Zuraach Nyam-Osor Chultem

BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE

 

 

 

   

 

     
   

 

 
Nyam-Osor Chultem (1923-2001) 
 
 
 

 


Төрийн шагналт, Ардын зураач Ням-Осорын Цүлтэм

 
 

1923 ond Arhangai aimgiin UnderUlaan sumyn Huremiin amny Byatshan havchigt nert gazar mendelsen
1937 ond (14nas) Dotood yamny baga surguulid orson
1940 ond (17nas) Tuv tyeatrt ardyn zuraach L.Gavaagiin tuslah zuraachaar
1944 ond (21nas) Kino uildvert zuraachaar
1945 ond (22nas) Surikovyn neremjit Moskvagiin Uran zurgiin deed surguulid
1958 ond (35nas) Talyn ail buteeleeree Turiin shagnal hurtsen
1960 ond (37nas) Uchirtai gurvan tolgoi jujgiin taiz chimegleliig hiij
1960ond Mongol ulsyn turiin suldiig zurj buteesen, Zanabazaryn muzeig baiguulsan
1973 ond (50nas) Ardyn zuraach tsol
1999 ond (76nas) Hudelmeriin baatar tsol hurtsen

 

Сүүлчийн мөч хүртлээ аавын минь зүрх / 2006.01.4, Өнөөдрийн монгол

Ээжийн тухай дуу, шүлэг олон. Гэвч тэр бүр бид аавынхаа ачийг магтан дуулах нь ховордож байх шиг. Харахад нэг л том уул атлаа аав гэдэг дандаа дотроосоо нурж өтөлдөг хайр эмзэглэлийн ертөнц билээ. Ингээд "Миний аав" булангийн зочноор АНУ-ын Калифорнийн Их сургуулийн доктор (Ph.D), урлаг судлаач Цүлтэмийн Уранчимэгийг урилаа. Түүний аав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын зураач Ням-Осорын Цүлтэм гуайн уран зургийн сонгодог бүтээлүүд хийгээд дүрслэх урлаг, монгол зургийн судлалд оруулсан нөр их хөдөлмөрийг нь үнэлээд баршгүй.

"ХАВТАС" ЦҮЛТЭМ, "ХАДААС" ГАВАА
Манай аав Архангай аймгийн Өндөр Улаан сумын нутаг Хүрэмийн амын "Бяцхан хавчиг" гэдэг газар 1923 онд төрсөн. Багадаа Хүрээ хийдэд шавилан ламын тогоо барьж ном үзэх нэрээр долоон жил зодуурын амт үзсэнээ тэсвэр хатуужилтай болсон гэж ярьдаг. 1937 оны хэлмэгдүүлэлтийн үеэр дотоод яамны бага сургуульд орсон. 1940 ондУлсын хөгжимт драмын төв театрт Ардын зураач Л.Гаваа гуайн туслах дагалдан зураачаар ажилласан. Хамгийн анх театрын сандлуудын номерийг цагаан будгаар будсан гэдэг юм. Багаасаа их нямбай цэгцтэй хүүхэд байсан болохоор багшийнхаа өгсөн даалгавар, бусад зураг судалгаа бичгүүдээ үргэлж хавтсанд хийж явдаг байж.

Театрынхан "хавтас" Цүлтэм, "хадаас" Гаваа гэж дооглодог байсан гэнэ лээ. Тухайн үед аав нь хилс хэргээр хэлмэгдэж, ээж нь хүрээнд таних хүмүүс байхгүй болохоор дүү нарыг нь аваад садан төрлөө бараадан нутаг руугаа буцсанаар аав театрын ажилчдын байрны галладаг ганц өрөөнд амьдарч үлдсэн юм билээ. Энэ үед ээжтэй танилцаж хөдөө аймгуудад урлагийн бригадаар явах болсон. "Цүлтэм баян хуур тоглож би түүний аялгуунд орос, монгол ДУУ дуулна. Вагын хөгжмийн мэдрэмж, сонсгол сайтай хөөрхөн дуулдаг бас орос бүжиг бүжиглэдэг байсан" гэж Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай дурсдаг юм. Л.Цогзолмаа гуай аав хоёрыг бага байхад театрынх нь " бүлтүүшүүд" гэж нэрлэдэг байсан гэдэг.
Аав театрт ороод "Шарай голын гурван хаан", "Амарсанаа", "Учиртай гурван толгой" зэрэг олон алдарт жүжгийн тайз чимэглэлийн гүйцэтгэх зураачаар ажилласан. Хожим I960 онд "Учиртай гурван толгой" жүжгийн тайз чимэглэлийг шинэтгэж зураг эскизийг гаргасан нь одоо хүртэл тоглогдож байна. 1944 онд кино үйлдвэрийн анхны зураачаар орж 20-р зууны шилдэг "Цогт тайж" киноны жижиг хэрэглэлийн зураачаар ажиллаж, тэр үеийн сэлэм, бамбай, жад, малгай, гүц, сав суулга зэргийг сайн судалсны үндсэн дээр маш чадварлаг гаргасан.
Аав энэ түүхэн том киноны зураачаар ажилласан тухайгаа "Зураг авалтын үед ирээдүйн академич Б.Ринчен болон оросын алдарт найруулагч Юрий Таричтай танилцаж хамт ажилласан.нь зөвхөн миний мэдлэг, оюуныг баяжуулаад зогсохгүй цаашид суралцах хүслийн үүдийг нээж өгсөн" гэж дурсан ярьж байлаа.
Ингээд1945 оны намар Л.Ванган, Г.Одон, Ц.Доржпалам нарын хамт киноны зураач болохоор Москвад очсон боловч элсэлтийн шалгалтаасаа хоцорч нутаг буцах гэж байтал тэнд элчин байсан Ж.Самбуу гуай дагуулж Суриковын нэрэмжит Уран зургийн сургуульдоруулсан гэдэг. Галт тэргээр бүтэн долоо хоног явж очихоос аваад Москва аавын минь хувьд цоо шинэ ертөнц байсан. Дайны дараа үе болохоор хоол хүнс бүх юм ховор. Их л өлссдөг байсан гэдэг юм. Ямар сайндаа талхан дээр масло түрхэхдээ хүртээх төдий үнэртүүлээд орхидог байсан гэсэн.
Ерөөсөө бага сургуулийн дөрөвдүгээр ангийн боловсрол эзэмшсэн хүн чинь Орост очоод мэргэжлийн зураачдын дунд хичээлээ гүйцэхгүй дээр нь хэл сайн мэдэхгүй эхний хоёр жил сандарч байсан гэсэн. Тэгээд өдөр шөнөгүй хичээлээ давтдаг байж.
Харин гуравдугаар ангиасаа найз нөхөд ч олонтой болж хоцорсон бүх хичээлээ нөхөж авсан. Ингээд ангийнхантайгаа сурлага авьяасаараа нэгэн жигд бүр заримаас нь илт давуу болж эхэлсэн.
Зуны амралтаараа нутагтаа ирэхгүй. Латви, Эстони, Беларусиар аялан судалбар хийж буурал европын соёлыг үнэрлэн өөртөө бас нэг шинэ ертөнц нээсэн. Аав энэ тухайгаа гайхалтай гоё ярьдаг байлаа. Чулуун шилтгээт зам дээгүүр морь тэрэг товшиж өнгөрөх, хүн бүхний амгалан тайван байдал найрсаг харьцаа, нарны зөөлөн амьсгал, цэнхэрлэх далайн хөвөө зэрэг европын орнуудын бүх л зуйл шинэ сэргэгээр мэдрэгдсэн байх.
Хойно оюутан байхдаа Хятадын Засгийн газрын Москва дахь төлөөлөгчийн Лү гэж охинтой дотно байсан юм билээ. Аавыг нэг, хоёрдугаар курст байхад тэр бүр дугардаггүй байж. Харин гуравдугаар курст орсон жилээс мэнд устай болж, зурсан зургийг нь сонирхож уран бүтээлийн найзууд болсон. Гадаадын ховор үнэтэй номыг олж аавд уншуулдаг. Олон талын авьяастай өндөр боловсролтой хүүхэд байсан аж. Аав Лүгийн тухай "Надад их юм үзүүлж зааж сургасан" гэж ярих дуртай. Гэхдээ тэр үед ээжтэй нийлээд анхны хүүхэд нь төрчихсөн байсан болохоор Лү тэр хоёрт янаг амрагийн харьцаа байгаагүй.
1950 оны сүүлээр Энэтхэг орох замдаа Хятад, Вьетнам улсуудаар дайрч санамсаргүй Лүтэйгээ таарсан гэдэг. "Улсын ажлаар явж байсан болохоор тухтай ч уулзаж чадаагүй. Гэртээ аваачих гэхэд нь дараа болъё гээд очоогүй. Түүнээс хойш дахин уулзаж чадаагүй дээ" гэж аав харамсан ярьдаг байсан. Харин тэгж санаандгүй уулзсанаасаа хойш хоорондоо захиагаар харилцсан. "Би Москвад очиж ангийнхантайгаа уулзсан ганцхан чи л байгаагүй" гэж гомдолдог байсан гэдэг. Сүүлийн захианууддаа "Хүүхдийнхээ хамт Австралид амьдарч байна. Энд уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргалаа" гэж бичсэн нандин зүйлсээ бидэнд үзүүлнэ.

Бэтгрэтлээ санасан сэтгэлийг минь салхи тайтгаруулдаг
Би багадаа үргэлж аавынхаа өвөр дээр сууж духыг нь үнсэн халимагных нь үсийг самнадаг байж билээ. Хоёр ахаасаа арав гаруй насны зөрөөтэй төрсөн айлын бага болохоор эрх өссөн. Аавтайгаа дандаа цуг унтаж хол явсан үед дэрийг нь үнэрлэж хононо. Аавын үнэр ямар гоё байдаг гэж санана. Аавыг хол явсан хойгуур бэтгэртлээ санасан сэтгэлийг минь салхи тайтгаруулах шиг болдог.
Аав ирээд "Би салхинд захиалга огсөн юм" гээд инээдэгсэн. Аав хэзээ ч уурлахгүй. Үргэлж нар гэрэлтүүлэн зөөлхөн инээмсэглэнэ. Өөрийнх нь амьдралын гэрэл гэгээт ертөрцийг нээсэн хаалга нь орос орои байсан болоод тэр үү. Нама"йг орос цэцэрлэгт оруулж дараа нь орос сургуульд сурган боловсрол эзэмшүүлсэн. Гэхдээ аавын минь хамгийн том чанар бол хүүхдүүддээ эх оронч сэтгэлгээ үндэсний үзлийг багаас нь мэдрүүлж чадсанд байдаг. Орой болгон бидэнд түүхийн ном зохиолууд уншиж ярьж өгнө.
Би хорин долоон нас хүртэл монгол хүмүүстэй нэг сургуульд байгаагүй. Тэгэхэд л уртын дуу гэж ямар гайхалтай байдгийг, атгахан шорооныхоо төлөө яаж амиа тавин зүтгэдэгийн үнэ цэнийг хэнээс ч илүү ойлгосон.
Аавын минь надад өгсөн хамгийн том өв Монголоо эх орноо хайрлах сэтгэл. Мөн өөрөө бүх тэмдэглэлээ уйгаржин Монгол бичгээр бичнэ. Одоо бодоход тухайн үед урлаг судлалын ажлаа л хийж байж. Эртний чулуу үнэт зүйлс цуглуулах дуртай. Гэрэл зураг авах дуртай. Гэртээ гэрэл зураг угаадаг лабораторитай байсан. Орой болохоор тэр өрөөний гэрлийг унтраагаад аавтайгаа хамт зураг угаана. Номонд үнэхээр хайртай хүн байсан. Манайх дэндүүолон номтой. Хоолоо идчихээд өрөөндөө ороод л ном
уншина.
Маш их хөдөлмөрч, цагийг дэмий өнгөрүүлэлгүй үргэлж уншиж, бичиж, зурж байдаг нь одоо ч нүдэнд харагддаг юм. Аав гурилтай шөл, бүхэл маханд дуртай байсан. Мөн өөрөө ч хоол сайхан хийдэг байсан. Манайхаар Д.Намдаг гуайгаас өгсүүлэээд урлагийн бүх л томчууд ирнэ. Би бага байсан болохоор тэд чухам юу ярьдаг байсныг сайн мэдэхгүй юм. Манай хоёр ах л сайн мэднэ байх. Аавын нэг сайхан чанар нь эмэгтэй хүнийг дээд зэргээр хундэтгэнэ. Цамц, оймс зэрэг дотуур хувцсаа хэзээ ч ээжээр угаалгахгүй. Өөрөө л угаана. Өнгөрснийх нь дараа ээж аавын хувцсыг угаагаад "Би муу өвгөнийхөө хувцсыг одоо л угааж байна" гэж уйлж суусан сан.
Дурслэх урлагийн чиглэлийг манайд хөгжих эх үндсийг нь аав тавьсан. Монголын урчуудын эвлэлийн хороог 33 жил толгойлон удирдаж төрийн яамны хэмжээнд хүргэсэн. Тухайн үед Ю.Цэдэнбал даргаас өгсүүлээд төрийн өндөрлөгүүдтэй ойрхон ажилладаг байж. Залуучуудыг гадаадад сургах гол ажлыг аав л гүйцэтгэдэг байлаа. Энэ хүний ачаар мөн ч олон хүн гадаадад боловсрол эзэмшиж, өөрийн гэх нэр төртэй орон зайтай болсон гэж би боддог юм.
Монголын үндэсний музей, урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимыг байгуулах гэж яаж их зүдэрч нойр хоолоо хасан зүтгэж явсныг нь мэдэн хүн олон байгаа. Дүрслэх урлагийг яаж ард нийт, төрийн удирдлагуудад чөлөөтэй ойлгуулах вэ гэдэг энэ үйл ажлын төлөө чин үнэнээсээ явсан. Үүнийг нь Цэдэнбал Филатова гуай дэмжин 1960 онд Занабазарын музейг байгуулсан. Тухайн үед шашны холбогдолтой бүх зүйл хаагдаж байсан цаг. Гэхдээ амьдралд аавын минь бүх зам дардан байсангүй. Багадаа лам багшийн зодуурын амтыг амссан шигээ амьтны адармаатай хар цагаан хэл ам аавыг бишгүйдээ тойрсон. 1968 онд залуу уран бүтээлчдийн шинэ урсгал чиглэлиин үзэсгэлэн гаргаж зоригтой дэмжсний улмаас нам засгаас хатуугаар донгодуулж байсан гэдэг.

Аавыгаа нэг л удаа баярлуулсан
1971 онд Москвад дэд эрдэмтний зэрэг хамгаалж "Уран зураг", "Уран баримал", "Уран барилга", "Гоёл чимэглэл", "Занабазар" гэсэн зургийн таван цомог бүхий номоо Японд хэвлүүлсэн. Мөн энэ онд Болгарын Софи хотод болсон реалист зургийн олон улсын уралдаанд "Уриа" зургаараа оролцож гранпри буюу тэргүүн шагнал хүртсэн. Берлин, Москва, Бээжин, Улаан-Үүд, Барнаул, Унгарын Будапешт, Японы Токио зэрэг олон хотуудад өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргаж Монголынхоо нэрийг дэлхийд сурталчилсан гавьяатай хүн.
Би 1995 онд Соёл урлагийн их сургуулийн анхны магистрын зэргийг "Хүрээний уран зураг" сэдвээр монгол англи хэл дээр хамгаалж байсан. Дипломын маань ажлыг Урлаг судлаач, тухайн үед Соёл урлагийн их сургуулийн захирал байсан Б.Бадрах багш удирдсан. Аав зэрэг хамгаалсан бүтээлийг маань уншчихаад "Охиндоо их баярлаж байна. Аавыгаа хуулбарлаагүй хэрнээ өөрийнхөө санааг гаргаж чаджээ.
Чиний энэ бүх зүйлтэй аав нь санал нийлэхгүй ч өөрийнхөө санааг гаргаж хамгаалж чадсанд нь баярлаж байна" гэсэн. Энэ бүтээл маань аавд их таалагдсан юм билээ. Би аавыгаа ингэж л нэг баярлуулсан даа. Мөн ээжид "Бага охин маань урлаг судлалыг үнэхээр амталж, түүндээ дуртай болжээ. Үүгээрээ их хол явна байх" гэснийг нь намайг Калифорнийн Их сургуульд докторын зэрэг хамгаалаад ирэхэд хэлж байлаа.
2001 онд хамгийн сүүлд аавтайгаа уулзахад ханиалгаад зүрх нь тасалдаад маш хэцүү байсан. Гэвч маш өөдрөгөөр нүднээс нь оч гийн намайг угтаж Монгол гэж жижигдэхээргүй орон юм.
Гурван бахархмаар зүйл байна. Нэгд, хадны сүг зураг. Ийм зураг байхгүй газар нутаг манай орны хаа ч алга. Хоёрт, Занабазарын урласан бүтээлүүд, Монголд байтугай дэлхийд байхгүй сонгодог. Гуравт, уртын дуу. Энэ бүхнээс үзэхэд бид ямар их агуу оронд амьдарч, тэнгэрлиг хувь тавилантай азтай улс вэ гээд Ардын уран зохиолч, Ц.Дамдинсурэн гуайн хүрээний тухай гар бичмэлүүдийг уншиж байсан.
Эмнэлэгт хэвтэж байгаа, биеийн байдал нь дор орчихсон хүн гэнэт ийм зүйл ярихад би их гайхаж билээ. Үнэхээр аавын минь зүрх сэтгэл амьдарлынхаа сүүлчийн мөч хүртэл Монгол орныхоо төлөө цохилж байсан гээд тэрээр цааш ярьж чадалгүй мэлмэртлээ уйлж суусан. Тухайн мөчид "Хамгийн хэцүү зүйл хүний сэтгэлийн шархыг хөндөх юм байна" гэж бодогдон түүнээс ийм зүйл асуусандаа гэмшиж, хэсэг хугацаанд дуугүй удаан суулаа.
Аав 1958 онд "Талын айл" бүтээлээрээ Төрийн шагнал хүртсэн. Аавын минь бүтээлд уран зургийн бүхий л төрөл жанр багтдаг. Хамгийн дуртай төрөл нь байгаль эх орныхоо уудам саруул тал хөндий, зэрэглээ тунарсан говь, хөхрөн мяралзах гол мөрөн, цаст уулсын сүрлэг бараа зэргииг дөрвөн улирлын цагийн хувьсалд уран сайхны хэлээр магтан дуулдаг. Нэг бүтээл дээрээ маш удаан уйгагүй ажиллана. Угийн амгалан дөлгөөн хянуур нямбай хун болохоор бутээл нь ч ялгаагүй жинтэй даацтай байдаг. Аавын маань Монгол зургийн судлалд оруулсан хувь нэмэр, 1960 онд Монгол Улсын төрийн сүлдийг зурж бүтээсэн зэргийг нь төр засгаас өндөрөөр үнэлж 1973 онд Ардын уран зураач, 1999 онд Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн.
20-р зууны дурслэх урлагт зөвхөн байгалиас гадна эрин үеийнхээ ард олны дүр төрхийг мөнхөлсөн "Тууварчин", "Жүжигчин Рэнцэнноров", "Зураач Ядамсүрэн", "Жүжигчин Цэгмид", "Зохиолч Ванган", "Эхийн хөрөг", "Өөрийн хөрөг", "Монгол бүсгүй" зэрэг олон сайхан хөрөг зурж үлдээсэн.
Япон, Хятад зэрэг орнууд өөрийн гэх зурагтай байиа гээд Монгол үндэсний зургийн бүтээлийг гаргасан. Тэдгээр нь дээр үеийн хадны суг зураг, марзан шаравын зургууд. Анх Монгол зургийн анги нэя*к Монгол зургийг орчин үеийн урлагт оруулах чиг хандлагыг тавьсан. Аав Монгол зургийн аргаар бүтээсэн "Анчин", "Уламбадрах", "Сарлаг", "Хурмастын чуулган", "Үүлсийн чуулган" зэрэгт үлгэр домог, байгалийн гайхамшгийг дүрсэлж нэг нь нөгөөгөөсөө огт өөр уран сайхны шинэлэг ертөнцөд хүн бухнийг умбуулсан. Хамгийн сүүлд 2000 онд Нью-Йорк, Сан-Франциско хотод болсон үзэсгэлэнд "Анчин", "Ордос эмэгтэй" зэрэг зургууд нь тавигдсан.

Түүнтэй ийнхүү аавынх нь тухай ярьчихаад цас хаялсан өвлийн үдэш жавар сөрөн алхахдаа үнэхээр агуу хүн байж дээ гэж хүйтэн жаварт хайрагдан хажуугаар зөрсөн хүн бүхэн рүү зөөлхөн, элгэмсэгээр инээмсэглэж, энэ их хүнтэй нэг газар шороон дээр амьдарч буй минь ямар хувь заяа вэ хэмээн өөрийн эрхгүй бодогдож билээ.
 

 
 
 

 

GO BACK TO WEBSITE

Batmunkh.Ts Mongol Internet Contact to daanjuur@yahoo.com