Зохиолч, хэл шинжээч, эрдэмтэн
Ядамбатын Баатар

BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE

 

 

 

   

 

 

     
   

 

 
Yadambat Baatar (1957) 
 
 
 

 


 

 
 

Нөхдийнхөө тухай түүний нийтлэлээс

ЦАГААН МАНАН, ГЭГЭЭН ГУНИГ
Я.БААТАР


(Утга зохиол судлаач, Яруу найрагч, доктор Ph.D)
Хоног сарын гунигаа цөөхөн дуундаа үлдээнэ
Хожмын үрс минь дуулбаас цагаан манан татна
Аяа, тэр манан бол миний манан юм шүү!
Аясын салхи аргадахад л арилах гэгээхэн гуниг юм шүү!


Яруу найрагч гунигланам. Энэхүү гунигийн дундаас цэнгэ­лийн дуу төрнө. Ер ертөнцөд анхны шүлэг мэндлэхдээ гуниг­лан харуу­сах сэтгэлээс төрсөн гэдэг. Тийм болоод л үе үеийн шүлэг­чид гуниглаж явсан байх.
Яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн гэгээн гунигаас үүдэж баяс­лын дуунаар бүрдсэн шүлгийн шилмэл тэргүүн ботийг та бид дөнгөж сая уншлаа. Урьд өмнө нь түүний шүлэг най­раг­лалын түүврүүдэд хэвлэгдэж байсан шүлгүүдээс шилж дээ­жилж, сүүлийн үеийн зарим цөөн бүтээлээ оруулсан энэ номыг би цоо шинэ ном уншиж байгаа юм шиг л уншлаа. Удаа дараагийн шүлгийн түүврүүдийг нь тухай тухайн цагт нь болоод хожим сүүлд дахин уншиж байсан ч гэлээ, эрхэм нөхрийн шинэ ботийг редакторлахаар хүлээн авахдаа шүлэг бүрийг нь эргүүлэн уншиж, унших бүрийдээ шинийг мэдрэн сэрж, тэгснээрээ цоо шинэ ном уншсан мэт сэтгэгдэл төрсөн билээ. Уншигч мэргэн танд ч бас ингэж санагдсан болов уу гэж санана.
Яруу найрагч гуниглана гэдэг яавч эгэл жирийн хэрэг биш. Эгэл амьдралын бор өдрүүдээс эгэлгүйг нь олж, гүн ухаан хэ­мээх бодрол бясалгалыг амьдрал дундаас нээнэ. Тунгаан бо­дох бодол нь тэр чигээрээ шижир алтыг шүүн авахтай адил. Эсвэл алмаз эрдэнийг аль олон ижил төстэй хуурмаг чулуунаас ялган таних адил эгэл жирийн дундаас эгэлгүйг нь “Энэ л байна шүү дээ” хэмээн дуу алдтал зураглан гаргаж ирнэ. Ийм нээлтээр баялаг байх тусмаа яруу найраг өнгөтэй өөдрөг байж, яруу найрагч нь уншигчийн сэтгэлд хоногшин үлддэг билээ.

***
Гомбожавын Мэнд-Ооёо 1952 онд Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт төржээ. Түүний намтар манай мянга мянган залуусын намтраас гоц ялгаагүй бөгөөд дунд сургууль төгсөөд УБДС-ийн монгол хэл-уран зохиолын ангийг 1978 онд төгсөж, одоо МРТУХ-нд редактораар ажил хөдөлмөрийн анхны гараагаа эхэлж байна.
Яруу найргийг хүүхэд ахуй үеэсээ эхлэн оролдож, анх “Сүхбаатарын зам” сонинд “Ганга нуур” (1966) шүлгээ хэвлүүл­сэн нь уран бүтээлийн нь дээж болжээ. Түүнээс хойш яг 10 жилийн дараа 1976 “Утга зохиол,урлаг” сонины “Таны шинэ танил” булангаар уншигч олонтойгоо танилцсан байна.
Энэхүү товч намтрыг бид бүхний эрхэмлэн хүндэлдэг дээд багш, Монгол Улсын төрийн шагналт, уран зохиол судлагч Д.Цэнд бичсэн юм. Г.Мэнд-Ооёогийн “Бодлын шувуу” хэмээх анхны түүврийнх нь оршил өгүүллээс сая иш татлаа. 1978 оны 12-р сарын 7-ны өдөр Д.Цэнд багш оршил өгүүллийг нь бичиж суусан “Бодлын шувуу” түүвэр 1980 оны хавар хэвлэгдэн гарч наяад оны яруу найрагчдын нэгэн түүчээ болж уншигчдынхаа гарт хүрсэн юм. 1980-аад оны эхэн хагаст тухайн үеийн залуу яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн “Уянгын тойрог”, З.Түмэнжаргалын “Үүрийн тэнгэр”, Д.Цогтын “Анх­ны шан­гийн дуу”, Ж.Саруунбуянгийн “Хонгор зул”, Л.Мягмарсүрэнгийн “Урины амьсгал”, Д.Төрбатын “Улаан жигүүр”, О.Дашбалбарын “Оддын аялгуу”, Д.Нямсүрэнгийн “Хаврын урсгал” зэрэг түүврүүд хэвлэгдэн гарч, уншигчдынхаа гарт хүрч эхэлсэн билээ.
“Бодлын шувуу” түүврээс дээжилсэн шүлгүүд нь энэхүү ботийн “Хорин таван нас” хэмээх анхны бүлгийг бүрдүүлж байна. “Дэлхий ээж” гэдэг хоёрдугаар бүлэг нь “Өлзий утас” (1984) түүврээс, “Энэ насны нэг агшин” хэмээх гутгаар бүлэгт нь “Хуурын магнай” (1990) түүврийн шүлгүүдээс орж байна. Ха­рин “Хөх нуурын хөвөөгөөр явган манан гэлдэрч ...”, “Жагарын цэцэрлэгээс Жанрайсигт залсан гүмүда”, “Гол ус тун­га­лагших цаг” гэсэн дөрөв, тав, зургадугаар бүлгүүд нь “Утгын болор сүм” (1997) түүврээс, “Найман дууль”-иас бүрдэх долдугаар бүлгийг хэд хэдэн түүврээсээ авчээ. “Есөн сарын улаан навчсын гунигийг ойлголоо” хэмээх наймдугаар бүлэг бол хараахан ном түүвэр болж хэвлэгдээгүй шинэ бүтээ­лүүд нь голлож байгаа юм. Есдүгээр бүлэгт яруу найрагч О. Дашбалбарын бичсэн “Сарны шүлэгч буюу Гомбожавын Мэнд-Ооёо” гэдэг өгүүллийг орууллаа. Ийм есөн бүлгээс бүр­дэж байгааг хэлэх ялдамд түүний хэвлүүлсэн шүлгийн түүврүү­дийн нэрийг бараг тооччихлоо.
Гэвч энд нэр дурдагдаагүй ном түүвэр бас бий. Хүүхдэд зориулсан “Жиргээ хөөрхөн шувуухай” (1980), “Уулнаас өн­дөр тэмээ” (1983), “Найман шаргын туурь” (2000) зэрэг номууд нь хэвлэгдсэн бол шилдэг шүлгүүд нь монгол, англи, орос, япон, франц, хинди хэлээр “I am coming to you” (“Чам руу би явж байна”) гэсэн нэртэйгээр Улаанбаатарт (2000) хэв­лэгд­жээ. Мөн зохиолчийн “Алтан -Овоо” гэдэг роман 1993 онд хэвлэгдсэн юм. “Мэгжиджанрайсиг” хэмээх баримтат зо­хио­лыг 1997 онд хэвлүүллээ. Зураач Марзан Шаравын бүтээ­лийг гол болгосон “Эсгийн туургатны соёл, Их Монгол” үзэс­гэ­лэн­гийн номыг япон (1998), солонгос (1999) хэлээр тус тусын улсад хэвлүүлжээ. Ажил төрлийн шугамаар энэ мэт хэвлүүлсэн ном товхимол цөөнгүй бий.
Г.Мэнд-Ооёо утга зохиол, урлаг соёлоо судалж шинжсэн хэд хэдэн эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, эрдэм шин­жил­гээ­ний бага хурлуудад илтгэл тавьж хэлэлцүүлжээ. Түүний бичсэн “Дашдоржийн Нацагдоржийн үргэлжилсэн үгийн зохиолын яруу найраг” гэдэг нэгэн сэдэвт зохиол бас бий.
Бусдын зохиол бүтээлийг, ялангуяа гучаад оны хэлмэгдэлд өртсөн сэхээтнүүдийн нэр алдрыг сэргээж, бүтээлийг нь ний­тэд түгээн сурталчлах талаар Г.Мэнд-Ооёо бас багагүй хөдөлмөрлөсөн юм. Садоо овогт Б.Шагжийн “Монгол бичгийн дөт зам” гэдэг сурах бичгийг (1990) онд хэвлүүлэв. Дараа нь С.Шагжийн “Эрэхүйеэ хялбар болгон зохиосон монгол үгний тайлбар чандманийн чимэг” хэмээх бичмэлээрээ үлдсэн толь бичгийг Д.Цэрэнсодномын хамт “Монгол үгний тайлбар толь” нэртэйгээр хэвлүүлэв. С.Шагжийн “Монгол үсгийн дүрмийн толь” гэдэг нэртэй 1937 онд хэвлэгдээд өнөө цагт эрэл сурал болсон ховор бүтээлийг дахин хэвлэж нийтэд түгээв.Ийнхүү монгол хэл бичгийн гарамгай эрдэмтдийн нэг С.Шагжийн нэр төрийг сэргээж, бүтээлийг нь түгээн сурталчлахад шинэ цагийн сэхээтэн Г.Мэнд-Ооёо ихээхэн анхаарал тавьж, хичээл зүтгэл гаргажээ. Их эрдэмтэн Шагжийн мэндэлсний 110 жи­лийн ойг эрдмийн баяр болгож, Автай сайн ханы өргөөнд ёслон тэмдэглэсэн билээ.
Хайр дурлалын сэдэвт шилдэг шүлгийн эмхтгэл, дөрвөн цагийн сэдвээр бичсэн шилдэг бүтээлийн дээж зэрэг түүвэр эмхт­гэ­лүүдийг бас хийж хэвлүүлж байлаа. “Алтан -Овооны тайл­гын судар” гэдэг номыг О.Сүхбаатарын хамт бэлтгэж хэвлүүлжээ.
Бас цөөнгүй яруу найрагчийн ном түүврийг редакторлан зарим ном бүтээлийг орчуулан хэвлэхэд оролцож байжээ. Жишээлбэл, М.Шагдарсүрэнгийн орчуулсан “Бурхан баг­шийн сургаал”, Дорнод аймгийн багш Д. Алтангэрэлийн орчуул­сан С.Есениний “Шүлэг найраглалууд” гэх зэрэг номуу­дыг ариутган шүүж, олны гарт хүрэх замыг нь засалцсан бай­на. Энэ мэтээр бичиг номтой салшгүй холбоотой болсон хүн юм. Тиймдээ ч “Монголын бичиг соёлын хишиг өдөр”-ийг санаач­лан тэр өдрөөр ном соёлоо сурталчлах өргөн хүрээтэй ажил зохиодог уламжлалтай болжээ.

Мэгжиджанрайсиг их шүтээнийг дахин бүтээх үйлсэд оройлон оролцсоныг олон түмэн андахгүй. Тийм ч учраас түүнийг зүй ёсоор Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн (1996) гэдэг эрхэм хүндэт цолоор шагнасан билээ. Аугаа их Д.Цэнд багшийн бичиж эхэлсэн товч намтар ийнхүү баяжин дэлгэрч байгаа бөгөөд энэ ч бас цаашдаа баяжих болно.
***
Г.Мэнд-Ооёогийн ажил хөдөлмөрийн гараа Замын-Үүдээс эхэлжээ. Улаанбаатарт Багшийн сургууль төгсөөд Дорноговьд ажиллахаар очтол Замын-Үүд рүү цөлчихжээ. Цөлөх ч гэж, аймгийн төвд суух арын хаалгагүй болохоороо л амьтан хүн очоод байя гэдэггүй тэр хязгаарт томилогдсон хэрэг. Тэр үед Монгол, Хятад хоёр улсын харилцаа тааламжгүй байсан болохоор тийшээ очих хүн тоотой хэд л байжээ.
Буйдхан тосгоны яг л ийм нэгэн шөнөөр
Буудал хөлийн газрын түшлэгт модон сандал дээр
Ялгуум сарыг өвөр дээрээ тавьсан мэт
Явуухулангийн шүлгийг чамдаа би уншсан! /”Эх нутгийн шөнө, гэргийтэйгээ” 1987/
Замын-Үүдэд гурван жил багшилчихаад хүү, охин хоёртой болчихоод “Галуун цуваа”, “Галтай газар хүнтэй” гэдэг шүлэг бич­чихээд 1974 оны намар УБДС-ийн монгол хэл, уран зохио­лын ангийн шинэ оюутан болж элссэн билээ. Тэр цагаас эхлэн энэ сайхан яруу найрагч бид хоёр хамт цугтаа баярлаж гуньж, бас заримдаа даварч дэвэрч яваа билээ. Улаанбаатарын нөлөө бүхий хоёр дугуйлангийнхан ингэж хамтран суралцаж бай­лаа. Тэр дугуйлангийн шилдгүүдийг МЗЭ-ийн хорооны дэр­гэ­дэх яруу найргийн клубт хичээллүүлнэ. Залуу яруу най­рагч­­дын үдэшлэгийг их, дээд сургуулиудад хийсний дараа МХЗЭ-ийн Төв Хорооны дугуй танхимд хийж байлаа. Дугуй­лан­гийн­хаа хичээлд Ч.Лхамсүрэн, М.Цэдэндорж, Ц.Гайтав, Л.Чойжилсүрэн, Б. Цэдэндамба нарын зэрэг нэрт зохиолчдыг урин аваачдаг байлаа. Тэр үед нэрд гарч эхэлж байсан Т.Очирхүү, П.Бадарч, Л.Дашням, Б.Цэдэв, Д.Цоодол нарыг ч аваачиж элэгсэг дотноор ярилцдаг байсан юм. Г.Мэнд-Ооёо тэр үед Т.Очирхүүг ихэд хүндэлж дотночлон нөхөрлөдөг бай­лаа. Бас, хөдөөгийн шүлэгч О.Дашбалбар, дараа нь Д.Нямсүрэн нарыг утга зохиолын соронзон тойрогт татаж авчир­сан юм.
Ийм нэгэн их сургуульд тэр суралцаж, дээд сургуулиа төгсөх үед “Жиргээ хөөрхөн шувуухай”, “Бодлын шувуу” гэдэг хоёр номоо хэвлэлд шилжүүлчихээд байсан юм. 1975 онд хүүхдийн номын уралдаан зарлаж арван ном шалгаруулсан бөгөөд арваннэгдэх нь “Жиргээ хөөрхөн шувуухай” байсан юм. Хүүхдийн нэрт зохиолч Д.Содномдорж гуай манай Г.Мэнд-Ооёод их найдвар тавьж байлаа. “Хүүхдийн зохиолын нэг сайн байлдагчаа уянгын яруу найрагт алдлаа” гэж Д.Содномдорж гуай ярьж байсан билээ.
Дээд сургуулиа төгсөөд Монголын Радиогийн урлаг соёлын редакцид ажиллах болсон явдал түүний уран бүтээлийн өсөлтөд эерэг сайнаар нөлөөлсөн юм. Энд ажиллаж байх үедээ “Өлзий утас”, “Хуурын магнай” гэдэг сайн номуудаа бичсэн юм. Радиогийн редактор, хариуцлагатай редактор, Монгол телевизийн утга зохиолын нарийн бичгийн дарга, ерөнхий редактор зэрэг ажил арав гаруй жил хийгээд МЗЭ-ийн хороонд мэргэжлийн зохиолчоор хоёр жил ажиллав. 1991 оноос Монголын Соёлын сангийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1994 оноос Монголын Соёлын сангийн ерөнхийлөгчөөр сонгогдон одоо хүртэл ажиллаж байна. Энэ хооронд 1997-2000 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Соёл, урлагийн газрын захирлаар ажиллаж байв.
Улсдаа ажиллах, уран зохиолоо туурвих хоёр ажлыг зэрэг зэрэг л амжуулж явсан юм. Өөрөөр хэлбэл болжмор болоод шар шувууны ажлыг хийсээр ирсэн юм. Тэгэхдээ аль алийг нь цалгардуулахгүй сайн албан хаагч байж, уран зохиолын нэртэй төлөөлөгчийн нэг болсон юм.



***
Г.Мэнд-Ооёогийн уран бүтээл уянгын шүлгээр эхэлсэн юм. Одоо ч тэрээр уянгын шүлгээ бичсээр, уянгын нэрт масте­руудын нэг болжээ. Танин мэдэхүйн уянгаар эхэлж ухаа­рал, эргэцүүллийн уянгаар тэлж, бясалган тунгаахуйн уянгаар бүрдэн цогцлох жам ёсны дагуу түүний уран бүтээл хөгжин цэцэг­лэж яваа юм. Нэг хэсэг улс төр, иргэний уянга бичиж завдсан боловч түүнийг тэгсхийгээд орхижээ.
Сэдвийн хувьд Г.Мэнд-Ооёогийн шүлгүүд бас л баялаг юм. Юуны өмнө эрхэмлэн дуулдаг шүтээн нь байгаль эх билээ. Байгалийн гоо сайхныг мэдэрч, түүгээрээ орчлон ертөнцөө нээхийн тулд “Голын чулуу”, “Цэцгийн үнэр талынх байдаг”, “Их хангайн хэмнэл”, “Хэрлэн” зэрэг шүлгүүдээ бичжээ. Цаашлаад “Цагаан дэглий”, “Цамбагарав”, “Гангын найман сондор”, “Орхон мөрөн чихэн доогуур урсана” гэх зэрэг эх орныхоо үзэсгэлэнт уул усыг оюун сэтгэлийн төвд тавьж, түүгээрээ дамжуулан эх орноо нээж байлаа. Эдгээр нь “Хэсэг цагаан манан”, “Цагийг эгүүлэгч шувууны даллага” гэсэн бүлэг шүлгүүдээр улам төгөлдөржсөн юм.
Байгалийн гоо сайхнаас “Сэтгэлийн байгаль”-ийг нээж, хүний сэтгэлийн гүн рүү асаж дүрэлзэх уянгын шүлгээ,
Дунайсан хөх тэнгэрийг цагаан эсгий дээр амрааж Сунайсан дөрвөн цагаар угалз хээ мэтгэж
Намар оройн тэнгэр доор нум шиг бөгцийж суугаад
Наян насандаа ээж минь ширдгээ ширсээр
байгаа юм шиг л шаглан урласан байдаг билээ. Эндээс үүдэж Г.Мэнд-Ооёогийн яруу найргийн уран чадварын зарим нэгэн асуудлыг сөхөн ярьж болмоор санагдав.
Юуны өмнө Г.Мэнд-Ооёо бол уран хэлний шүлэгч юм. Ухаан бодлын төвлөрлийг хүний сэтгэлд хүртэл задлаж өгө­хийн тулд унага даага нь үүрсээд эжийдээ эрхэлж байгаа юм шиг, эсвэл тэнгэр газар нь эвсэлдээд эртний түүхийг өгүүлж бай­гаа юм шиг уран налархай хэл найруулгаар бичдэг юм. Монгол хэлний үгсийн сангийн арвин баялгаас чамгүй хувь хүртэж, шүлэгтээ урлан шигтгэж өгдөг. Ер нь түүний хэл найруулгын төрх төлөвийг ажихад монголын сонгодог бич­гийн хэлний найруулгыг эрхэмлэн шүтсэн нь илт байдаг юм.
Энэ номын нэгэн бүлэг болгож оруулсан О. Дашбалбарын өгүүлэлд түүний яруу найраг дотор байгаа хэд хэдэн содон мөр бадаг, тэрчлэн онцгой содон үгийг соргог мэдрэн ажиг­лаж, тэдгээрийг уншигчдын өмнө нээж өгсөн байгаа билээ. О.Дашбалбарын бичсэн нийтлэл өгүүллүүд нь зүгээр нэг хөндий хоосон хөвүүлсэн магтаал буюу зэмлэл бус, тухайн уран бүтээлчийн содон соргог шинж төрхийг нээн ажиглаж өгүүлсэн байдгаараа үнэ цэнэтэй юм. “Хүлэг морь ганихарч, нутгаа тэмцэх цаг дор ...” гэдэг шүлгийн зарим үг, мөр, бадгаас эш татан ярилцъя.
Өвсөн толгойн цан цэцэглэх өвлийн өдрүүд одлоо ...

Энд байгаа “цан цэцэглэх” гэдэг төдийлөн элбэг таарал­дах­гүй үгийг чухамхүү Мэнд-Ооёо л зохиосон юм. Монгол ардын дуунд:
Өвлийн нар нь
Өвөлжөөндөө дулаахан даа
Өвөлжөөндөө байгаа хүү маань
Наддаа ойрхон доо хө
гэж өгүүлдэг. Чухам энд ардын дууны гүн ухаан оршиж бай­гаа билээ. Өвлийн нарыг зуны нартай харьцуулбал яаж дулаан байж чадах билээ. Харин өвөлдөө бол дулаан байж чадна. Тэр мэтээр Г.Мэнд-Ооёо ургуулан сэтгэж, өвлийн цагаар өвсөн толгойг цэцэглүүлж чаджээ. Өвсөн толгой яаж цэцэг­лэв гэвэл цантжээ. “Цан цэцэглэх” гэдэг үг чухамдаа ийнхүү амьшин зохицож, шүлгийнхээ дунд байраа эзэлж байна. Хэрвээ “Өвсөн толгой цэцэглэх өвлийн өдрүүд одлоо” гэсэн бол хэтэрхий хийсвэр болж, амьдралын үнэнээс гажих билээ. Эсвэл “өвсөн толгой цантах” гэсэн бол зүгээр л аж байдлын хуулбар зураг болчихно. Ийм нөхцөлд яруу найрагч шүлгээ хэрхэн уран болгож чадав гэвэл “цан цэцэглэх” гэдэг үгийг сонгож авсанд л байна.

“Цан цэцэглэх” гэдэг холбоо үгийг олсноор бодот байдал хийгээд ургуулан сэтгэх хоёр үндсэн чадварыг нэгэн зэрэг илэрхийлж, түүгээрээ нэгэн цогц санааг илтгэж байгаа юм. Амь орлоо гэдэг маань энэ. Энэ шүлэгт хөдөө нутгийн тухай дурсамж сэрэл төрсөн тухай өгүүлэх явцад

Орон хотын амьдралд хөл тэмцэж босоод
Онгоц хөсгийг хөлөглөж дэлхийн нүүдлийг гүйцсэн чиг
Оорцог толгодын дундах отгийнхоо нүүдлийг гүйцсэнгүй! хэмээн ухаан бодлынхоо урыг шигтгээд авсан байгаа юм. Тал нутагт хаврын цагт маш их салхилж, тэр нь зарим үед уршиг тарих нь ч бий. Ерөөс хаврын тэр их салхийг яруу найрагч энэ шүлэгтээ “салхи” гэдэг үгийг оруулалгүйгээр
Хөөрхий муусайн нүүдэлчид хайрга шороогоор шилбүүрдүүлж
Хөсөг тэрэгний нь дугуй уруудаж өнхөрдөг хаварт нь
хэмээн урнаар дүрсэлжээ. Яагаад тэр хөсөг тэрэгний дугуй уруудаж өнхөрдөг билээ. Энэ бол аж байдлын уран нарийн зураглал юм.
Элгэн тараг дэлгэрдэг энхжин бумбын улиралд нь
Элсэн дээр нь тарваадахаар эрээн майхантай очдог нь
Эдүгээ цагийн хотынхны энгийн араншин мөн өө!

Хотынхон зуны сайхан цагт амрахаар хөдөө очдог гэсэн энгийн өгүүлбэрээр хэлж байгаа санааг мөн ч уран зурагласан байгаа биз. Зун гэдэг ганцхан үгээр илэрхийлэх санааг төлөө­лөн адилтгах аргыг хэрэглэн “Элгэн тараг дэлгэрдэг энхжин бумбын улирал” хэмээн хэлжээ. Амрахаар очиж байна гэдгийг “элсэн дээр нь тарваадахаар” гэж хэлснээр хэдий тэр хүн орон хотод байр суурьтай, зав чөлөө муутай албан хүн боловч эх газар нутагтаа жаахан хүүхэд мэтээр төсөөлөгдөж байна. Тэ­гэх­лээр “тарваадах” гэдэг үгэнд хүүхэд цагийн жаргал мэт өхөөрдсөн утга байна. Зохиогч энд харин ёгтлох утгаар хэрэг­лэ­сэн байгаа юм. Ёгтлох, өхөөрдөх хоёр ийнхүү нэгэн цэгт давхацна.
Хүлэг морь ганихарч нутгаа тэмцэх, хөх зэргэлээ хөндий уруудаж тал руу зулрах цаг давхцаад ирэх цаг дор эхэн хаврын урьтай хамт эртний хөндүүр сэдэрч байгаа хэдий ч “хүний үр л харин эрх чөлөөндөө чөдөрлөгдмүй”. “Эрх чөлөө”, “чөдөр” хоёр шүтэлцэн байгааг үгийн эсрэг утгыг сонгох маягаар эсрэгцүүлж, өнөө цагийн хүмүүс хөдөө нутгаасаа улам улмаар хол­дож байгааг хэлжээ. “Эрх чөлөөнд чөдөрлөгдөж” болох учиргүй. Гэтэл энэхүү гэмийг өмнө хэлсэн хүлэг морь нутгаа тэмцэж байгаа, хөндийн зэргэлээ тал руугаа зуларч байгаагаар үндсэн нөхцөл болгож арилгасан юм. Гэмийг арилгах гээч нь зохист аялгуучдын ур ухааныг шавхсан нэгэн чухаг ойлголт юм. Хэрэв энэхүү гэмийг арилгахгүй бол эрх чөлөөгөөр ч чөдөрлөж болохгүй, өвлийн өвс цэцэг ч цэцэглэхгүй билээ.
Ийнхүү Г.Мэнд-Ооёо уламжлалт найруулах ухааныг орчин үеийн найруулах ухаантай холбож, уламжлал шинэчлэлийн нарийн судсыг нь атгаж чадсан юм. Хэрвээ ингэж чадаагүй бол дан ганц уламжлалт найруулгыг шүтээд сонгодог бичгийн найруулга мэтээр хэн хүнд авсаар ойлгогдохгүй хэдэн хуучин үгээр хөөцөлдөж явах байсан билээ. Гэтэл яруу найрагч тэгсэнгүй. Хуучин үгсийг сонгохдоо ч гэсэн зүй журмын дагуу зохих байрыг нь олж шигтгэж өгдөг учраас этгээд гажуу байдаггүй юм.
Хайр сэтгэлийн уянгыг Г.Мэнд-Ооёо гэгээн тунгалгаар үзүүлдэг юм. Харуусан дурсах учир тохиол гарсан байлаа ч гэсэн түүний нандин сайхан мөчийг авч үлдэж чаддаг юм.
Шүлгийн айзмыг тодруулдаг нэгэн чухал үзүүлэлт нь хайрцаг буюу бадаглал билээ. Бадаглал зүйн хувьд Г.Мэнд-Ооёогийн яруу найрагт хэлмээр онцлог бий. Юуны өмнө гурван мөрт бадгийг урлан бүтээх талаар амжилттай ажиллаж байгааг тэмдэглэх хэрэгтэй болно. Монгол яруу найргийн уламжлалд “Ертөнцийн гурав” хэмээх гурван мөрт шүлэг, түүнээс гадна японы “Хайку”хэмээх гурван мөрт байдаг хэдий ч Г.Мэнд-Ооёогийн гурван мөрт нь тэдгээртэй адилгүй юм. Дээрх гурван мөртүүд нь тус тусдаа биеэ даасан шүлэг болдог бол Г.Мэнд-Ооёо томоохон шүлэг найраглалаа гурван мөрт бадгаар үг хуваарилж бичсэн нь цөөнгүй.
“Гангын найман сондор”, “Говийн Гурван сайхан”, “Халх голын дайчин Даргиагийн Лхагваагийн зүрхний бичлэг: 1939. Y. 28”, “Домог”, “Хүлэг морь ганихарч нутгаа тэмцэх цаг дор” гэх зэрэг шүлгээ гурван мөрт бадгаар бичсэн байгаа юм.
Монгол шүлгийн нийтлэг жишгийн дагуу түүний яруу найргийн ихэнх нь дөрвөн мөрт бадгаар бүтэж байгаа боловч дөрөв, таван мөрт бадгуудыг нэгэн шүлэгт салаавчлан хослуулсан нь бас тааралдаж байна. “Дэлхий ээж”, “Зуны дунд сард хөдөө гэртээ харилаа” гэх зэрэг шүлгүүдийн эхний бадаг дөрвөн мөрөөр, дараагийн бадаг нь таван мөрөөр сөөлжин бадагласан байгаа нь бадаглал зүйд бас ховор баримт болно.
Хос мөрт, зургаан мөрт, найман мөрт бадгууд цөөнгүй тохиолдоно. Зарим үед шүлэг, үргэлжилсэн үгийг хослуулан бичсэн шүлэг, дууль, найраглал ч тааралдана.

Яруу найргийг болор тунгалаг болгогч нэгэн гол хэрэглүүр нь авиа сонгоход байдаг билээ. Эгшиглэл зүйн үүднээс Г.Мэнд-Ооёогийн шүлэгт хэлэх үг, татах жишээ бэлээхэн байгаа билээ.
Гэрлийн бор шувууд жигүүртээ гал хадгалсан юм шиг тэнгэр бүлээсгэн нисэлдэж
Гэгээн өглөөг эртэсгэнэ,
гэрэлт өдрийг уртасгана (“Бор шувуу”. 1986) гэж бичсэн нь бий. “эртэсгэнэ, уртасгана” гэдэг хоёр үгийн эгшиг авиаг авчихвал гийгүүлэгч авиануудынх нь тоо, байр яг адилхан юм. Ийнхүү утга ондоо ч дуудлага төстэй үгсийг олж сонгосноор шүлгийн эгшиглэнг яруу сайхан болгож байгаа юм.
Сүүл холбох зарчмыг баримтлахдаа ч бас дуудлага төстэй үг сонгож авах талаар манай яруу найрагчид багагүй туршлага хуримтлуулаад байна. Жишээлбэл Г.Мэнд-Ооёогийн “Гангын найман сондор” гэдэг шүлэгт “баясгалан, үзэсгэлэн, эгшиглэн, бууц, сууц, нууц, хуур, туурь, цуур, завъяа, заяа, туяа, ээмэг, домог, омог, цэцэг, цацаг, цомог, хөнөг, олбог, гижиг, хөрөг, найраг, чимэг” гэсэн үгсийг сонгон авч сүүл холбосон байна.
Зарим үед яруу найрагчаас зөв бичих зүйн дүрмийг зориуд зөрчиж шүлгийнхээ эгшиглэлийг тохируулсан удаа ч байна.

Ган цохилуур товшиход чулууны эгшиг сэрээд
Жин жин хийж өөр өөрийн дуугаар жиргэх юм.
Он жилүүдийн чанадахь усны урсгал сонсогдоод ирэхлээр
Олон юм бодогдож газар дэлхийгээ ойлгох юм.

Мөрөн голын чулууд усандаа дуулалгүй удсан ч
Мөнхийн дуугаа мартаагүй байх юм аа, эх орон минь!
Гольдрол дундаа мөлсөн чулуу нь хүртэл дуулахлээр
Голт зүрх өөрийн эрхгүй уярах юм аа, эх орон минь!
(“Чулууны аялгуу”) гэсэн шүлэгт “ирэхлээр” гэдэгтэй зохи­цуулж дараагийн бадагт дагалдах нөхцөл үйлийн – хлаар нөх­цө­лийг “дуулахлаар” гэж бичих ёстой боловч зориудаар “дуулахлээр” гэж бичсэнээр унших үест сонсголонтой болгож байгаа юм. Бас “Сүжийн нуурын дууль”- д:
Чухам хэзээ энэ ус
Чулуун хашлагатай худаг байсийм
Амсраа дүүргээд асгаж мэлтэрсээр
Аанай яаж нуур үүссийм
гэжээ. “байсан юм”, “үүссэн юм” гэж бичих ёстой гэдэг ойл­гомж­той, бусад зохиолууддаа олон удаа зүй ёсоор нь би­чиж байсан зохиогч энд зориуд ингэж үе хураан эгшиг чимж бай­гаагаа тодруулсан байна. Энэ мэтээр шүлгийнхээ сонсголонг эрхэмлэж урласан жишээ цөөнгүй тааралдана.
Г.Мэнд-Ооёо монголын орчин үеийн яруу найргийг хос уянгаар баяжуулсан гэдгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй билээ. “Хуур ятгын хос аяз” хэмээх харилцаа шүлгийн маягаар бичсэн шүлэгтээ хайр сэтгэлтэй залуу хосын дотоод сэтгэлийг ихэд нарийн дүрсэлсэн юм. Эрэгтэй нь хуурын аялгуунд, эмэгтэй нь ятгын аялгуунд сэтгэлийн үгээ хэлэлцэж хайрлахуйн жар­га­лыг эдлэн байна. Тэгэхдээ эрэгтэй хүнийг хуур, эмэгтэй хүнийг ятга хөгжмөөр тус тус төлөөлүүлэн өгүүлсэн юм. Хуур, ятга хоёр ээлжлэн харилцан өгүүлж байснаа хоёул хамтран дуулна. Жишээлбэл:
Хөх ногооны униараар холын бараа залгалдаад
Хөвөөлж хошсон цэцгэс нь наашаа чигтэй ганхана
Хөндий хол л газраас чиг хоёр эгшиг эрмэлзээд
Хөг дуурс нь тодорч биесээ чигтэй тэмүүлнэ

гэсэн шүлэг бий. Энэ шүлгийг хэд хэдэн янзаар уншиж бо­лох хос уянга юм гэдгийг анзаарч мэдсэн уншигч олон бай­гаа гэдэг нь ойлгомжтой ч зарим нэгнийг энд тайлбарлан өгүүл­бэл илүүц биш гэж үзнэ. Энэ шүлгийг дараах байдлаар уншиж болно.

Хөх ногооны униараар холын бараа залгалдаад
Хөвөөлж хошсон цэцгэс нь наашаа чигтэй ганхана
Хөндий хол л газраас чиг хоёр эгшиг эрмэлзээд
Хөг дуурс нь тодорч биесээ чигтэй тэмүүлнэ.

Хуур ятга хоёрын, өөрөөр хэлбэл, сэтгэлтэй хоёр залуугийн хамтран дуулж байгаа энэ бадгийг хэд хэдэн янзаар уншиж болох боловч эцсийн дүнд гарах утга санаа нь нэг л байгаа юм. Аль ч маягаар уншсан шүлгийн ур чадвар алдагдахгүй, дэс дарааны зөрчил гарахгүй байгаа юм. Энэ бол хос уянгын үндсэн шалгуур болно. Г.Мэнд-Ооёо 1977 онд “Хос уянга” гэдэг шүлэг бичиж, түүндээ хос уянгыг их л өнгөцхөн дүрсэлж байсан бол 1982 онд бичсэн “Хуур ятгын хос аяз” шүлэгтээ маш уран тансгаар илэрхийлж, чухамхүү дотоод бүтцийн хос уянгыг бүтээсэн юм.
Хос уянгыг бүтээнэ гэдэг нь яруу найрагчаас маш их хөдөлмөр, уран нарийн ухаан, уран чадварын хосгүй эрдмийг шаардах учраас хүн бүхэн бичээд байдаг ч зүйл биш. Бас нэг яруу найрагч гэлээ ч дахин дахин олныг бичээд байдаггүй юм. Энэ бол ур ухааны хос уянга болно. Дорно дахины утга зохиолд зураг, шүлэг хосолсон хос уянга ч бас байдаг. Хос уянгыг хөгжүүлэх талаар Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Ойдов нарын санал солилцсон олон жилийн хөдөлмөрийн түрүүч зарим нь энэ юм гэдгийг хэлэхэд таатай байна. Ц.Ойдовын хос уянга удахгүй хэвлэгдэнэ биз ээ.

***
1976 оны хавар Г.Мэнд- Ооёогийн “Голын чулуу” тэргүүтэн шүлгүүд “Утга зохиол, урлаг” сонинд “Таны шинэ танил” булангаар хэвлэгдэж тухайн үедээ дуулиан тарьж байж билээ. Одоо бол од болчихлоо, сонгодог болчихлоо гээд л цамнах байсан биз ээ. Тэр үеэс л түүний шүлэг олны анхаарлыг татсан юм. Энэ нь манай “Гал”-ынхны хувьд маш том бахархал байлаа. Уран бүтээлийн хувьд санаа нийлж бие биенээ урмаар тэтгэдэг хэсэг нөхөд өөрсдийгөө “Гал” хэмээн нэрлэцгээсэн юм. Энэ нь одоогийнхоор бол төрийн бус байгууллага л даа. “Гал” нэгдэлд УБДС-ын Г.Мэнд-Ооёо, Ү.Хүрэлбаатар, Ш.Гүрбазар, АУДэС- ийн Д.Цогт, Л.Мягмарсүрэн, МУИС- ийн Ц.Ойдов, Хууль цаазын дунд сургуулийн Б.Сундуй нэгдэж орсон бөгөөд удалгүй О.Дашбалбар, Ж.Саруулбуян, Д.Нямсүрэн нарыг эгнээндээ нэгтгэсэн юм аа. Манай ам бүл ингээд л болох бөгөөд дахиж эгнээгээ өргөтгөсөн зүйл байхгүй. “Гал”-ын ахлагчаар Г.Мэнд-Ооёог сонгосон юм. Тэрхүү хурлыг Комбинатын шар байшинд хийсэн билээ. Комбинатын шар байшин гэдэг маань Г.Мэнд-Ооёогийн хадам эцэг Базар гуайн гэр билээ. Ажилчин өвгөн Базар гуай – олон таван үг байхгүй, биднийг аугаа их том зохиолчид юм шиг л хүндэлдэг байсан.
Удалгүй Г.Мэнд-Ооёогийн “Бодлын шувуу” түүвэр хэвлэг­дэв. Тэр цагийн хүчтэй шүлэгчид болох З.Түмэнжаргал, Б.Лхагвасүрэн нарын анхны түүврээс 1-2 жилийн өмнө хэвлэгдэн гарч байгаа болохоор бас л бидний баяр байлаа. Энэ үеэс эхэлж судлаач шүүмжлэгчид Г.Мэнд-Ооёогийн бүтээлийн талаар бичиж эхэлсэн юм. Далд аман шүүмжлэл өрнөж байсныг хэлээд ч яах вэ. Тийм л байх жамтай биз. Харин уран зохиол судлагч, шүүмжлэгч Д.Цэнджав, Б.Цэдэв, Х.Сампилдэндэв нар түүний шүлэг найраглалын талаар бичсэн юм. Д.Цэнд багш ч бас өгүүлэлдээ хэд хэдэн удаа тэмдэглэсэн билээ. “Алтан -Овоо” романы талаар Ш.Уянга, Т.Очирхүү нар бичив. Мөн түүний тухай томоохон хөрөг найрууллыг О.Дашбалбар бичив. Г.Мэнд-Ооёогийн тухай одоогоор хамгийн дэлгэрэнгүй тодорхой бичсэн нь О.Дашбалбар болно. “Найз нөхдийн дуу хуур намайг нээнэм” гэж нэгэн шүлэгтээ Г.Мэнд-Ооёо бичжээ. Тийм учраас энд зориуд сонгон авч нэгэн бүлэг болгож байгаа билээ.
Гадаадын судлаачдаас Оросын эрдэмтэн Г.Ярославцев, доктор Л.Скородумова нарын бичсэн зүйл бий. Харин Японы судлаач профессор Ишихара Такеши түүний “Нээхийн утган хэлхээ” шүлгийн тухай дэлгэрэнгүй бичсэн юм. Түүний тухай хэн хэн бичиж эхлэв гэдгийг л жишээ болгож энд нэр дурьдсан болохоос бус бүгдийг нэрлэх гэж чармайсангүй. Харин Г.Мэнд-Ооёогийн бүтээл судлаач шүүмжлэгчдийн анхааралд хэдийн өртсөн хэрнээ нэг их бичигдэхгүй л байгаа юм. Судлаач шүүмжлэгчид үгээ хэлэхээс цэнээд байна, эсвэл харамлаад байна уу гэсэн сэтгэгдэл төрдөг юм.

***
Яруу найрагч гунигланам. Сайн шүлэг биччихвэл дахиж яаж ийм сайныг бичих вэ? гэж гуниглана Муу шүлэг биччихвэл би яагаад ийм муу шүлэг биччихэв дээ? гэж гуниглана. Үерхэж явсан он жилүүдэд тэр маань аав ээж хоёрыгоо мөнхийн аянд үдлээ. Үйлийн үргүй сайн нөхдөөсөө ч алдлаа. Хамгаас илүү гунигтай нь эцэг хүн хүүгээ алдах юм даа. Том хүү Наранбаатарыгаа алдлаа.
1975 оны намар Г.Мэнд-Ооёог даган хүүгийнх нь цэцэр­лэг дээр очиж билээ. Ворошиловын Цагаан хаалганы хажуу­хан­тайх цэцэрлэгт хөтөвчтэйгээ мөлхөж яваа хүү аавы­гаа харчихаад л улам хурдлан явж байж билээ. Тэр бол Наранбаатар байсан юм. Хар багаасаа уран бүтээлч боло­хоор зорин тэмүүлж телевизийн зураглаач болж билээ. Мэргэ­жил­дээ өсч байгаа сайн мэргэжилтний нэг гэж таньж мэдэх ахмад нөхөд ч үнэлж байлаа. Гадаадад ч бас түүний хийсэн кино, нэвтрүүлэг зэргийг үнэлж, уралдаан тэмцээний тэргүүн шагналыг олгож байсан юм.
Нэг л их цас лавсан орсон өдөр хүүгээ эх дэлхийдээ өлгийдөв. Түүнээс хойш идэр залуу нөхрийн маань толгой мэдэгдэхүйц буурал нэмэв. Ингэхлээр гунилгүй ч яах вэ! Гэсэн ч, том хүүгийнхээ хоёр хүү Билгүүдэй, Есүдэй хоёрыг харан сатаарч, үр ач нарынхаа төлөө, үй түмэн уншигчийнхаа төлөө аж төрж явна.
1979 оны зун юмсан уу, 1980 оных ч юм болов. Нэгэн өдөр би үдийн цайны цагаар Явуу багшийнд Мэнд-Ооёог дагуулан очлоо. Бид нэг их удаан тухалсангүй. Ярих ёстойгоо ярьчихаад явахыг завдахад Явуу багш:
- Мэнд-Ооёо чинь манайд анх орж ирж байгаа! гэснээ номын шүүгээ рүүгээ өнгийж М.Ю.Лермонтовын дүрийг сийлсэн болор чулуун дурсгал аваад Лермонтов шиг яруу найрагч болоорой! гээд бэлэглэж билээ. Үнэхээр ч тэр үгийг санасан ч юм уу, Лермонтовын ур цэцээс Г.Мэнд-Ооёо бишгүй суралцсан шиг санагддаг юм. Тэгээд ч монголын яруу найргийн шүтээн болсон Б.Явуухулантай багш шавь бололцсоноо ихэд бэлгэшээн бахархаж хожмоо түүний дурсгалд хэд хэдэн шүлгээ зориулжээ.
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө, би
Орог саарал зэргэлээ хавар сүүмэлзэх хөндийд
Орсон буурын шүд өвөл хангинах хоолойд
Үлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө, би

Онгон элс, Шар бүрдээр нутагтай нутаг амьтай найрагч Г.Мэнд-Ооёогийн гэгээн гунигийг арилгах аясын салхи нь энэ шүлэг ч байж магадгүй.

Монголын орчин үеийн яруу найргийн нэгэн шилдэг төлөө­лөгч Г.Мэнд-Ооёогийн шилмэл түүврийг эмхэлж, дагуул үгийг нь бичиж суухдаа би ч бас гуниглачихав байна.

Омголон хүслийн мөнх бамбар асааж
Одоо миний дүрэлзэх цаг болсон

гэсэн түүний үг харин гэгээн гунигийг минь арилгаж гэрэлтэй замд хөтлөв байна. Ийнхүү уншигч олноо хөтөч байх болтугай!

2001. YII.22-27

Я.Баатарын гар бичмэл
Үүнийг зохиогчийн хувийн архиваас авлаа

http://mendooyo.blogspot.com/search?updated-min=2007-01-01T00%3A00%3A00-08%3A00&updated-max=2008-01-01T00%3A00%3A00-08%3A00&max-results=32

 

 

СЭТГЭЛИЙН ГҮР СОРОНЗОН

Мөхөж байгаа ертөнцийн
Мөн төрх нь америк юм
Сөнөж байгаа хүмүүний
Сүүдэр зураг нь америк  юм
(Л.Мягмарсүрэнгийн “Хас Сар” түүврийн тухай)
Доктор Я.Баатар

Яруу найрагч Ламжавын Мягмарсүрэнгийн шинэ номын бичмэл эхийг тун богинохон зуур Чикагод унших завшаан тохиолдов. Шинэ номын эхийг уншина гэдэг найз дотно уран бүтээлчдийн дунд л байхаас жирийн уншигч нарт тийм боломж олдохгүй тул найз яруу найрагчийнхаа шинэ номын бичмэл эхийг уншсанаа завшаан гэж хэлэхэд бүрнээ нийцэх билээ. Завшаан гэхийн бас нэгэн учир гэвэл Л.Мягмарсүрэнгийн хэд хэдэн түүвэр Улаанбаатарт хэвлэгдсэн боловч тэдгээрийн гар бичмэл эхийг цогцоор нь уншиж байсангүй. Найз нөхрийн хувьд тэнд орсон шүлгүүдийн ихэнхийг урьдчилан уншсан, магадгүй заримынх нь анхны уншигч болсон байлаа. Хэдий тийм боловч, Улаанбаатарт олдоогүй тэр ховор завшаан энэ удаа Чикагод тохиож байгааг яруу зохис бэлгэ хэмээн үзэхээс өөр яах билээ.
Ерөнхийд нь цэгцэлсэн боловч нарийвчлан дэглээгүй Яруу найрагчийн шинэ түүвэр нь түүний Америкт бичсэн шүлгүүдээс бүрдэж байгаа юм байна. Америкийн цаг агаар, газар шороо, хүмүүсийнх нь энгийн дотно зан төрх Л.Мягмарсүрэнд уран бүтээлийн урам хайрласан нь илт байна... Тийм ч учраас яруу найрагч
Тэнд
Өвс ногоо нь ширэлдэн ургана
Ой мод нь ширэнглэн баглирна.
Тэнд
Чулуу шидсэн ч ургахаар
Чухам шимтэй газар юм.
гэж “Америк газар” шүлэгтээ бичсэн байна.
Америк орон, тэндхийн хүмүүсийн тухай Л.Мягмарсүрэн шүлэг зохиолдоо олон удаа дүрсэлжээ. Түүнээс гадна, яруу найрагчийн сэрэл мэдрэмжээр хөгжлийн хурд, хүүдийтэй мөнгөний чухам алинаас нь болоод байгааг бүү мэд, түгшсэн сэтгэлээ илэрхийлсэн ч байгаа. Заримдаа бүр хурц тодоор илэрхийлжээ.
Мөхөж байгаа ертөнцийн
Мөн төрх нь америк юм
Сөнөж байгаа хүмүүний
Сүүдэр зураг нь америк  юм
    /“Америк” шүлэг/ гэх буюу
Америкчууд
Нисэх мэт амьдармуй
Үхэх мэт ажилламуй
Америкчууд
Мөнгө, секс, рок гурав
Мөрлөн хурдалмуй

Эрчилсэн энэ их хурд
Эвгүйхэн нэг бүдэрвэл
Эргэж хэмээ олоход бэрхтэй буй
/”Америкчууд” шүлэг/ гэж бичсэнийг америкчууд уншаад цочих биз. Сайшаал, муушаал олныг сонссон юм болохоороо тоохгүй ч байх. Тоолоо гэхэд лав л Л.Мягмарсүрэнг барьж цагдаад, хаа нэгэн газар цөлчихгүй юмдаг.
Монголд байхдаа Л.Мягмарсүрэн нэгэн удаа цөлөгдсөн юмдаг. Учир явдал юун гэвэл 1986 оны нэгдүгээр сард зохиолч Б.Ринченгийн тухай 30 минутын нэвтрүүлгийг тэр бэлтгэсэн юм. Монголын радиогийн урлаг соёлын редакцид уран зохиолын нэвтрүүлэг эрхэлдэг тэрбээр гадаад дотоодын олон зохиолчийн тухай урт богино нэвтрүүлэг бэлтгэн нэвтрүүлжээ.
Гэтэл Б.Ринчен гуайн тухай нэвтрүүлэг радио долгионоор нэвтрэх хувь дутсан төдийгүй бэлтгэсэн эзнээ Хөвсгөл рүү илгээв. 1985 оны 12 сард Ринчен гуайн 80 жилийн ойг хаана ч, хэн ч тэмдэглэлгүй өнгөрсөн юм. Тэр үед радиогийн нэвтрүүлгийг 30-45 хоногийн өмнө төлөвлөж, 14 хоногийн өмнө бэлтгэж тушаадаг байлаа. Зохих ёсоор төлөвлөж, төлөвлөгөө батлагдаж, төлөвлөсөн эзэн нь бэлдэж, шат дараалан хянуулсаар хамгийн сүүлчийн дамжлага буюу БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Хэвлэл, утга зохиол хянах газрын төлөөлөгч Долгорсүрэнгийн Чилхаажав эсэргүү Ринченгийн тухай магтан нэвтрүүлэх гэж байгааг социалист ёсоор, сонор соргогоор илрүүлсэн тул үр дүн нь Хөвсгөл аймагт Л.Мягмарсүрэнг ажиллуулах томилолт байв.
Ахмад зохиолч, анхны төрийн шагналтан Б.Ринченгийн 100 жилийн ой энэ жил тохиож байна. Сонин сэтгүүл, радио телевизүүдээр түүний тухай нийтлэл нэвтрүүлэг олон удаа хэвлэгдэж, нэвтэрсэн боловч Л.Мягмарсүрэнгийн тэр нэвтрүүлэг сураг чимээгүй л байна. Тэр нэвтрүүлэгт оруулахаар бэлтгэсэн яруу найрагч Ж.Бадраагийн багшийнхаа тухай ярьсан яриа хураагдаад устсан болов уу гэж санаж байна. Энэ мэтээр тэр нэвтрүүлэг сэргэх боломжгүй болсон байх.
Б.Ринченгийн тухай өнөөдөр олон хүн ярих болжээ. Тэр цагт Л.Мягмарсүрэн ганцаараа л дуугарч байсан шүү гэж тэдэнд сануулмаар байдаг юм.
- Б.Ринчен гуайн хөшөө ямар болж вэ? гэж тэр надаас асуулаа.
2005 оны зургаан сарын эхээр Улаанбаатарт боссон хөшөөнийх нь нээлтэнд оролцсон тухайгаа яриад, урлагийн хувьд санаанд хүрээгүй гэж хариуллаа. Яагаад ур хийц муу болсон тухай бид тунгаан ярилцаад санал нийлэв. Чин сэтгэлэээсээ хийгээгүй юм тийм болдог ажээ. Гэтэл чин сэтгэлээсээ бэлтгэсэн Л.Мягмарсүрэнгийн нэвтрүүлэг буюу үгийн хөшөө бараа сураггүй болсон байдаг. Юм гэж сонин юм аа.
Зохиолч Б.Ринченг эх оронч хүн гэчихсэн байсан нь тэр нэвтрүүлгийн хувь заяанд нөлөөлсөн байж магадгүй. өвөг дээдсээс уламжилсан эх оронч үзлийг Б.Ринчен тод илэрхийлдэг байсныг социалистууд үндэсний үзэлтэн гэдэг ганцхан өнгөнөөс харж өөнтөглөж байв. Тэрхүү эх оронч үзлийг Л.Мягмарсүрэн уран бүтээлдээ уламжлан хөгжүүлж байна.
Яруу найрагчийн эх оронч сэтгэлийн хэмжээ царааг “Монгол маань” гэх зэрэг эх орны тухай мөчлөгүүдээс мэдэрч болно. Тэр нэг удаа америкаас монголд оччихоод “Эх орны тухай бичсэн яруу найрагчийг хүндлэх хэрэгтэй юм байна” гэж чин сэтгэлээсээ хэлж байлаа. Тэгэхэд урлагын гавьяат зүтгэлтэн Ц.Ойдовын хамт гурвуулаа нэлээд ярьж суусан билээ. Тэгээд л тэр эх орны тухай санаа талбин бичжээ. Дэлхийг таних зохиолчын хувьд араб, солонгосын тухай гэх зэргээр гадаадын улс орны тухай сэдэвтэй шүлэг бичсэн байгаа хэдий ч цаад санаа нь Монгол эх орон гэсэн нэгэн углуургад очин зангилагдаж байна.
Л.Мягмарсүрэнгийн эцэг бэсүд Ламжав гуай эх орноо дотор талаас нь нээж таньсан хүн байлаа. Халхын хавтгайг хэрэн хэссэн жолоочийн хувьд “Хамгийн сайхан нутаг бол Завхан хангай” гэж хэлсэн удаатай. Тэгээд ч Мягмарсүрэн Хөвсгөлд байхдаа Завханы нутгаар хэрэн хэсэх шиг болсон доо. Одоо тэр дэлхийгээр хэрэн тэнэж явна. Эх орноо гаднаас нь таних эрлийн замд гарсан нь тэр. Ухаан бодлын арга билэгт зохилдож, улс монгол эх орноо гадна, дотноос нь таньж байж л эх оронч сэтгэлийн яруу найраг ундарна гэдгийг мэдэрсэнээрээ эрийн цээнд аль хэдийн хүрсэн уран бүтээлчийн буурь зааж байна. өөрөөр хэлбэл эх орны тухай шүлгүүдээ тэр албадаж бус, соёмбо мэт тодрон гэрэлтсэн сэтгэлийнхээ гүнээс гадагш илэрхийлэн бичсэн байгаа билээ.
Ерөөс Л.Мягмарсүрэн албадаж бичихийг эрс эсэргүүцдэг яруу найрагч юм. Тэр зөвхөн сэтгэлийнхээ дуудлагаар л бичдэг бөгөөд сэтгэл зүрх нь яруу найраг хэмээх гүр соронзонд салахын аргагүйгээр наалдсан байх ажгуу.
Л.Мягмарсүрэнд маань нэг “Хачин өвчин” тусчээ. Түүнийг үзсэн эмчийн асуултанд өвчтөн хэрхэн хариулсаныг өвчний түүхийн дэвтэрт бичсэн нь.
Сайхан бүсгүй хараад
Санаа алддаг зовиуртай би
Ийм хачин өвчтэй би
Эдгэж өгдөггүй эмгэгтэй би
Эл өвчин ихээхэн даамжирсаныг “Цагаан бүсгүй”, “Америк бүсгүй”, “Чикагогийн гудамжинд”, “Лос Анжелесийн хүүхнүүд”, “Алтан ятга мэт бүсгүй”, “Тэр бүсгүй”, “Маскегоны хүүхнүүд”, “Нэгэн Америк бүсгүйд”, “Энэтхэг охин”, “Тариа мэт шаргал бүсгүй”, “Бороо минь, бороо минь”, “Ивлэсэн сүү шиг бүсгүй байдаг” гэх зэрэг шүлгүүдээс мэдэж болно. Газар газрын хүүхнүүдийн сайхан муухайг асуухад тэр бүрэн хариулж чадахаар болсон байгаа биз.
Л.Мягмарсүрэнгийн “Энэтхэг охин” гэдэг шүлэг их зохиолч Д.Нацагдорж, их яруу найрагч Б.Явуухулан нарын энэ сэдвээр бичсэн шүлгийг уламжлан хөгжүүлжээ. Д.Нацагдорж 1935 онд:
Энэтхэгийн залуу бүжигч чамтай танилцахыг хүснэ.
гэж нэлээд хал суучихаад мөрөөдөсхийн бичиж байсан бол 35 жилийн дараа Б.Явуухулан тэр бүсгүйд нэлээд ойртож очоод
Намуухан дуулах нь нартыг мартуулах гургалдай
Найган бүжих нь надад баригдахгүй жараахай
гэж дуу алдан буцсан байдаг юм.
Тэгвэл эндээс дахиад л 35 жилийн дараа Л.Мягмарсүрэн “Энэтхэг охин” шүлгээ бичсэн байх бөгөөд
“Үггүй хэлэх зүрхний үг
Үнэндээ ямар гайхамшигтай юм бэ?
гэж дүрсэлсэн байгаа нь бүр ойртож очоод, танилцаад, магадгүй хамт бүжиглэсэн ч юм боловуу гэмээр сэтгэгдэл төрүүлж байна. Энэ гурван яруу найрагч гурвуулаа энэтхэг бүсгүйн бүжих эрдмийг магтсан байна.
Эл бяцхан өгүүлэлд үлэмжийн суут хоёр их хүний нэрийг санаандгүй дурдсан хэрэг биш гэдгийг дараа өгүүлэх хоёр баримт аяндаа тодруулах буйзаа.
1. Д.Нацагдоржийн гэрэл зураг
Анагаах ухааны дээд сургуулийн оюутнууд 1976 оны зун Булган аймгийн Хишиг-өндөр суманд очиж ажиллажээ.  Зуны ажлаас буцаж явах замд жолооч нь хөдөөгийн нэг айлын гадаа зогсчээ. Оюутнууд тэр айлд орж цай уусан байна. Цай ууж суух зуураа оюутан Л.Мягмарсүрэн хоймрын авдар дээрх Д.Нацагдоржийн зургийг харснаа, харц тогтон ажжээ.
-Энэ зургаа надад өгчих гээд хорин тавтын төгрөг тавиад зургийг авахад гэрийн эзэн юу ч хэлсэнгүй. Гайхах мэт харж байснаа тээр хойно
-Гаадамба ах /зохиолч, эрдэмтэн Ш.Гаадамбыг хэлж байна. Түүний төрсөн нутаг нь ч юм. Я.Б/ хадгалж байгаарай, ховор зураг байна гэж байсан юм гэж үг шидсэнээ,
-Авах ёстой хүн нь л юм байлгүй, ав, ав. гэжээ.
Мягмарсүрэн энэ зургаараа бахархах дуртай. Д.Нацагдорж гэхлээр бидэнд юуны өмнө монгол дээл, бүрх малгайтай, холыг нэвт харсан уужим ухаант харц бүхий нүд дүүрэн залуугийн зураг санаад буудаг билээ.
Энэ зураг маш олон хэвлэгдсэн учир дотно танилын зураг мэт санагдах болжээ. Л.Мягмарсүрэнгийн бахархдаг зураг нь ийм л зураг.
Гэхдээ энэ зураг удаан хадгалагдаж хуучирсан шинж илэрхий боловч маш тод. Олон удаа хэвлэгдсэн тэр зургийн эх нь юм уу, эх нь биш юм аа гэхэд анхны л хуулбар болов уу гэмээр сэтгэгдэл төрнө. Яагаад гэвэл дээлийн хээ нь тодорхой гарчээ. Бас нэг зүйлийг тодруулбал дээлээ удаан хугацаанд эвхэж хадгалсаныг ч харж болно. Зураг татуулах гэж л далд байсан дээлээ гаргаж өмсөхдөө зангиагаа тайлж амжаагүй нь илт харагдана.
Ийм ховор гэрэл зураг Л.Мягмарсүрэнд хадгалагдаж байдгийн учир жанцан “Энэтхэг охин” шүлгээр илэрч байгаа юм болов уу даа.
2. Б.Явуухулангийн найдвар
Залуу зохиолч Л.Мягмарсүрэнгийн анхны түүвэр “Урины шувуу” нэртэйгээр хэвлэгдэхэд Б.Явуухалан редакторлож, “Оршлын оронд” гэдэг өгүүлэл бичсэн билээ. Тэрхүү оршил өгүүллээс иш татан сийрүүлье.
“...Ламжавын Мягмарсүрэн 1954 онд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын нутагт малчны гэрт төрж, Ерөнхий боловсролын сургуулийн дараа Анагаах ухааны Дээд сургууль төгсөж, хүний их эмчийн мэргэжил эзэмшжээ.
Л.Мягмарсүрэн энэ сайхан мэргэжлээ шилэн сонгож авсан нь мэдээж юм. Энэ мэргэжлийг эзэмших хугацаанд өөр нэгэн мэргэжил Мягмарсүрэнг шилэн сонгож өөртөө татаж байжээ. Энэ мэргэжил бол зохиолчийн мэргэжил, өөрөөр хэлбэл сэтгэл зүрхний оройн чимэг яруу найраг байжээ.
Мягмарсүрэн яруу найрагт сэтгэл зүрхээ далдуур эзэмдүүлэн явсаар нэг мэдэхэд өөрөө шүлэг тэрлэдэг болсноо ухаарч, зохиолчийн авьяасаа сорихоор эргэлтгүй шийдсэн байна. Хүний их эмчийн мэргэжил анх шилж авсан залуу хүү яагаад зохиолчийн мэргэжилтэй болохоор шийдэв. Энэ чинь мэргэжил сольж байгаа хэрэг үү гэвэл тийм биш юм. Зохиолчийн мэргэжлийг хүн шилэн сонгож авч болдоггүй, харин энэ мэргэжил өөрөө хүнээ шилэн сонгож авдаг юм. Мягмарсүрэнд тохиолдсон явдал үүнийг баталж байгаа хэрэг.
Л.Мягмарсүрэнгийн “Урины шувуу” хэмээх энэхүү анхны ном дээрх асуудалд тодорхой хариу өгч байна гэж би бодож байна. Үнэхээр энэ номыг уншихад зохиолчийн авьяас буюу шүлгийн авьяаслаг бичлэг нь номын эхнээс дуустал ажиглагдаж байгаа нь сэтгэл баярлуулж байна.” /Б.Явуухалан. Түүвэр зохиол. II боть. УБ. 1990 213-214 дүгээр тал/.
Мөнхүү их найрагч хэвлэлийн нэдсэн редакцид уг номын тухай бичсэн тодорхойлолтондоо “Энэ хүүгийн авьяас эхнийхээ шүлгээс эхлээд эцсийнхээ шүлгээ хүртэл улаан шугам мэт нэвт гэрэлтэн байна” хэмээн бичсэн байдаг. /Б.Явуухулан. “Урины шувуу” номын тодорхойлолт. УБ. 1981.8.30.
Их яруу найрагчийн элэгсэг дотно сэтгэлээс нь ундарсан ийм сайхан оршил өгүүлэл, тодорхойлолтод Л.Мягмарсүрэн онгирч дэгдэж яваад “Урины шувуу” номынх нь эхийг редакторлож цоохорлосон Б.Явуухулангийн гар бичмэлийг борооны усанд шалба цохиулсан гэдэг. Одоо энэхүү хувь өөрт нь хадгалагдаж буй билээ.
Түүнээс хэдэн жилийн хойно Зохиолчдын хорооны яруу найргийн зөвлөлийн номын төлөвлөгөөнд номоо оруулж чадаагүйдээ бухимдан:
--Явуухулангийн шавь гэдэг гай болж байна. Бас л номын төлөвлөгөөнөөс хасагдчихлаа гэж Д.Пүрэвдоржид гаргах ёстой уураа надад ширвэсгээд өнгөрч билээ. Энэ бол Л.Мягмарсүрэнгийн хувьд их багшийнхаа өмнө хэлээр үйлдсэн нэгэн нүгэл байлаа.
Бурхан багш бие, хэл, сэтгэлээр үйлдэх гурван нүгэл байдаг тухай айлджээ. Харин Л.Мягмарсүрэнгийн хувьд сэтгэлээр үйлдсэн нүгэл байхгүй дээ. Хүн нь тийм юм. Цагаахан, цайруухан ховор л хүн дээ. Нэгэнт үйлдсэн өмнөх нүглийг Л.Мягмарсүрэн сайн шүлэг, сайн ном бичиж л цайруулах учиртай болов уу. Тэгээд ч энэ номоо сайн болгох гэж ихэд хөдөлмөрлөсөн болох нь ажиглагдаж байна.
Цааш өгүүлэх нь:
Л.Мягмарсүрэнгийн энэ номд дурсгалын шүлэг нэлээд орж байна.
Яруу найрагчдын тухай нэгэн бүлэг гэмээр шүлэг бий. “Чойном”, “Лувсандоржийг дурсахуй”, “ Нямсүрэнгийнхээ дурсгалд, “Ц.Гайтав агсаны дурсгалд” гэх мэт шүлгүүдэд яруу найраг, яруу найрагч хоёрыг эрхэмлэсэн санаа нэвт шингэжээ.
Бас хэл шинжлэлч Чой.Лувсанжав, төрсөн дүү Л.Нямгарав, ангийн найз эмч Жанчивдорж нарын дурсгалд зориулсан нь ч бас дотоод сэтгэлийн гүнээс шүүрч гарчээ.
Иймэрхүү шүлгүүд хэний ч албадлагагүй ундран гардаг болохоор чамбай сайн болдог тал бий. Харин тухайн хүнээ хэтрүүлэн магтчих гээд байдаг нэгэн гэм бас бий. Хэрвээ албадаж бичвэл хоосон цагаан магтаал болохоос зайлахгүй.
Сэтгүүлчийн хөдөлмөр олон жил эрхэлсэн Л.Мягмарсүрэн энд тэнд явж, хүний яриа, ялангуяа хөгшчүүлийн яриа хөөрөө сонсох дуртай билээ. Тэр зан чанар нь энэ номд орж байгаа “Гарваачогсом гуай гэж...”, “Даваабатын ээж” гэх зэргийн шүлгүүдээс нь тодорхой мэдрэгдэнэ.  Амьдралын гүн ухааныг энгийн үгээр илэрхийлж, амьдралыг хөгшдийн ухаанаар тунгаажээ.
Амьдралын гүн ухаан гэдэг нь их жирийн, энгийн юм шүү дээ. Тэгээд ч яруу найргийн гүн ухаан гэдэг нь сургуулийн ширээнд үздэг гүн ухаанаас шал өөр билээ. Хүүхэд залуучууддаа сургамжлан хэлж байгаа монгол настан буурлуудын үг нь тэр чигээрээ амьдралын туршлага, амьд гүн ухаан, эгэл жирийн харилцаа байдаг юм. Түүнийг л энэ шүлгүүд илэрхийлсэн байгаагаараа тос даасан хуучин цагийн бор авдар мэт ээ.
Яруу найргийн гүн ухаан нь явж явж хамгийн сүүлд өөрийгөө таних гэж оролддог байна. Их Нацагдорж нэгэн шүлэгтээ “Би хаана төрөв? Чи хаана төрөв?” гэж асуусан байдаг билээ. Энэ ноцтой асуултад Б.Явуухалан хариулсан билээ. Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ?” шүлэгт хөгжмийн зохиолч Г.Бирваа ая зохиож, дуучин Ж.Уртнасангаар дуулахдаа эхэлж гарчигийг нь хэлээд “Би монгол газар, монгол хүн болж төрлөө” гэсэн үглэл үгсийг нэмсэн байгаа нь мөнөөх өөрийгөө таних эрлийн үргэлжлэл болж байгаа юм.
Л.Мягмарсүрэн энэ номоороо өөрийнхөө “Би”-г босгож байна.  “Би гэдэг...” гэсэн шүлэг нь асар их догдлолтой шүлэг бөгөөд өөрийнхөө тухай ингэж хурцаар илэрхийлэх хүн үгүй биз. Байдаг юмаа гэхэд тун ховор байх. Энэчлэнгээр “Хэрэггүй хүн ээ, би”, “Би гэж нэг махан овоо”, “Би, чулуу шиг хатуу байна”, “Нэг л өдөр” гэх зэрэг шүлгүүдээрээ бодож эргэцүүлсэн, заримдаа улайм үнэнийг өчиж гаргасан “Би” гэдэг цогцолбор дүрсийг босгож байгаа билээ. Энэхүү “Би” бол найз нөхөд нь “Шар Мийгаа” гэж хочилдог Л.Мягмарсүрэн биш юм. Зарим талаар, бүр олон талаар “Би”, Л.Мягмарсүрэн хоёр адил төстэй байж болох ч Л.Мягмарсүрэнгээсээ ялгарч гарсан тусдаа бодьгал юм. Ингэж байж л уран сайхны дүр бүтдэг жамтай.
Уран үгийн дүр бүтээх гэж чармайж явсан эрэл нь нэгэн цогц болохоороо уран сайхны дүр болон төлөвшихийн жишээг энэ хэдэн шүлгээс харж болно. Байгаль ертөнцийн юмс үзэгдлийг таньж мэдэж болдог байтал хүн өөрийгөө таньж мэднэ гэдэг хамгийн бэрхтэй ажээ. Уолт Уйтмений “өвчний навч”, Д.Нацагдоржийн “Чи бидэн хоёр”, Э.Межелайтисийн “Хүн”, М.Цэдэндоржийн “Хүний орчлонд би яах гэж төрсөн юм бэ?” зэрэг шүлэг найраглалууд нь цөмөөрөө энэхүү бэрхийг гэтэлж, өөрийгөө таньж мэдэх гэсэн зохиолчийн зориг хүслээр дүүрэн хөвчилсөн байдаг. Энэхүү эрэлд Л.Мягмарсүрэнгийн гэх хувь нэмэр, бодол санаа нэгэнт цогцлон босоод байгааг та анхааралтай ажиглах хэрэгтэй болжээ.
Шүлгийн номын тухай өгүүлэл сунжруу урт байх нь баахан тиймхэн гэж мэдэх боловч мэдсээр байгаад чамгүй сунгачихлаа. Тийм болохоор ингээд дуусгая.
Гэхдээ болоогүй ээ, дуусгахын өмнө яруу найрагчтай танилцаж, үерхэн нөхөрлөсөн тухайгаа цөөн хэдэн үг хавчуулахгүй бол боломгүй мэт санагдана.
1974 оны намар бид танилцжээ. 1975 оны намраас жинхэнэ ёсоор үерхэж  ирснээс хойш 30 жил болж байна. Бидний хэдэн нөхөд өөрсдийгөө уран бүтээлийн “Гал” нэгдэл хэмээн нэрлэж, бие биенээ урам зоригоор тэтгэж дэмжиж явлаа. Уран найргаар нөхөрлөсөн зарим нөхөд маань мөнхийн саруулд зорчиж, дурсамж болон хувирчээ. Үлдэж байгаа хэд нь хувь хувьдаа хийж бүтээж явна. “Гал”-ын ахлагч эрхэм нөхөр Г. Мэнд-Ооёодоо зориулсан “Алтан Овоо” шүлгээ ч энэ ном оруулсан байна.
Тэгэхээр энэ ном бол “Гал” нэгдлийнхээ 30 жилийн ойд зориулсан Л.Мягмарсүрэнгийн шинэ уран бүтээлийн тайлан гэсэн ч болно байх. Над мэтэд нь шинэ бүтээл гэж базаагаад байх юм хомс болохоор хуучин хэдэн шүлгээ дахин хэвлүүлдэг ч юм билүү гэж бодно.
“Гал”-ын дөлд дулаацаж явсан нөхөд өнөөдөр үзүүлэх номтой, үүрэх ачаатай болцгоожээ. Г.Мэнд-Ооёо, Ц.Ойдов, Ш.Гүрбазар нар соёлын болон урлагийн гавьяат зүтгэлтэн, О.Дашбалбар Төрийн шагналтан, Д.Нямсүрэн Д.Нацагдоржийн нэрэмжит шагналтан, Ч.Хүрэлбаатар, Л.Мягмарсүрэн нар МЗЭ-ийн шагналтан, Ж.Оюунцэцэг Монголын орчуулагчдын эвлэлийн шагналтан, Ж.Саруулбуян МҮЧЗЭ-ийн шагналтан болцгоожээ.
Дэлхийн яруу найрагчдийн XXV  их хурал саяхан Лос Анжелес хотноо болж, манай “Гал”-ын хоёр гишүүн тэнд төлөөлөгчөөр оролцлоо. Тус их хурлаас XXVI их хурлыг Монгол Улсад хийх, Их хурлын Ерөнхийлөгчөөр доктор Г.Мэнд-Ооёог томилсон шийдвэр гаргалаа.
Үлэмжийн суут Д.Нацагдорж, Б.Явуухулан нарын үйлс гавьяаг манай “Гал”-ынхан үргэлжлүүлж байгаа нь энэ. Д.Нацагдоржийг 25 настай байхад Б.Явуухулан мэндэлжээ. Явуухуланг 25-тай анхны номоо хэвлүүлж явахад  Л.Мягмарсүрэн төржээ. Энэ гурван яруу найрагч гурвуулаа гал, төмөр, модон махбодын ялгаатайгаас бус морин жилтнүүд юм.
Их Нацагдоржийн амьсгаа бидэнд ийнхүү уламжилж ирсэн билээ. Ирэх жил Д.Нацагдоржийн 100 жилийн ой болно. Яруу найрагч, сурвалжит тайж Д.Нацагдоржийн дээд удам Чингис хаан Монголын тулгар төрийг үүсгэн байгуулсны 800 жилийн ой болно.
Энэ үйл явдал бүхэн яруу найрагчид шинэ санаа, шинэ онгод төрүүлнэ байх. Ингэж цогцолсон эрчим хүч яруу найрагчид хүчтэй нөлөөлөх нь байдаг. Яруу найрагч Л.Мягмарсүрэнгийн сэтгэлийн гүр соронзон эх оронч сэтгэлийн туйл руу уран яруугаар татагдана билээ.
2005 оны 9 сарын 20.
Чикаго хот.

 
http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=view&id=238&Itemid=80 
Бичгийн их соён гэгээрүүлэгч, Хараагийн баатар ван Н.Наваан-Юндэнгийн 100 жилийн ойд зориулсан “Эхийн хайр” уралдаанд зориулан илгээв.

www.bayanmongol.com
Далайн цаанаас ээж минь
Дандаа л наашаа санаа зовно.

Хүйтэн салхины үзүүрт
Хөрч даарах вий гэж л,

Хүйтэн зэвний үзүүрт
Хөндлөн өртөх вий гэж л,

Хүйтэн үгний үзүүрт
Хөшилдөж дайруулах вий гэж л,

Хүйтэн сэтгэлтийн үзүүрт
Хөөгдөж хаягдах вий гэж л

Далайн цаанаас ээж минь
Дандаа л наашаа санаа зовно.

 Зовж байгаа сэтгэлийг нь
Зоргоор буруутгаж болохгүй ээ.

Хүүгийнхээ төлөө зовох нь
Хөөрхий ээжид минь жаргал.

Өглөө бүрийн мэндийг
Өдөртөө нэг асуудаггүй ч,

Дулаан үгтэй захидлыг
Долоон хоногтоо бичдэггүй ч,

Санаанд хүрэх бэлгийг
Сардаа нэг илгээдэггүй ч,

Жилийсэн алсын эрхэнд
Жилдээ нэг золгодоггүй ч

Хүлээж байгаа ээждээ
Дулаан үгийг илгээе.

Хөр цасан жаварт
Дулаацах байгаа, ээж минь.

Зовж байгаа ээждээ
Халуун үгсийг хүргэе.

Зуны нар шиг илчээр
Хайрлаж байг, ээж минь.

Я.Баатар (Сан Франциско)
2008.09.02
http://bayanmongol.com/index.php?option=com_content&view=article&id=47:2008-09-19-18-25-56&catid=11:2008-09-19-14-38-49


 

 
References

Mongol khelnii ugiin sangiin sudlal / 
Author: Tomortseren, Zh.; Akim, G.; Baatar, IA., and others

Publication: Ulaanbaatar : [Ganprint KhKhK], 2001

Document: Mongolian : Book

Libraries Worldwide: 8  

More Like This: Search for versions with same title and author | Advanced options ...

Get This Item See more details for locating this item 

Luvsandambyn Khuushaan : namtar, uran buteel / 
Author: Baatar, IA.; Sampildendev, Kh.

Publication: Ulaanbaatar : Shinzhlekh Ukhaany Akademi, Khel Zokhiolyn Khureelen, 2001

Document: Mongolian : Book

Libraries Worldwide: 7  

More Like This: Search for versions with same title and author | Advanced options ...

Get This Item See more details for locating this item 

Gombozhavyn Mend-Ooλo : namtar, uran buteel / 
Author: Baatar, IA.; Sampildendev, Kh.

Publication: Ulaanbaatar : ["Monkhiin useg" KhKhK], 2002

Document: Mongolian : Book

Libraries Worldwide: 6  

More Like This: Search for versions with same title and author | Advanced options ...

Get This Item See more details for locating this item 

Sukhiin Dorzhpalam : namtar, uran buteel / 
Author: Khuushaan, L.; Baatar, IA.; Sampildendev, Kh.

Publication: Ulaanbaatar : [Uranbishrelt khevlekh uildver], 2001

Document: Mongolian : Book

Libraries Worldwide: 5  

More Like This: Search for versions with same title and author | Advanced options ...

Get This Item See more details for locating this item 

Uilsiin tenger : oguullegiin tuuver / 
Author: Khuushaan, L.; Baatar, IA.

Publication: Ulaanbaatar : Urlakh Erdem Khevleliin Gazar, 1999

Document: Mongolian : Book : Fiction

Libraries Worldwide: 5  

More Like This: Search for versions with same title and author | Advanced options ...

Get This Item See more details for locating this item 

Setgeliin uianga : shuleg, nairaglal / 
Author: Khuushaan, L.; Dorzh, Zunduin.; Baatar, IA.

Publication: Ulaanbaatar : Admon Kompani, 1999

Document: Mongolian : Book

Libraries Worldwide: 5  

More Like This: Search for versions with same title and author | Advanced options ...

Get This Item See more details for locating this item 

IAvuukhulan sudlalyn zarim asuudal / 
Author: Baatar, IA.; TSend, D.

Publication: Ulaanbaatar : Shinzhlekh Ukhaany Akademiin Khel Zokhiolyn Khureelen, Soλl Erdem Deed Surguul’, 1999

Document: Mongolian : Book

Libraries Worldwide: 4  

More Like This: Search for versions with same title and author | Advanced options ...

Get This Item See more details for locating this item 

Garyn useg sudlal : udirtgal / 
Author: Baatar, IA.; Tudev, L.

Publication: Ulaanbaatar : Shinzhlekh Ukhaany Akademiin Khel Zokhiolyn Khureelen, 2000

Document: Mongolian : Book

Libraries Worldwide: 4  

More Like This: Search for versions with same title and author | Advanced options ...

Get This Item See more details for locating this item 

Udq-a jokiyal-un tuqai / 
Author: IAvuukhulan, B. 1929-; Ad”iaa, Zh.; Baatar, IA., and others

Publication: Ulaanbaatar : Ulsyn Khevleliin gazar, 1990

Document: Mongolian : Book

Libraries Worldwide: 3  

More Like This: Search for versions with same title and author | Advanced options ...

Get This Item See more details for locating this item 

 

 

GO BACK TO WEBSITE

© Batmunkh.Ts Mongol Internet Contact to daanjuur@yahoo.com