Yaruu nairagch Suhbaataryn Batmunkh

BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE

 

 

 Чамайгаа эзгүй байхад Тэнгэрийн нарыг
дэргэдээ байсан ч
 Гэрийн жавар
үргэхгүй шүү дээ хө хө

   

 



Намайг гэсэн ээжий

Үг. Яруу найрагч Сүхбаатарын Батмөнх
Ая. Улсын гавьяат дуучин Н.Чулуунхүү
 

Өвлийн хүйтэн цагаар
Жавар хаасан ээжий
Үүр шөнийн заагаар
Нойроо хагасалсан ээжий

Хариг хаврын цагаар
Хайраа харамлаагүй ээж
Халуун хүйтний алинд чиг
Халширч халгаагүй ээжий

Зуны халуун нарнаар
Зулай норгосон ээжий
Цурам хийлгүй бүлээрэхэд
Цугтаа өвдсөн ээжий

Намрын сэрүүн цагаар
Нар шиг ээсэн ээжий
Намайг өсгөх гэхдээ
Насаа зориулсан ээжий

 

 

 


ТАНД

Зүрхэндээ ижийгээ дуулсаар
Зүүдэндээ бас санасаар
Зүггүй жаахан болжмор шиг
Зөрөөд хаашаа явчихаа вэ

Өргөн дөлгөөн урсгалт
Хануйн тунгалаг голоо
Өндөр хөх огторгуй
Хан-Өндөр хайрханаа

Өвлийн хүйтэн шөнөөр
Жавар хаасан ижийгээ
Үглээ жаахан болжмор шиг
Мартаад та явчихаа юу

Таныгаа эзгүй байхад
Тэнгэрийн наран бүртийж
Сэм сэмхэн үгүйлэх
Сэтгэлийн жавар арилахгүй шүү дээ

USA

     
   

 

 
Suhbaatar Batmunkh (1960-2002) 
 
 
 


Яруу найрагч, сэтгүүлч, эрдэмтэн
Сүхбаатарын Батмөнх

Сүүн зам, Хайрын дөлгөөн Хануй, Хөхөөн дууны улирал, Муухай Монгол хүн, Өндөр хөх огторгуй ном
 

 

1960 онд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн.
Москвагийн их сургуулийн
1990 онд (30 нас) анхны чөлөөт ардчилсан сонгуулиар Ардын Их Хурлын төлөөлөгч болж Монгол улсын шинэ үндсэн хуулиас батлалцсан.
1992 онд (32 нас) Дорно дахины утга зохиолын их сургууль байгуулагдсан.
1995 онд (35 нас) Дорно дахины дээд сургууль нэрээр сэтгүүл зүйн сургууль байгуулсан.
1997 он (37 нас) Дөрвөн уул радиогийн захирал
2000 онд (40 нас ) Хөхөөн дууны улирал номоор Монголын зохиолчдын Эвлэлийн шагнал хүртсэн. Сэтгүүл зүйн ухааны доктор цол хамгаалав.
2002 онд (42 нас) зуурдаар хорвоог орхисон.
2003 он (42 нас) хоёр сард дурсгалд зориулан Аморе хайрын шүлгийн наадмыг залуу яруу найрагчдын  дунд анхлан зохиожээ. 2 жилд 1 удаа зохиогддог уламжлалтай.


Тэнгэрийн зөнтэй ээж

Үг. С. Батмөнх
Ая. Я. Бадамсүрэн

Тормойж дэрвэлзсэtanyн ангаахай юмсан даа би ээждээ
Тогоотой сүүгээ дэвэргэж та хүүгээ өхөөрдсөн дөө ээжээ
Томоогүй гэрэлт нас алганд юм шиг харагдана даа
Торойсон он жилүүдийг санаж л сууна даа ээжээ

Тэртээ холд зовхи минь босоо явахад магнай нь тэнийдэг
Тэнгэрийн зонтэй ээж минь
Тэнгэрийн нүдтэй ээж минь дээ
 

Үүдэн дээр жиргэсэн дэгдээхэй юмсан даа би ээждээ
Уяан дээр аав минь ирэхэд наддаа хөтлөгдөөд гүйсэн дээ ээжээ
Үлгэрийн тэрхэн нас дэргэдхэн юм шиг харагдана даа
Үес аясхан он жилүүдийг санаж л зүүдлэнэ үү ээжээ

Сэлүүн алсад гуниглан явахад минь сэтгэл нь сэмэрдэг
Сэтгэлийн зөнтэй ээж минь
Сэтгэлийн нүдтэй ээж минь дээ
 

Зүрхэнд нь гэрэлтсэн хайр л юмсан даа би ээждээ
Зүүдэнд тань бууж ниссэн шувуухай болж дээ би ээждээ
Зүггүй хонгор нас хажуудхан л юм шиг санагдана даа
Зүсэр зүсэрхэн он жилүүдийг саравчлан санана уу ээжээ

Буурал орчлонд үрээ, бүүвэй аялан нялхаар нь санадаг
Бурханы зөнтэй ээж минь
Бурханы нүдтэй ээж минь дээ
Аа аа аа Тэнгэрийн зөнтэй ээж минь дээ


Шүлгээр хашсан дурсамж

-Яруу найрагч С.Батмөнхийн нэрэмжит хайрын шилгийн Аморе наадам дээр бичсэн таталбар-

Анхны хайр минь...
Цаг хугацааны эхлэл юм
Аялгуу эгшиг,
Уй гунигийг минь тоолсон...
Нар мандах хийгээд
Сар жаргах нь
Надад сая л хамаатай болсон
Мөч хором бүхэн 

 

Урсаж оддог хийгээд
Мөнхөрч үлддэгийг
Мэдсэн...
Цаг хугацаа бол хайр юм
Цас болоод бороо юм
Үгс юм, зүг чиг юм
Үнэн болоод худлын гэгээ юм
2004.04.19.

Энэ шүлгийг би эрхэм андынхаа нэрэмжит хайрын шүлгийн Аморе яруу найргийн наадмын анхны шүүгч хийж суухдаа бичсэн юм. Уг наадам энэ жил тавдахь удаагаа болох гэж байна. Гэргий хүүхэд, найз нөхөд, итгэлт шавь, нутаг усныхных нь санаачилгаар үүсч, өргөжсөн энэ наадмын ажиг сураг яруу найрагчид хийгээд шүлэгч залуусын онгодыг дуудаж, найргийн бурхан Янжинлхамын авшиг дор уншигч түмнийг гэгээрэн суухын аглагт урьдаг болсон нь баярлалтай. Наадмын анхны шүүгчдийн нэг болсноо би бэлгэшээдэг төдийгүй байх л учиртай хэмээн эмтрэнхэн боддог оо. Аяа, бид хоёр сайхан үерхсэн билээ л... Түүний минь гарын үсэгтэй номууд надад олон сон...1999 оны зургадугаар сарын 4-нөөр огноолон надад дурсгасан Хөхөөн дууны улирал яруу найргийн номон дээрээ тэрбээр
 

Нэг зэлний унага мэт
Нэг голын загас мэт
Нэг үеийн найрагч

Дан.Нямаа-д барив хэмээн бичээд гарын үсгээ зуржээ. Тийм сэн билээ хө, бид нэгэн үеийн найрагчид 80-аад оныхон... Бид хоёр нэг л мэдэхэд танилцчихсан байж билээ. Ерөөсөө ч тэр үед хаа нэг газрын утга зохиолын нэгдэл, дугуйлан дээр тааралдах бол онцгой сонин учралд ер тооцогдохгүй. Олон ч нэгдэл, дугуйлан байв.

Хамгийн цуутай нь С.Дулам багштай МУИС-ийн уран зохиолын дугуйлан. Тэрчлэн алдарт найрагч Ц.Цэдэнжав эрхлэгчтэй Ажилчны дүүргийн дугуйлан, за тэгээд МҮЭ-ийн Соёлын ордны дэргэдэх Г.Донид эрхлэгчтэй дугуйлан, Д.Даваашарав эрхлэгчтэй НАХЯ-ны дэргэдэх дугуйлан... Дугуйлан хэсээд л шүлгээ уншиж явдаг сан... Тэгж явж л танилцсан хэрэг. Эевэрүү зөөлөн сэтгэлтэй, сониуч нүдтэй, тусч, цагаахан сан. Элдэв маяг, гоёчилж зүлгээгүй түүний шүлгийн эгэл энгүүн мөрүүдээс эгээрэл гэгээрэл, бодол бясалгалын аяс хөг тод сонсогдох бөгөөд өрөвч зөөлөн, хүнлэг сэтгэлийн дотоод дуун эгшиглэдэг сэн...Хөхөөн дууны улирал номоос нь доорхи цөөн бадгуудыг ишилж дээрхээ баталмуй.
 

Уулс бус бид өвгөрнөм
Үүлс бус бид өнгөрнөм
Ус гол бус бид урснам
Цасан бус бидэн бударнам
Тэнгэр бус бидэн харанхуйлнам
Тэнгис бус бидэн хуйларнам
1993.10.05.

Цагаахан үүрийн гэгээг хайрла
Цагаахан үнэний тэнгэрийг хайрла
Цагаахан үлгэрийн шувуудыг хайрла
Цагаахан хүслийн үзүүрийг хайрла
Цагаахан хүний итгэлийг хайрла
Цал буурал ижийн сүүн сэтгэлийн үүдэл
Цагаахан, цагаахан юм бүхнийг хайрла.
1995.06.21.
 
Сэр, сэр салхитай нь арван сарын эхэндээ,
Сэм, сэм бодогдох нь амрагийн жаахан чи минь дээ
Сэтгэл догдлоод болдоггүй нь аргагүй аргагүй л хайр даа
Сэрүү татаад дуниартах нь алиа цагийн аяс даа
Үес үес салхитай нь өвлийн сарын өмнө дөө,
Үе, үе бодогдох нь үргэсэн янзага чи минь дээ
Үглээ шувууд жиргэхгүй нь үдэш үдшийн аяс даа
Үгээ хэлээгүй юмсан даа, өнжин хүлээх байгаа даа
1993.10.04. 

Цаг цагийн хөхөө
Өөр, өөрийнхөөрөө донгодно
Цахилдаг, цахилдагны өнгө
Үе үеэрээ солигдоно.
1996.01.07.

Гоо сайхан ертөнцийг аварна хэмээн миний үеийнхэн Сайхан бүсгүй тэмцээнийг санаачилж, оюуны мэлмийг тольдогч Жанрайсаг бурхныг бүтээн босголцож явлаа л, ай. Тэр жилийн сайхан бүсгүй тэмцээнийг Мөнхцэцэг хэмээх бүсгүй магнайлсан юм... Тэр цаг дор Монголын залуучууд сонины ерөнхий эрхлэгч, яруу найрагч С.Батмөнх нэгэн тун өвөрмөц, сонирхолтой уншигч, яруу найрагчдын уулзалтыг зохион байгуулав. Тэр уулзалт Залуучуудын соёлын төвд болсон сон. Мөнхцэцэг тэргүүтэй тухайн оны есөн эрдэнийн шагнал хүртсэн есөн сайхан бүсгүй, О.Дашбалбар тэргүүтэй есөн яруу найрагч оролцсон юм. Эдний дотор үүнийг бичигч би вээр тэрчлэн дурсамжийн мөнгөн зөрөгт намайг даллан дуудагч, эрхэмсэг анд С.Батмөнх болон 80-аад оныхны төлөөлөгчид Г.Мэнд-Ооёо Д.Төрбат, Ц.Чимиддорж, Л.Мягмарсүрэн Д.Чинзориг, Ш.Гүрбазар... өөр хэн хэн ч билээ... Бид нэг нэг хайрын шүлгээ уншчихаад дараа нь есөн эрдэнийн шагналт бүсгүйчүүдэд цэцэг гардуулж билээ.

Хүний зүрхний гүнд гэгээ тусгах-энэ бол уран бүтээлчийн зам мөр болой. С.Батмөнх найрагч чухам л энэ зам мөрийг баттай сонгосон юм. Нотолгоо нь гэвэл түүний бүтээж туурвисан олон арван ном, дуу, шүлэг, нийтлэл, орчуулгууд тэрчлэн үүсгэн байгуулсан Их Монгол дээд сургууль нь байна. Хичнээн чиг олон охид, хөвгүүдийг эрдэм номын гэгээн оргилд даллан дуудсан гэх вэ? Анхны болоод хожмын төгсөгчдөөс нь нэрд гарсан яруу найрагчид, зохиолч, сэтгүүлч, эрдэмтэн мэргэд олон арваараа төржээ.

Хийж бүтээхийн хэмжээ туурвилд насны урт богино ер хамаагүй санж. Тэр минь бидэн дундаа хамгийн хөдөлмөрч нь байв. Монголын залуучууд сониныг үүсгэн байгуулж, УИХ-ын гишүүнд сонгогдож, аймаг, сумынхаа нутгийн зөвлөлийг удирдан тэргүүлж, УИХ-ын хэвлэл мэдээллийн албыг толгойж, Улаанбаатарын радиог жинхэнэ радиогийн зиндаанд хүргэж, хоёр сэтгүүлчдийн байгууллагыг нэгтгэж, МСНЭ-ийн анхны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байлаа. Үүнийхээ хажуугаар ер бусын эрч хүчтэйгээр бүтээн туурвиж байсан юм. Нөхдөдөө их бич, их унш, их боловсор гэж сургадаг сан. Өөрөө ч үлгэр жишээ үзүүлдэг сэн. Үеийнхнийхээ тухай хамгийн их бичсэн нь бас л С.Батмөнх минь. Бичих бичихдээ билиг өгөөжтэй, тун чамбай, задлал, шинжилгээ хийж, шинээр нээж бичдэг сэн... Харин үеийнхэн бид л түүнийхээ тухай тун бага бичжээ. Эдүгээ ч бас бага дуугарч байна. Зохиол бүтээлийнх нь өвийг цуглуулах, бүрэн түүврийг нь хэвлүүлэх, дурсамж дуртгалын ном бичих, олон түмэндээ нэгэнтээ хүрсэн дуунуудынх нь хуурцаг, CD, DҮD-г гаргах, жүжиг, дуулалт жүжгүүдийг нь тайз дэлгэцнээ амилуулах, эрдэм шинжилгээний бага хурал хийх... гээд өч төчнөөн ажлууд бидний өмнө байна.

...Тээр жил зохиолч Т.Юмсүрэн багштай уран зохиолын дугуйлангийнхан Б.Цэнддоогийн Амь халуун, миний Алс цагийн аяс, Ц.Чимиддоржийн Морь буусан шагай С.Батмөнхийн Сүүн зам номуудын баярыг Анхны номын баяр гэсэн тодотголтойгоор санаачлан хийсэн юм. Тус дугуйлангийнхан бидэнтэй чин зүрхнээсээ ярилцаж, номуудын минь тухай жижигхэн илтгэл тавьж, судлаач, шүүмжлэгчид оролцсон үнэхээр халуун дотно баяр болсон юм. Бид дөрөв ч гэж жигтэйхэн мундаг яруу найрагчид нэг хөл газар, нөгөө хөл тэнгэрт, чухам л нисч буусан амьтад явцгааж билээ. Надад л лав Алс цагийн аяс номын минь хавтсыг тод томоор зурж, дээр нь бүгдээр гарын үсгээ зурж дурсгасан юм даг. Энэ мэт дурсамжуудын хэдийг нь ч ярилтай билээ. Яг үнэндээ бол амьдрал гэдэг дурсамжтайдаа л бүтэн байдаг хугацаа шүү дээ. Дурсагдахаа больсон цагт л хүний амьдрал төгсөнө. Тийм болохоор андын минь амьдрал төгсөөгүй, төгсөх ч үгүй... Тийнхүү бас нэгэн дурсамж моддын мөчрөөс цухуйх навчин чих шиг буурцагламуй. Тэгэхэд үнэхээр зургадугаар сарын эхэн өдрүүд байж билээ. Хонгор нутгаасаа ирсэн өдрөө чамтай уулзаж, шүлэг төрсөн нь энэ бүлгээ. Өргөл аялгуу номын минь 96-р хуудаснаас тодронхон гэрэлтэж хууч хөөрмүй.

   Сүхбаатарын Батмөнх-д
Нулимс шиг хачин тунгалаг
Ганц лонх дарс
Нутгаасаа би
Авч гарсан юмаа 

Хорвоо шиг хүчин төгөлдөр
Яруу найрагч андтайгаа
Хоёулхнаа хувааж
Хүртье гэсэн юмаа

Болор жүнз харших нь
Сарны дуутай яа
Бор дарсны амтанд нь
Гэгэлзэх л янзтай яа

Шүүрс алдтал гунихлаар
Шүлэг төрмой
Гуурс дэлгэн янцгааж
Хүлэг үүрсмой
1991.06.05.

Хотлыг баригч хулгана жилийн туулай сар.
Дан.Нямаа


http://www.dailynews.mn/modules.php?name=News&file=print&sid=15435



 

Яруу найргийн сүүн зам буюу Сүхбаатарын Батмөнх

Яагаад ч юм бэ, намайг яруу найрагч гэж хүнд харагдахуйц болоход хамгийн ихээр нөлөөлсөн хүмүүс наяад оныхон байдаг юм.

Хамгийн анхны шүлгийг О.Дашбалбар багш сонинд хэвлүүлж, анхны номыг маань редакторлаж, Утга зохиолын сургууль төгссөн нэг л их хүсэл мөрөөдлөөс цаашгүй амьтныг С.Батмөнх багш сургуульдаа үлдээн багшлуулж, яруу найрагчийн амьдралд алдаж онох сайн муу хэлүүлэх болгонд Талын гурван улаан-ы Д.Сумьяа төрсөн эгч шиг минь нөмөр нөөлөг болж, утга зохиол судлалд хөлөө олж ядан яваа намайг Л.Хүрэлбаатар багшийн минь аминчлан захисны тул утга зохиол судлагч шүүмжлэгч С.Байгалсайхан багш үе тэнгийн олон нөхдийн минь хамт нэгэн хүрээлэлд багтаан хажуудаа авч, эрдэм судлалын ажил хийх бүхий л нөхцөл бололцоогоор хангаж өгч өдий дайны авч явна. Амьдралд нэг хүндхэн асуудал гарахад, сэтгэл жаахан тавгүй үед Ж.Саруулбуян ах руу гүйж очоод тулхтай ухаантай нэг үг сонсчихвол ихээ уужрах. Гаадамбын Билгүүдэйтэй өөд өөдөөсөө харсан өрөөнд олон жил сууж, баярлах гунихад минь хамгийн ойр байдаг энэ хүнд шүлгээ уншиж, гадаа бороо ороод сайхан байна, надад хань бол гэж албатай юм шиг шөнө, өдөр тэр бодь амьтныг тэмтчүүлэн гудамжаар алхах, бас хэрэгтэй хэрэггүй олныг шалгааж, хааяа зэмлүүлэх. Хэзээ ч өрийг нь төлж барамгүй энэ ачтай улсууд яагаад ч юм бэ дандаа нэг үеийн наяад оны яруу найрагчид, утга зохиол судлагчид байдаг юм. Хүний хувь тавьлан гэдэг сонин шүү. Энэ л хүмүүсийн нэг Сүүн зам-ыг бичсэн Сүхбаатарын Батмөнх. Биднийг Дорно дахины утга зохиолын дээд сургууль төгсөхийн урд жил манай сургуулийн захирлаар томилогдож, бидний хэдэн шүлэг бичдэг нөхдүүд найрагч захиралтай болох нь гээд их л бахдан хүлээж байж билээ. Удалгүй сургууль төгсөхөд миний удирдагч багш Монголын нэртэй төвдөч эрдэмтэн Л.Хүрэлбаатар багш тэр хоёр зөвлөөд би сургуульдаа багшаар үлдсэн тул хэдэн жил хамт ажиллаж, бид амьдралын замд багш шавь, ах дүүгийн ёсоор жаргал зовлонгоо хуваалцах нэгэн хувь тохиожээ. О.Дашбалбар багшийн маань редакторласан миний яруу найргийн анхны номыг ивээн тэтгэн хэвлүүлж, бас өчүүхэн төдий авьяасыг минь их л тоож найрагчийн хувьд бид хоёрт аминчлах зүйл ч байх. Харин олон жилийн дараа он цагийн үүлэн хэвнэг үргээж энэ хүний тухай бичиж суух юм гэж хэн тэр үед санахав дээ. Дэлхийн олон орны оюутан чуулсан Москвагийн их сургуулийн 1980-аад оны оюутан тэрээр сургуульдаа Маурия Абухай гэдэг энэтхэг залуутай Ази тивээс хоёулхнаа гэж дотносдог байсан тухайгаа хожим их л хөгжилтэйгээр дурсаж бичсэн байдагсан. Нэг удаа орон орны оюутан залуус өөр өөрийн үндэсний онцлогоо харуулсан урлагийн тоглолт үдэшлэгт оролцжээ. Ази тивийнхнийг урья хэмээн зарлахад, урьд нь Европынхон чихцэлдэж байсан тайзнаа хоёр жаахан бор амьтан гараад ирсэнд үзэгчид инээлдэж байна. Хоёул улс улсынхаа ёс заншлаас товч ярьлаа. Би монгол, тэр энэтхэг дуу дуулж үзүүлээд, хоршиж байгаад Москва орчмын үдэш-ийг хангинууллаа. Танхимд жигтэйхэн алга ташиж түрэн дуулж байна. Маргааш нь орос хэлний багш маань хоёр хар толгойт хорин шар толгойттой тэнцсэн гээд онц дүн тавьж баярлуулсан гэдэг. Монголын төлөө гэх найрагчийн омог бардам сэтгэл төрж л байсан хэрэг. Хожим нь төрийн албаны хүн болчихоод Энэтхэгт явж байхдаа байрласан газрынх нь хажууханд аж төрдөг бүх насаараа, манайхны хэлээр зүгээр л шуудай таар шиг юмны оронцог дэвсээд эхнэр хүүхэд гэр бүлээрээ гудамжинд амьдарч байгаа өвгөнтэй уулзаад Та шашин шүтдэг үү гэж асууж. Цаад хүн Шүтдэг ээ. Бурханаас надад ингээд л гудамжинд амьдрах хувь оноосон юм. Хүн бол зурсан зургаараа л явна шүү дээ гэхэд нь хачин их өрөвдөж тус болохсон гэвч халаасандаа 15 хан писотой би энэ харь оронд яах ч вэ дээ гэж харууссанаа их л гунигтайгаар ярина. Бас тэгж явахдаа Далай багштай гэв гэнэт таарч гэнэ. Далай багш гээд л хашгираад, машиныг нь дагаж гүйгээд байсан, арай гэж машин нь зогсоход их багштан өөрийнхөө талын цонхыг алгуурхан доошлуулж англиар монгол уу хэмээн асуугаад нэг л элгэмсүү сайхан инээмсэглэж гар барихад нь Монголоос ирснээ хэлж, адис авсан тухайгаа Тэр бол амьд бурхан, гар нь яг л нялх хүүхдийнх шиг зөөлхөн дулаахан, намайг монгол хүн гэхээр их л дотно хандаж гарыг минь удаан барьсан, би баярласандаа гудамжинд уйлж зогслоо шүү дээ гэж сэтгэл хөдлөн ярьж билээ. Магадгүй харийн хүн гэлтгүй ертөнцийн нэг л бөөрөн дээр амьдарч байгаа, хэзээ ч тохитой дулаан гэр оронд орж, энэ насны тав тух гээчийг эдлээгүй тэр энэтхэг өвгөнийг жигтэйхэн өрөвдөж зогссон нь эргээд ертөнцийн хамаг амьтны тусын тулд залбирах амьд бурхантай уулзуулахын гэгээн ерөөлийг авч ирсэн ч юм билүү яаж мэдэхэв. Тэрээр эмээ өвөө хоёроо дандаа ярина, хөдөөнөөс хотод ирсэн, хоёр хөгшин нь дагаж ирээд одоогийн гурван буудалд гэр барин суусан, өдөр хичээлдээ явах болгонд өвөө нь гурван төгрөг өгдөг байсан, эмээг минь нас барахад ирээгүй гэж О.Дашбалбартаа гомдсон тухайгаа ч ярина. Өөрөө гайхалтай уян сэтгэлтэй бусдын хайр татсан, тэр л хөдөөх малчны хүүхдийн, бага насны жаргал зовлонгоо ямагт дурсах, хөгшцүүл нутаг усандаа амь зангидсан өр зөөлөн хүн байсан даа, одоо бодоход. Нэг намар хичээл эхлээд удаагүй сургууль дээр их л хөл хөдөлгөөнтэй байсан үед, талийгч багш өрөөндөө нилээд ууртай хэн нэгнийг загнаж байгаа чимээ сонсогдов. Удалгүй хаалга нь дуугараад манай нэртэй яруу найрагч залуу нилээн согтуу, унжгардуухан гарч яваа харагдана. Төд удалгүй С.Батмөнх багш миний өрөөнд орж ирээд намайг мэдээгүй гэж бодсон бололтой, юу болсныг өгүүлээд Цаад муу чинь хувцас хунар муутай, зүс царай ч авах юм алга. Эд нар ингэж яваад л үхэж дүүрэх улс даа. Би ч царай өгсөнгүй, зад загнаад хаясан. Алив чи хойноос нь гараад энэ хэдэн төгрөгийг өгөөтөх. Олигтойхон хоол идээд, ганц юм авч уу гээрэй гэв. Би хойноос нь гүйж байж нөгөө хүнд мөнгийг өгөөд хэлснийг нь дамжуулахад найрагч нөхөр маань Тийм байлгүй, даанч дээ гэж ирээд л учиргүй баярлаж хэдэн шар шүдээ гарган инээхэд нь хамаг залуу насныхаа өнгө жавхааг ууж барсан ч гэлээ, дотроос нь хүн чанарын галд бүлээцсэн царай нь нэвт гэрэлтээд За за, ах нь дараа нэг цэмцийгээд цаадах дээр чинь ирнэ, миний дүү хэлээрэй гэж байж билээ. Аргадаж зэмлэсэн тэр хоёр хүн, аль аль нь одоо алга даа, хөөрхий. Элс шороогий нь үнэртэж үзлээ Ижийн минь сүү ханхлаад байна гэж нутаг ижий хоёртоо амь зангидаж бичсэн байдаг юм. Яруу найраг гэдэг ямагт хүний сэтгэлийн өнгөөр гэрэлтэж байдаг эд дээ. Тэрээр нутгийнхаа тухай, Хануй, Тамирын голынхоо аядуу дөлгөөнийг, хангайн сүрлэг уулс, Хан өндөрийнхөө нөмөр нөөлгийг, ахдаа захидал дайх гэж малын бэлчээр дээрээс шогшуулж ирсэн нутгийн залуу, аав л ижий, амраг гэргийнхээ тухай, ахыгаа их л том хүн гэж бодох бүсгүй голдуу хэдэн дүүгийнхээ тухай хамгийн эгэл үгээр бичиж үлдээсэн. Тэр нь л яруу найрагчийн амьдрал болж үлдсэн байна. Есөн эрдэнийн орны Бадарчтай Гурван буудалд хөрш зэргэлдээ амьдарч, хоёул худаг дээр нэгэндээ усны оочер захилцан танилцаад, том зохиолчтой уулзсан тухайгаа ярьтал гэрийнх нь хамгийн мундаг хүн Орост дээд сургууль төгссөн авга ах Цэрэндолгор нь Чи тийм нэртэй том зохиолчид шүлгээ үзүүлэх болоогүй гэж анхааруулсан тул, гэрийхнээсээ нууж нэг орой хэдэн шүлэг бичсэн навсгархан дэвтрээ барин гүйж очсон нь ч яруу найрагчийн л амьдрал. Түүнийг анх Ламжавын Лувсандорж хөтөлж аваачин Мөнгөний Чимид гуайн дугуйланд өгсөн гэдэг. Чимид гуай тэр үед Монголын радиогийн хүүхдийн нэвтрүүлгийн редакцид ажилладаг тул түүний байгуулсан Гавшгай сурвалжлагчийн дугуйлан-д шүлэг зохиол бичдэг олон хүүхэд явж байснаас яруу найрагч Д.Чинзориг, Б.Энхтуяа, С.Батмөнх, Т.Баасансүрэн, кино найруулагч Г.Жигжидсүрэн гээд олон уран бүтээлчид төрөн гарсан байна. Харин оюутан болсон хойноо 1980-аад оны эхээр дэвтэр дүүрэн шүлгээ бариад МЗЭ-ийн Залуу зохиолчдын зөвлөлийн эрхлэгч байсан С.Эрдэнэ гуай дээр очсон гэдэг. С.Эрдэнэ гуай нилээн хэдэн шүлгийг нь сонсоод их л ойшоож, яруу найрагч Ш.Сүрэнжав гуайн өрөөнд дагуулан очиж зөвлөгөө өгүүлсэн нь урамтай хэрэг болж. Тэгээд хэдэн жилийн дараа Цог сэтгүүлд шүлгээ хэвлүүлэх гээд өгтөл Ц.Нацагдорж гуай Алив чи өмнөх үг бичүүлээд ир гэж. Тэр хавиар хүн амьтан хайгаад харж явтал өнөө урьд нь уулзаж байсан Ш.Сүрэнжав гуай өрөөндөө сууж байх таарч, учраа хэлбэл дор нь зөвшөөрөөд урмын сайхан үг бичиж өгсөн бөгөөд мөн Сүүн зам хэмээх анхны номыг нь ч энэ билэг танхай найрагч ариутган шүүсэн гэдэг юм. Бас л хувь заяаны сүүн зам тоссон хэрэг. Сурагчийн хилэн формтой жаахан тожгор хүү анхны Гавшгай сурвалжлагч-ийн мэдээгээ барин Залуучуудын үнэн сонин дээр байнга очих. Сүүлдээ жижүүр нь бүр андахаа больж, Хатанбаатар сэтгүүлч рүү утасдан Дүү чинь ирлээ гэж дуудахыг нь сонсоод, дотроо Москвагийн их сургууль төгсч ирсэн тэр сайхан хүний дүү гэж хэлүүлсэндээ бахдан овоо маадгар зогссон гэдэг. Тэр жаал хүүг хожим Монголын улс төр нийгмийн асуудал хөндсөн олон нийтлэл бичиж, монгол төрийн малчнаас маршлыг нь хүртэл сурвалжилж, нэгэн цагт нэрийг нь сонсоод л бахархаж зогссон Москвагийн их сургуулиа сэтгүүлчийн мэргэжлээр дүүргэж, нэгэн цагт хүүхдийн гэрэвшиж гайхсан харцаар хаалган завсраар нь хулчгархан шагайж зогссон Залуучуудын үнэн сониныхоо эрхлэгч нь болох юм гэж хэн л зүүдлэх билээ. Бас л яруу найрагчийн сэтгэл дүрхний дуудлагаар болсон хэрэг. Газар газрын ихэс дээдэс, эрдэмтэн мэргэд, төрийн сайд ер хэн байлаа ч ард түмний л асуухыг асууж, олон сайхан хүмүүсийн тухай С.Батмөнх Монголын сэтгүүл зүйд бичиж үлдээсэн юм. Дэлхийд нэртэй эрдэмтэн Ширэндэв ээжийнхээ тухай юу ярьсныг, Молотовын гэрт Сталин Гэндэнтэй уулзаад юу гэсэн, Гэндэнг энд гүйцэтгэх үү, Монголд аваачиж гүйцэтгэх үү гэж хэн нь хэнээсээ асууж байсан гээд, сансрын нисгэгч Жанибеков янжуур зуугаад зуу татаж суусан тухай, Дарамын Батбаяр эрдэнийн чулууны эрэлчин байсан тухай, Хөшөөтийн голоос Зундуйн Дорж малаа нийгэмчлээд хотод ирсэн тухай, алдарт уртын дуучин Г.Сүглэгмаа гуайд уртын дуу заасан багш нь лам хүн байсан, Эрдэмтэн Ш.Гаадамба гуайг Нууц товчооны судлалаар төрийн шагналд нэрийг нь дэвшүүлсэн хүн Загдсүрэн гэж Сүхбаатарын районы цагдан сэргийлэгч хүн байсан гэх, амьдралынхаа 30 гаруй жилийн энэ их үйлсийг тэрээр хүү Билгүүдэйдээ өвлүүлж байгаа тухай хуучилсныг, Ц.Дамдинсүрэн гуай шоронгоос гарч ирээд Олег цэцний дуулал-ыг орчуулснаа латин үсгээр хэвлээд зах дээр нэг ширхэгийг нь нэг төгрөгөөр зарж, ШУА-ийн Хэл бичгийн тасагтаа их л зүйл авч байсан гээд эгэл бус эгэл юмсын тухай тэр л бичиж үлдээсэн. Чинагийн Галсан 1968 онд нэг өглөө л гурван өгүүллэг нэг дор бичиж хувь заяаны эргэлтээ хийн, улмаар олон ном зохиолыг нь Герман хэлээр гаргаад байхад монголд тэр нь хориотой ном болсон, хар дарсан зүүд шиг тэр үед Л.Түдэв Аянгат цагийн тууж-д нь өмнөх үг бичээд За ийм ном бичсэнийх нь төлөө монгол зохиолчийг шоронд хийвэл хийг. Хийхийг нь харья гэж үзэл суртлын мөсөн гол дундуур гатлуулсан тухай тэр л бичсэн. Одоо бидэнд тов тодорхой санагдах энэ он цагийн түүхийг тэрээр сэтгүүлч хүний хувьд ард түмэн бидэндээ түүчээлэн авч ирсэн гэхэд болно. Тэрээр Л.Түдэв гуайг үнэн зүрхнээсээ бишрэн шүтнэ. Дөнгөж сургууль төгссөн ногооноороо амьтан ирээд тэр их хүний дэргэд туслахаар ажилласан нь ажил амьдралын жинхэнэ их сургууль болсон гэж ярина. Бидний хэдэн залуус ч дөнгөж сургууль төгсөөд багшилж байсан 1990-ээд оны сүүлээр хичээлийн завсарлагаанаар ороод гарахын зуур, орой өрөөндөө шуугилдаад сууж байхад бидний дунд суугаад сонгодог хөгжим, сонгодог уран зураг, урлагийн тухай энгүүн сайхан ярьдагсан. Гэргий Д.Гантөмөр нь Москвагийн их сургуулийн нэг үеийн оюутан, боловсролтой, дөлгөөхөн сайхан монгол эмэгтэй. Бид олон жил нэг дор ажиллаж, цагаан сар баяраар ирж очдог гэр бүлийн сайхан ахан дүүс болсон. Том охин Номинчимэг нь ааш зан урлагийн мэдрэмж ер нь юм юмаараа л аавтайгаа их адилхан. Төгөлдөр хуурын дугуйланд явдаг жаахан охин байсан, ноднин аавынхаа шүлгэнд ая хийгээд өөрөө хөгжимдөн дуулж олныг уяраасан. Гэр бүлийн ийм оюунлаг таатай орчин яруу найрагчийн зохиол бүтээлд, их нөлөөлдөг байж таараа. Гэргийдээ зориулж Чамайгаа эзгүй байхад Тэнгэрийн нарыг дэргэдээ байсан ч Гэрийн жавар үргэхгүй шүү дээ хө хө гэсэн сайхан дуу бүтээсэн нь одоо ч ард түмний дунд дуулагдаж л байна. Одоо бодоход 42-хон насласан энэ хүн яруу найрагчийн хувьд сэтгүүлчийн хувьд, бас улс төр нийгмийн зүтгэлнийхээ хувьд ямар их зүйл хийж үлдээснийг, цаг хугацаа элчилгүй урсан хайр найргүй хамж одох боловч он цаг улирах тусам алив мөн чанар ард нь үлддэг гэдгийг бид харж байна. Үе тэнгийхэн гэдэг он цаг улирах тусам нэг нэгнийхээ түүхийг бичиж үлдээдгийг би наяад оны олон яруу найрагчдаас харж ухаарсан юм. Миний л мэдэхээр үе тэнгийн найрагч нөхдийнхөө тухай хамгийн их бичсэн нь О.Дашбалбар, С.Батмөнх нар юм. Яруу найрагчид гэдэг ямагт тухайн цаг үеийнхээ магнайд нь явдаг. Магадгүй тэд он цагийг хүлээхийг хүсдэггүй ч байж мэднэ. С.Батмөнх Оддын аялгуу, Гол ус намуухан урсана номууд хэвлэгдсэний дараа Монголын яруу найргийн хаалгаар түлхэлцэн орж ирсэн үеийн нөхөр О.Дашбалбарыгаа өмгөөлж, Зоригтой хэлэгтүн. Монголын уран зохиолд үнэхээрийн нэг үзэгдэл хэмээн дуун алдаж, Нарт ертөнцөд хүн үхдэггүй юм Намрын шувууд шиг буцаж ирэхээр нисдэг юм гэж бичсэн яруу найрагчийг зүгээр л үл мэдэгчийн дүр үзүүлж юунд үл тоомсорлоно вэ гэж харуусан дуугарч чадсан юм. Агаарын будан хөшгирсөн Арын сайхан хангай юу гэж нутгийн залуус дуулалдан давхихыг сонсоод би л ийм дуу бичих байсан юм гэж, хаа байгаа Хэнтийн Саруулбуян арын сайхан хангайн тухай ардын дуу шиг бичсэнд нь цагаахан атаархсанаа ч нуугаагүй. Хол явж барилдаагүй Сумын заан Хот орж зодоглоогүй Сумын заан... Мийгаа (Ч.Мягмарсүрэн) хотод нэг л дасахгүй нь, нутгаа санаад аа гэж гуниглангуй суусан тухай, хотод ганцаараа ирсэн Цэнддоо хоёулаа болж тэр үеийн Үнэн сонины аж ахуйн хашаанд туурга тусгаарлан төвхнөсөн тухай, Усан бороон дор Уйтгартайхан чичрэх хэрээ Уйлж байгаа даа гэж бичсэн Д.Чинзоригийг яруу найрагт нэг л үнэлэхгүй байгааг, Д.Сумьяа, Бя.Энхтуяа, Сарантуяа, Булган... наяад оны найрагч хүүхнүүд гээд бүгдийг нь л бичсэн дээ, тэр. Үе тэнгийхэн минь жам ёсыг дагаж Үүрч явсаар хүргэдэг он цагийн ачааг авч байна гэж бичсэн цэл залуухан найрагч Ардын Их Хурлын гишүүн болж, эх орон ард түмний төлөө үгээ хэлж Монгол улсын шинэ Үндсэн Хуулийг батлалцсан нь бас л хувь заяаны хэрэг. 1990 оны Ардын Их Хурлын депутатаар Ж.Бямбаа, Ш.Сүрэнжав, Л.Түдэв, Л.Одончимэд, О.Дашбалбар, Бя.Энхтуяа гээд миний мэдэхийн хамгийн олон зохиолчид сонгогдон ардчилсан төрийн анхны ээдрээтэй он цагийн түүхийг бичилцсэн бөгөөд Заяын хүрээний эгэл боргилхон малчны хүү Сүхбаатарын Батмөнх ч тэднээс хоцорсонгүй. Зангирсан уяаг арга билгээрээ тайлж Задарсан улсаа атга шагай шиг хураах... өвгөдийн нөмөрт өссөн жаал хүүд Монгол, Чингис гэж хашгичсан шинэ цагийн баатрууд өвөг дээдсийн амьнаасаа ч илүү хайрлаж ирсэн эх нутаг, тусгаар тогтнол, үндэсний бичиг соёлын түүхэнд нэг л гоомой хандаж байгааг анзаарч Уулын тухай хууч сонсоод, давсан гэж ичих ч үгүй хэлнэ тэд Усны бараа хармагцаа урд насанд гаталснаа гайхна тэд... Цагийн цагаан солиорлоор хүн бүр өвчилбөл Цаад өдөр монголын заяаг хэн түшиж явах юм бэ... хэмээн үндэсний өв соёлоо сэргээн босгох нэрээр дахин үгүй хийчих вий гэж эмзэглэж өмгөөлсөн олон шүлгээр найрагчийн дуу хоолойгоо ч хүргэсээр л байсан. Арын цэнхэр хангайн эгэл малчны хүү сумын сургуулиас хотын сургуульд, Улаанбаатараас холын Москвад очиж, эрдэм номд суралцан, монголын яруу найрагт Сүүн зам, Хайрын дөлгөөн Хануй, Хөхөөн дууны улирал-аа бичиж, монголын сэтгүүл зүйд Өндөр хөх огторгуй-гаа үлдээсэн юм. Сумын сургуулийн сурагчаас, Үнэн, Монголын залуучууд сонины сэтгүүлч, эрхлэгч, Ардын Их Хурлын депутат болж, Монгол улсын шинэ үндсэн хуулийг бичилцэн, Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж энэ л ард түмний дуу хоолой нь болж явсан тэрээр Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины Утга зохиолын дээд сургуулийн захирал болж, толгойтой бүхэн мөнгө бодож торготой нэг нь хоргой зүүдлэх 1990-ээд онд, улс орны амьдралын хамгийн хүнд хэцүү цагт Монголын утга зохиолын хойч үеийг бэлдэх тэр ариун үйлст өөрийн мөрөө үлдээснийг бас л он цаг гэрчилж байна. Энэ л гэгээн гэрэлт найрагч нэгэн цагт Амьдрал ямар эргэх биш дээ Агшин учрал давтагдах биш дээ... гэж бичиж үлдээсэн юм. Тийм дээ. Амьдрал ямар эргэх биш. Хөдөөнөөс дөнгөж орж ирээд хотод амьдрал залгах гэж гүйж явсан миний амьдралын тарчигхан өдрүүд, зуун айлын шороо пургисан дотнохон гудамж, нар сар нь нэвт гэрэлтсэн найзын маань зуны байшин, шүлэгнээс өөр хөрөнгөгүй баахан хөөргөн залуус, хармаг жимс исгэж уугаад инээж суусан Болд-Эрдэнэ гээд олон нөхөд минь, Монголынхоо төлөө үхсэн хойно минь дуугарч чадахгүй бол та нараар яах юм бэ гэж зандарч байсан О.Дашбалбар багш, нэг л цагт та нар бүгдээрээ нэрд гарна, тэгэхэд энэ жижигхэн сургуулийг чинь хүмүүс анзаарах болно гэж хэлж байсан та өөрөө, ээдрээтэй энэ яруу найрагчийн амьдралыг төсөөлөх ч үгүй дандаа л тийм жаргалтай байх юм шиг дулаахан өвөр дээр нь суугаад номоо уншиж байсан аав минь, өнөөдөр та нар бүгдээрээ алга. Намрын шувууд дуулалдан буцах энэ өдрүүд нэг л гунигтай. Мөхөс би өөрийн төрөлх сургуулийн 15 жилийн ой болж байгаа энэ гэгээн гэрэлт өдрүүдэд, Монголын их яруу найрагт сүүн зам татуулж буцсан Сүхбаатарын Батмөнх яруу найрагчийн амьдрал уран бүтээлээс эргэн дурсаж энэ бүгдийг бичлээ. Он цаг биднийг л элээх гэж омголон морьд шиг алсран одож байна даа. Яруу найрагч, Хэлбичгийн ухааны доктор (Ph.D), дэд профессор
http://www.dailynews.mn/modules.php?name=News&file=print&sid=12324

 
 

bolod.M

3/25/2008 - Сэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн Аморе наадам болно

Монголын сэтгvvл зvйн нэрт төлөөлөгч, яруу найрагч С.Батмөнхийн нэрэмжит хайрын шvлгийн Аморе наадмыг Их Монгол дээд сургууль, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутгийн зөвлөл, Монголын Зохиолчдын эвлэлээс хамтран хоёр жилд нэг удаа зохион явуулдаг уламжлалтай.
Тус наадам энэ 2008 онд 5 дахь удаагаа зохиогдох гэж байна.
Наадмын зорилго:
Яруу найргийн авъяас сонирхолтой, уран vгийн ертөнцөд өөрийн билэг оюуныг сорих чин хvсэлтэй Ерөнхий Боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын ирээдvйн хvсэл эрмэлзлэлийг дэмжих, Залуу авъяастныг нээн илрvvлэх, хvvхэд залуусын ёс зvйн зөв төлөвшилд хувь нэмэр оруулах.
Тvvнчлэн Монголын яруу найргийн ирээдvйн төлөөлөгчдийг олонд таниулах, тэдний уран бvтээлийг сурталчлахад наадмын зорилго оршино.

Наадмын болзол:
- Яруу найргийн наадамд ЕБС-ийн 9-11-р ангийн сурагчид оролцоно.
- Наадамд оролцох хvсэлтэй сурагчид хайрын сэдвээр бичсэн 3 шvлгээ 2008 оны 03-р сарын 15-наас, 03-р сарын 30 ны хооронд Их Монгол дээд сургуулийн 27 тоотод авчирч өгнө.
- Наадам гурван vе шаттай явагдана. Эхний даваанд 30 сурагчийн бvтээлийг сонгон авч дараагийн шатанд өрсөлдөнө. Сvvлийн даваанд шалгарсан 5 сурагчийн дунд сэдэв зарлаж, тодорхой хугацаанд шvлэг бичvvлж шалгаруулна.

Наадам хэзээ хаана, хугацаа:
Аморе наадам 2008 оны 04- сарын 10-ний өдрийн 15 цагт Хуучнаар ДСНК буюу Оросын соёл шинжлэх ухааны төвд болно.

Уралдааны шагнал:
Нэгдvгээр байр: 1 сурагч
Шагнал 500000 /хагас сая төгрөг / өргөмжлөл, vнэ бvхий зvйл
Хоёрдугаар байр: 1 сурагч
Шагнал: 100000 /нэг зуун мянган төгрөг / өргөмжлөл, vнэ бvхий зvйл
Гуравдугаар байр: 1 сурагч
Шагнал: 50000 /тавин мянган төгрөг / өргөмжлөл, vнэ бvхий зvйл
Тусгай байр: 2 сурагч
Шагнал: Өргөмжлөл, vнэ бvхий зvйл
Жич: Уралдаанд шалгарсан 30 бvтээлийг ном болгон хэвлэнэ.
Холбоо барих утас: 70144431, 99162543


Аморе наадмын танилцуулга

Хvний сэтгэлийн хамгийн эмзэг уяхан утсыг хөндөж байдаг урлаг бол мэдээж vгийн урлаг билээ.Тэр тусмаа яруу найраг гайхамшигтай увдис чанарыг хадгалж байдгийг та бvхэн мэдэх биз ээ. Энэхvv хатуу ширvvн гэмээр цаг vед хvний сэтгэлийг хайр, гоо сайхны мэдрэмжээр дvvргэх нь чухал гэж энэ наадмыг хамтран зохион байгуулагчид vздэг юм. Тиймээс монголын ирээдvйн эзэн болсон залуусын дунд энэхvv наадмыг зохион явуулдаг учиртай. Vнэндээ энэ наадам маань ирээдvйн монгол иргэдийн гоо зvйн боловсролыг дэмжих зорилготой юм.
Анхлан 2002 онд Монголын Зохиолчдын Эвлэлээс /МЗЭ/ манай Их Монгол дээд сургуулийг vvсгэн байгуулагч нэрт сэтгvvлч, яруу найрагч, залуу яруу найрагчдыг хөхvvлэн дэмжигч Сvхбаатарын Батмөнхөд хандаж энэ наадмыг хамтран зохион явуулах саналыг тавьсан гэдэг. Тухайн vед С.Батмөнх наадмын ивээн тэтгэгчээр оролцсон байна.
С.Батмөнхийг ерцөнцийн мөнх бусыг vзvvлсэнээс хойш 2003 онд МЗЭ тус наадмыг тvvний нэрэмжит болгон хамтран явуулах саналыг тавьснаар Их Монгол дээд сургууль, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутгийн зөвлөлөөс хамтран зохион байгуулах болов. Наадамд олон шилдэг залуу шvлэгчид бvтээлээ ирvvлж өрсөлдсөний эцэст залуу яруу найрагч Лхагвасvрэнгийн Хасар тэргvvн байрын шагналыг хvртсэн байна.
2004 онд МЗЭ-ийн шагналт яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир тэргvvн байрын шагналыг хvлээн авчээ. Энэ vеэр наадмыг хоёр жилд нэг удаа явуулж байхаар шийдсэн байна. Эдvгээгээс хоёр жилийн өмнө буюу 2006 онд Аморе наадмын дөрөв дэхь удаагаа зохион явуулсан бөгөөд наадамд 70 орчим шvлэгчдийн бvтээл ирснээс эхний даваанд 30 яруу найрагчийн бvтээлийг шалгаруулан хамтран зохион явуулдаг байгууллагуудаас томилогдсон шvvгчдийн бvрэлдэхvvн, vзэгчдийн таашаалыг харгалзан залуу яруу найрагч Норовын Гантулгад тэргvvн байрын шагналыг олгожээ.
Аморе наадам нь залуу яруу найрагчдын дунд зохион явуулдаг хамгийн өндөр шагналын сантай, хамгийн шинэлэг хэлбэртэй гэдгээрээ уншигч vзэгчдийн хvрээнд танигдсан төдийгvй ашгийн бус зөвхөн оюуныг дэмжихэд чиглэгдсэнээрээ онцлог юм.
Энэ 2008 онд наадмыг тав дахь удаагаа ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохион явуулахаар болсон нь наадмыг бvр ч шинэлэг, сонирхолтой болгож байна. Наадам маань өсвөр vеийнхэнд хайр гэдэг vгийн мөн чанарыг зөвөөр ойлгуулж тэдний ариун хvсэл эрмэлзлэлийг нээн илрvvлэхэд нэгээхэн алхам болно гэж найдаж байна.

bolod.m
 

 

GO BACK TO WEBSITE

Batmunkh.Ts Mongol Internet Contact to daanjuur@yahoo.com