Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн

BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE

 

 

 

   

 

 

     
   

 

 
Peljid Genden (1895-1937) 
 
 
 


Өвөрхангайн харьят 9-р Ерөнхий сайдаар П.Гэндэн 4 жил ажилласан.

 
 

 

Timeline
1895 онд Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу буюу одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт суманд П.Гэндэн төржээ.
1922-1924 онд Хошууны анхны эвлэлийн үүйин даргаар ажилласан
1924-1927 онд Ардын Их Хуралд сонгогдож анхны Үндсэн хуулийг батлалцсан. Хичээнгүй сайд Б.Цэрэндорж санал болгон Улсын бага хурлын даргаар сонгогджээ.
1927-1928 онд Улсын төв банкны ерөнхий хорооны даргаар
1928 онд МАХН-н Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан.

 
1932 онд 7 сарын 2-нд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон.
1934 оны 9-р сард монгол улсад радио өргөн нэвтрүүлгийг нээж анхны радиогоор үг хэлжээ.
1936 онд 3 сарын 2-нд огцорсон.
1937 оны 7 сарын 10-д хилс хэргээр баривчлагдаж, 1937 оны 11 сарын 22 ны өдөр ЗХУ-д цаазлагджээ.

Пэлжидийн Гэндэн буюу "Чингисийн гөлөг"-нүүд
Д.ӨЛЗИЙБААТАР | Өнөөдөр (2005.12.07)

 П.ГЭНДЭНГИЙН МЭНДЭЛСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙД

1934 оны арваннэгдүгээр сарын 24-ний үдэш Москва дахь Монголын бүрэн эрхт төлөөлөгчдийн байранд нэгэн зоог болжээ. Зоогонд И.Сталин, К.Е.Ворошилов, В.И.Молотов тэргүүтэй ЗХУ-ын удирдагчид, Монголын талаас П.Гэндэн тэргүүтэй хүмүүс оролцжээ. Зоог дээр И.Сталин, П.Гэндэн нар харилцан бие биенийхээ эрүүл мэнд болон улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө хундага өргөжээ.

И.Сталин хундага өргөхдөө "...Хэрэв та нар унтах юм бол Япон та нарыг бут цохино. Монголын ван, ноёд Японыг эсэргүүцэж байна. Гэхдээ энэ эсэргүүцэл нь сул байна. Ван, ноёдын сул эсэргүүцэл ашиг өгөхгүй. Бид энэ хундагыг эсэргүүцэж чадах, тэмцэж чадах тийм монголчуудын төлөө өргөе. Яг энэ мөчид П.Гэндэн "Ура" хэмээн хашхирчээ. Тэгэхэд нь И.Сталин "Ура" хашхирах амархан, ажил хэрэг дээрээ Монголын тусгаар тогтнолыг хамгаалах хэрэгтэй... Энэ хундагыг эрх чөлөөт тусгаар тогтносон Монгол орны төлөө өргөе" гэжээ.

Хариуд нь Гэндэн түрүүнд өөрийнх нь төлөө нэгэнт хундага өргөчихсөн учраас И.Сталинг алгасаад В.М.Молотов, К.Е.Ворошилов, Г.Я.Сокольников болон бусад хүмүүсийн төлөө хундага өргөснөө, 100 мянган рублийг тооцооноос хасаж, өөрөөр хэлбэл, ЗХУ-д төлөх Монголын өрийг устгахыг санаачлагч, угсаа  нэгтэн бөгөөд шинэ эргэлтийн бодлогыг үндэслэгч Ж.З.Элиавагийн төлөө хэмээн онцлон хундагатайгаа тогтоожээ.

Тэгмэгц И.Сталин инээмсэглэж "Чингис хааны цэргийн жанжин Зэв  Гүрж нутгаар өнгөрөхдөө гүрж айлын гэрт буугаад мордсоноос хойш үлдсэн Элиава гэдэг овог бол одоо Элиавдун болжээ. Гэндэн Чингис хаан болохыг хүсэж байна. Тэр Чингисийн гөлөг" хэмээн хэлэв. Энэ хундага өргөлтийн ар дахь далд утгатай үгсийн учрыг тайлбарлах нэг их шаардлагагүй болов уу. Чухам эндээс Гэндэнгийн Сталинтай тэрсэлдэж эхэлсэн тухай бидний үед хүрч ирсэн домог эхэлдэг юм.

Сталиныг ингэж хэлмэгц П.Гэндэн "Гүрж Сталин Оросын хаан болж байхад, Монгол Гэндэн яагаад Монголын хаан болж болдоггүй юм" гэж хэлсэн гэдэг. Харамсалтай нь энэ үг хамт байсан хүмүүсийн дурсамж ярианд л яригддаг болохоос биш, албан ёсны уулзалтын протоколд үлдсэнгүй.

Дараа нь тэд "Чапаев" кино үзжээ.

Киноны үеэр И.Сталин П.Гэндэнд Чапаев нойрноос болж ялагдсан тухай хэлээд өнөөгийн Монголын байдал, тусгаар тогтнолтой холбон ярьж "Монголчууд олсон амжилтдаа тайвширч болохгүй. Хэрэв та нар унтах юм бол Япон мэт хүчирхэг дайсантай хийх тэмцэлд зайлшгүй ялагдана... Танай арми нэг дивизээс хэтрэхгүй байна. Япончууд нэг морин дивизийг мото механикжсан хэсэг, нисэх онгоцоор дэмжүүлэн илгээхэд Улаанбаатарыг эзлээд авна. Yүн дээр нэмж хэлэхэд танай цэрэг дайн туулаагүй.

Танай цэргийн хагас нь япончуудад сайн дураар бууж өгч магадгүй.  Хэдэн хувь нь урвагчид байх бол?!" хэмээн асуужээ. "Хэдэн хувь нь" гэдгийг энд би дахин онцлоё. "Хэдэн хувь нь урвагчид байх бол?!  Гэндэн урвагчид гарахгүй гэхэд О.Дашчирав "Маш бага гарна" хэмээн үг алдахад Я.В.Щеко "Командын бүрэлдэхүүнээс сайн дураараа бууж өгөх хүмүүс бий" хэмээн бас нэг үг алдав.

П.Гэндэн чухам энэ үеэс л өөрийгөө ЗХУ-ын удирдлагын өмнө хувь хүний хувьд хэн болох, Монгол Улсын удирдагчийн хувьд хэн болохоо улстөрч хүний хувьд ойлгон ухаарч эхэлсэн болов уу гэж хожмын өрнөсөн үйл явдлуудтай уялдуулан дүгнэж үзэхэд өөрийн эрхгүй бодогддог юм. Ганц өдөр хүний үзэл бодол, үйл хөдлөл, ер юм бүхэн 100 хувь өөрчлөгдөхгүй л дээ. Энд би улстөрч хүний оюуны задралыг хэлж байгаа юм. Чухам яг энэ үеэс П.Гэндэнгийн өмнө ЗХУ-ын удирдагчийг үг дуугүй аялдан дагах уу, үндэсний язгуур эрх ашгаа эрхэм болгож өөрийн үзлээр явах уу гэдэг аль ч үеийн улстөрч, төрийн тэргүүнүүдийн өмнө тавигддаг ацан асуулт тулгарсан юм. Гэндэн гурав дахь замыг олж сонгосон.

П.Гэндэн Монголын улс төрийн амьдралд хөл тавьснаасаа хойш яг 10 дахь жилийнхээ нүүрэн дээр И.Сталины багийнхантай энэхүү хүнд хэцүү, алсдаа Монгол улсын хувь заяанд туйлын чухал нөлөө үзүүлэх яриа өрнүүлжээ. Төр улсын төлөө зүтгэхдээ түүнд алдсан ч юм бий, оносон ч юм бий. Цаг үеийн мөн чанарыг таньж мэдэх улс төрийн цараа, хараа дутсанаас Ц.Дамбадорж, Ж.Цэвээн, Н.Жадамба нартай албан тушаал, эрх мэдлийн дайн хийж, түүнийгээ Коминтернд ашиглуулан төр улсдаа тус биш ус хийж, эрх мэдэл, нэр нүүрээ бодож  нөлөөгөө алдахгүй бэхжүүлэх санаа өвөрлөн гадны зохион байгуулсан нугалаа завхрал, нууц хуйвалдааны гар хөл болж ижил нөхдөө егүүтгэн явсан бараан намтар түүнд бий.

Тэр угаас ам хэл түргэн, үг яриа хурц, омголон цочмог нэгэн байж, Нөгөө талаар олсон боловсрол бага ч хар ухаан сайтай, түргэн гүйлгээ сэтгэдэг удирдан зохион байгуулах байгалийн авьяастай хүн байжээ. Энэ бүх шинж чанарууд нь Монголын нам, төрийн томоохон албан тушаалд байх бүхий л үеийнх нь турш сайн муугаар илрэн гарч байлаа. Гэвч тэрбээр алдахынхаа хэрээр ухаажсан хүн юм. ЗХУ-ын хэтэрхий өргөн фронтоор хүч түрэн орж ирж буй нөлөө, тулгалтын эсрэг боломжийнхоо хэрээр тэмцэхийг оролдсон ч өдөр ирэх бүр их гүрний шинжийг олж буй хүчирхэг улсын улс төрийн бодлогын өмнө хүчин мөхөсдөв. Хорсон бачимдахдаа мөнөөх цочмог омголон зангаараа дургүйцлээ илэрхийлэн, ЗХУ-ыг "Улаан империализм" хэмээж, Сталинд халамцуухан голдуудаа чанга үг хэлэх болжээ.

Түүнийг улс орныхоо бие даасан эрх мэдлийн төлөө бачимдан тэмцэхдээ ийм алхам хийж хэмээн бахархан бодож болох боловч улстөрч хүнийх нь хувьд авч үзвэл туйлын бодлогогүй, болчимгүй алхам байлаа. Нэг талаар өөрийгөө зольж, зориг гаргасан ч нөгөө талаар Монголын төрийн удирдлагын зоригийг мохоож, хүчийг сулруулан эвийг эвдэх боломжийг ЗХУ-ын удирдлагуудад олгосон юм. Дуулгаваргүй, өөрийнхөө бодсоноор байх гээд байвал П.Гэндэн шиг болно шүү, тэр ердөө л Чингис овогтой "гөлөг" гэдгийг И.Сталин П.Гэндэнгийн дараах Монголын төрийн удирдлагад сайтар ойлгуулсан юм.

Ер нь Гэндэнг Монголын төрийн удирдлагаас шахан зайлуулах ажил явуулга Л.М.Караханыг Москвад очсон үеэс эхлэн Кремльд бэлтгэгдэж эхэлсэн бөгөөд тэрбээр П.Гэндэнгийн тухай янз бүрийн шугамаар цуглуулсан хэд хэдэн мэдээллийг өвөрлөн очсон юм. Тухайн үед ЗХУ-ын хувьд олон улсын гадаад байдалтай холбогдон Монголд шинэ дэг журам тогтоох, шинэ удирдагч томилох шаардлага гараад байлаа.

Шинэ дэг журам нь ЗХУ-ын улс төрийн бодлогын чиг шугамыг үг дуугүй аялдан дагах, шинэ удирдагч нь түүнийг үг дуугүй хэрэгжүүлэгч байх ёстой. Энэ нь 1934 оны аравдугаар сарын 21-нээс арванхоёрдугаар сарын 2, 1935 оны арванхоёрдугаар сарын 30-наас 1936 оны нэгдүгээр сарын 7-нд  Монгол, Зөвлөлтийн удирдагчийн уулзсан олон удаагийн уулзалт ярилцлагууд дээрх ЗХУ-ын удирдлагын байр сууриар тун тодорхой илрэн гарч байв.

Чухам энэ үеэс Зөвлөлтийн сталинч удирдлага Монголын удирдагчдад илт дарамт үзүүлэх болж хоёр улсын харилцааны улс төрийн хэлбэр төдий тэнцвэрт харилцааг бүрмөсөн устгаж, Монгол Улсыг зөвхөн өөрийн нөлөөний хүрээний нутаг биш бүр дагуул, бамбай улс болгох алхамд нэг мөр шилжин орсон юм. Энэ бодлогоо хэрэгжүүлэхэд нь сталинчуудад Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Гэндэнгийн улс төрийн бие даасан байдал, үзэл бодол, үйл ажиллагаа саад болж, тэдэнд таалагдахгүй хүмүүсийн жагсаалтад эн түрүүнд оров.

Гэндэн ямар үйлдлээрээ тэдэнд үл таалагдав. Юуны өмнө Гэндэн Монгол Улсын тэргүүн, удирдагч гэдгээ эрхэмлэн үзэж ард түмний дунд нэр хүндтэй байдгаа мэдэрдэг, тэр ч үүднээсээ Зөвлөлтийн элдэв шахалт тулгалттай санал зөрөлдөн, хэр хэмжээндээ эсэргүүцэж байлаа. Энд би П.Гэндэнд холбогдох хоёр баримтыг сонгон авч түүн дээр үндэслэн 1935-1937 онд П.Гэндэнгийн эргэн тойронд болсон үйл явдлыг өгүүлэхийг оролдьё.

1935 онд ЗХУ-аас БНМАУ-д суух Бүрэн эрхт Элчин  сайдаар томилогдсон В.Х.Тайров (БХК(б)Н-ын ТХ-ны онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн үүргийг хавсарсан) П.Гэндэнг шууд л албан тушаалаас нь зайлуулах, улмаар ЗХУ-д аваачиж тэнд нь үлдээх санал шаардлагуудыг тавих болжээ. 1935 оны аравдугаар сард дээрх саналаа Монголын комисст тавихад, комисс П.Гэндэнг Ерөнхий сайдаас зайлуулахыг хүлээн зөвшөөрсөн байна. В.Х.Тайров 1935 оны есдүгээр сард ЗСБНХУ-ын ГХАК-т бичсэн захидалдаа "Гэндэн шууд урвахаар бэлтгэн Зөвлөлтийн эсрэг санаа сэтгэлийг өдөөхөд чиглэсэн ухамсартай тооцоолсон бодлого явуулж байна" гэсэн бөгөөд К.Воршиловт бичсэн захидалдаа түүнийг (Гэндэнг) Чай-Кайшитай адилтгасан байна.

Харин С.Е.Чуцкаев Монголын нөхцөл байдлыг бодитойгоор үнэлж П.Гэндэнгийн байр суурийг сайтар гадарладаг хүний хувьд 1935 оны аравдугаар сарын 28-нд "маш нууц"-ын зэрэглэлтэй дэлгэрэнгүй захидлыг И.Сталинд бичсэн байна. Тэрбээр захидалдаа "Тайров... маргашгүй, бодитой, үнэн зөв мэдээ баримт гаргаж ирэхгүй байна. Тэр П.Гэндэнгийн "зөвлөлтийн эсрэг" хэлсэн зүйлийг Монголын бусад ажилтнуудын өөрт нь дамжуулсан яриа хөөрөө, дам сургаар багцаалж байна.

Тэгэхдээ тэрхүү ярьж хэлж байгаа хүнийх нь өчүүхэн явцуу ашиг хонжоо харсан шалтгаан болоод дотоод агуулгыг нь шүүн тунгаасангүй... Гэндэн бидэнтэй эцсээ хүртэл явахгүй гэдгийг би үгүйсгэхгүй. Хэрэв япончууд Монголд орж ирвэл тэрбээр тэдэнтэй нийлнэ гэж хувийн яриандаа хэлж чадахыг, тэр ч бүү хэл ингэнэ гэдгийг үгүйсгэхгүй боловч... Гэндэн бодож тооцоолсон ухамсартай өдөөн хатгалга явуулж, урван тэрслэхээр бэлтгэж байгаа гэдэгтэй би санал нийлэхгүй...

...Гэндэн ардуудын амьдралд гүнзгий орсон ба түүнийг авч хаях, ялангуяа хэт яаравчлах нь улс төрийн том хэрэг явдлыг бий болгоно. Гэндэнг хэтэрхий яаран улс төрийн хувьд бэлтгэлгүйгээр халах буюу Монголд энэ тухай хэтэрхий их яриа гарах нь эсрэгээр улс төрийн хувьд ялангуяа одоо ихээхэн аюултай гэж би үзэж байна" гэжээ.
Захидлыг И.Сталин хүлээн авсан байна. Дараа нь С.Е.Чуцкаев П.Гэндэнг ЗХУ-д Дэмидийн хамт ирэхэд нь буюу 1935 оны арванхоёрдугаар сарын 12-ны 17 цагт "Националь" зочид буудалд ганцаарчилан уулзжээ. Уулзалт дээр С.Е.Чуцкаев П.Гэндэнд ерөнхийдөө аядуу байхыг, засгийн ажлаа орхиод намын ажилд шилжин ажиллавал зүгээр гэдгийг битүүлгээр хэлжээ.

Гэндэн түүнийг бүрэн ойлгосон эсэх нь бүү мэд. Гэндэнтэй уулзсаны дараа С.Е.Чуцкаев Г.Дэмидийг уулзах шаардлагатай байна гэж хэд хэд хүссэнийх нь дагуу 1935 оны арванхоёрдугаар сарын 20-ны орой гэртээ уулзжээ. Уулзалтын үед голчлон Г.Дэмид ярьжээ. С.Е.Чуцкаев өөрөө товчхон ярьж асуулт тавьж байсан бөгөөд Г.Дэмидийн ярианы гол сэдэв нь П.Гэндэнг буруутган муушаахад чиглэжээ.

Ер нь Г.Дэмид 1934 оноос Зөвлөлтийн удирдах болон төлөөний хүмүүст МАХН-ын ТХ-ны тэргүүлэгчдийн үзэл бодлын болон үйл ажиллагааны талаар их ярих болсон бөгөөд ярихдаа ТХ-ны 11 тэргүүлэгчийг гурвал (тройка), наймуул (восмерка) гэж хоёр хуваан тройкад Гэндэн, Мэнд Намсрайг оруулж восмеркад нь өөрийгөө болон Б.Элдэв-Очир, Д.Лувсаншарав, Х.Чойбалсан, А.Амар, Д.Яндаг, О.Дашчирав, Х.Лувсандорж нарыг нэрлэж восмерка дотор бас нааш цааш явдалтай хүмүүс бий гэдгийг ч хэлдэг байжээ.

Сталин Дэмидийн ярьсан бүх зүйлийг Гэндэнд тулган асууж хариуд нь Гэндэн миний тухай хэн ингэж ярьдаг байнаа гээд гайхаад байдгийн, 1936 оны гуравдугаар сард Гэндэнг нам, төрийн бүх албан тушаалаас нь зайлуулж ЗХУ-д цөлсний учир энд л байгаа болов уу?!

Эндээс бид хэд хэдэн гаргалгаа хийж болно.

1. П.Гэндэн Ерөнхий сайд болмогцоо бие даасан, үндэсний онцлогоо харгалзсан бодлого явуулж эхэлжээ. Yүнд нь зүүний нугалаа, 1932 оны ардын зэвсэгт бослого, түүний улмаас авч хэрэгжүүлж эхэлсэн шинэ эргэлтийн бодлого болон тухайн үеийн дотоод улс төр, эдийн засгийн байдал нөлөөлсөн байна.

2. Монголын нам, төрийн удирдлага дотор Зөвлөлтийн удирдлагад таалагдах, өөрсдийн байр суурийг бэхжүүлэх явцуу эрх ашгийг урьдал болгосон хуваагдал үүссэн байна. Энэ нь Зөвлөлтийн удирдлагад Монголын удирдагчдын үзэл бодол, үйл ажиллагаа, зан чанарын талаар чөлөөтэй мэдээлэл олж авах үүд хаалгыг нээж улмаар дуртай зүгтээ чиглүүлэн удирдаж байх боломжийг олгожээ.

3. Зөвлөлтийн удирдлага өөрийн бүрэн эрхт төлөөлөгч, сургагч, зөвлөхүүдээр дамжуулан Монголын улс төр, аж ахуйн үйл ажиллагааны шийдвэр гаргах эрх мэдлийг 1929 оноос үндсэндээ гартаа авч эхлээд байсан бөгөөд энэ нь Гэндэнгийн засаглалын үед хумигдаж эхэлсэн нь Зөвлөлтийн удирдлагын зүгээс П.Гэндэнд сөрөг хандах уур амьсгалыг бүрдүүлсэн.

4. Монголын гадаад улс төрийн нөхцөл байдал огцом өөрчлөгдөж Монголын дорнод хилтэй шууд залгаа, Японы ивээл дорхи Манж Го хэмээх тоглоомын улс байгуулагдсан ба ЗХУ энэ үед Манжуураас бүрэн шахагдаж стратегийн онцгой ач холбогдолтой бүсийн хувьд Алс дорнодод зөвхөн БНМАУ-тай л үлдээд байв. Түүнчлэн Японы нөлөө Манжуур төдийгүй өвөрмонголд хүчтэй болж Баргын автономит мужийг Манж Го улсын бүрэлдэхүүнд байгуулав. Ийм нөхцөлд 1935 оны тавдугаар сард Манжуур өртөөнд БНМАУ, Манж Го-гийн хооронд эхэлсэн хэлэлцээрийн үед П.Гэндэнгийн баримталсан байр суурь Зөвлөлтийн удирдлагад огт таалагдсангүй.

5. Монголын дотоод, гадаад улс төрийн нөхцөл байдалтай уялдан лам нарын асуудлыг шийдвэрлэх, цэрэг батлан хамгаалахын хүч чадлыг бэхжүүлэх, Зөвлөлтийн цэргийг Монголын нутаг дэвсгэр дээр байршуулах зэрэг асуудлаар П.Гэндэн, А.Амар нарын болгоомжлон цэнэсэн байр суурь Зөвлөлтийн удирдлагын Монголд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн улс төр, үзэл суртал, цэрэг стратегийн бодлого үйл ажиллагаатай зөрчилдөж улмаар тэднийг албан тушаалаас нь зайлуулах, алж устгах хүртэл арга хэмжээ авахад хүргэсэн байна.

П.Гэндэнг 1936 оны гуравдугаар сарын 22-нд Монголын нам, төрийн удирдлагаас зайлуулсныг бид мэднэ. Зөвлөлтийн удирдлага П.Гэндэнг зайлуулахдаа В.Х.Тайровын саналыг хүлээн авч харин С.Е.Чуцкаевын сануулга, зөвлөгөөг хэрэгссэнгүй.

Эхлээд П.Гэндэнг төрийн удирдлагаас зайлуулж, ТХ-ны тэргүүлэгч хэвээр нь үлдээн ЗХУ-д БНМАУ-ын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилохоор төлөвлөж байсан бололтой. (Д.Намсрайг Тувад бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон билээ) Гэвч үйл явдлын цаашдын өрнөл өөрөөр эргэж П.Гэндэнг МАХН-ын ТХ-ны дарга асан Ц.Дамбадоржийг дайрсан улс төрийн дайрлага яг ижил нөхцөлтэйгээр дайрлаа. Ц.Дамбадорж эмнэлэгт учир битүүлгээр нас барсан бол П.Гэндэнг ЗХУ-д удаан хугацааны амралт эмчилгээнд гэр бүлийнх нь хамт явуулж улмаар 1937 оны долдугаар сарын 17-ны өдөр Сочи дахь "Кавказская" зочид буудалд байхад нь  баривчилсан юм.

П.Гэндэнд 1932 оноос Японы тагнуул болж, түүний даалгавраар ЗХУ-аас улс төр, эдийн засгийн харилцааг таслан, Японы хараат феодалын улс байгуулах зорилго бүхий алан хядагч, бослогын өргөн хүрээтэй байгууллагыг БНМАУ-д байгуулж тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан гэсэн ял тулган хатуу харгисаар байцаажээ. Байцаалтын дүнд П.Гэндэн "Би 1932 оноос эхлэн Японы тагнуулын газраас байгуулсан хувьсгалын эсэргүү байгууллагын гишүүд Лхүмбэд элсэгдэн орсон.

1932 оны арваннэгдүгээр сард Лхүмбэ, Өлзий-Очир бид гурав Их Монголын хувьсгалын эсэргүү байгууллагыг байгуулж тангарагт гарын үсэг зурсан. Лхүмбэ нь Дэмидтэй ярилцан тохирч Гиваапилийг элсүүлсэн. Би Мэнд, Намсрай нарыг элсүүлж Лхүмбэд шилжүүлсэн. Лхүмбэ энэ байгууллагад бүгд 2000 хүн оролцож байгаа гэсэн" хэмээн мэдүүлэг өгөөд гол төлөв томоохон албан тушаалын 35 хүнийг нэрлэжээ. П.Гэндэнгийн энэ мэдүүлэг нь 25 хуудас бөгөөд 1937 оны наймдугаар сарын 30-нд өгсөн гэжээ. Мэдээж түүнээс ийм л үг авах гэсэн. "Лхүмбийн хэрэг" гэгчийн үлдэгдэл 2000 хүн үлдсэн гэдгийг П.Гэндэнгээр хэлүүллээ.

Ийнхүү Монголд улс төрийн их хядлага эхэллээ. Сталинчууд 2000 бүү хэл түүнээс 10, 20 дахин "хувьсгалын эсэргүү, японы тагнуулуудыг" монголчууд дундаас олж илрүүлэн нөгөө ертөнц рүү илгээсэн юм. Тэд нар ч бас Чингисийн "гөлөгнүүд" байлаа.

References

 

 

GO BACK TO WEBSITE

Batmunkh.Ts Mongol Internet Contact to daanjuur@yahoo.com