Н.Түвшинбаяр Олимпийн аварга боллоо!
Ингээд Олимпийн алтан медалийн төлөө Казакстаны Асхат Зиткеайтэй учраа таарч оноогоор илт илүүрхэн ялснаар Олимпийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртлээ. Нийт монголынхоо ард түмний өмнөөс Түвшинбаяртаа халуун баяр хүргэе. Эх орон чинь чамаар бахархаж байна Түвшээ !
Н. Түвшинбаяр хагас шигшээ барилдаанд Азербайжаны
Мовлуд Миралиевтэй барилдахаар дэвжээнд гарлаа. Хоёр бөх 5 минутын
турш барилдсан боловч хэн нь ч үнэлгээ авсангүй. Дүрэм ёсоор цаг
сунгаж барилдав. Нэмэлт цагийн 5 минутанд хэн түрүүлж, оноо авсан нь
ялалт байгуулдаг билээ. Барилдаан эхлэнгүүт Н. Түвшээ маань өмсөх,
бусгах зэрэг мэхийн ордлого хийж байсан ч үнэлгээ авсангүй, өөрөө ч
алдсангүй. Мэхийн олон оролдлогуудаас нэмэлт цагийн 1,49 минутанд
хийсэн өмсөх мэх амжилттай болсноор манай бөх олимпийн мөнгөн
медалийг халаасаллаа.
Аваргын төлөө өрсөлдөгч нь Казахстаны Асхат Житкееь байлаа. Манай бөх тун дайчин, зоримог, ухаалаг барилдаж, өмсөх мэхээр өрсөлдөгчөөсөө вазари, улмаар 2 юко үнэлгээ авч, ялалтаа баталгаажууллаа. Харин цаг дуусахад ердөө 11 секунд дутуу байхад манай бөхийг торгосон нь барилдааны чанарт нөлөөлсөнгүй. Барилдаан дуусч 44 жил хүсэн хүлээсэн олимпийн аварга Монголчууд хүлээн авлаа. Тэмцээний сугалаанаас харахад хамгийн хүнд
барилдаан хийх нь Н.Түвшээ байв. Эхлээд л Японы алдарт бөх,
К.Сузукитэй таарсан нь олон хүний итгэлийг алдруулж байсан билээ.
Гэвч түүнийг цэвэр, улмаар БНСУ-ын бөх Афины олимпийн мөнгөн медальт
Жан Сун Хог кока үнэлгээгээр ялж аваргын замаа зассан билээ. Наадмын
од орсон бөх унадаггүйтэй адил аваргыг хожсон Түвшээг энэ өдөр
хазайлгах хүн гарсангүй. Жүдоч Н. Түвшинбаярын хүртсэн алтан медалийн ачаар
Монголын баг 1 алт, 1 мөнгөн медальтай болж медалийн жагсаалтын
18-19 дүгээрт Словакийн багтаа цуг бичигдлээ. Бээжинд
бүтээсэн 4 гайхамшиг Эхний гайхамшиг буюу 28 жилийн дараахи мөнгөн медаль
Наадмын эхний дөрөв хоног манай багийн хувьд сэтгэл түгшээсэн хар өдрүүд байлаа.Найдвар болсон жүдочид ялагдаж, буудлагынхан эхний дасгалдаа хоосон хоцроод... Харин тэмцээний 5 дахь өдөр буюу 8 дугаар сарын 13-нд Монгол улс мөнгөн медаль авч, олимпийн наадмаас медаль авсан орны жагсаалтанд бичигдсэн билээ. Тэрхүү медаль нь эгэл биш, 28 жил тасарсан амжилтыг залгуулсан мөнгөн медаль байлаа. Монгол түмний хүсэн хүлээсэн Бээжингийн олимпоос хамгийн түрүүнд медалийн эзэн болж, анхны гайхамшгийг бүтээгч нь Отрядын Гүндэгмаа. Атлантын алтан олимпоос хойш олимпийн наадамд цэц мэргээ сорьж байгаа Гүндэгээ маань Бээжинг зорих эрхээ хамгийн түрүүнд авсныхаа адил олимпийн медалийг ч анхлан авч ард түмнийхээ итгэлийг хүлээсэн хүчтэй тамирчин болохоо нотлов. Буудлагын тэмцээний спорт гар бууны 25 метрийн дасгалд Гүндэгээ мөнгөн медалийг нь олимпийн дээд амжилттай нь цуг авлаа. Тэрээр урьдчилсан буудлагад 60 сумнаас 590 онож Хятдын тамирчин Тао Лунагийн тогтоосон рекордыг давтсан билээ. Мөнгөн медалийн эзэн О.Гүндэгмаад олон түмэн булган сүүлээ хайрлаарай хэмээн ерөөж байсан нь ердөө ганцхан хоногийн дараа л биелэлээ олов. Бээжинд бүтээсэн 4 гайхамшгийн анхдагч гавъяат тамирчин О. Гүндэгмаа Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар хөдөлмөрийн баатар боллоо.
Наймдугаар сарын 14. Энэ өдрийг Монгол улсын түүхэнд алтан үсгээр бичсэн ч багадах билээ. Үй олон Монголчуудыг баяр хөөрт умбуулж, төв талбайдаа цэнгэлдэн хөөрөх, эх орноороо бахархах нэгэн агуу Монгол гайхамшиг олимпийн нийслэлд бүтээгдсэн бөлгөө. Тэрхүү гайхамшгийг жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд зодоглосон ОУХМ Найдангийн Түвшинбаяр бүтээлээ. Олимпийн наадмын жүдогийн тэмцээний өмнөх өдөр болсон сугалааг харахад түүний хэсэгт олимпийн аварга, дэлхийн хошой аварга Японы Кейжи Сузуки, дэлхийн супер цомын аварга ОХУ-ын Расул Гасымов, олимпийн мөнгөн медальт БНСУ-ын Жан Сун Хо нарын "акулууд" байсан нь Н. Түвшээг олимпийн медаль хүртэх найдварын тооноос хасахад хүргэж байлаа. Гэвч сугалаанаас үл хамаарч, аваргыг хэрхэн давж аварга болдгийг Н. Түвшинбаяр маань яруу тодоор харуулсан тул дахин нурших нь илүү бизээ. Монгол улс олимпийн хөдөлгөөнд нэгдэн олимпийн наадамд оролцож эхэлснээс хойш 44 жилийн турш хүсэн хүлээж, харж, мөрөөдөж байсан тэрхүү алтан медаль эх оронд маань ийнхүү ирлээ. Олимпийн анхны Монгол аваргаа эх орон нь, элгэн түмэн нь хүндэтгэн угтаж, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин цолоор шагнаснаар Н. Түвшээ маань хамгийн залуу хөдөлмөрийн баатар /24 настай/ болсон билээ.
Монголын боксын шигшээ багийн түүхэнд Бээжингийн олимпийн наадам яах аргагүй хүндтэй байр эзлэнэ. Тэдний үзүүлсэн амжилт нь түүхийнхээ хэд хэдэн амжилтыг шинэчилсэн юм. Дөрвөн тамирчин олимпийн наадмын рингэнд гарснаас 3 нь медалийн төлөө тулалдсан нь өмнөх "Сөүл-88"-нд үзүүлсэн амжилтыг давтсан боловч оролцсон хүнийхээ тоотой харьцуулбал илүү үзүүлэлт. 1988 оны олимпийн наадамд Монгол улс 7 боксчноо илгээсэн түүхтэй. Тэмцээний 48 кг-ын жинд тулалдсан ОУХМ Пүрэвдоржийн Сэрдамба Монголын багийн төдийгүй олимпийн боксын рингэнд нээлт болсон. Ширүүн өрсөлдөөн дундаас 2 давсан П. Сэрдамба хүрэл медалийн төлөө Тайландын боксчин өнгөрсөн жилийн дэлхийн аваргын хүрэл медальт Амнат Руенроенгтой тулалдав. Энэ тоглолт тактикийг зөв сонгож, хэрэгжүүлж чадвал ялалт авдагийн сонгодог жишээ боллоо. Дасгалжуулагчдынхаа боловсруулсан тактикийг манай хүн онц биелүүлснээр олимпийн медалийн тавцанд гарах болзол биелүүлэв. Түүний энэ медаль нь Монголын боксын түүхэнд шинэ дээд амжилт боллоо. Учир нь түүний өмнөх өдөр гавъяат тамирчин Э.Бадар-Ууган медалийн болзол хангаад байсан бөгөөд ширэн бээлийтнүүдэд маань нэг олимп болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг дор 2 медаль авч байсан тохиолдол байгаагүй билээ. Сэрдамбаын ялалтын буухиа үүгээр дууссангүй хагас шигшээ тоглолтонд Кубын Ямпир Эрнандестэй зоримог сайхан тоглож, урд хойноо орж явсаар 8:8 -аар тэнцсэн ч туслах оноогоор өрсөлдөгчөө ялснаар мөнгөн медалийн болзол хангаад олимпийн аваргын төлөө тулалдахаар болж, өмнө байгаагүй рекорд тогтоов. Олимпийн мөнгөн медаль боксчдын түүхэнд анхных. Шигшээ тоглолтонд манай тамирчныг нутгийн эзэн дэлхийн хошой аварга, Афины олимпийн хүрэл медальт Зоү ШиМин хүлээж байлаа. Тоглолтын эхний үеэс л шүүгчид эзэн тамирчинг дэмжих хандлага гаргаж, манай хүний хэд хэдэн цохилтыг оноонд тооцсонгүй. Түүнээс гадна өмнөх тоглолтонд сэдэрсэн мөрний архаг гэмтэл нь П.Сэрдамбад саад болж, тоглолтыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болов. Хэдийгээр бүтэн тоглолт хийгээгүй ч асар их тэсвэр гарган рингэнд гарсан Сэрдамбаараа бид бахархах нь зүй. Монголын боксын түүхэнд дээд амжилт тогтооход хувь нэмэрээ оруулж, олимпийн рингнээ гайхамшигт тоглолт үзүүлэн мөнгөн медаль хүртсэн ОУХМ Пүрэвдоржийн Сэрдамбыг Монголын төр гавъяат тамирчин цолоор мялаалаа.
Энхбатын Бадар-Ууган. Энэ нэр олимпийн өмнө дэлхийн спортын сэтгүүлчид, мэргэжилтнүүдийн анхаарлыг зүй ёсоор татаж байлаа. Тиймдээ ч түүнийг АНУ-ын нэр хүндтэй 2 ч хэвлэл Бээжингийн рингнээс алт хүртэх тамирчны тоонд багтааж байлаа. Бид ч мөн Ууганаадаа найдаж байв. Бусадтайгаа харьцуулбал сугалаа харьцангуй гайгүй таарсан гэж хэлж болно манай хүнд. Куба, Тайланд, БНСУ, зэрэг хүчтэй тамирчдыг нь нөгөө хэсэгт нь багтааж, дэлхийн аварга ОХУ-ын С. Водопьяновтой хагас шигшээд буюу мөнгөн медалийн төлөө таарахаар сугалжээ.Гэвч олимпийн дэвжээнд таван тивээс шалгарсан хүчтнүүд зодоглодог болохоор сул өрсөлдөгч гэж огтхон ч үгүй. Харин ч алхам бүрээ хянаж, ухаантай, болгоомжтой байх нь чухал. Гавъяат маань эхний даваандаа Мексик залуу Оскар Валдесийг хожсоны дараа Ирланд, Ботсваны тамирчдыг давж хүрлийн болзол хангав. Энэ медалийн болзлоо дээр өгүүлсэн Сэрдамбын тоглолтын өмнөх өдөр хангасан учир Сөүл, Барселонагийн олимпод боксчдынхоо үзүүлсэн амжилтыг давтсан хэрэг байв. Мөнгөн медалийн төлөө тоглох учраа нь өнгөрсөн ДАШТ-ний 48 кг-д тоглож байсан Молдавын В. Гоян хэмээх тоглогч. Дэлхийн аварга орос хоёрын даваанд Энэтхэгийн Кумарт ялагдаж, мөнөөх В.Гоян нь Кумарыг хуссанаар олимпийн хүрэл дээр буусан юм. Манай хүн тун дайчин тоглож, 15:2-оор илүүрхэн хожсоноор олимп, дэлхийн хос мөнгөн медальт анхны Монгол боксчин болох түүхэн алхам хийлээ. Гэвч олимпийн мөнгөн медаль "түр зуурынх" байсан нь шигшээ тоглолтын дараа мэдэгдлээ... Бээжингийн олимпийн боксын тэмцээний 54 кг-ын аваргын төлөө улааан булангаас Кубын Леон Аларкон Янкил, хөх булангаас Монголын Энхбатын Бадар-Ууган нар тулалдна... Куба залуугийн өмнөх тоглолтуудыг харж байхад битүү хамгаалалттай, нягт тоглолттой, бэрх хүн байв. Харин манай Ууганаа бэргэсэнгүй, бүх талаараа илүү, итгэлтэй дайчин тоглосоор 16:5-аар илүүрхэн ялж, дэлхийн тамирчин гэдгээ нотолсны зэрэгцээ олимпийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлсэн хоёр дахь гавъяатан боллоо. Бээжингийн олимпийн Монгол баатруудын нэг гавъяат тамирчин Энхбатын Бадар-Ууган хөдлмөрийн баатар цол хүртсэнээр хамгийн залуу хөдөлмөрийн баатрын "рекордыг" нэг жилээр / 1985 онд төрсөн / ахиулсан бөлгөө. Ийнхүү хүн төрөлхтний найрамдал, нөхөрлөл, эв нэгдлийн бэлэг тэмдэг зуны олимпийн наадамд Монголын баг амжилттай оролцож, түүүхэндээ гурав дахь удаагаа 4 медаль авсны дотор "улиг болсон", удтал хүлээж, арайхийн хүртдэг хүрэл байсангүй. Олимпийн 4 баатрын маань эртний Их Юань гүрний нийслэлд бүтээсэн гайхамшгийн дүнд ирсэн 2 алт, 2 мөнгөн медалийн ачаар манай улс 204 улсаас 31 дүгээрт бичигдэж, эх орны минь нэр ертөнц дахинд дуурслаа. Цагийн хүрд зогсолтгүй үргэлжилэн, дэлхий, тивийн аваргын тэмцээнүүд ээлжлэн зохиогдсоор нэг л мэдэхэд 4 жил харвасан сум шиг өнгөрч Лондонгийн олимп хөшгөө нээнэ. Тэр цагт эзэн Чингисийн үр сад эрэлхэг тамирчид маань Буурал европыг дайлаар мордож, Будант Альбионоос олон медаль "олзлон" ирэхийн ерөөл өргөн олимпийн баатрууддаа мэхийн ёслоё. |