Манжийн түрэмгийлэгчдийн эсрэг
Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, цэргийн
зүтгэлтэн Ж.Дамдинсүрэн Хөлөнбуйрын барга хошуунд 1871
оны шороон гахай жилийн хаврын илүү тэргүүн сарын шинийн
арван дөрвөнд буюу гуравдугаар сарын 13 –ны өдөр төржээ.
Тэрбээр бичиг үсэгт эрт тайлагдсан нэгэн байсан тул 16
настайгаасаа хошууны тал бичээч улмаар хошуу зангийн
албыг хашиж байсан аж. Монголд эрх чөлөөний хөдөлгөөн
үүсэхэд (1911-1912) хошуу занги тэрхүү хөдөлгөөнд
идэвхийлэн оролцсон төдийгүй баруун хязгаар, Ховдыг
чөлөөлөх байлдааныг Хатанбаатар Магсаржавын хамт
чадамгай удирдсан тул манлай баатар цолоор шагнуулсан
байна. Богд хаант Монгол Улс байгуулагдсаны дараа
Дамдинсүрэн Нийслэл хүрээнд ирж удалгүй Гадаад яамны дэд
сайдаар томилогдон ажиллаж байжээ. Ардын хувьсгал ялахын
өмнөхөн буюу 1920 оны намар Хятадын цэргийн эрх баригчид
Дамдинсүрэнг нөхдийнх нь хамт баривчлан хүнд эрүү шүүлт
тулган байцаасан авч ганц ч өчиг авч чадаагүй гэдэг.
Үүндээ хорссон гамингууд түүнийг хэдэн сарын турш
харанхуй гянданд хорьж, өдөр шөнөгүй тамлан зовоож
хороожээ. Манлай баатар амь тасрах үедээ хамт хоригдож
байсан нөхөддөө” Би хятадын харгисуудын дэргэд
хэвтээгээрээ үхэхгүй, босоогоороо үхнэ” гээд гяндангийн
хана түшин нас эцэслэсэн аж. Хожим түүхэн энэ үнэн
”Хатанбаатар Магсаржав” кинонд тод томруунаар туссаныг
уншигч та санаж буй нь лавтай. Материалыг үндэсний
архиваас авав.
|