Богино өгүүллэгийн нэрт зохиолч
Сэнгийн Эрдэнэ

BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE

 

 

 Түүвэр
зохиолоос

 

 

 

     
   

 

 
Senge Erdene (1929-2000) 
 
 
 


Монголын уран зохиолын сэтгэлийн уянгат тууж өгүүллэгийн нэрт мастер, Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнэ нь Монголын ардчиллын алтан хараацай нэрт улс төрч Бат-Үүлийн аав.
Эх бүрдийн домог кино зохиол, Жаргал даахгүйн зовлон жүжгийн зохиол, Өвгөн шувуу, Хулан бид хоёр, Малын хөлийн тоос (1964), Баянбүрд, Наран тогоруу (1979), Тэнгэрийн хаяа энүүхэнд (1962), Өдрийн од (1969), Хөх хулгана жил (1970), Цасан доорх ногоо (1971) Холбоо гурван тууж (1980), Цэнхэрлэн харагдах уул (1981) зэрэг өгүүллэг туужийн ном, Занабазар (1989), Хойт насандаа уулзъя (1996), Амьдралын тойрог (1983) зэрэг роман бичжээ.
 

Timeline
1929 оны 12 сарын 7-нд  нэрт зохиолч Сэнгийн Эрдэнэ Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн.
1949 онд (20)  Д.Сүхбаатарын нэрэмжит офицерийн сургууль
1955 онд (26) МУИС Анагаах ухааны факультетыг тус тус төгсчээ
1956 онд (26) Тал нутгаар явахдаа шүлгүүд
1961 онд (32) Алтан өргөө кино зохиол
1964 онд (35) Малын хөлийн тоос
1965 онд (36) Монгол Улсын тєрийн шагнал
1979 онд (50) Наран тогоруу
1974 онд (45) Говийн нүдэн кино зохиол
1975 онд (46) Эх бүрдийн домог кино зохиол
1981 онд (52) Жаргал даахгүйн зовлон кино зохиол
1989 онд (60) Занабазар роман
1992 онд (63) Мөнх тэнгэрийн хүчин дор кино зохиол
1994 онд (65) Ардын уран зохиолч цол

 

Их уран зохиолын титэм дэх сувд эрдэнэ
Огноо: Saturday, October 04 @ 00:15:31 GMT+8
Сонин:


Ардын уран зохиолч П.Бадарч 2008.9.29

Ум хорва ла дол дарима гэж эхэлдэг "Цагаан дарь эх"-ийн тавин наймхан мөр уншлагаас эхлээд 108 боть их хөлгөн  судар Ганжуур, Данжуурын эхэн ишлэлд дөрвөн мөр залбирал байдаг нь, Намо гүрүви, Намо Буддая, Намо Дармая, Намо Сангая болой! Энэ нь багшид мөргөе, Бурханд мөргөе! Номд мөргөе! Хуврагт мөргөе! хэмээсэн ажээ. Би Намо гүрүви-багшдаа мөргөе! Миний багшийг Сэнгийн Эрдэнэ гэнэ. Хар бага есхөн настайдаа эцгээс хагацсан, эрдэм гэгээрлийн аянд дөрөөлсөн хар Сэнгийн хүү Эрдэнэ, оюуны өндөр соёлтой, гайхамшигт сайхан зохиолуудаараа түм түмэн уншигчдыг уяруулан, ухаажуулан соронз гүр мэт татсан Монгол уран зохиолын титэм дэх сувд эрдэнэ байлаа.


Тэртээ Ононы хөвөөнд мэндэлсэн буриад хөвүүн, Хэрлэн голын баруун бэлд унасан халх бандийг уран зохиолын их өргөөнд өргөж оруулан, ажил амьдралын замд нь түшиж тулж явах, миний хувьд тэнгэрлэгхэн хувь заяа бид хоёрыг холбож дээ. Одоогоос хагас зуун жилийн тэртээ 1957 онд манайх "тавын халуун ус"-ны зүүнхэнтэй одоогийн 13 дугаар хорооллын баруун зах орчимд байжээ. Би техниккумын  сурагч уран зохиолд шунан дурлагч зохиолчдыг бишрэн харагч нэгэн байлаа. Эрдэнэ багшийнх бас манай арын гудамжинд байсийм билээ. Тэр үед "Тал нутгаар явахдаа" шүлгийн ном, "Салхитын голынхон" тууж нь гарч олны анхаарлыг татсан үе байлаа. Сүхбаатарын талбайн баруун талын номын дэлгүүрт (Одоо гутал, оймсны дэлгүүр) уншигч зохиолчдын уулзалт болж, Чойжилын Чимид хөтөлж Б.Бааст, М.Ширчинсүрэн,  Д.Түдэвдорж, З.Баттулга нарын олон зохиолчид байсны дунд С.Эрдэнэ оролцохыг би нүдэлж авчээ.

Нэг өдөр сургуулиасаа харьж явтал мөнөөх Эрдэнэ зохиолч цав цагаан цувтай, ганган бүрх тавьчихсан таяг тулчихсан ирж явна.

Сэлбэ гол дээгүүр байх, нарийн төмөр замын гэгддэг гүүрэн дээр харгалдаж би зосч өнгөрөөв. Энэ хүн шиг л ганган зохиолч болох юм хуна гэсэн шүү бодол төрж, таяг тулсныг гайхширснаа гангарал юм байлгүй, түүнээс ийм залуу хүн хаанаас таягтай  явахав гэж бодож билээ.

Тэхнээ нь багш тэр үед, өөрийнх нь хожим бичсэнээр хөлийн мэдрэлийн гол судал анатомиор буюу "ишиас" гэдэг судал нь үрэвсээд үнэхээр доголсон юм билээ. Миний гангарал гэж ойлгодог ч бас буруугүй. А.Толстойн "Зовлон туулсан нь" романы, чимэглэлд нэг тийм бүрхтэй, таягтай тайж ч билүү язгуурт сэхээтний зураг үзсэн юм. Түүнийгээ жишиж таамагласан хэрэг. Би тэр гоё зохиолч С.Эрдэнэтэй тааралдсанаасаа хойш яруу найрагч болохоор бүрэн "шийдэж" хэсэг хугацаанд орхиод байсан шүлэг бичих ажилдаа "шамдлаа." 1960-аад он гарлаа. Б.Явуухулан хойноос төгсч ирсэн, Зохиолчдын хороо хөл хөдөлгөөн ихтэй,  долоо хоногийн гурав дахь өдөр бүр залуу зохиолчдын шүлэг сонсч зөвлөгөө өгдөг байв.

Ш.Сүрэнжав, Ш.Дулмаа, П.Пүрэвсүрэн, И.Цэрэнжамц, П.Сандуйжав, Б.Жамд гээд л олон олон залуу шүлэгчид гайхуулж байв. Минийх нэг л гавидаггүй. Тэр үед зохиолчид том хэлбэрийн зохиол "туурвих өвчин"  тусаад анхны роман, туужууд хөвөрч байв. Би ч гэсэн том хэлбэрийн зохиол бичдэг хэрэг гэж бодоод, Халх голын дайнд олон сайхан эрс бас морьд эрсэдсэн юм гэдэг санаатай "Морьд" гэдэг найраглал бичээд, ер нь өнөөх гоё Эрдэнээтэй уулзаж зөвлөгөө авахаар Зохиолчдын хороон дээр хүрэхнээ нь, Эрдэнэ "Цог"  сэтгүүлийн эрхлэгч болчихсон өвгөөдэй Ц.Дамдинсүрэн гуайтай нэг өрөөнд сууж байна. Хаалгыг  нь  зүрхшээн байж  татаад "Орох уу?" гэвэл Эрдэнээ ор ор гэх нь тэр. Би шүлэг үзүүлэх гэсийм гэвэл, бичиж байсан юмаа орхиод унш унш гэв.

Би "Морьд" найраглалаа уянгалуулж гарлаа. Тэгтэл дунд хэрд нь байз хө гэж байна. Чи саяын бадгаа дахиад унш гэлээ. Тэр нь

 Дайн гэж

Цус хурсан зүрхээ

Цугаараа гар дээрээ барьж

Өрөвдөхгүй чулуудалцахыг

Өчих шиг санагдана

гэсэн мөр бадаг юм. Уншиж дуустал Эрдэнээ багш  нөгөө л далдхан гуниг хурсан ингэн тэмээнийх шиг дүрлэгэр бор нүдээрээ намайг түрхэн ажсанаа, олон ч үг хэлсэнгүй "Орхиод яв" гээд Та үүнийг  үз дээ, гээд Дамдинсүрэн гуайд өгч байна. Би ч халууцсан гэж жигтэйхэн, гарахын түүс үүд рүү ухасхийв. Удсан ч үгүй "Цог"  сэтгүүлийн оны шагнал алтан үсэгтэй үнэмлэх 300 төгрөгийн шагнал хүртэж ёстой л нэг дуу тэнгэрт, нэг дуу газарт гэгч болов.

Ингэж л анх Сэнгийн Эрдэнэ намайг  утга зохиолын их өргөөнд өргөж оруулсан юм. Багш минь намайг 1966 онд "Утга зохиол урлаг" сонины эрхлэгч байхдаа сониндоо зураачаар авч ажиллуулан уран зохиолд шуудрах замыг минь бүүр засч билээ. Би багшийн уран бүтээлийн тухайд дүгнэх цэгнэх нь бүү хэл магтаж ч чадахгүй "мангар" мөхөсхөн билээ. С.Эрдэнэ энэхүү уяхан замбуу тивийг мань мэт шиг хоёр цийлгэрээрээ бус сэтгэлийнхээ нүдээр тодруулан томруулан харж чаддаг торгон тансаг гүн мэдрэмж ухааралтай орчлон байсийм шүү. Монгол уран зохиолд Равжаа хутагт С.Эрдэнэ хоёр л салхины өнгийг нүдэнд харагдаж сэтгэлд шигдтэл үгээр зурсан юм. "Урьхан хонгор салхинд уулын мод найгана." Хутагт салхины намрын өнгийг дуулжээ. Тэгвэл С.Эрдэнэ Алтайн уулсын салхины өнгийг сэтгэлийнхээ нүдээр олж харсныг нь дор сийрүүлье. "Ховд голын хөндийд намуухан шар салхи сэмхэн хэсүүчилж байхад тэртээ өндрийн хадан цохионд хар салхи, Цамбагаравын хяр оройгоор бол дун цагаан салхи салхилж байх шиг санагдсан" гэжээ. Би Хөвсгөлд багштай хамт явж байгаад "Алтан хараацай" гэдэг дууны нэг мөрийн тухайд, энэ дуунд "Алтан хараацай сүргээрээ тэнгэр шүргээд өнгөрлөө  гэж гарах юм. Мөн гоё хэлжээ" гэж би эргүүттэл багш өөдөөс нэг том харснаа "туй" гэж уулгалаад "Энгэр шүргээд гэвэл илүү гоё, бацаан минь" гэж билээ. Багш ийм л өчүүхэн юмыг ч урнаар сэтгэгч байлаа даа. Шавьдаа зөвлөгөө өгч буй царай нь тэр. Үүнээс илүү  яах ёстой юм.

Багш монгол тооллоор бол шороон могой жил 1929 оны арванхоёрдугаар  сарын 7-нд төрсөн, 80 насны нь ой энэ жил тохиож буй юм. Гэвч ирэх жил тэмдэглэх буйзаа.

Багш минь насныхаа сүүлийн жилүүдэд шашин соёлын талаар ихээхэн сэтгэл зүтгэл гаргаж төрөлх нутгийнхаа Сэрүүн дуганыг сэргээн гол шүтээний нь Гүрдаваа римбүүчийгээр шүншиглүүлэн залж Төвхөн хийд, Гүнжидийн сүмээр аялж, засч сэргээхэд нь хүчин тавьж  намайг Амарбаясгалант хийдэд очиход хань Дэжээтэйгээ (багш гэргий Цэрэнджидээ ийн хайрлаж нэрлэдэгсэн) Да лам урилгаар оччихсон хийдийн түүх бичиж байсан сан. Багш бас "Жанрайсиг бурханаа залахын учир", "Жанрайсигийн тухай дуусаагүй яриа" зэрэг олон өгүүлэл бичиж Монголын соёлын санг анх санаачилж Мигжид Жанрайсиг  шүтээнийг бүтээн залах ажлыг анхлан сэдэгч байсан юм шүү.

Энэ тухайд соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёогийн "Билгийн мэлмий нээгч" номд тодорхой бий. Мань мэтийн охор бодолтон орой өглөөн хоол ундхан, ор, дэрээ шинэчлэх төдийхний дажинд сүйрч маргааш буцахаа мэдэхгүй маларч байхад холч бодолтон гэгээрсэн дээдэс минь үр хойчдоо үлдээх мөнхийн бүтээл, сайн сайхны төлөөх туурвилаа гүйцээдэг ажаам. Миний багш Ардын уран зохиолч төрийн шагналт Сэнгийн Эрдэнэ эдний л нэг байв. Би Номо Гүрүви -Багш дор мөргөмүү.


http://www.dailynews.mn/modules.php?name=News&file=print&sid=19435
 

 

 
References

 

 

 

GO BACK TO WEBSITE

Batmunkh.Ts Mongol Internet Contact to daanjuur@yahoo.com