Монгол хүү (шүлгүүд) ном
Т.Нацагдорж
Редактор С.Дашдооров
Зургийг Ж.Дашдондог
Улсын хэвлэлийн газар УБ 1959 он Үнэ 0.90 мөнгө
Хэвлэлтэнд 1958 оны 4-р сарын 23-ны өдөр
Шүлгийн нэрүүд
Соёлын туяа 1930
Монгол бүсгүй 1935
Октябр 1935
Ленин 1935
Муу цагийн сүүлд Сайн цагийн түрүүнд 1935 он
(Энэ шүлгийг Д.Нацагдоржийн зохиол болгон андуурч Урьдын залуус нэртэй нийтэлжээ.
1935 онд Залуучуудын үнэнд Арван дөрвөн жилийн өмнө нэртэй нийтлэгдсэн билээ)
Жич: 2006 онд их зохиолч Д.Нацагдоржийн 100
жилийн ойд зориулсан Миний эх орон шүлгийн номд энэ байдлыг зассангүй ахиад
Октябр шүлгийг нь нэмэн андуурч 12 жилийн хойно шүлэгтэй хамт оруулжээ. Хэзээ
юмс байрандаа орох юм болоо. батмөнх 2008 он)
Хуучин монгол 1935 он (Энэ шүлгийг Д.Нацагдоржийн түүвэрт андуурч нийтэлжээ)
Шинэ монгол 1935 он (Энэ шүлгийг Д.Нацагдоржийн түүвэрт андуурч нийтэлжээ)
Баян сүргийн дэргэд 1936
Идэр жинчин 1936
Партизан 1936
А.С.Пушкин 1937 он
Сэрүүн бороо 1956
Бүжиг 1956
Баярын өглөө 1957
Хөдөө талд 1957
Хөшөө 1957
Халх гол 1957
Зураг 1957
Нис нис тагтаа 1957 оны 11 сарын 4
Монгол хүү 1958
Д.Нацагдоржид 1958
Эх орон минь 1959
Соёлын туяа
Сод хувьсгалын ач энэрлээр
Гэргий хүүхэд орчлонгийн явдлыг мэдэрч
Суут намын хайр ивээл
Гэгээн жаргал түмэн ардыг баясгаж
Мэдэх сурах хүслэн бадарч
Мэлмийн хараа улам улмаар нээгдэн
Соёлын туяа түмнийг гийгүүлж
Сэтгэл татан зоригийг хөгжөөн
Өргөн уудам монгол оронд
Өндөрт мандсан улаан туг даллан уриалж
Өнөд тодорсон саруул зам, соёлын туяа
Үүрд бидний өмнө цэлийн нээгдэж, гэрэлтэн гийлээ
1930 он
Монгол бүсгүй
Мойлын өнгөт хоёр нүд нь
Монголын талд бүжиглээд
Морь хонь малаан
Урхинаар мишээн саравчилна
Мянга түмэн удаа
Уран зүүний үзүүр гялалзаад
Нэгэн зүйл янагийн үлгэрийг
Сэм сэмээр дурсагдуулна
Урьхан лимбэний хоолойгоор
Уянгат эгшгийг зохиогоод
Буман эгшигт сонин цууриатай
Ая нийлэн хослуулна
Монго бүсгүй сүргийн дэргэд
Утас ороож угалз мэтгээд
Түмэн зүйлийн гайхамшигт
Бахдам урныг бүтээнэ
Дун адил цагаан шүд нь
Цайран жигдэрч туяараад
Монго бүсгуйн эрүүл царай
Талын цэцэг шиг гэрэлтээд
Золгосон хэн нэгний
Хүсэл мөрөөдлийг татаж
Зүрхний уг сэтгэлийн дунд
Зураг мэт дурайн харагдана
Улаан ягаан уруул нь
Линхуа цэцгийн өнгөнд таацаад
Удамт монгол бүсгүйн
Үзэсгэлэнт жавхланг тодруулна
Зургийн хоёр хөмсөг нь
Холын холоос тодорч
Зуун зүйлийн баяслын
Совинг илчлэн эрвэлзэнэ
Ариун сайхан хасын царай нь
Нэр салхинд борлоод
Эрүүл оюун ухаан нь
Улам улмаар өргөжиж
Соёлын гэрэлт далбаа
Сэтгэлий нь замчлан хөтөлж
Сурч мэдэх ажилд
Шамдан зүтгэж мэрийнэ
1935 он
Ленин
Агуу хувьсгалч алдарт багш
Ертөнцийн хүн төрөлхтний багш
Таван тивийн ажилчин олны
Оюун сэтгэлийг гэрэлтүүлэн
Амар жаргалын алтан нарыг
Үүрд мандуулсан Ленин багш
Орос оронд хувсгалыг мандуулж
Олон жилийн дарлалыг устгасан
Оюун төгс басгх Лениний сургаал
Орон дэлхийн түмний замыг зааж
Түгээмэл их ачит Ленин багш
Түүхэнд мөнхжин түмэнд дурсагдана
1935 он
Октябр
Балтын тэнгисийн давалгаа
Хилэгнэсэн мэт эвхэрч хуйлраад
Баруун зүүн эргээ
ОЙлон цойлон балбана.
Бараан хар аадрын үүл
Оросын тэнгэрийг харанхуйлж
Петроград хотын дээгүүр
Аянгын дуу нижигнэхэд
Балт барьсан орос ажилчид
Бид тэмцэх хэрэгтэй гэж
Хадуур барьсан орос тариачид
Хавтай жаргал хэрэгтэй гэж
Хатаасан болд шиг ган зоригоор
Ажилчин тариачин нэгдээд
Хатуу тэмцэлд жолоодогч
Болшевик намаа даган
Эзэн хааны тансаг орд руу
Гал нээн дайрч оров
Эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн
Гайхамшигт шуурга хөдлөв
Цагаан цэргийн гарт
Винтов буу тачигнавч
Цайрах манан дундаас
УЛаан туг дэрвэлзэн бослоо
Мянга есөн зуун арван долоон он
Аравдугаар сарын дурсгалт өдөр
Манан дундаас тодрон тодорсоор
Мандаж өргөгдсөн улаан тугийн дор
Эрх жаргалыг олсон
Үй түмний жагсаал жигдэрч
Эзэн хааны засгийг унагасан
Эгэл олны уриа хангинаж
Октябрийн хувьсгал хэмээх үг
Ертөнцийн ихэс дээдсийг донсолгож
Оросын ажилчин тариачны
Яруу алдрыг цууриатуулав
Хамжлагат ёсыг устгах
Тэмцлийн бууг нижигнүүлсэн Октябр
Хаан эздийг халах
Шуургыг дэгдээсэн алдарт Октябр
Ялсан түмний магнайд
Баярын совин татаад
Ялгуусан улаан тугийн дээр
Алх хадуур сүлд тэмдэг тодров
1935 он
Муу цагийн сүүлд сайн цагийн түрүүнд
Энэ шүлгийг Д.Нацагдоржийн зохиол болгон андуурч Урьдын залуус нэртэй нийтэлжээ.
1935 онд Залуучуудын Үнэн сонинд арван дөрвөн жилийн өмнө гэдэг нэртэй
нийтлэгдсэн билээ.
Насан залуу монгол хүү
Хурдан зээрдийг унаж
Нарны дор борлож
Уулын бэлд уйтгарлана
Ижилсэн зугаацах
Навч цэцэг жигдэрч
Идэр эрийн сэтгэлд
Элдэв бодлого төрүүлнэ
Аавын үлдээсэн хөрөнгө мал
Байдаг болоосой
Адуулж маллаад өсгөж суухсан
Ээжийн хураасан эд хогшил
Байдаг болоосой.
Эрх дураараа эдэлж жаргахсан
Өндөр хад хажууд
Сэмхнээр ажиглан харж
Өнөөх эзэн ноёны
Царайг дүрслэн санагдуулна
Өвгөн буурал эцэг эх
Өдөр бүр бодогдож
Өнчин түүний сэтгэл
Хоосон биеийг гутаана
Арван түмэн адууны
Сүүлийг ширтэвч
Аминд оногдох нэгхэн ч үгүй
Ардаг тарган болтол
Адуулан хариулавч
Аваад эдлэх эрх мэдэлгүй
Хөлстэй дээл
Мөрөн дээр миний хувь
Хөрст дэлхий
Хөл дор миний гэр
Хөшүүн сэтгэлт
Эзний дүр миний зая
Хөөгдөх өдөр
Хэзээ ч магадгүй
Эзгүй талыг ширтэж
Сэтгэл бухимдан зовж
Эзний хөрөнгийг харж нүд чилнэ
Эрх мэдэлгуй зүдрэн
Өдөр хоногийг өнгөрүүлж
Энэ бие эрхгүй хөсөр орхигдоно
Ингэж яваад насыг барна
Энэ насны үйл гэж бодно
Эцэс хойтдоо жаргана гэж санана
Энэ бодол сэтгэлийг баясгана
Ирэх сайхан цаг
Инээх тэр өдөртэй
Идэр эр золгож
Эрх мэдэлтэй болсноос хойш
Уулын бэлд суугаад
Уйтгарлаж байхаа больжээ
Ум ма ни бад ми хумд
Хууртаж суухаа больжээ
1935 он
Хуучин монгол
Хуучин монголын харанхуй цагт
Ард бүхэн зовлонгийн далайг гаталжээ
Хуучин монголын харгис цагт
Хүн бүхэн гаслангийн замыг туулжээ
Хуучин цагийн бүдүүлэг мунхаг үед
Монголчууд даяар харанхуйг тэмтэрчээ
Хууль ёсны дүрэм журамгүй
Хээл хахуульд хэмжээ хязгааргүй
Ядарсан ардын хонгоны мах шалбарч
Зүдэрсэн түмний хацрын яс хэмхэрч
Албан татвар ард бүхний амьдралыг шулсан
Авилгач ноёд хутагт хувилгаад цэнгэсэн
Аж ахуй доройтон буурсан
Амьдрал хүмүүжил бүр ч муудсан
Гэгээн соёл тунгалаг замгүй
Эрдэм ухаан элдэв юмаар хомс
Турэмгий ёс түмнийг шаналгасан
Зовлон зүдгүүр гаслан гамшигаар
Түмэн олноор зүдрэн бэдэрсэн
Хуучин монгол феодалын монгол
Буддын шашинд хэтэрхий автаж
Бүдүүлэг ёсонд нэвтэрхий дарагдаж байлаа.
(энэ шүлгийг Д.Нацагдоржийн түүвэрт андуурч нийтэлсэн)
1935 он
Шинэ Монгол
Мянган жилийн зовлонгийн хулээсийг тайлж
Жаргалын талбайд баярын уриаг тацан
Түмэн зүйлийн гаслангийн хүндийг арилгаж
Хөгжлийн замд хүн бүхнийг жаргуулсан
Хатуу догшин боолын гинжиг тасалж
Халамжит ёс үнэн шударгыг зохиосон
Шинэ монгол хувьсгалт монгол
Шаналах гаслах аюул зовлонгүй
Энэ монгол энэрэлт монгол
Эрүү шүүлт дарлал доромжлолгүй
Энх амгалангийн ордонд хүн бүхэн цэнгэлтэй
Эрх жаргалын байдалд хэн ч гэсэн чөлөөтэй
Эрдэм соёл өдөр тутам өрнөн хөгжиж
Эр цэрэг хоног тутам бэхжин зузаарч
Ертөнц дахины дээд шатанд зэрэгцэн мандаж
Ерөөлт төр жаргалант орноо хамгаалж чадсан
Түмэн түмэн баатар цээжийг тэнийлгэсэн
Төрийн шударга удирдагч нараа сонгон дэвшүүлсэн
Халдах дайснаас хамгаалан тусалсан
Хайрт нөхөр халуун ханьтай гар барилцсан
Шинэ монгол хувьсгалт монгол
Бүрэн төгөлдөр монгол
Шинжлэх ухааныг шүтэж
Улаан тугийг өргөсөн монгол
1935 он
(энэ шүлгийг Д.Нацагдоржийн түүвэрт андуурч нийтэлсэн)
Баян сүргийн дэргэд
Үзэсгэлэнт охин зуны өдөр
Баян сүргийн дэргэд саравчилан
Урээ морь нь түүний хажууд
Газар цавчлан ижлээ үүрсэнэ
Холхи нутгийн сэрүүн салхинд
Бүсгүйн дуу дэрвэн дэгдээд
Хонин сүрэг яргуй цэцгийг амтархан
Билчээр талыг чимэглэн ярайна
Эрүүл царайт монгол бүсгүй
Энхрий сэтгэл нь догдлон хөдөлнө
Эгшиг дуундаа түүнээ шингээж
Эвлэг хоолойгоор өөртөө дуулна
1936 он
Идэр жинчин
Алх холын замаар
Алхлан сажлан туулж
Аян жингийн хүндийг
Амар сайнаар нэвтрүүлэгч
Атан олон тэмээд минь
Арын говийг бүрхжээ
Шингэн лимбийн дуугаар
Миний нутгийг санагдуулж
Ширээ тэгшхэн бөхөөрөө
Жингийн хүндийг өргөгч
Шилдэг олон ат минь
Шилийн говийг бүрхжээ
Идэр жинчин бид
Эрэмгий чадлаа гаргаж
Ингээд аяны замаар
Эрх тааваараа туулаад
Энэ орны ардыг
Эд бараагаар хангацгаая
1936 он
Партизан
Түмэн жил боолын гинж харжигнаж
Төрийн хэрэг төвшингүй
Мянган үе хилэнгийн дөл буцалж
Бие сэтгэл амсхийсэнгүй
Харанхуй ёсонд
Монголын алдар сүүдэртэж
Харгисын дарлалд
Монголын ард зүдэрч
Гаслангийн далай
Өдөр сар жилээр долгилж
Гадаадын харгисуудад
Газар нутаг маань захирагдаж
Аюл аюл давхцан сүйтгэж
Амьсгалах чөлөө ховорхон болж
Хэн биднийг аврах бол гэсэн нулимсны дусал
Хэлхээ тасарсан сувд адил бөмбөрөн унаж
Зовлонт сэтгэл, хүн
Бүрийг шаналгаж байхад
Зоригт баатарчууд
Санаа нийлэн босч
Сүлд төгөлдөр
Улаан тугийг мандуулж
Сүхбаатар жанжин
Тэргүүлэн магнайлж
Анхны буу тас хийж
Ардын цэрэг ярсхийж
Хурдан хүлэг ухасхийж
Хурц сэлэм гялсхийж
Эртний эрэлхгийг
Санан санан давшиж
Эрийн зоригийг
Бодон бодон тэмцсээр
Ертөнцийн цээжинд цууриагаа өгч
Ерөөлтэй төрөө шинээр мандуулсан
Харгислалын гинжийг тасдаж
Халамжит ёсны нарыг мандуулсан
Ах нар, ах нар, анхы партизан нар
Ардын нам, ардын нам, бидний манлай
Алдар нь уулнаас өндөр
Ач нь далайгаас гүн
1936 он
А.С.Пушкин (1799-1837)
Мяндас тансаг үнэртэн
Навчсаар бузрыг халхалсан
Мянга найман зуун гучин долоон он
Тэрхүү аймшигт цагт
Харанхуйн дотор гагцхүү
Гэрэлт одон тодорч
Хаан эзэн Николайн
Цоожтой орныг гийгүүллээ
Хаад ноёд ихэс дээдэс
Нэгэн сүрэг хамтарч
Халуурсан биеийн цангааг
Цусны өнгөт архиар тайтгаруулж
Өндөр яруу цэцэрлэгийн
Намиргааны дор мэлмэрч
Өнгөт бүсгүй амтат жимсийн
Хүчинд автан мансуурч байлаа
Тэр цагт Александр Сергеевич
Гучин найман нас хурч
Тэдгээр улангассан сэтгэлтнийг
Оюуны илдээр хатгаж
Түмэн зөв гүн утгын урлалаар
Мянган бурууг сэнхрүүлж
Төөрсөн мунхаг дээдсийг
Төрийг жолоодоход бэрх болгов
Нэгэн мянга найман зуун гучин онд
Баруун газрын тэнэмэл Дантес
Николайн орноо үзэгдэж
Ихэсийн зэргээр шадарлаад
Оросын уйтгарт орны чимэг
Александр Сергеевич Пушкиний
Оюуны заслал амраг гэргийн
Ариун биед халдав
Хоёр сарын найман
Цас шуурга хормой хот сыг шавж
Хортны сүргээс хороох болов уу гэж
Түмний зүрх гижигдсэн өдөр
Буурал хоосон талын дунд
Пушкин ганцаар, Дантэс ижлээр
Бууны аманд хүний эрдэнэ
Хүний дайсан хоёр тулгаран зогсов
Нэгэн хурууны хөдлөх төдий
Бялт цохигдон товч үсэрч
Нимгэн зөөлөн цасан хөрсөнд
Шунхын өнгө тунаран
Хуурамч сумын чанар илрэн
Хорслын зангилаа хоцорч
Харсан сонссон хүн бүхний
Сэтгэл харлан өнчрөв
Тэр өдрөөс хойш
Энэ өдөр хүртэл зуун жил боллоо
Тэрслууд ноёд замхран
Орос орон чөлөөт орон боллоо
Тэнэг мунхгийн сүрэг
Харанхуй хэвээр балран арилав
Александр Сергеевич Пушкиний
Эрдэнийн сан мөнхжив
1937 онд бичсэн Бага Нацагаа буюу Төмөрийн Нацагдорж
Сэрүүн бороо
Шиврээ бороо, сэрүүн бороо
Ширхэг ширхэгээр намиран ороод
Тогтуун жаахан нуурын мандлыг
Тоглон тоглон долгиотуулан мяралзуулна
Тун ч хайртай хонгор чи минь
Түүний адил сэтгэлий минь
Догдлууланхан догдлуулаад
Донслууланхан татаад байна
Зөөлөн бороо хур бороо
Зүсрэн зүсэрсээр цайран ороод
Тэнүүн амьсгалт тал нутгий минь
Тэжээн ундалж цэцгээр бүрхээв
Амраг хайртай хонгор чи минь
Ариун сэтгэлийнхээ үгийг
Сэм сэмээр шивгэнэнхэн хэлээд
Сэтгэл зүрхий минь баясуулав
1956 он
Бүжиг
Тэнгэрт гялалзах одод
Дэлхийд буугаад ирэх шиг
Тэвэр баглаа цэцгүүд
Дэргэд ирээд ганхах шиг
Хөгжилтэй залуус
Хүсэлтэй бүжгээ наадаж байна
Хөнгөн сэтгэлийг догдлуулсан
Хөгжмийн эгшиг яруухнаа
Хөхүүн баяслыг оргилуулсан
Хөгжүүн сайхан бүжгээ
Хос залуустай нийлээд
Хоёулаа бас бүжиглэх үү дээ
Тал нутгийн горхи
ОЙлон цойлон мяралзах шиг
Тайгын зэрлэг согоо
Дэгдэн дүүлэн давхих шиг
Хөгшид залуус бүгдээрээ
Хөл нийлүүлэн эргэлдлээ
1956 он
Баярын өглөө
Өглөөны нар өндөрт мандаж
Өргөн чөлөөний өдөр эхлэв
Баатрын хөшөө талбайд сүндэрлэн
Баярын хөгжим таатай цуурайтав
Эх орны минь зүрх болсон
Энхрий хотын гудамж талбайд
Ёслолын чимэг үзэсгэлэн төгс
Баярын жагсаал цувран жигдэрнэ
Хөдөлмөрч түмэн ард нийтээр
Хөгжлийн замыг нэгдэн засч
Өтгөн сүргээ түм түмээр өсгөж
Өлгий орноо амжилт бүтээлээр мандуулсан
Амар жаргалант үй түмний
Алдарт баярын золбоо хийморь
Усыг эргүүлэм сүр жавхлан төгс
Улаан тугийг өргөн баясгалан төгөлдөр алхална
1957 он
Хөдөө талд
Буман өнгийн цэцэг навчис
Өнгө булаалдан алаглаад
Зөөлөн сэвэлзүүр салхин аясаар
Бүжиглэх адил ганхан найгана
Номин эрдэнийн саруул талд
Явган зэрэглээ мяралзан татаад
Таван төрлийн баян сүрэг
Бараалж тархан налайн билчинэ
Уурга барьсан малчин залуус
Урагш хойш сүргийн зүг давхилдаад
Уртын дууг уран хөгөөр
Уруул шөмбийн исгэрч наадна
Уянгат түүний уяхан ая
Дэгдэн нисч эндээс дүүлээд
Мянганы газарт сонин эгшигийг
Нэгэн хурам түгээн аялна
Хөдөлмөр амьдралын баясгалан
Дуу шуугиан чимээ анир
Хөгжим адил яруу тунгалаг
Уран эгшигтэй уяхан аялгуутай
Саруул тал хөдөө тал
Сайхан нутаг дэлгэр тэнэгэр ээ
Саальчин малчин бид бүхний
Өлгий нутаг цэнхэр ханагар аа
1957 он
Хөшөө
Хэн ч халдашгүй дархан нутгийнхаа
Хээр талаар аялан явахад
Хэзээд мөнх хөшөө дурсгалыг
Хэрэг болгон очиж үзэхэд
Аймшигт тулаанд хушуучлан
Амь бие хайргүй тэмцэж явсан
Орос нөхдийн баатарлаг явдлыг
Олноос онцлон дурсан саналаа
Утаа шороо тэнгэр баганадаад
Унаган хүлэг хангинан янцгааж
Бөмбөг дэлбэрэн буу тачигнаад
Бүгчим агаар цээж давчдуулж байсан
Яг л тэр газарт
Танктай хөшөө сүндэрлэж байна
Яковловчуудын гавьяаг хүндэтгэн
Тал нутгийн малчид цэцэг өргөж байна
1957 он
Халх гол
Халх гол мянган жил урслаа гээд
Хальж цалгисан усаа бараагүй
Хавь ойрдоо рашаан унд болсоор
Хайлс бургас цэцэглэн навчилсаар
Тэр нэгэн жил Халх голоор
Түрэмгий дайсан довтолж ирсэн юм
Тэсрэх бөмбөг исгэрэх сум
Тэнүүн хөндийг цочоож эхэлсэн юм
Хатуу шируун тулаан дунд
Харанхуй цагаан утаан дунд
Монгол хүний зоригийг бадруулж
Мохошгүй илдийн ирийг гялалзуулан
Дайрч орсон манай атак
Далайн дээрэмчдийг хиар цохиосон
Харийн дайсныг хамтарч устгасан
Хань нөхөд орос цэргээ бахдан дуулсан
Халх гол мянган жил урсавч
Халгиж цалгисан усаа барахгүй
Хани нөхөр орос түмний
Халуун дотно тусыг бид мартахгүй
1957 он
Зураг
Хонгор хайртай чи минь
Хол газар сайн сууна уу
Хоног өдөр улиран өнгөрөхөд
Хайр сэтгэл улам мөрөөднө
Дурсгаж өгсөн зургий чинь
Туурга ханандаа өлгөсөн би
Дуугүй ч гэсэн нүдээрээ
Дандаа чамтай яридаг шүү
Зураг хэдий цаасан дээр гэвч
Зуу харлаа гээд элэгдэх биш
Зун дөхөөд урь унахад
Зулзаган мод нахиалахын цагт
Амраг чи минь буцаад ирнэ
Айдаа тэр цаг юутай сайхан
1958 он
Нис нис тагтаа
Хүчит далавчаа хөвчилж
Хөх агаарт дүүлэн нисээч
Хүний хайрыг булааснаа
Хүрсэн газрууддаа яриач
Сэтгэлийн нандин чанартай
СССР-ийн ард түмэн болоод
Зүрхэн холбоо нэгтэй
Зүг бүрийн улсыг төлөөлж
Одон орнуудын доторхи
Олон ертөнцөөр зочилж
Одоогийн хиймэл дагуул
Орчлонг судалж байна гэж хэл
Шинжлэх ухааны дээж
Шинэ уеийн манлай ухаан
Хиймэл дагуулыг хэн хийв
Хэрэг зориг юунд вэ гэвэл
Зөн билгийн охь болсон
Зөвийг зохиож бурууг халсан
Зөвлөлт орон хүчирхэг гурэн
Зүг зүгт гайхагдан хийсэн гээ
Хэзээнээс алдартай хөгжлийн орон
Хэнд ч дийлэгдээгүй улс аа
Огторгуйн гүнийг шинжилж
Оюуны эрхшээлд оруулна
Одоо бид удахгуй жуулчлан
Одон орны үүдийг нээнэ гэж хэл
Дэлж яваа далавчинд чинь
Дэлхийн шударга сэтгэлийн хүч
Дэмжиж яваа шүү чамайг
Дэгд дэгд хурдан, тагтаа минь
Нижигнэх аянга дотуур ч
Ниргэх цахилгаан дундуур ч
Нимгэн зузаан үүлийг нэвт шувт
Нис нис хурдан, тагтаа минь
1957 оны 11 сарын 4
Монгол хүү
Эрх жаргал энх тайвны төлөө
Эргэлтгүй хөдөлмөрлөж байгаа монголчууд
Энэ дэлхийд сайн сайхны тулд
Эх орноо цэцэглүүлж байгаа монголчууд
Цээж уудам амьсгал тэнэгэр ажиллацгааж
Цэцэгт талдаа тариа тарьж хот босгож байна
Хөдээ талд хөхөө донгодно гэж байсан бол
Хүний дуу хөдөлмөрийн эгшиг түгж байна
Хүсэлт малаа цөөн гэлцдэг байсан бол
Хөндий хоолойд одоо цэцэг мэт алаглуулж байна
Тэртээ харагдах өндөр яндан утаа оргилуулан
Түүний хүч онисон машиныг хөдөлгөөд
Тэнхэл шөрмөстэй монгол хүү төмрийг давтан
Түүхийн хүрдийг эргүүлэн эрэг шургий нь чангална
Монгол хүү хөдөлмөрийн хүү
Мөнх мандах социализмийн хүү
Улам улмаар шинийг сурч
Урагш давшин ихийг бүтээнэ
1958 он
Д.Нацагдоржид
Ижил нэртэй та бид хоёрыг
Их бага гэж ялгаж дууддагсан
Тэр цагт би бага байжээ
Тэгээд ч бүр балчир явжээ
Тэгсэн ч би хэлэх үгтэй
Тэнгис ч бас давалгаалах устай
Түг түмнээрээ таныг дурсан
Түүхийн хуудсанд мөнхжөөд
Түмний сэтгэл баясал дүүрэн
Түгээмэл яруу бүтээлий чинь бахдаж байна
Янаг амрагийн уярал хайр
Ялалт хөгжилтийн бахдал дүүрэн
Ямар бахтай уян чимэгтэй вэ
Бага Нацагдорж чинь таныгаа дурсан
Бадаг шүлгээ тандаа зориулж байна
Балчир цагтаа зааж өгсөн Бүхий олныг чинь
Бавгар болсон ч баяртай аялж суудаг шүү
1958 он
Эх орон минь
Эх орон минь, алтан өлгий минь
Энхжил жаргалангийн эх орон минь
Хаашаа л харвал хараа булаам
Ханагар хөгжлөөр царайгаа чимээд
Баярын дуу жаргалын дуу хангинан
Бахдал хүслийг догдлууланхан байна
Цагийн хувиар чаг чаг цохилон
Цаглашгүй олон өдөр улиран өнгөрсөн ч
Эх орон минь улам бур залуужин
Эх орон минь ундрах хөгжлийг бялхуулан
Сүрэг мал багширан юутай бахтай
Суу сааль дэлгэрэн юутай таатай
Ажил хөдөлмөр эх оронд минь
Цагийн зүүтэй өрсөлдөн өрнөж
Амьдрал хоггжил эх оронд минь
Алхны дуутай уралдан өргөжиж
Зэлүүд хөндийгээр ган зам зурайгаад
Зэрэглээт талд хот тосгод ярайж байна
Түмэн зүйл шинэ хөгжил
Түргэн эргэх хүрд адил ундран
Аглаг ууланд шинэ уурхай нээгдэн
Атар талд алтан тариа халиуран
Намын ач нарнаас илуу гийгүүлсэн
Настан залуус адил тэгш жаргасан
Эх орон минь урагшланхан дэвшиж байна
Энх хөгжил ундранхан дэвжиж байна.
1959 он












