, холыг нэвт харсан уужим ухаант харц бүхий нүд дүүрэн залуугийн зураг санаад буудаг билээ.
Энэ зураг маш олон хэвлэгдсэн учир дотно танилын зураг мэт санагдах болжээ. Л.Мягмарсүрэнгийн бахархдаг зураг нь ийм л зураг.
Гэхдээ энэ зураг удаан хадгалагдаж хуучирсан шинж илэрхий боловч маш тод. Олон удаа хэвлэгдсэн тэр зургийн эх нь юм уу, эх нь биш юм аа гэхэд анхны л хуулбар болов уу гэмээр сэтгэгдэл төрнө. Яагаад гэвэл дээлийн хээ нь тодорхой гарчээ. Бас нэг зүйлийг тодруулбал дээлээ удаан хугацаанд эвхэж хадгалсаныг ч харж болно. Зураг татуулах гэж л далд байсан дээлээ гаргаж өмсөхдөө зангиагаа тайлж амжаагүй нь илт харагдана.
Ийм ховор гэрэл зураг Л.Мягмарсүрэнд хадгалагдаж байдгийн учир жанцан Энэтхэг охин шүлгээр илэрч байгаа юм болов уу даа.
2. Б.Явуухулангийн найдвар
Залуу зохиолч Л.Мягмарсүрэнгийн анхны түүвэр Урины шувуу нэртэйгээр хэвлэгдэхэд Б.Явуухалан редакторлож, Оршлын оронд гэдэг өгүүлэл бичсэн билээ. Тэрхүү оршил өгүүллээс иш татан сийрүүлье.
...Ламжавын Мягмарсүрэн 1954 онд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын нутагт малчны гэрт төрж, Ерөнхий боловсролын сургуулийн дараа Анагаах ухааны Дээд сургууль төгсөж, хүний их эмчийн мэргэжил эзэмшжээ.
Л.Мягмарсүрэн энэ сайхан мэргэжлээ шилэн сонгож авсан нь мэдээж юм. Энэ мэргэжлийг эзэмших хугацаанд өөр нэгэн мэргэжил Мягмарсүрэнг шилэн сонгож өөртөө татаж байжээ. Энэ мэргэжил бол зохиолчийн мэргэжил, өөрөөр хэлбэл сэтгэл зүрхний оройн чимэг яруу найраг байжээ.
Мягмарсүрэн яруу найрагт сэтгэл зүрхээ далдуур эзэмдүүлэн явсаар нэг мэдэхэд өөрөө шүлэг тэрлэдэг болсноо ухаарч, зохиолчийн авьяасаа сорихоор эргэлтгүй шийдсэн байна. Хүний их эмчийн мэргэжил анх шилж авсан залуу хүү яагаад зохиолчийн мэргэжилтэй болохоор шийдэв. Энэ чинь мэргэжил сольж байгаа хэрэг үү гэвэл тийм биш юм. Зохиолчийн мэргэжлийг хүн шилэн сонгож авч болдоггүй, харин энэ мэргэжил өөрөө хүнээ шилэн сонгож авдаг юм. Мягмарсүрэнд тохиолдсон явдал үүнийг баталж байгаа хэрэг.
Л.Мягмарсүрэнгийн Урины шувуу хэмээх энэхүү анхны ном дээрх асуудалд тодорхой хариу өгч байна гэж би бодож байна. Үнэхээр энэ номыг уншихад зохиолчийн авьяас буюу шүлгийн авьяаслаг бичлэг нь номын эхнээс дуустал ажиглагдаж байгаа нь сэтгэл баярлуулж байна. /Б.Явуухалан. Түүвэр зохиол. II боть. УБ. 1990 213-214 дүгээр тал/.
Мөнхүү их найрагч хэвлэлийн нэдсэн редакцид уг номын тухай бичсэн тодорхойлолтондоо Энэ хүүгийн авьяас эхнийхээ шүлгээс эхлээд эцсийнхээ шүлгээ хүртэл улаан шугам мэт нэвт гэрэлтэн байна хэмээн бичсэн байдаг. /Б.Явуухулан. Урины шувуу номын тодорхойлолт. УБ. 1981.8.30.
Их яруу найрагчийн элэгсэг дотно сэтгэлээс нь ундарсан ийм сайхан оршил өгүүлэл, тодорхойлолтод Л.Мягмарсүрэн онгирч дэгдэж яваад Урины шувуу номынх нь эхийг редакторлож цоохорлосон Б.Явуухулангийн гар бичмэлийг борооны усанд шалба цохиулсан гэдэг. Одоо энэхүү хувь өөрт нь хадгалагдаж буй билээ.
Түүнээс хэдэн жилийн хойно Зохиолчдын хорооны яруу найргийн зөвлөлийн номын төлөвлөгөөнд номоо оруулж чадаагүйдээ бухимдан:
--Явуухулангийн шавь гэдэг гай болж байна. Бас л номын төлөвлөгөөнөөс хасагдчихлаа гэж Д.Пүрэвдоржид гаргах ёстой уураа надад ширвэсгээд өнгөрч билээ. Энэ бол Л.Мягмарсүрэнгийн хувьд их багшийнхаа өмнө хэлээр үйлдсэн нэгэн нүгэл байлаа.
Бурхан багш бие, хэл, сэтгэлээр үйлдэх гурван нүгэл байдаг тухай айлджээ. Харин Л.Мягмарсүрэнгийн хувьд сэтгэлээр үйлдсэн нүгэл байхгүй дээ. Хүн нь тийм юм. Цагаахан, цайруухан ховор л хүн дээ. Нэгэнт үйлдсэн өмнөх нүглийг Л.Мягмарсүрэн сайн шүлэг, сайн ном бичиж л цайруулах учиртай болов уу. Тэгээд ч энэ номоо сайн болгох гэж ихэд хөдөлмөрлөсөн болох нь ажиглагдаж байна.
Цааш өгүүлэх нь:
Л.Мягмарсүрэнгийн энэ номд дурсгалын шүлэг нэлээд орж байна.
Яруу найрагчдын тухай нэгэн бүлэг гэмээр шүлэг бий. Чойном, Лувсандоржийг дурсахуй, Нямсүрэнгийнхээ дурсгалд, Ц.Гайтав агсаны дурсгалд гэх мэт шүлгүүдэд яруу найраг, яруу найрагч хоёрыг эрхэмлэсэн санаа нэвт шингэжээ.
Бас хэл шинжлэлч Чой.Лувсанжав, төрсөн дүү Л.Нямгарав, ангийн найз эмч Жанчивдорж нарын дурсгалд зориулсан нь ч бас дотоод сэтгэлийн гүнээс шүүрч гарчээ.
Иймэрхүү шүлгүүд хэний ч албадлагагүй ундран гардаг болохоор чамбай сайн болдог тал бий. Харин тухайн хүнээ хэтрүүлэн магтчих гээд байдаг нэгэн гэм бас бий. Хэрвээ албадаж бичвэл хоосон цагаан магтаал болохоос зайлахгүй.
Сэтгүүлчийн хөдөлмөр олон жил эрхэлсэн Л.Мягмарсүрэн энд тэнд явж, хүний яриа, ялангуяа хөгшчүүлийн яриа хөөрөө сонсох дуртай билээ. Тэр зан чанар нь энэ номд орж байгаа Гарваачогсом гуай гэж..., Даваабатын ээж гэх зэргийн шүлгүүдээс нь тодорхой мэдрэгдэнэ.  Амьдралын гүн ухааныг энгийн үгээр илэрхийлж, амьдралыг хөгшдийн ухаанаар тунгаажээ.
Амьдралын гүн ухаан гэдэг нь их жирийн, энгийн юм шүү дээ. Тэгээд ч яруу найргийн гүн ухаан гэдэг нь сургуулийн ширээнд үздэг гүн ухаанаас шал өөр билээ. Хүүхэд залуучууддаа сургамжлан хэлж байгаа монгол настан буурлуудын үг нь тэр чигээрээ амьдралын туршлага, амьд гүн ухаан, эгэл жирийн харилцаа байдаг юм. Түүнийг л энэ шүлгүүд илэрхийлсэн байгаагаараа тос даасан хуучин цагийн бор авдар мэт ээ.
Яруу найргийн гүн ухаан нь явж явж хамгийн сүүлд өөрийгөө таних гэж оролддог байна. Их Нацагдорж нэгэн шүлэгтээ Би хаана төрөв? Чи хаана төрөв? гэж асуусан байдаг билээ. Энэ ноцтой асуултад Б.Явуухалан хариулсан билээ. Б.Явуухулангийн Би хаана төрөө вэ? шүлэгт хөгжмийн зохиолч Г.Бирваа ая зохиож, дуучин Ж.Уртнасангаар дуулахдаа эхэлж гарчигийг нь хэлээд Би монгол газар, монгол хүн болж төрлөө гэсэн үглэл үгсийг нэмсэн байгаа нь мөнөөх өөрийгөө таних эрлийн үргэлжлэл болж байгаа юм.
Л.Мягмарсүрэн энэ номоороо өөрийнхөө Би-г босгож байна.  Би гэдэг... гэсэн шүлэг нь асар их догдлолтой шүлэг бөгөөд өөрийнхөө тухай ингэж хурцаар илэрхийлэх хүн үгүй биз. Байдаг юмаа гэхэд тун ховор байх. Энэчлэнгээр Хэрэггүй хүн ээ, би, Би гэж нэг махан овоо, Би, чулуу шиг хатуу байна, Нэг л өдөр гэх зэрэг шүлгүүдээрээ бодож эргэцүүлсэн, заримдаа улайм үнэнийг өчиж гаргасан Би гэдэг цогцолбор дүрсийг босгож байгаа билээ. Энэхүү Би бол найз нөхөд нь Шар Мийгаа гэж хочилдог Л.Мягмарсүрэн биш юм. Зарим талаар, бүр олон талаар Би, Л.Мягмарсүрэн хоёр адил төстэй байж болох ч Л.Мягмарсүрэнгээсээ ялгарч гарсан тусдаа бодьгал юм. Ингэж байж л уран сайхны дүр бүтдэг жамтай.
Уран үгийн дүр бүтээх гэж чармайж явсан эрэл нь нэгэн цогц болохоороо уран сайхны дүр болон төлөвшихийн жишээг энэ хэдэн шүлгээс харж болно. Байгаль ертөнцийн юмс үзэгдлийг таньж мэдэж болдог байтал хүн өөрийгөө таньж мэднэ гэдэг хамгийн бэрхтэй ажээ. Уолт Уйтмений өвчний навч, Д.Нацагдоржийн Чи бидэн хоёр, Э.Межелайтисийн Хүн, М.Цэдэндоржийн Хүний орчлонд би яах гэж төрсөн юм бэ? зэрэг шүлэг найраглалууд нь цөмөөрөө энэхүү бэрхийг гэтэлж, өөрийгөө таньж мэдэх гэсэн зохиолчийн зориг хүслээр дүүрэн хөвчилсөн байдаг. Энэхүү эрэлд Л.Мягмарсүрэнгийн гэх хувь нэмэр, бодол санаа нэгэнт цогцлон босоод байгааг та анхааралтай ажиглах хэрэгтэй болжээ.
Шүлгийн номын тухай өгүүлэл сунжруу урт байх нь баахан тиймхэн гэж мэдэх боловч мэдсээр байгаад чамгүй сунгачихлаа. Тийм болохоор ингээд дуусгая.
Гэхдээ болоогүй ээ, дуусгахын өмнө яруу найрагчтай танилцаж, үерхэн нөхөрлөсөн тухайгаа цөөн хэдэн үг хавчуулахгүй бол боломгүй мэт санагдана.
1974 оны намар бид танилцжээ. 1975 оны намраас жинхэнэ ёсоор үерхэж  ирснээс хойш 30 жил болж байна. Бидний хэдэн нөхөд өөрсдийгөө уран бүтээлийн Гал нэгдэл хэмээн нэрлэж, бие биенээ урам зоригоор тэтгэж дэмжиж явлаа. Уран найргаар нөхөрлөсөн зарим нөхөд маань мөнхийн саруулд зорчиж, дурсамж болон хувирчээ. Үлдэж байгаа хэд нь хувь хувьдаа хийж бүтээж явна. Гал-ын ахлагч эрхэм нөхөр Г. Мэнд-Ооёодоо зориулсан Алтан Овоо шүлгээ ч энэ ном оруулсан байна.
Тэгэхээр энэ ном бол Гал нэгдлийнхээ 30 жилийн ойд зориулсан Л.Мягмарсүрэнгийн шинэ уран бүтээлийн тайлан гэсэн ч болно байх. Над мэтэд нь шинэ бүтээл гэж базаагаад байх юм хомс болохоор хуучин хэдэн шүлгээ дахин хэвлүүлдэг ч юм билүү гэж бодно.
Гал-ын дөлд дулаацаж явсан нөхөд өнөөдөр үзүүлэх номтой, үүрэх ачаатай болцгоожээ. Г.Мэнд-Ооёо, Ц.Ойдов, Ш.Гүрбазар нар соёлын болон урлагийн гавьяат зүтгэлтэн, О.Дашбалбар Төрийн шагналтан, Д.Нямсүрэн Д.Нацагдоржийн нэрэмжит шагналтан, Ч.Хүрэлбаатар, Л.Мягмарсүрэн нар МЗЭ-ийн шагналтан, Ж.Оюунцэцэг Монголын орчуулагчдын эвлэлийн шагналтан, Ж.Саруулбуян МҮЧЗЭ-ийн шагналтан болцгоожээ.
Дэлхийн яруу найрагчдийн XXV  их хурал саяхан Лос Анжелес хотноо болж, манай Гал-ын хоёр гишүүн тэнд төлөөлөгчөөр оролцлоо. Тус их хурлаас XXVI их хурлыг Монгол Улсад хийх, Их хурлын Ерөнхийлөгчөөр доктор Г.Мэнд-Ооёог томилсон шийдвэр гаргалаа.
Үлэмжийн суут Д.Нацагдорж, Б.Явуухулан нарын үйлс гавьяаг манай Гал-ынхан үргэлжлүүлж байгаа нь энэ. Д.Нацагдоржийг 25 настай байхад Б.Явуухулан мэндэлжээ. Явуухуланг 25-тай анхны номоо хэвлүүлж явахад  Л.Мягмарсүрэн төржээ. Энэ гурван яруу найрагч гурвуулаа гал, төмөр, модон махбодын ялгаатайгаас бус морин жилтнүүд юм.
Их Нацагдоржийн амьсгаа бидэнд ийнхүү уламжилж ирсэн билээ. Ирэх жил Д.Нацагдоржийн 100 жилийн ой болно. Яруу найрагч, сурвалжит тайж Д.Нацагдоржийн дээд удам Чингис хаан Монголын тулгар төрийг үүсгэн байгуулсны 800 жилийн ой болно.
Энэ үйл явдал бүхэн яруу найрагчид шинэ санаа, шинэ онгод төрүүлнэ байх. Ингэж цогцолсон эрчим хүч яруу найрагчид хүчтэй нөлөөлөх нь байдаг. Яруу найрагч Л.Мягмарсүрэнгийн сэтгэлийн гүр соронзон эх оронч сэтгэлийн туйл руу уран яруугаар татагдана билээ.
2005 оны 9 сарын 20.
Чикаго хот.

 

 

 
 
 
References

 

 

GO BACK TO WEBSITE

Batmunkh.Ts Mongol Internet Contact to daanjuur@yahoo.com