Онходын Жамъян гүн

BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE

 

 

 

     
   

 

 
Onhod Jamyan gun (1864-1930)
 
 
 

Алтаар урласан
Алтан Гаанжуур
XVIII
зуун

Онходын Жамъян гүн

Халх Монголын дорд бичээч буюу болхи өвгөн, Сангийн яамны тэргүүн сайд, Ардыг гэгээрүүлэх яамны анхны сайд, одоогийн Шинжлэх Ухааны Академийн эх үүсвэр болох Судар бичгийн хүрээлэнгийн дарга, жанжин Д.Сүхбаатарын багш, Лувсанданзаны "Алтан товч" хэмээх ховор нандин сурвалж, Монгол Данжуурын 226 ботийг олж залан Улсын номын санг үндэслэн байгуулсан гавьяат, ардын багш Жамъян...

 

.

 

Монгол Улсад номын сан үндэслэн байгуулагч

1921 онд Монгол оронд Ардын хувьсгал ялснаас хойш 4 сарын дараа нийт ард түмэнд үйлчлэх анхны Улсын Төв номын сангийн үндэс суурь тавигдаж, 1921 оны 11-р сарын 9-нд Ардын засгийн газрын 24-р хурлын тогтоолын 3-р зүйлд Судар бичгийн хүрээлэн байгуулахаар зааж, улмаар уг хүрээлэнгийн үүрэг зорилго, зохион байгуулалтыг тодорхойлж Засгийн газарт оруулснаар 1921 оны 11-р сарын 19-нд хүрээлэнгийн дүрмийг баталж Судар бичгийн хүрээлэнг албан ёсоор байгуулжээ.
Энэхүү хүрээлэнгийн /одоогийн Шинжлэх ухааны Академи/ дэргэд гүн О,Жамъян, бичээч Ч. Бат-Очир, Д,Дашням, эрдэмтэн Ж.Цэвээн нар хувийнхаа номыг нийлүүлэн 2000 номоор анхны номын санг байгуулсан байна...Улсын Төв номын сангийн түүхээс

Ардыг гэгээрүүлэх яамны анхны сайд

Онходын Жамъян гүн 1924 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 55 дугаар хурлын 8 дугаар зүйлд Гэгээрлийн сайдаар томилогдон  1924 оны 1-р сарын 31-нээс 1924 оны 11-р сарын 21 хүртэл Ардыг Гэгээрүүлэх яамны сайдаар ажиллажээ. 
1924 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн засгийн газрын хурлын ? дугаар бичигт гарын үсэг зурсан байна.
Монгол Улсын Гэгээрлийн яамны түүхээс

СУДАР БИЧГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН АНХНЫ ДАРГА ОНХУДЫН ЖАМЬЯН
Одоогоос 75 жилийн тэртээ (энэ нийтлэл 1996 онд бичигдсэн ТанхимНэт) гурван төрийн үед бичиг номын үйлд бие сэтгэл, билиг авьяасаа зориулсан Монголын нэрт бичгийн хүн Жамъян гүн өөрийнхөө сууж байсан орос маягийн жижиг байшингаа суллан, Судар бичгийн хүрээлэнг үүсгэн байгуулж, хэрэг шийтгэн эхэлснээ 1921 оны арваннэгдүгээр сарын 21-нд нийтэд зарлан мэдэгдсэн ажээ. Монгол улсын ШУА үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой болж буй энэ үес Жамъян гүнгийн тухай дурсан дурдахгүй өнгөрч болохгүйн учир энэхүү тэрлэн бичвэй.

Бичиглэн үлдээсэн: Mонгол улсын гавьяат багш, хэл бичгийн ухааны доктор, профессор,
МУИС-
ийн Монгол хэл, соёлын сургуулийн багш Шаравын Чоймаа, 1996 он, Улаанбаатар хот

Шигтгээ 1. Намтрын товч

Өөрийгөө ямагт "Халх Монголын дорд бичээч буюу болхи өвгөн" гэж даруухнаар нэрлэж явсан нэрт бичгийн хүн, соёл гэгээрлийн ахмад зүтгэлтэн Жамъян 1864 онд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу одоогийн Дорнод аймгийн Баянбулаг гэдэг газарт Онхут овгийн малчин ард Сангаравынд төржээ.
 "Эрхэм баян эрдэм" гэдгийг сайтар ухаарсан малчин ард Сангарав хүү Жамъянгаа нутгийн монголч Билэгтэйд шавь оруулсан бөгөөд Жамъян хүү ч монгол, манж, төвд бичиг хичээнгүйлэн сурч эхэлжээ.
 Жамъян бээр бичгийн эрдэмд тэгш сайн, төлөв түвшин зантай хүн болох тул Тамгын газар тал бичээчээс эхлэн жанжны газар эх зохиогч түшмэлийн зэрэг албанд удаа дараа тохоон томилогдож явжээ.

 Тэр үед бичиг ном сайтай хүнийг Богдын шавь яаманд дуудан авчирч ажиллуулдаг байсан бөгөөд 1900 онд Сэцэн хан аймгийн хошуудын дотроос бичгийн чадвар сайтай хүмүүсийг Богдын шавийн яаманд алба хаалгахаар томилон ирүүлэхэд Жамъян оролцсон аж. Ингээд их шавийн харьяат болж зайсан тушаал хүлээх болжээ. Улмаар бичиг, номын үйлд  чадамгай, зүтгэл хичээлтэйн учир бичгийн гүн цолоор шагнуулж үүнээс хойш түүх бичиг, албан хэрэгт гүн Жамъян хэмээн тэмдэглэх  болсон билээ.
 1911 онд Манжийн дарлалаас ангижирч, тусгаар тогтносон улс гэрээ төвхнүүлэн тогтоох үест гүн Жамъян Богд хаант Монгол улсын Сангийн яамны данс эрхэлсэн түшмэл, дэд сайдаар тохогдон ажиллаж байв.
 1921 онд Ардын засгийн газар байгуулахад Жамъян Сангийн яамны тэргүүн сайд, хамаарсан дэд сайдын албанаа тохоон томилогдоод, удалгүй 1921 оны 11 дүгээр сард Судар бичгийн хүрээлэнгийн даргаар томилогдсон байна. Мөн олон зүйлийн алба хавсран гүйцэтгэж байсан бөгөөд тухайлбал 1924 онд Ардыг гэгээрүүлэх яамны анхны сайдаар Жамъян гуайг томилон ажиллуулжээ. Жамъян гуай Судар бичгийн хүрээлэнгийн даргын албыг хашихын хамт багш нарыг бэлтгэх сургуульд багшилж байгаад 1930 онд насан өөд болжээ.

Шигтгээ 2. Сурган хүмүүжүүлэх үйлсэд

 Жамъян гуай бээр өсвөр залуу үеийг сурган хүмүүжүүлэх, шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх, соёлын өв уламжлалыг хайрлан хамгаалах, судлан сурвалжлах зэрэг буянт үйлсэд бие, сэтгэл, билиг авъяасаа зориулсан соён гэгээрүүлэгч билээ.
 Жамъян бүр хувьсгалаас өмнө монгол бичгээ ард олны хүүхдэд заан сургаж, түүний сацуу тэдний үзэх цагаан толгойн ном сэлтийг олноор зохиож байжээ. Бүр Манжийн төрийн үед Ачит вангийн хошуунд сууж байхдаа харц ардын олон хүүхдийг гэртээ цуглуулж, монгол бичгээ заадаг байжээ.

 Их жанжин Д.Сүхбаатар маань Жамъян гуайн шавь билээ. Энэ тухай Жамъян гуайн гэргий Янжин дуртгалдаа "... Манайх Консулын дэнжээс баруухан тийш сууж байх үед хаврын нэгэн орой цагаан дээлт Дамдин 14 настай хүү Сүхбаатараа дагуулан ирж манай нөхөр Жамъянд монгол бичиг заалгахаар шавь оруулж билээ.
 Тэгэхэд Сүхбаатар тоодгор хөх даалимбан дээлтэй, сэргэлэн байрын хүү харагдсан. Сүхбаатар бусад нөхдийнхөө нэгэн адил цагаан толгой сугавчилж өглөө бүр ирдэг байсан. Сүхбаатар хоёр, гурван жил ном заалгасаар байсан.
 Манай Жамъянгаар ном заалгадаг олон хүүхэд байсан бөгөөд тэд өглөө бүр ирж бага үд хүртэл ном заалгаад тардаг байсан юм. Манай нөхөр олон хүүхдээр биеэ тойруулчихсан нүдэндээ цагаан шил зүүсэн шар өвгөн ямагт гэрийнхээ зүүн хойно нь сууж байлаа" гэж өгүүлжээ.

 1921 оны наймдугаар сарын 14-нд буюу хувьсгал ялаад дөнгөж сар гаруйхан болж байх үес ардын сургууль байгуулах шийдвэр гарч, сургуулийн дүрмийг тогтоожээ. 1924 оны хоёрдугаар сарын 5-нд Ардыг гэгээрүүлэх яам байгуулж, мөн оны гуравдугаар сарын 4-нд Засгийн газрын 55 тоот хурлаар анхны сайдаар Жамъян гуай ардын гэгээрлийн ажлыг цаашид хэрэгжүүлэх талаар нэлээд анхаарал санаачилга тавьж, улсын бага сургууль, ардын сайн дурын бага сургуулиудыг байгуулж, оюутны сургуулийг бэхжүүлэн багшийн сургууль болгожээ. Сургууль нэмэгдэж, сурах хөвгүүд охид олшрох тутам хүүхэд багачуудад уншиж ашиглах сурах бичгүүд хэрэгтэй болж ирэв. Иймээс Жамъян гуай монгол үсгийн цагаан толгой, үсгийн дүрэм, тоо бодлогын сурах зэрэг олон ном зохиожээ. Түүний бичсэн ном зохиолоос жишээ болгон дурдахад 1926 онд "Тоо бодлогыг анхан сурагчдын зам хэмээх бичиг" гэж нэрлэсэн сампин бодлогын бичгийг зохион бичиж, 3000 хувь хэвлүүлжээ. Жамъян гуай уг сурах бичгийн оршилд "Үүний үг нь хэдий болхи боловч утга нь итгэвээс гүн тул залуу настай багачууд чармайн оролдож сурахыг хичээх нь нэг зүйлийн чухал хэрэг болсон учир тун хичээвээс тоо хэмээгч алив хүний хичээн сурваас зохих зургаан чадлын доторхи нэгэн зүйл нь мөн хэмээн эрдэмтэд өгүүлжээ" гэж бичээд төгсгөлд "... Судар бичгийн хүрээлэнгийн дарга бөгөөд халх монголын болхи өвгөн Жамъян бээр хичээнгүйлэн оршил бичив. Үүгээр сая сурах оюуны ам нээгдэх болтугай" гэжээ.

 Жамъян гуайн зохиосон номын олонхи нь монгол бичгийн цагаан толгой, хэл зүйн номууд бөгөөд тэдгээр ном зохиол, сурах бичигт нь шүтэж олон үеийнхэн монгол бичигтэн болсон ажээ. Монгол үсэг, хэл бичигт холбогдолтой түүхэн мэдээний товч тоймыг өгүүлсэн "Урт өдрийн улиг үгийн бичиг" /1925 он/ хэмээх номынхоо төгсгөлд "Манай Монгол улс эрдэм соёл юугаан бадруулахыг нэн ихэд хичээж насан залуу ухаан сэргэлэн багачуудыг гадаадын хэл бичгийн сургуульд явуулж байгаа нь нэн сайшаалтай бөгөөд гагцхүү үндэсний монгол үсэг бичгийг урьдаар шамдан сурвал зохино. Учир юу гэвэл гадаад улсын хэл бичигт хэдий боловсорсон боловч монгол үсгийг төсөөлөн мэдэхгүй бол гадаад улсад элэглэгдэх төдийгүй, бас ч нэг зүйлийн их хэрэг дутагдах бизээ" хэмээн одоогоос 70 гаруй жилийн тэртээ сануулан захисан нь тун ч сургамжтай бөгөөд эх орон, эх хэлдээ хайртай эрдэмтэн буурлын маань чин сэтгэлийн үг, хойч үедээ гэрээслэн захисан санамж байсан гэлтэй.

Шигтгээ 3. Шинжлэх ухааны үйлсэд

 1921 онд Ардын засгийн газар одоогийн Шинжлэх Ухааны Академийн эх үүсвэр болох Судар бичгийн хүрээлэнг байгуулахад Жамъянг эхлээд засгийн газраас Судар бичгийн хүрээлэн байгуулах комисст томилж, дараагаар нь уг хүрээлэнгийн даргаар томилжээ. Баримтыг дурдвал: "Олноо өргөгдсөний 1921 оны арван сарын нэгний өдөр/  Засгийн газраа олон яамны сайдууд, засгийн газрын зөвлөх  түшмэл, нарийн бичгийн дарга, эрхэлсэн түшмэл, намын гишүүн, эвлэлийн төлөөлөгч нар хуралдаж зөвлөлдөн тогтоосон 24 дүгээр хурлын бичигт: Гуравдугаар зүйл. Манай засгийн газраас томилон гаргасан эрдэмтэн түшмэл Жамсранов, сайд гүн Жамъян, гүн Дашням, түшмэл Бат-Очир нараас Монголын Нийслэл хүрээнд Судар бичгийн хүрээлэн байгуулж, гадаад олон улсын зүйл бүрийн ухааны ба улс төрд хэрэглэгдэх судар бичгийн чухал хэрэгтэйг нь монгол үсгээр орчуулж авах ба уул монголын хэлээр зохиож дэлгэрүүлэн монголын эрдэм боловсролд тустай болох арван таван зүйлийн дүрэм хэмжээ заан бичиж  тогтоолгохыг эрж ирүүлснийг хэлэлцээд энэ зүйлийн номын хүрээлэнг нээн байгуулахаар төлөвлөсөн дүрэм хэмжээ маш зүйтэй болсон тул ёсоор болгон баталснаас гадна, эрхлэх сайдыг засгийн газраас сонгон томилж айлтгаад тогтоолгох ба Судар бичгийн хүрээлэнгийн зүйлд энэ удаа хэрэглэх гурван мянган ланг засгийн газраас сангийн яамнаа хуудас явуулж тавин олгуулахаар тогтов" гэжээ.

 1921 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Засгийн газрын шийдвэрээр гүн Жамъянг Судар бичгийн хүрээлэнгийн даргаар тохоон томилжээ. Тусгаар тогтносон Монгол улсын соёл гэгээрэл, эрдэм шинжилгээний анхны суурь болох энэ байгууллагыг тэргүүлэх болсон Жамъян гуай тэр даруйдаа өөрийнхөө сууж байсан орос маягийн жижигхэн байшингаа суллан Судар бичгийн хүрээлэнг үүсгэн байгуулж, хэрэг шийтгэн эхэлснээ арваннэгдүгээр сарын 21-нд нийтэд зарлан мэдэгдсэн ажээ.
 Хүрээлэнг байгуулахад тэр үеийн эрдэмтэн сэхээтэн хүмүүс болох профессор Жамсрангийн Цэвээн, манжич Бат-Очир, хятадач Дандаа, Шагж зэрэг сэхээтнийг татан оруулжээ.
 Бас Зөвлөлт Орос улсын нэрт эрдэмтэн Козлов, Владимирцов, Франц улсын монголч эрдэмтэн Пеллио, Польш улсын монголч эрдэмтэн Котвич зэрэг хүмүүсийг хүрээлэнгийнхээ хүндэт болон жинхэнэ гишүүнээр сонгон, тэдэнтэй харилцаа холбоо тогтоож байжээ.

 Жамъян гуайг 1925 онд Буриад Монгол Улсын Эрдмийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүнээр сонгосон ажээ.

 Жамъян гуай Судар бичгийн хүрээлэнг байгуулмагц ховор чухал ном судрыг эрэн сурвалжилж, цуглуулан, мөн манж, хятад хэлээр буй ховор чухаг сурвалж бичгүүдийг орчуулах ажил хийлгэж байв. Нэгэн жишээг дурдахад:
 МНТ-ны 282 зүйлээс 233 зүйлийг бараг тэр хэвээр нь агуулсан Лувсанданзаны "
Алтан товч" хэмээх ховор нандин сурвалжийг Жамъян гуай олж ирсэн бөгөөд уг зохиолыг 1990 онд МНТ-ны 750 жилийн ойгоор жинхэнэ эхийг гэрэл зургийн аргаар буулган хэвлэсэн билээ. Түүний оршилд академич Ш. Бира "БНМАУ-ын Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга агсан Онхудын Жамъян гүн /1864-1930/ Хан Хэнтий уулын аймгийн Баянтүмэн хошууны Юншээбүү овгийн тайж Дари гэдэг хүнд монголчуудын бичиг соёлын нэгэн дурсгал хадгалагдан байсныг 1926 онд олсон нь хожим Лувсанданзаны "Алтан товч" хэмээн алдаршсан юм. Энэ нь монгол үндэстний соёлын өв баялгийг хямгадан цуглуулах буянт үйлсэд манай ахмад үеийнхний оруулсан том хувь нэмэр байсан билээ. Хуучны бичгийн их хүн Жамъян гүн тэр дурсгалт бичгийн үлэмжийн их үнэ цэнийг мэдэж, түүнийг Судар бичгийн хүрээлэнгийн хөмрөгт үүрд нандигнан хадгалах нь зүйтэй хэмээн үзэж Дари тайжийн хувийн хадгаламжаас зохих ёс зүйн журмын дагуу шилжүүлэн авчээ. Үүний ачаар Лувсанданзаны "Алтан товч" зөвхөн монголчуудын төдийгүй, дэлхийн Монгол судлалын эрдэмтэн мэргэд, сонирхогч олон түмний хүртээл болж чаджээ" хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Энэхүү "Алтан товч" хэмээх сурвалжийг Жамъян гуай хэнээс, хэрхэн олж авсан тухай академич Ц.Дамдинсүрэнгийн сонирхолтой өгүүлэл, "Намтрын хуудаснаас" хэмээх номд нь байдаг билээ.

 Жамъян гуай өөрийн улсад байхгүй ховор ном судрыг олж ирэхийг мөн чухал хэмээн үзэж Бээжин, Шанхай хотууд болон Өвөр монголын нутгаар явж хятад, манж, төвд бас англи хэлээр хэвлэгдсэн ховор ном судрыг худалдан авч цуглуулан ирэхээр Жонон ван Ширнэндамдин, хэлмэрч Хишигт нарыг дагуулан 1924 онд явж, бүгд 6973 төгрөг 15 мөнгийг зарцуулан, ном судрыг авчирсан байна.
 Ийнхүү явахдаа Монгол оронд урьд залаагүй байсан, хосгүй ховор сурвалж болох
Монгол Данжуурын 226 ботийг Наянт вантай есөн зүйлт гэрээ хэлэлцээ байгуулж, үнэ өртөггүйгээр залж ирсэн бөгөөд одоо УННС-д хадгалагдан байгаа билээ.

 Жамъян гуай ийнхүү хүчлэн чармайж цуглуулсан ном судраараа Улсын номын санг үндэслэн байгуулсан гавьяат хүн билээ. Энэ дашрамд тэмдэглэхэд УННС-г анх үүсгэн байгуулсан, манай соёл, гэгээрлийн гавьяат хүн Жамъян гуайн нэрэмжит байх нь зохистой мэт.

 Жамъян гуай манай улсын музей үзмэрийн эх суурийг мөн тавилцсан хүн ажээ. Улсын төв музейг анх эхлэн байгуулах үеэс ажиллаж, түүний захирал хүртэл албан тушаалыг хүлээж явсан, соёлын ахмад зүтгэлтэн Н.Дэндэвийн дуртгалд "1922 оны намар юмсан, музей байгуулах асуудал гарч ирлээ. Монгол орны түүх, байгалийн байдлыг тусган үзүүлсэн музейн эх үүсвэр тавигдаж, анхны үзмэрийн дээжүүд цугларлаа. Эдгээр үзмэр нь Судар бичгийн хүрээлэнгийн нэр дээр Жамъян гүний хашаанд цугларав.  

 Ингээд 1923 оны намар одоогийн Хотын намын хорооны зүүнтээ байсан жижиг байшинд Судар бичгийн хүрээлэнгийн шийдвэрээр музейг албан ёсоор нь нээж, Жамъян гүн дарга нь боллоо. Энэ үеэс музей бий болж, үзмэр цугласаар байв. 1925 он болоход музейн үзвэр улам нэмэгдэв. Энэ үед дөрвөн аймгийн бичиг хэргийг эмхлэн, түүхийн холбогдолтой номуудыг ялган авч эхэлсэн. Ингээд номын сангийн үүсвэр гарлаа. Өдий төдий албан бичгүүд уул овоо шиг цугларан, архив эхэллээ. Ер нь Судар бичгийн хүрээлэн, Музей, Номын сан, Архив энэ дөрөв яг зэрэг үүсч хөгжсөн юм" хэмээн бичжээ.

 Жамъян гуай энэ бүх соёл гэгээрлийн албанд чин сэтгэлээсээ зүтгэхийн зэрэгцээ судалгааны ажил хийж байжээ.
 Нэрт түүхч
Х.Пэрлээ "Жамъян "сайд" Монголын археологийн дурсгалуудыг биечлэн сурвалжилж, хөдөө нутагт явдаг байжээ. Түүний замын тэмдэглэлүүд Улсын номын сангийн Азийн анги ба Улсын төв архивт тус тус бий" гэжээ.

 1928 онд Жамъян гуай Чингис хааны төрсөн Дэлүүн Болдогийг биечлэн явж сурвалжлаад тэмдэглэл бичсэн бөгөөд түүндээ Чингис хаантай холбоо бүхий домог хэлэлцдэг олон газраар хүрээлэгдсэн Онон, Балж хоёр голын хооронд Чингис хааны тахиж явсан гэдэг Баян овоо хэмээх модтой уулын зүүнтээ орших Болдогийн Эрээн толгойн урд, зүүн хойноос баруун урагш цувсан гурван нуурын зүүн, баруун хоёрын нэр нийлж Чингис хааны төрсөн Дэлүүн Болдог гэдэг газар болжээ гэж үзсэн байна.

 Мөн "Монголын хаадын залгамжилсан үеийн бичиг" гэж Монголын дөрвөн аймгийн хаадын төрөл үе залгамжлалын тэмдэглэлийг олноо өргөгдсөний 14 онд бичиж гаргасан гэсэн мэдээ бий.

Шигтгээ 4. Төрийн үйл хэрэгт

  Түүхийн баримт хийгээд нүдээр үзэж биеэр оролцож явсан хүмүүсийн дурсамж дуртгалыг нэхэн үзвэл Жамъян гуайн тухай олон зүйл тодрох бололтой. 1934 онд Х. Чойбалсан, Д. Лосол, Д. Дэмид нар дуртгал маягаар бичиж хэвлүүлсэн "Монгол ардын үндэсний хувьсгалын анх үүсэн байгуулагдсан товч түүх" хэмээх номын тэргүүн дэвтэрт:
 "... Тэндээс Бодоо болвоос консул дээр ажил хийдэг мөн ч монгол бичигт сайн учир автономи засгийн яаманд ажил хийх, зарим ноёд түшмэдийг таньж, гэр гэрээр нь очиж, судар түүхийг үзэх, мөн сонин зүйлийг ярилцдаг учир, Хүрээний зүүн хороонд Зайсан хэмээх Жамъянгийнд хааяа очиж байсан бөгөөд нэгэн өдөр Чойбалсан Бодоотой хамт Жамъянгийн гэрт очиж, энгийн үг хэлэлцэн суух дашрамд Бодоогоос сэдэвлэн хэлсэн нь, манай улсын автономит засгийн ажил маань аль зэрэг баттай байна даа хэмээв.
 Зайсан хэмээх Жамъянгаас: "Сайд юу байх буй. Хойд Орос улс дайн байлдаан болж, Монгол засгийн ажилд тусламж түшиг болохыг байсны улмаас, Хятадын байдал түрэмгий болж, сайд ноёд, улс төрийг бататгах бодолгүй бүр ч доройтохыг үзэж байна. Хай даа, энэ хэвээр байваас Хятадад дахин залгиулахаас зайлшгүй буй заа" хэмээв. Дараа нэгэн өдөр Бодоо Жамъянгийн гэрт ирж, хоёул анхандаа хуучин ном судар түүх үзэж сонирхолдон байх сацуу, мөнөөх монголын доройтлын тухай үгээ үүсгэн ярилдаж байхад, мөнхүү Жамъянгийн хүргэн лам Лосол ирж хамтаар сууж, өнөө гурвын яриа хэлэлцээ нэг болж тус тусдаа Монголын дотоод дахь байдал доройтож буурч буй бүхий ба ялангуяа лам ноёдын тэнэмэл муу суртлыг шүүмжилж, жигшүүрэлцэн хэлэлцэж бүхийд мөн Жамъянг таних түшмэл Жигмэддорж гэгч ирж Бодоо, Жамъянтай мэндэлсэн сацуу, Жигмэддоржоос, Монголын дотоод дахь байдал засаг төрийн доройтлыг ярьж гарав. Үүнээс уламжлан тэд нар Хятадын  түрэмгийлэх байдал, Оросын хувьсгал зэргийг дор бүрнээ илэрхийгээр хэлэлцэж, манай улсад ард олон маань ямар хүрэх юм бол. Энэхүү Хятадын өнгөлзлөгийг эгүүлэх аяс байдаггүй юм уу хэмээн ярилдаж тархав. Эд нар түүнээс хойш үргэлж Бодоогийн гэрт ирэх буюу Жамъянгийн гэрт очиж шүүмжлэлийг тун ч ихээр хэлэлцэх болжээ" гэж бичжээ. Энэ нь консулын хувьсгалт нууц бүлэг эхлэн бүрэлдэж байсан анх цагаас Жамъян уг бүлгийн ажилд оролцож эхэлсний баримт юм. Мөн номд Консулын бүлгэмийнхэн Сүхбаатарын нууц бүлгийг сурвалжилж, тэдэнтэй нийлэх эсэх тухай яриахад Жамъян "тэд нартай нийлэлдэхэд ер болгоомжлох явдалгүй. Тэр дээр Сүхбаатар миний шавь болой" гэж хэлсэн байна. Ийнхүү 1919 оны дунд үеэс Хүрээний ба Консулын бүлгийнхэн харилцан бие биеэ мэдэлцэж, хамтран ажиллах болсноор тэдний үйл хэрэг нэлээд өргөн хүрээтэй болжээ.

 Хоёр бүлэгт оролцогчид нь нийгмийн байдал, үзэл санаа, тэмцлийн зорилтоороо адил бус байсан хэдий ч эх орноосоо харийн дайсныг хөөн зайлуулж, үндэсний тусгаар тогтнолыг сэргээн мандуулах гэсэн нэн эрхэм зорилго тэднийг нэгтгэж байв.
 1920 оны зун Зөвлөлт Орос Улсаас тусламж эрэхээр хувьсгалт бүлгэмийн нөхөд одохдоо албан ёсоор гэрчилгээ болгож Богдын тамгатай бичиг авч явахаар шийдэж, тэрхүү бичиг дээр Богдын тамга даруулах ажлыг мөнхүү Жамъян хүчлэн гүйцэтгэсэн аж. Энэ тухай дээр дурдсан дуртгал номд дэлгэрэнгүй өгүүлжээ. Үүнд:

 "... Энэ үед чухамхүү гэмин хятад цэргүүд өмнөөс үлэмжхэнээр ирж, нэн ч олон тоонд хүрсэн туйлын аймшигтай цаг байсан агаад зайсан хэмээх Жамъян намын хурлын даалгаврын ёсоор Зөвлөлтийн Засагт Орос улсаас тусламж гуйх бичгийг Жамъян өөрөө ба Догсомтой хамтран эх зохиож ёсчлон бичээд Богдын тамга даруулах явдал хялбаргүйн дээр эл хэргийг Богдын дэргэд нөхөр Жамъян өөрөө бараалхаж учрыг гарган даруулах эрхгүй, эрхбиш уламжлан айлтгах шадар нэгэн хүн хэрэгтэй. Түүний дээр эл тамга даруулах ажлыг илэрхий үүсгэвээс гэмингийн талын шар хар ноёд лам нар хэрхэх болзошгүйд нэн ч болгоомжлон хэрхэн гүйцэтгэх арга бодлогыг эрэхүйд Богдын шадар Дүйнхэр да ламаар уламжлуулваас уг ажил хялбар бүтэж болмуй хэмээн хэлэлцжээ.
 Зайсан хэмээх Жамъян тамга даруулах хэргийг Дүйнхэрийн да лам Пунцагдоржоор орвоос, нэгд Жамъянг сайн  таних, нөгөө талд тус хэргийг урьд мэдсэн учир эрхбиш бүтээж өгөх болов уу хэмээн горилж, Жамъян тэр даруй Пунцагдоржийн гэрт очин уулзаж учир явдлыг илэрхийлсэнд даруй зөвшөөрч, энэхүү бичгийг маргааш өглөө эрт Хайстайн ордон дээр авч оч. Би ч бараалхахаар очмуй. Тэр цагт бараалхан тамга даруулж өгье хэмээжүхүй. Үүнд Жамъян буцаж нэгэн шөнө хоноод маргааш өглөө эрт /1920 оны долдугаар сарын 25-ны өглөө/ Жамъян мөнөөх тусламжийн бичгийг авч Богдод бараалхахаар оджээ. Сүхбаатар, Бодоо, Лосол нар Жамъянгийн гэрт хүлээсэн нь шөнө болтол Жамъян эгэж ирэхгүй болжээ. ... Жамъян шөнийн 1-2 цагийн үед эгэж иржээ. Жамъянгаас, "хэрэг бүтэх нь ч бүтлээ. Гагцхүү нэлээд учир болж байна. Би өглөө эрт Хайстай хэмээх ордны газраа бараалхаж байтал Дүйнхэрийн да лам бараалхахаар ирэв. Түүнтэй уулзаж тусламжийн бичгийг өгөхүйд Да лам Пунцагдорж аваад дотор бараалхахаар орсон нь, өдий болтол хүлээлгэв. Чингэж байсаар сая арай чарай бичигт тамга даруулж авав.

 Бидний тамга даруулахын сацуу, гадаадаас тусламж гуйх хоёр бичигт бас тамга дарж хамт гаргав. Нэгэн нь Америкаас тусламж эрэх бичгийг Жалханз хутагтад өгөв. Японоос тусламж гуйх бичигт Шадар цэцэн ванд дарж өгөв. Эл хоёр тусламж гуйх бичигт тамга дарах хэргээ онц чухал болгож,  манай бичигт тамга дарахыг татгалзсан юм уу, өдий их хүлээлгэсээр сая тамга дарж өгчээ" хэмээв. Сүхбаатар, Бодоо нараас за яахав тэрхүү тамгат бичиг эцэстээ бидэнд баримт болох бөгөөд сайтар хадгалж явах хэрэгтэй  юм хэмээлцэн, Жамъянгийн гэрт хуралдаж, энэхүү тамгатай бичгийг бусдад мэдэгдэх буюу алдаж осолдохгүй авч явах арга зөвлөлдөхүйд Жамъянгаас, энэ тухай би нэг арга бодов. Би зах дээрээс бүдүүн суман ташуур нэгийг худалдан авчиръя. Тэрхүү ташуурын сагалдарга барих газрын дундуур нүх цоолоод, түүний дотор энэ бичгийг агуулаад, аятайхан цагаан ясаар наалдуулж бөглөе. Ийм болвоос хэн ч сэрэмжлэх нэгжихгүй буй заа хэмээхүйд Лосол зөвшөөрөн тэр даруй Жамъян явж, зах дээрээс ийм ташуур худалдан авчирч Жамъян өөрөө ухаж цоолон, мөнөө бичгийг агуулж бэлтгэж байтал Сүхбаатар, Бодоо нар дахин  цугларч ирээд, эл аргыг үзэж зөвшөөрөн, одоо умарт зүгт одох ажлаа түргэлье хэмээлцэв" гэжээ.

 Энэхүү дуртгалын хэсгээс үзэхэд Жамъян гуай улс төрийн үйлсэд идэвхийлэн оролцож байсан, гэрт нь эх орноо гэсэн сэтгэлтэй нөхөд цуглаж, гал усны гашуун зовлонг хэрхэх талаар зөвлөлддөг байсан тэргүүтэн тодорхой мэдэгдэж байна. Эх орныхоо төлөө зүтгэх чин хүсэлтэй Жамъян гүнг Хятадын гэмин цэргийн эрхтнүүд мэдэж, баривчлан авч шорон гянданд хорьж, эрүү шүүлт тулгаж  байсан бөгөөд 1921 оны 2 дугаар сард Нийслэл Хүрээг Барон Унгерн тэргүүтэй цагаантнууд эзлэхэд гяндангаас суллагдсан ажээ. Ер нь Жамъян гуайн улс төрийн үйл хэрэгт хэрхэн оролцож байсныг тодруулан судлууштай юм.
 
Жамъян гуайн тухай дурсамж дуртгалаас:

Шигтгээ 5. Ардын багш Д. Чойжилсүрэн:

 1928 оны зургадугаар сард оюутны сургууль төгсөгчдийн дүнгийн хурал дээр сургуулийн захиргаа, төгсөгчдөдөө баяр хүргэж багш нар маань бидэнд сургамжийн үг захиж хэлэв.
 Жамъян багш "Эрдэм сурахад хэдэн халхавч байдаг. Эрдэм сурахыг хүсвэл тэр халхавчийг хаях хэрэгтэй. Өөрөөсөө дээш эрдэмтэй ахас ихэс хүмүүсээс эмээн шантраад мэдэхгүй зүйлээ асууж лавлаж чадахгүй хоцрохын халхавч, үеийн нөхдөөс мэдэхгүй зүйлээ асуухаас ичиж өөрөө мэддэг дүр гарган мэдэхгүй хэвээр хоцрон нэрэлхэхийн халхавч, мэдлэг багатай буюу өөрөөс доош хүмүүсийг юу ч мэдэхгүй гэж басамжилж, үл тоон, үл асуун мэдэхгүй хэвээр хоцрох дээрэнгүйн халхавч, эдгээрийг шантрах, нэрэлхэх, дээрэлхэх ухамсаргүйн гурван халхавч гэнэ.
 Эрдэмтэй болохыг хүсэх хүмүүс тэр халхавчийг хаяж ахмадаас халшралгүй асууж, лавлаж мэд! Бага хүмүүсийг гололгүй асууж лавлаж мэд! гэж сургаж билээ хэмээсэн нь өнөөгийн өсөх залуусын мөрдлөгө болгууштай санамж сургаал мөн ажгуу.

Шигтгээ 6. Улсын гавьяат багш Х. Далхжав:

 О. Жамъян багш намайг 1928 онд Багшийн сургуульд сурч байхад бидэнд толь бичгийн багш байсан юм. Багш маань тэр үед их л өвгөн хүн байсан боловч их л хөнгөн, хичээлээс хоцордоггүй, олон үг нуршин ярьдаггүй, шулуун шударга хүн байж билээ.
 Багш маань бидэнд бичүүлж сургах зүйлээ вааданд боож бүслээд ирдэгсэн. Хичээлийн даалгавар хийгээгүй хүнд маш дургүй. Тийм хүнд "Өөр хүнээр заалгавал болно. Даалгавар хийхгүй юм бол хичээлд суусны хэрэггүй" гэж хэлж байхыг сонссон.
 Өвгөн нэр хүндтэй хүн болохоор бид маш идэвхтэй, шударга байж билээ. Тайлбар толийн тайлбаруудыг үг алгасалгүй цээжилж зөв бичдэг болсон юм. "Сайхан бичигтэй, үгсийг зөв бичдэг багш хүн, сурагчдын өмнө баатар байдаг юм" гэж ярих дуртай байж билээ. Багшийнхаа ачаар зөв сайхан бичигтэй болсон юм  даа.

Шигтгээ 7. Зөвлөлтийн эрдэмтэн Н. П. Шастина:

 "... Судар бичгийн хүрэээлэнгийн жинхэнэ даргаар нь Монголын эрдэмтэн Жамъян гүн ажиллаж байв. Жамъян гүн бол намхандуу нуруутай, хойш нь тавьсан буурал гэзэгтэй, номч хүний ухаалаг харцтай, ялдамхнаар инээмсэглэдэг хүн юм. Ном их уншина.  Монголын тухай их боловсрол олж, монгол судар цуглуулан хямгадах талаар тун их чармайна" хэмээжээ. Эрдэм  мэдлэгийг өөрийн хичээл, билгээр эзэмшиж, сурч судалсан бүхнээ төр улс, түмэн олондоо чин сэтгэлээрээ зориулж явсан нэрт бичгийн хүн, манай соёл, гэгээрэл, шинжлэх ухааны том зүтгэлтэн, нэрт сурган хүмүүжүүлэгч Жамъян гуайн тухай  товч тоймыг өгүүлбэл ийм буюу.
Шаравын Чоймаа, 1996 он, Улаанбаатар хот

 
References

1. http://www.mnlibrary.org/ Улсын Төв номын сан

2. http://mecs.pmis.gov.mn/index.php?option=com_content&task=view&id=32&Itemid=73  Ministry of Education, Culture and Science of Mongolia

3. http://www.tanhim.net/content/view/293/ Mонгол улсын гавьяат багш Шаравын Чоймаа