|
Монгол хүн сансарт ниссэн тэр шөнө бид хоёрын анхны
шөнө байлаа. Өглөө ер бусын санагдаад. Хүн бүхэн баяр хөөртэй. Миний
хувьд бүр онцгой. Тэгээд л би миний сонголт зөв юм байна, энэ их
бэлгэшээл дунд би насныхаа ханьтай учирлаа гэж бодсон. Энэ бодол миний
амьдралын тангараг байсан юм билээ-
"Эзэгтэй" булангийн энэ
удаагийн зочноор Монгол туургатны Түгээмэл дээд сургуулийн дэд захирал,
Түгээмэл боловсролын төвийн захирал, Монголын Эмэгтэйчүүдийн академийн
жинхэнэ гишүүн Лувсанчүлтэмийн Эрдэнийг урилаа. Яруу найрагч Үржингийн
Хүрэлбаатарын гэргий энэ эмэгтэйн ухаалаг байдал, эр нөхрөө хайрлаж,
халамжилж байгаа чанар нь гайхалтай санагдаж, сонирхлыг минь татсанаар
түүнтэй ярилцах бодол төрсөн юм. Амьдрал аугаа боловч хайр сэтгэлийн
алтан гинжинд аргамжаатай байдаг гэдэг. Тэр сайхан хайрын тухай түүнтэй
ярилцлаа.
Ү.Хүрэлбаатар гуайтай анх хэрхэн танилцав. Эр хүн л болсон хойно, тэгээд
бас яруу найрагч болохоор таны "толгойг эргүүлэх гэж" уран цэцэн үг
зөндөө хэлсэн байх, тийм үү?
-Бидний танилцсан түүх
их энгийн. Зайсангийн амны эхэнд, ойн захад Сүрьеэгийн эмнэлэг гэж нэг
жижигхэн шар байшин байв. Одоо ч бий. Дэргэдээ орон сууцтай. Тэнд яруу
найрагч Дагвадоржийн Цогтынх гэж биднээс ганц нэгхэн жилийн өмнө дээд
сургууль төгссөн шинэхэн хос байлаа. Тэднийд хэсэг яруу найрагчид үе үе
цугларч, шүлгээ уншдаг байсан юм. Би УБДС-ийн монгол хэл, уран зохиолын
ангийн оюутан. Багадаа уран уншигч, сургуулийнхаа бүлгэмийн зөвлөлийн
дарга байж, юм юм сонирхож явсан болоод ч тэр үү, яруу найраг сонсох,
бас цээжлэх дуртай байсан. Тэгээд л оюутны байрны завтай хүний хувьд нэг
удаа тэр шүлгийн "нууц" дугуйланд очсон юм. Жижигхэн өрөөнд арваад хүн
суучихсан ээлжилж шүлгээ уншаад, чанга чанга ярьж бие биеийнхээ шүлгийг
шүүмжилж маргалдаад, бас магтаж хөөргөөд ер нь тэр гэхийн аргагүй халуун
яриан дунд яваад орчихсон. Намайг шүлэг бичдэг үү гэж асууж байсан. Өрөө
нь бүгчимхэн, бас тамхины утаа ихтэй. Гэвч тэр утааг битгий хэл, намайг
тоож ч байгаа юм алга. Тэд шүлгэнд л хамаг ухаанаа тавьчихсан хүмүүс
санагдсан. Бие биеэсээ өрсөж шүлгээ уншина. Гэтэл нэг бор залуу л
ганцаараа дув дуугүй суугаад байх юм. Шүлэг уншихгүй, хааяа нэг
мушийчихаад, заримдаа тэднийгээ шүүмжлэх аястай ганц нэг үг хэлэх нь
даацтай гэж жигтэйхэн. Миний анзаарсан зүйл ердөө л энэ. Тэр бор залуу
нь ирээдүйн миний хань Ү.Хүрэлбаатар байсан. Юун уран цэцэн үг хэлж
толгойг минь эргүүлэх. Ер нь юм ярьдаг юм уу гэмээр гайхалтай дуугүй хүн
санагдаж байж билээ. Ингэж насныхаа ханьтай Богд хан уулын Зайсангийн
энгэрт яруу найрагчийн гэрт, шүлгийн далайн дунд анх учирсан даа.
Дуу цөөтэй хүний хайртай гэдгээ илэрхийлэх нь бас
өвөрмөц байсан байх. Танд хайраа илчлэхдээ юу гэж хэлж байв?
-Хайртай энэ тэр гэж
хэлээгүй ээ. Совингоороо бие биеэ мэдэрсэн гэж болох юм. Бидний үед ер
нь зөн совингоор нэгнээ олдог байж үү дээ. Танилцсаны дараахан "Үер"
туужаар хийсэн "Хүний сайхан сэтгэл" кино гараад, Хүрэлээ надад
Чимэд-Осор гуайтай үеийн юм шиг байдаг, найз гээд хамтдаа киног нь үзье
гэсэн санал тавьсан. Цуг сууж кино үзээд амьдралын сайн сайхан юм яриад.
Ингэж явсаар цаагуураа бие биедээ татагдаад, сайн гэдгээ мэдсэн.
Тэр үед би Сергей
Есенинг их уншдаг, шүтдэг байлаа. Гоё шүлэгтэй, сайхан залуу гээд
шүтчихсэн, зургийг нь ханандаа наачихдаг байсан. Тэгээд Сергей Есенинг
сонирхдог гээд номыг нь Хүрэлээгээс авч уншаад, буцааж өгч явсаар
дотноссон доо.
Хүрэлээ тэр үед Эрдэм
шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, оюутан охин миний
хувьд мундаг том хүн байлаа шүү дээ.
Намайг радиогийн
нэвтрүүлэгчээр шалгуулна гээд, гэртээ дагуулж очоод бэлтгэж байсан
номныхоо эхээс уншуулж байсан юм. Тэгэхэд Хүрэлээ "Чиний нэг шүд хорхой
идчихсэн юм байна" гээд л… Ухаандаа панаалдаж байгаа нь. Би айлын ганц
охин болохоор эрх өсчихсөн, бөөрөнхийдүү хэлтэй, яаж нэвтрүүлэгч болж
тэнцэх вэ дээ. Би чинь юу ч мэдэхгүй Хүрэлээ ахаа л гэнэ. Тэр үед би 21,
Хүрэлээ 26 тай байсан.
-Ах гэж дуудахаа
хэзээнээс больсон бэ?
-Нэг л мэдэхэд
больчихсон байсан. Анхны шөнийн дараа л ах гэж дуудахаа больсон байх.
Түрүүн та шүлгийн далайд умбасан, "нууц" дугуйлангийнхан дунд орсон
гэж ярилаа. Тэр дугуйланд хэн, хэн байв?
-Г.Мэнд-Ооёо,
О.Дашбалбар, Д.Нямсүрэн, Ү.Хүрэлбаатар, Д.Цогт, Я.Баатар, Ц,Ойдов,
Л.Мягмарсүрэн, Ж.Саруулбуян, Б.Сундуй нар байсан. Тэд одоо бүгд л нэр
алдартай хүмүүс болжээ. Ийм гэгээн хүрээлэл дунд ханьтай минь анх
учруулсан яруу найргийн бурханд залбирч явдаг даа. Одоо бодоход 1980-аад
оны яруу найргийн цөм нь тэд байж, 1990-ээд оны залуу яруу найрагчдыг
чирч гаргаж ирсэн санагддаг. Сүхбаатараас О.Дашбалбар, Эрээнцаваас
Д.Нямсүрэн, Москвагаас Оюунцэцэг ирээд яруу найргийн том "фестиваль"
болдог байлаа. Тэдэн дээр Ш. Гүрбазар үе үе ирнэ. Гүрээ Хүрэлээ хоёр,
Гүрээгийн эхнэр Мөнхцэцэг бид хоёр Багшийн дээдийн нэг ангийнхан.
Нууц бүлгэм маань
үнэхээр байсан. Тэгэхдээ хувьсгалчдын нууц бүлгэм шиг биш л дээ. "Гал"
гэдэг нэртэй яруу найргийн нууц бүлгэмийг Г.Мэнд-Ооёо ахлана. Ажилчны
районы Нэхмэлийн шарын X байрны нэг айлын жижиг өрөөнд тэд байнга
цуглардаг байсан. Хүрэлээ маань архивыг нь хариуцаж байсан шиг байгаа юм.
Одоо тэр нууц дугуйлангийн тухай нэг хавтас дүүрэн бичиг баримтууд
манайд байдаг. Тухайн үед Зохиолчдын өөр байгууллага, тэр тусмаа хувь
хүмүүсийг нэгтгэсэн байгууллага байж болохгүй дүрэм журамтай байсан байх.
Тэгээд л нэг газар цугларч, гэр орноороо ээлжлэн очиж, шөнө дөлөөр
гудамжны шонгийн гэрэл дор шүлгээ уншиж явсан болохоор "нууц" гээд
байгаа юм л даа. Монголын утга зохиолын бас нэг сонирхолтой цаг үе шүү.
1990-ээд оны хувьсгалыг яруу найрагчид 1990-ээд онд эхлүүлчихсэн байсан
гэдэг.
Их сонин юм байна. Тэр омголон сайхан найрагч дундаас
яагаад дуугүй бор залуу таны анхаарлыг татав аа. Таныг эргүүлсан өөр
сайхан хархүү байсан л байх?
-Тэд үнэхээр хайр татам
залуус байсан. Залуу, эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, омголон бардам зантай,
сайхан шүлэгтэй. Тэгэхдээ үнэнийг хэлэхэд тэр дунд Хүрэлээ үнэхээр өөр
хүн байсан. Надад түүний үг дуу цөөтэй нь ч, өөрийнхөөрөө байгаа нь ч,
тэр төрх намбаараа тэднийгээ удирдаж байгаа нь ч, жинхэнэ үнэнийг онож
хэлэх жинтэй үг нь ч таалагдсан. Үеийнхэн дотроо ийм нөлөөтэй байсан нь
утга зохиолын шүүмж бичдэгтэй нь холбоотой байсан байх аа.
Би төрсөн гурван эгчтэй
боловч айлд өргөгдсөн өргөмөл ганц охин. Эрх дураараа өссөн боловч юмны
өнгийг гэхээсээ үнэн чанарыг нь танихыг хичээдэг байсан. Багын тэр зан л
намайг тэр олон яруу найрагч залуучууд дундаас Хүрэлээг онцлоход
нөлөөлсөн болов уу даа. Арван жилийн сурагч байхдаа анхны хайрын захиа
авч байсан. Бас хайрлаж явсан хүү ч бий. Гэхдээ Хүрэлээтэй танилцаад тэр
бүхнээ "мартсан". Бид хоёрын бие биедээ бичиж байсан ил захидал одоо ч
бий. Би сургууль, аймгийн концертод бүжиглэдэг, Хан Хэнтий чуулгынхан
аравдугаар анги төгсөхөөр чинь бүжигчнээр авна гэдэг байв. Оюутан болоод
бүжиглэхээ больсон. Харин УБДС-ийн клубын эрхлэгчээр ажиллаж,
Ш.Гүрбазартай улсын хэмжээний том тоглолтуудыг хөтөлж явсан удаатай. Ер
нь урлагийн хүрээлэл дунд залуу нас маань өнгөрсөн. Тийм болохоор авъяас
билэгтэй, олон сайхан залуучууд надад захиа занаа өгч л байсан. Залуу
нас, охидын жишгээр нэг хэсэг захианы даллага авсан үе ч бий. Харин
миний хаан сонголт Хүрэлбаатар маань л байсан даа.
Манай найз охид намайг
өндөр цагаан залуутай сууна гээд л миний өмнөөс төсөөлчихнө өө, гэтэл
харин би өөрөөсөө нэг их өндөр биш, бор залууг сонгочихсон.
-Сонголтдоо сэтгэл байх
үе гардаг уу, хааяа ч гэсэн ?
-Сэтгэл дундуур гэх юм
юу байх вэ. Анх аав ээждээ яаж хэлэх вэ гэж их айж байсан санагддаг юм.
Монгол хүн сансарт ниссэн тэр шөнө бид хоёрын анхны шөнө байсан. Өглөө
нь ер бусын санагдаад. Гадаа цас хялмайлчихсан. Агаар жигтэйхэн цэвэрхэн.
Автобус бүхний цонхон дээр Ж.Гүррагчаа баатрын зураг наачихсан. Хүн
бүхэн баяр хөөртэй. Монголчууд тэр өдөр овог үндсээрээ, улс орноороо
бахархаж, догдолж, баярлаж байсан. Миний хувьд бүр онцгой. Тэгээд л би
миний сонголт зөв юм байна, энэ их бэлгэшээл дунд би насныхаа ханьтай
учирлаа гэж бодсон. Энэ бодол миний амьдралын тангараг байсан юм билээ.
Харин хааяа Хүрэлээ маань надаас илүү хүнтэй ханилсан бол Монголд
хэрэгтэй зүйл илүү их хийх байсан юм биш байгаа гэж бодох үе гардаг л юм.
-Яагаад?
-Би өөрөө мундаг
авъяастай хүн биш. Надаас илүү, бурхнаас заяасан их авъяастай эмэгтэй
таарсан бол энэ хүн өшөө их хөглөгдөөд, гоё уран бүтээл туурвих байсан
юм биш байгаа даа гэж заримдаа боддог юм./Уйлав/
-Говийн нэг нэртэй
дархан хүний эхнэр нь нөхрийнхөө гарыг хайрлаад түлээ хагалуулж үзээгүй
гэсэн. Таны нөхрөө хайрлаж байгаа хайр үүнийг санагдуулж байна шүү?
-Уран бүтээлч гэдэг өөр
хүмүүс. Дотоод гоо сайхан нь уран бүтээлээрээ илэрч байдаг. Аягүй сайхан
эмэгтэйг харчихаад тэр сэтгэлээрээ уран бүтээл хийдэг. Үүнийг нь ойлгож
дэмжихгүй юмаа гэхэд хардаж саад болохгүй юмсан гэж би хичээж явдаг юм
аа.
-Таны нөхрийн нууцхан
хайрын тухай гоё гоё шүлэг дуу болсон. Хэнд зориулсныг нь мэдэх үү?
-Бараг ихэнхийг нь мэднэ
шүү. Хөөрхий дөө, ийм сайхан авьяас дурлаж л байг гэж боддог байсан.
Найрагчийн гэргий байхын анхны шалгуур энэ байх. Намайг залуу байхад
миний найз бүсгүй Хүрэлээгийн шүлгэнд нэр дурдагдсан бүсгүйчүүдийн
нэрсийг түүвэрлэчихсэн над дээр ирж ирж билээ. Би түүнд "Хүрэлээ маань
овоо ш дээ" гэж л хэлсэн. Түүнээс хойш найз маань юм хэлэхээ байсан.
О.Дашбалбар агсны охин аавынхаа тухай "Яруу найрагч гэхэд аав минь
дэндүү цөөхөн дурласан" гэж бичсэн. Тэр охины ухааныг биширч, нүдний
нулимс гарч байлаа. Яг л миний хэлэх гэсэн үгийг хэлчисэн байна лээ.
Уран бүтээлийн ертөнц
гэдэг их өөр зүйл. Түүнийг бодит амьдрал дээр буулган сэтгэж, хайр
сэтгэлийн шүлэг бүрийн түүхийг сөхөөд явах юм бол утгагүй. Хулгайчийн
тухай бичихийн тулд хулгайч болж, хайрын тухай бичихийн тулд хэн нэгэнд
сөхөрч мөргөөд явдаг мэт ойлгодог хүмүүстэй миний зиндаа даанч таарахгүй
юм байна. Хүрэлбаатар маань бас л хайр сэтгэлийн халуун замыг туулсан
хүн. Тэгэхдээ бид хоёр хорин хэдтэй, хонгор үстэй цэл залуугаараа
ханилсан. Энэ амьдрал бид хоёрын анхных. Үүгээрээ л дуусна. Бид хоёрт
бие биеэсээ нууж хаах зүйл байхгүй. Амьдралын маань алдаа, оноо бүхэн
бид хоёр дундын өмчлөлд байдаг юм шүү.
Ойртох тусмаа холддог орчлонд оройтох тусмаа нялхардаг
хайраа гэсэн үгтэй шүлэг байдаг даа. Хүмүүс сайн мэдэх байх. Энэ шүлгийг
ямар эмэгтэйд зориулсан бол?
-Бид хоёр Бээжин явж
байсан юм, галт тэргээр. Тэгж явж байхдаа хоорондоо хайрын тухай
ярилцаад, түүнийгээ Хүрэлээ шүлэг болгосноор энэ шүлэг төрсөн түүхтэй.
Хэн нэг эмэгтэйд зориулсан шүлэг биш.
Давхраатай алаг нүд чинь
ээ хө далдын гунигийг үргээнэ ээ гээд шүлэг байдаг даа, бас. Тэр шүлгийг
бас Бээжин явж байхдаа вагонд бичсэн юм. Би нэг гоё нүдтэй хүүхний тухай
яриад, ямар нүд гэмээр юм бэ дээ гэлцэж байгаад янзган, давхраатай,
торомгор гэж хэлж болох юм байна гэж ярилцаад, бичсэн.
Таныг сайн хань, сайн ээж гэж ойр дотны чинь хүмүүс
хэлдэг. Ээж, эзэгтэйгээс гадна нөхрийнхөө жолооч нь хүртэл болчихсон
яваа харагдах юм?
-Энэ бол хайр.
Хүрэлбаатарыг би эхнэрийн хувьд хувийн өмч болгож болохгүй. Энэ чинь
Монгол түмний танил, Монголд хэрэгтэй хүн. Хүрэлээгийн маань эх оронч
сэтгэлгээ, ажлын туршлага, логик гаргалгаа, эрдэм ухаан нь монгол түмний
өмч юм гэж бодож явдаг. Харин энэ өмчөө Монголын төр ашиглахгүй юм даа.
Тиймээс би нөхрөө өөрийнхөө бүхий л боломжоор хайрлаж, хамгаалж явдаг.
Миний "төрийн хамгаалалт" бол гэртээ гарын тогооч нь, гадаа гарын жолооч
нь байж элдэв гадны нөлөөнөөс хамгаалах явдал гэж дотроо боддог. Тэгээд
ч би арван хэдэн жилийн туршлагатай архаг жолооч, Хүрэлээ маань хорин
хэдэн жил жолоочийн хажууд сууж яваа жирийн бус зорчигч. Олон юм тархи
толгойд нь эргэлдэж, байнга сэтгэж явдаг уран бүтээлч хүн хотын энэ их
утаа, түгжрэл дунд "хоригдох" нь дэндүү харамсалтай зүйл.
Ээжийн хувьд би бол гэж
бодоход бас ч харамсмаар юм их байдаг. Хүүхдүүдийнхээ багад нь тэдэнтэй
бага ажилласан санагддаг. Багш хүн бүр бараг ийм байдаг байх. Өөрийнхөө
хүүхэдтэйгээ өрөөлийн хүүхдийн хэмжээнд ажиллаж байсангүй.
Бас таныг таньдаг, мэддэг хүмүүс их гоё эмэгтэй гэлцэх
юм билээ. Өөрт тань энэ тухай хэлж байсан байх. Учир нь юундаа байна аа?
-Баярлалаа. Эмэгтэй хүнд
сэтгэлийн дэм болсон гоо сайхан үг илүүдэхгүй. Эмэгтэй хүн бүрт заавал
бусдаас давуу гоо сайхан чанар байдаг. Тиймээс муу эмэгтэй байна уу
гэхээс муухай эмэгтэй гэж байдаггүй. Гоё сайхан байх нь эмэгтэй хүн
бүрийн зөн совинд суусан төрөлхийн хүслэн юм. Надад учирлан тайлбарлах
зүйл байхгүй. Хамгийн гол нь сэтгэл ариун, бодол зөөлөн, мөрөөдөл хүчтэй
байх нь гоё эмэгтэйн гол шинж гэж боддог доо.
Та хэзээд тайван яваа харагддаг. Энэ таны зан уу, эсвэл их
биеэ барьж, хичээж явдаг хүн үү?
-Миний байгаа байдал
маань л энэ. Тэгэхээр тайван, хүлээцтэй байх нь миний төрөлх зан болов
уу. Олны нүдэн дээр ийм тийм харагдах сан гэж бодож байсангүй. Хүн ер нь
байгаагаараа л байх, жаргал зовлонгийн алинд ч хөл алдахгүй байх нь
хамгийн чухал. Энэ л миний амьдралын чин хүслэн. Яг үнэндээ бол хүмүүс
өөрсдөө л бухимдлыг "үйлдвэрлэж" байна. Монголчуудын ах дүүсэг, хүнд
тусархаг чанарыг гутааж буй монгол төрхөө алдсан зарим хүмүүс нийгмийн
уур бухимдлын гол цэг болж байна. Нийгэм хүмүүсийг өөрийн эрхгүй
бухимдалд оруулж байгаа нь үнэн боловч бас ч хүмүүс маань өөрсдөө
нийгмийн бухимдлыг бүрдүүлж байна уу даа гэж нөгөө талаас нь бас бодож
үзээсэй гэж хэлмээр санагддаг. Эмэгтэйчүүдийн ихэнх нь гэр орон,
хамаатан садан, улс орноо бүхэлд нь үүрээд явж байна. Ийм байхад тэд
бухимдахаас өөр аргагүй.
Зарим эхнэрүүд, бас нөхөрт гараагүй бүсгүйчүүд хүртэл
эрчүүдийг ад шоо үзсэн, үзэн ядсан хандлага гаргадаг болж. Тэгж бухимдаж
дургүйцэх шалтгаан байдаг байх л даа. Гэхдээ заавал ингэх ёстой юу. Энэ
сэдвээр таны бодлыг сонсоё гэж бодлоо?
-Эмэгтэй хүн эр хүнийг
хайрлаж, халамжилсныхаа хэрээр хайрыг амсана. Би нөхрөө хүнээр муу
хэлүүлэх дургүй өөрөө ч элдвээр хэлэхийг цээрлэдэг. Мэдээж айл гэрт
маргах юм байх. Тэр болгонд уур хүрч байна гээд муйхраар зүтгээд байж
болохгүй л юм даа. Эр хүнийг хайрлаж хүндэлж байж л өөдтэй өнгөтэй явна.
Манай ахуй чинь өөр шүү дээ. Хүч чадалтай эмэгтэйд ч эр хүний нөмөр
нөөлөг шиг тайвшрал өгдөг юм байхгүй гэж бодож байна. Эр хүн гэдэг чинь
харахад хатуу ширүүн юм шиг мөртлөө сэтгэлээр дутаж амьдардаг. Яг хүүхэд
шиг хүмүүс шүү дээ. Тиймээс тэднийгээ дээдэлж л амьдрах хэрэгтэй, тэгж л
байж л тэгш сайхан амьдрал болно. Гоочлоод, элдэв үгээр хэлээд байвал
маш амархан гомдоно. Нэг эвгүй үг, эвгүй харцанд гомддог, бүсгүй хүний
хатан сайхан ааш, аалинд уярч явдаг хүмүүс. Нарийн яривал эмэгтэй хүнээс
уян. Бүсгүйчүүддээ хань ижилдээ хатуу үг битгий хэлж бай л гэмээр байна
даа.
Өөрийнхөө босгосон
амьдралыг бусдад нураалгахгүйн тулд, өөрөө бусниулчихгүйн тулд амьдралаа
сайхан л авч явах хэрэгтэй. Хэн ч бидэнд бэлэн юм өгөөгүй болохоор
өөрийнхөө босгосон тэр сайхан амьдралаа хайрлаж, нандигнаж яваасай.
-Эмэгтэйчүүд нөхөрт
гарахыг хүсдэггүй болсныг та юу гэж боддог вэ. Тэр ч байтугай гень
сайтай хүнээс хүүхэдтэй болоод хүүхдээ өөрөө өсгөөд явна гэцгээх болсон
?
-Эрэгтэйчүүд ч эхнэр
авахыг яарахгүй болж. Аль аль талдаа одоогоор тийм түгээмэл болоогүй ч
улам бүр газар авч байх шиг. Тэгэхээр энд нэг юм байна аа даа. Түүнийг л
олж харах хэрэгтэй. Зах зээлд орсон улс орнуудын хамгийн том эмгэнэл нь
энэ юм. Ялангуяа, генийн торгон бүтэцтэй, цөөхөн хүн амтай, эртний
түүхтэй манай ард түмний хувьд хүн ам зүйн бодлогод төрийн зөв мэргэн
хар хайрцагны бодлого дутагдаж байгаа нь ийм энгийн зүйлээр хүртэл илрэн
харагдаж байгаа юм. Монголчууд монголчуудаасаа хүний хувьд ингэж холдох,
хөндийрөх, хүнийсэх эрх байхгүй. Бид энэ дэлхийд дэндүү цөөхөн байна.
Охид, бүсгүйчүүд нэг насны ханиа сонгохдоо юуг нь илүү
анхаармаар юм шиг байна, та юу гэж зөвлөмөөр байна ?
-Яарах хэрэггүй л гэж
хэлнэ. "Яарвал даарна" гэж үг бий шүү дээ. Бас "Заяаны хань зам дээр"
гэж хэлдэг. Энэ их сонин үг шүү. Ялангуяа, охид бүсгүйчүүд насныхаа
ханиа сонгохдоо өөрийнхөө төрөлхийн зөн билэгт итгэх, түүнээ анзаарах,
ухаарах хэрэгтэй юм шиг санагддаг. Хайр сэтгэлээ холбож сайхан амьдарч
буй хосуудын түүх тэр аяараа зөн билгийн түүх байдаг. Өөрөө өөртөө
итгэлтэй байж, өөрийнхөө билгийн нүдийг нээж, анзаарч чадвал насныхаа
ханийг зөв сонгож чадна. Бусдын зөвлөгөө хэрэгтэй л дээ, чинээлэг сайхан
нөхцөл чухал л даа, гэхдээ л охид, бүсгүйчүүд минь алдсан ч, оносон ч
өөрийнхөөрөө л байхыг хичээгээрэй гэж зөвлөх байна.
Эмэгтэй хүнд ухаан хэрэггүй харин халамж, нэг хэсэг нь
бүүр аальгүй байх хэрэгтэй гэж байна. Та алийг нь дэмжих вэ?
-Эдгээрийг салгаж
ойлгохын аргагүй. Өнөө цагийн монгол эмэгтэйчүүд бүгд ухаалаг болсон.
Тиймээс нийгмийн бүхий л салбарт эмэгтэйчүүд хүч түрэн орж ирж байна.
Энэ сайн хэрэг. Тэгэхдээ гүйцэтгэх ажлын хүрээнээс хальж ухаантай,
боловсролтой бүсгүйчүүдээ төр түшүүлж, шийдвэр гаргах бүхий л төвшинд
атаархалгүй, зоригтой дэмжин гаргаж, туслан ажиллаасай гэж эрэгтэй хүн
бүрээс хүсмээр санагддаг. Ер нь монгол эмэгтэйчүүд зорилгодоо хүрэх гэж
тэмүүлдгээрээ эрчүүдээс дутахгүй болсон ш дээ. Энэ чанар өнөө цагт илүү
тод анзаарагдаж байгаа болохоос биш угаасаа монгол эмэгтэйчүүд дотоод
сэтгэлийн эрчим хүчтэй хүмүүс. Эр нөхрөө хайрласан шиг хайрлана, энэ
монгол түмнийхээ удам угсаа, хөгжил дэвшлийг ангир уураг, халамж
хайрандаа манцуйлж, бүүвэйлэн өсгөж ирсэн улс. Ер нь монгол бүсгүй шиг
эх оронч, хязгааргүй үнэнч, мятаршгүй хөдөлмөрч, ижий сэтгэлтэн, халуун
хэвлийтэн энэ орчлонд ховор байх гэж боддог. Тиймээс эмэгтэйчүүд
зорилгодоо хүрэх тэмүүллээр дүүрэн, тэмцэж, ажиллаж, хүссэн оргилдоо
хүрч чаддаг байх нь монгол түмний хувь заяаны асуудал шүү дээ. Харин
эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг зориуд эсрэгцүүлж, харгалдуулж, хувь хэмжээ
зааж, улс төржүүлээд байхыг би ер таашаадаггүй.
Хэдийгээр монгол эмэгтэйчүүдийг эрийн боол гэрийн зарц
гэсэн уламжлалт хандлага байдаг ч Ази дундаа монгол эмэгтэйчүүд илүү бие
даасан байдалтай юм шиг санагддаг. Таны бодлоор?
-Тийм шүү. Манай
монголчууд чинь Азийн европчууд гэж би боддог. Энэ төрөлхийн гэмээр
сонин иргэншил эзэн Чингис хааны их гүрнээс улбаатай байж ч болох юм.
Миний нэг солонгос найз бүсгүй манайд цагаан сараар ирээд монгол
эмэгтэйчүүдийн чөлөөт байдал, өрнө дорны зан чанарын хосолмол байдлыг
дуу алдан магтаж байэ билээ.
Ингэхэд, эмэгтэйчүүд ямар байвал эрчүүдийн харцыг
булааж, анхаарлыг нь татаж, сайхан эмэгтэй гэж хэлэгдэх вэ?
-Хайр дурлал ихэнхдээ
харцанд, нүдэнд эхлэн тусдаг. Зөгий хүртэл хамгийн сайхан өнгөтэй
цэцгэнд эргэлддэг биз дээ. Тиймээс эрчүүдийн нүдэнд гоо үзэсгэлэнтэй,
бүлээн дулаан харагдахыг хичээх хэрэгтэй. Тэд чинь бээрсэн болжмор шиг
ямагт бүлээн дулаан нөмөр, тэгэхдээ тансаг газар эрж явдаг улс. Энд тийм
их хүч чармайлт шаардагдахгүй, зөвхөн өөрийнхөөрөө л байхад хангалттай.
Ирээдүйн ханийнхаа анхны харцанд өртсөн тэр гоо сайхан мэдрэмжийг насан
туршдаа хадгалахад энэ хүчин зүйл л гол дархлаа болно. Хожим хойно нь "Өө,
чи ийм амьтан байсан юм уу" гэх нь анхнаасаа өөрөөрөө байгаагүйн шинж
гэж хэлмээр байна. Хувиршгүй хайранд хуяглагдсан эмэгтэйг аз жаргалтай
сайхан эмэгтэй гэж хэлнэ. Би өөрийгөө энэ хүрээнд хамааруулж байна.
Таныхаар эмэгтэй хүний үнэлэмж юу вэ ?
-Өөрийгөө нээж,
түүнийгээ бусдад хүлээн зөвшөөрүүлж чаддаг чадвар, биеийн болон
сэтгэлийн гоо сайхныг мэдэрч, мэдрүүлж ч чаддаг тэр мэдрэмжийг хэлэх юм
болов уу. 2007.12.17 by сэтгүүлч
Ц.Эрдэнэцэцэг
|