| Ш.Нацагдоржийн мэндэлсний 90 жилийн ойд
Ш.Нацагдорж 1918 онд Нийслэл Хүрээнд төржээ. Энэ онд түүний мэндэлсний
90, эрдэм шинжилгээний ажил хийсний 70 жилийн ой тохиож байна. Академич
Ш.Нацагдорж бол манай улсын хуучин, шинэ үеийн түүхийн мэдлэг ухааны
уулзвар үед өөрийн авьяас билгээрээ тодрон гарсан ахмад үеийн түүхчдийн
нэгэн том төлөөлөгч билээ.
Их түүхч Ш.Нацагдоржийн эрдэм номын үйлст насан туршдаа үнэнчээр
зүтгэж байсан цаг үеийн ихэнх нь Монголд эв хамтын хатуу ширүүн үзэл
суртал, дарангуйлал хязгааргүй ноёрхсон ихээхэн онцлог үе байсан юм. Энэ
учраас бид түүний эрдэм номын өв уламжлалыг үнэлэн цэгнэхдээ амьдарч аж
төрж байсан түүхэн цаг үеийн онцлогтой нь нягт холбон авч үзэхээс өөр
аргагүй.
Иймэрхүү арга барилын үүднээс авч үзэхэд академич Ш.Нацагдорж
амьдралынхаа эрхэм зорилт болгосон эрдэм шинжилгээний ажлаа тэрхүү хатуу
ширүүн хүнд нөхцөлд ч аль болохоор аргыг нь олж шинжлэх ухааныг эрхэмлэн
үзэж түүхийн үнэнийг илрүүлэн тогтоохыг эрмэлзэн ажиллаж байсан манай
цөөхөн тооны суу билэг төгөлдөр эрдэмтний нэг нь байсан билээ. Түүний
туурвилд ялангуяа орчин цагийн Монголын түүхээр бичсэн бүтээлд нь тухайн
цагийн улс төр, үзэл сурталд автагдсан зүйл байдаг ч гол туурвилууд нь
түүхийн баримт мэдээгээр баялаг, эрдэм шинжилгээний хэл найруулга,
бичгийн чадвар, арга барилын хувьд үнэ цэнтэй хэвээр байна.
Тэрбээр 1935 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн Түүхийн тасагт дагалдан
суралцагчаар орж 1937 онд түүхийн тасгийн эрхлэгч болсон ба 1951 онд
МУИС төгсөөд 1954 онд ЗХУ-ын ШУА-ийн Дорно дахины институтэд түүхийн
ухааны дэд эрдэмтний зэрэг амжилттай хамгаалж, 1957 онд профессор цол,
1961 онд ШУА-ийн жинхэнэ гишүүн цол /академич/, 1972 онд түүхийн ухааны
докторын зэрэг хүртжээ.
Академич Ш.Нацагдоржийн эрдэм шинжилгээний анхны бүтээл нь 1938 онд
Шинэ толь сэтгүүлд хэвлэгдсэн Монголын хувьсгалын удирдагч гавьяат
нөхөр Сүхбаатарын товч түүх хэмээх өгүүлэл юм. Ардын хувьсгалын
удирдагчийн намтар түүхийг судлах явдлаар эхэлсэн түүний эрдэм
шинжилгээний ажлын зам өлзийтэй болж, 1943 онд нийтлүүлсэн Сүхбаатарын
намтар хэмээх зохиолоороо 1947 онд төрийн шагнал хүртжээ.
Ийнхүү 1930-аад оны дунд үеэс эрдэм шинжилгээнийхээ үйл ажиллагааг
эхлэж Монголын шинэ үеийн түүхийн ухааныг 60 гаруй жилийн туршид удирдан
зохион байгуулж ноён нуруу нь болсоор ирсэн академич Ш.Нацагдоржийн
намтарын хувьд түүний эрдэм шинжилгээний үйл ажиллагаа буюу эрдмийн
намтар нэн чухал ач холбогдолтой юм. Тэгэхдээ тухайн эрдэмтний
шинжлэх ухааны ёс суртахууны зарчим тэргүүн зэргийн ач холбогдолтой
байдаг.
Академич Ш.Нацагдорж, Алдарт Цицерон түүхч хүний нэгдүгээр зорилго
бол худал хэлэхээс зайлсхийх, хоёрдугаар зорилго бол үнэнийг далдлахгүй
байх, гуравдугаар нь долгинон зусардах, эсхүл хилсээр үзэн ядахгүй байх
хэрэгтэй гэж заасан байдаг. Өчүүхэн би түүхийг бичихдээ энэ мэргэн хүний
санамжийг ямагт санаж даган мөрдөхийг хичээдэг. Энэ удаа ч мөн энэ
сургаалийг мөрдөхийг хичээсэн билээ /Хубилай сэцэн, УБ., 1998, т.6/
хэмээжээ. Тэрбээр энэхүү нандин сургаал зарчмыг баримталсаар ирснийг
дэлхийн нэрт эрдэмтдийн түүний талаар бичсэн бүтээл нотлон харуулж байна.
Энд бид Итали гаралтай Австралийн нэрт монголч эрдэмтэн Игор де
Рахевильцийн Монголчууд хуучин түүхээ эргэн харж байна өгүүллээс жишээ
татан өгүүлье: Ц.Дамдинсүрэн /1808-1986/ Нууц товчоон зохиолыг анх
удаа орчин цагийн хэлнээ хөрвүүлж Монголд нийтлүүлсэн нь улс орныхоо
өнгөрсөн үеийг үргэлжлэн анхаарч байсны тодорхой илрэл бөгөөд 1940-өөд
оны ээдрээтэй арван жилд ч үндэсний үзэл нууцхан байсан нь тодорхой.
Нэрт түүхч Ш.Нацагдорж /1918 онд төрсөн/ тус хөрвүүлэгт өмнөх үг
бичихдээ: Халуун амь бүлээн цусаа үл хайрлан эх орныхоо төлөө тэмцэж
байсан Чингис хааны үеийн монгол хүний зориг баатарлаг шинж чанарын
ач холбогдлыг онцлон тэмдэглэжээ. Монголын байлдан дагуулагчдын
амжилттай аян дайны тухайд ийм тууштай үг хэлж болно гэж бид ойлгож
байна /Igor de Rachewiltz. Universita di roma La sapienza studi
orientali volume ХIII, pp. 350-379/ хэмээн зөвтгөжээ.
Үнэхээр зүүний нугалааны амтыг үзэж 1930 онд бага сургуулиас
хөөгдөж Шинэ эргэлтийн бодлогын ачаар 1932 онд дунд сургуульд батлан
даалтаар орж суралцан долоо дордож найм сэхэж явсан Ш.Нацагдоржийн
хувьд ийм тууштай үг хэлэх нь тэр үед эрсдэлтэй байсан нь тодорхой
боловч дээрх зарчмаа баримталж үнэнийг өгүүлсний гэрч баримт энэ болно.
Игор де Рахевильцийн өмнөх өгүүлэлд ганц Ш.Нацагдорж төдийгүй Монголын
хуучин түүхийг судалсан бусад түүхчид ч түүхийг үнэнээр өгүүлэхийг
чармайн эрмэлзэж байсныг олон баримтаар харуулсныг дашрамд тэмдэглэе.
Ш.Нацагдорж эхэндээ орчин цагийн болон орчин цагийн өмнөх үеийн
түүхийн /pre-modern history/ олон асуудлыг зэрэг судалж байсан ч сүүл
үедээ зөвхөн орчин цагийн өмнөх түүхийн судалгаанд гол анхаарлаа
хандуулж тэр үеийн түүхийн судалгааны андуу ташаа үзэл баримтлалыг
залруулах буюу хөндөж судлаагүй шинэ сэдвийг судлан боловсруулахад
онцгой анхаарал тавих болсон байна. Учир иймд бид энэ удаад түүний орчин
цагийн өмнөх үеийн түүх, их хаадын намтрыг судалсан бүтээлүүдэд нь
анхаарлаа хандуулья.
Академич Ш.Нацагдоржийн хамгийн эрхэм нэгэн зорилго бол Монголын
ард түмний тусгаар тогтнолын тэмцлийн түүхийг судлан сэргээхэд оршиж
байлаа. Тэрээр, Халх дахь үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ба феодалыг
эсэргүүцсэн хөдөлгөөн /1941/, Манлай баатар Дамдинсүрэн, /1941/, Ховд
хязгаарт Аюушийн удирдлагаар гарсан ардын эрх чөлөөний хөдөлгөөн
/1954/ зэрэг бие даасан бүтээлүүд нийтлүүлснээс гадна БНМАУ-ын түүхийн
нэг ба гурван боть зохиолуудад бичсэн бүлэг, зүйл буюу Халхын түүх
зохиолдоо Манжийг эсэргүүцсэн үндэсний эрх чөлөөний 1755 оны хөдөлгөөн,
ХIХ зууны тэргүүн хагаст гарч байсан ардын хөдөлгөөн, ялангуяа 1911 оны
үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн зэргийг түүхэн баримтанд түшиглэн задлан
шинжилж үнэлэлт дүгнэлт өгсөн нь одоо ч гэсэн эрдэмтдийн сонирхлыг
татсаар байна. Ерөөс Монгол дахь тусгаар тогтнолын төлөө эрх чөлөөний
хөдөлгөөний түүхийг судлах ажлын эхлэлийг академич Ш.Нацагдорж тавьсан
гэж баттай хэлж болно.
Америкийн эрдэмтэн О.Латтимор академич Ш.Нацагдорж бол Монголын
түүхчдийн орчин үеийн сургуультай нэг зэрэг өсч гарсан хүн бөгөөд
Монголын түүхийн сурвалж бичгийг хэвлэн нийтлэх ажлыг үүсгэгч, нарийн
төвөгтэй асуудалд мянга мянган утсыг нийлүүлэн нэхэх лүгээ адил маш
чадварлаг судалгаа хийдэг эрдэмтэн юм гэх зэргээр өгүүлжээ.
Үнэхээр Ш.Нацагдорж архивын баримтаас сонгон авч хэвлэн нийтлэх түүх
судлагчдын хүртээл болгох нэгэн шинэ ажлыг анх түрүүн 1939 онд
Зөвлөлтийн түүхийн мэргэжилтэн М.Петуховын хамт үүсгэн товчхон
удиртгалтайгаар Монгол орон Манж, Автономитын үед нэртэй эмхэтгэлийг
нийтлүүлжээ. Энэ цагаас хойш Дөрвөн аймгийн алба тэгшитгэсэн данс,
Ардын заргын бичиг зэрэг архивын сурвалж материал, Улаан хацарт,
Харьяат хошууны дотор дагаж явуулахаар тогтоож тушаасан ухуулах бичгийн
уг эх мэтийн эх зохиолд оршил удиртгал бичиж, тайлбар, зүүлт хийн
хэвлүүлж, ховор чухал бичгийг эрдэм шинжилгээний гүйлгээнд оруулж олны
хүртээл болгох үйлсэд их хандив оруулжээ.
Цагаан түүх, Лу.Алтан товч, Алтан эрхи зэрэг эх бичгүүдийн
талаар судалгааны өгүүлэл бичжээ.
Монголын түүх судлалын явцыг нэгтгэн дүгнэж цаашдын зорилтыг тодорхойлох
ажлыг Ш.Нацагдорж эхлэн хийж олон арван бүтээлдээ манай түүхийн ухааны
ололт, амжилт, алдаа дутагдал, үндсэн чиглэлийг тодорхойлон дүгнэжээ.
Монголын ардчилал, шинэчлэлийн эхэн үед Ш.Нацагдорж Чингис хааны
цадиг /1991/, Хубилай цэцэн /1998/ хоёр чухал бүтээл туурвиж олны
хүртээл болгосон билээ. Академич Ш.Нацагдоржийн бичиж, академич
Ш.Бирагийн редакторлосон Чингис хааны цадиг бүтээл Чингис хааны
талаар гарсан бүтээлүүдийн ноён оргил нь болсон бөгөөд болсоор байгаа
билээ. Ш.Нацагдорж аль 1948 оноос БНМАУ-ын түүх нэгэн боть зохиолыг
бичиж эхлэх үеэс Чингис хаан ба Их Монгол улсын түүхийг судалж Чингис
хаан ба түүний дүү Хасар нарын зөрчил /УБ.1958/ бүтээл нийтлүүлжээ. Уг
бүтээлд Чингис Хасар хоёрын хоорондын зөрчил, хагарал бол амин хувийн
чанартай төдий зүйл биш харин улс төрийн утга агуулгатай бөгөөд ХIII
зууны үеийн Монголын нэгдмэл төв улсын доторхи аж байдал нь нарийн
ээдрээтэй байсны нэгэн зүйл баримт гэж үзсэн байна.
Бидний дээр дурдсан монголч эрдэмтэн Игор де Рахевильц Чингис хааны
талаар бичсэн Ш.Нацагдоржийн бүтээлийг дүгнэж Нацагдорж бол Монгол
улсыг үндэслэгч Чингис хааны тухай илтгэл тавьсан бөгөөд /1962 онд
тавьсан илтгэлийг хэлж байна Ц.И./ илтгэлдээ байлдан дагуулагчийн ололт
амжилтын эерэг, сөрөг талыг бодитойгоор дүгнэсэн гэжээ.
Академич Ш.Нацагдорж Чингис хааны цадиг зохиолдоо Чингис хагацсан
улсаа хамтатгаж, Хамаг Монгол улсаа сэргээсэн, хүр улсыг нэгтгэж ганц
жолоонд оруулсан буюу Чингис төрийн гарамгай зүтгэлтэн, аугаа их жанжин,
монгол үндэстний их баатар, түүхэнд Чингисийн эзлэх байр суурь зэргийг
нарийвчлан задлан шинжилж өмнө нэгэнт хэвшин идээшсэнээс эрс өөрөөр
дүгнэж, шинэ үзэл баримтлал олныг дэвшүүлснийг нийтээр хүлээн зөвшөөрч
байна. Чингис хааны талаар олон бүтээл гарсан боловч Ш.Нацагдоржийн
бүтээлийг давах тийм ганц сэдэвт зохиол хараахан эх оронд нь гараагүйг
онцлон тэмдэглэх хэрэгтэй.
Ш.Нацагдоржийн Хубилай сэцэн /1998/ зохиолыг Тайжиуд А.Очир эрхлэн
нийтэлжээ. Академич Ш.Бира тус зохиолоос иш татан үнэлсэн нь Манай
улсын нэрт түүхч агсан академич Ш.Нацагдорж таалал төгсөхийнхөө өмнөхөн
Хубилай сэцэн хэмээх бэсрэгхэн боловч утга санаа гүн зохиолдоо Хубилай
бол их Чингисийн үйл хэргийг нэр төртэй үргэлжлүүлэгч, Монгол гүрнийг
жинхэнэ утгаар нь гүйцэд байгуулсан хүн болно... Ямар боловч Хубилай бол
дэлхий дахины хэмжээний Их Монгол гүрний хаан болно.
Эзэлсэн газар нутаг эрхэндээ оруулсан хүн ард болон тухайн үедээ олон
улсын дунд эзлэх байр суурь, эрх нөлөөгөөр Хубилайтай тэнцэм эзэн хаан
ертөнцийн түүхэнд урд хожид гарсангүй хэмээн дүгнэн бичсэн буй.
Академичийн энэ дүгнэлт бол Хубилай хаан, түүний эзэнт гүрнийг буурьтай
судалсан Дорно, Өрнөдийн олон эрдэмтэн судлаачдын бүтээл номыг тунгаан
үзэж өөрийн судалгаатай уялдуулан хийсэн эрдэм шинжилгээний ул үндэстэй
бодит дүгнэлт болохыг би давхар нотлон хэлэхийг хүсэж байна гэжээ. /Ш.Бира.
Их Монгол улсын түүх, үзэл суртлын зарим онцлог асуудлууд, УБ.2006, тал
51./
Академич Ш.Нацагдоржоос суралцах зүйл их бий. Тухайлбал, түүний
бичсэн Халхын түүх зохиолын хоёр дахь хэвлэлд /2008/ академич Ш.Бира
өмнөх үг бичихдээ Эх сурвалжийг нарийвчлан судлах аргаар тухайн үеийн
түүхийг сэргээдэг энэ ахмад түүхчийн туршлага нь одоогийн залуу түүхчдэд
сургамжтай зүйл юм. Манай мэргэжлийн түүхчдэд архивын материал, эх
сурвалжуудыг шинжлэн судалж, өөрийн өмнөх судлаачдын зохиол номыг үнэнч
шударгаар, бүтээлчээр ашиглан хэрэглэх явдал ихээхэн дутагдаж байна.
Түүгээр ч барахгүй өмнөх хүмүүсийнхээ бүтээлийг шууд хуулбарлан
хумслах, эсвэл ямарч мэдээ баримтгүйгээр хоосон цэцэрхэн мэдэмхийрэх
явдал газар авч байгаа нь харамсалтай. Иймэрхүү бусармаг аргыг Хуулан
хулгайлах зуршил/Plagiarism/ хэмээдэг. Хуулан хулгайлах зуршилтай
тэмцэхэд манай ахмад түүхчдийн бүтээл, ялангуяа академич Ш.Нацагдоржийн
судалгаа чухал ач холбогдолтой байна.
Зохиогч архивын материалаас гадна хятад, манж, англи, орос олон
хэлний сурвалж бичиг болон өмнөх гадаад, дотоодын эрдэмтдийн бүтээлийг
ихэд хүндэтгэн үзэж зохиогчийн нэр, бүтээл зэргийг нь тодорхой зааж
дурьдсан байдаг. Тэрхүү судлаач бол эрдэмтэн хүний ёс суртахууныг
үнэхээр эрхэмлэдэг нэгэн байсан билээ хэмээн дурсан сургамжилсан байна.
Академич Ш.Нацагдорж, Ш.Бира нар олон жилийн туршид сэтгэл санаа нийлэн
хамтран ажиллаж, гадаад дотоодод олон хурал цуглаанд цуг оролцож явсан
бие биенийхээ ном бүтээлийг сайн мэдэх номын садан ахмад түүхчид билээ.
Ш.Нацагдорж бол зохиолч хүн.
Ш.Нацагдорж бол төрөлхийн эрдэмтэн хүний шинж төрхийг агуулсан, хал
үзэж, хашир суусан сэхээтэн байсан ажгуу.Түүнд эрдэм ухаанаас хайртай юм
байгаагүй. Түүний төлөө амьдрал бүтээлээ зориулан ажиллахаас илүү их
зорилго үгүй байв бололтой. Монголын орчин цагийн түүхийн шинжлэх ухааны
ноён нуруу болсон Ш.Нацагдорж мэтийн ахмад эрдэмтнийхээ ажиллаж байсан
үеийн түүхэн нөхцөл байдлыг зохих ёсоор анхааран, эрдэм шинжилгээний
ажилдаа үнэхээр их үр бүтээлтэй ажиллаж байсан гавьяа зүтгэлийг нь зүй
ёсоор үнэлэн үзэх нь Монголын шинжлэх ухааны залгамж холбоог
алдагдуулахгүй хадгалж хамгаалахад чухал ач холбогдолтойг эцэст нь
тэмдэглүүштэй. |