-Ардчилсан Монголын утга зохиолын ирээдүйн тухай таны
бодол
?
-Хүмүүс юу ч уншихгүй байна. Одоо сайн зохиол гарсан ч
хэн ч анзаарахгүй өөрийн онцлогтой цаг үе ирж л дээ. Соц
нийгмийн үед өөр байж. Тэр үед шинэ зохиол гарахад бүгд
л дамжуулж уншина. С.Эрдэнийн үгүүллэг, Лувсанцэрэнгийн
Нар шингээгүй
энэ тэрийг гарахад бүгд л дуу алдаад
сүйд болно. Өнөөдөр арав гаруй телевиз байна. Хичнээн ч
FM байдаг юм, хэн мэдэхэв. Маш олон сонин гарч байна.
Унших, үзэх юм нь их болжээ.
-Ард түмэн сайн дураар уран зохиолоос хөндийрөв үү,
эсхүл соёлын тухай төрийн бодлогод алдаа гарав уу?
-Олны амьдрал хүнд байна. Номоо больё. Шинэ хуучин сонин
авснаас талх авсан нь дээр л дээ. Харин ч одоо ном унших
нь сэргэж байх шиг. Театрт хүртэл шинэ жүжиг тоглоход
суудал нь дүүрэн байна лээ. Нэг хэсэг хүмүүс нэг ТҮЦ-тэй
бол хоёр ТҮЦ-тэй болохын төлөө, нэг тэрбумтай хүн
хоёртой болохын төлөө яваад амьдралын утга учрыг мөнгө
болгочихож.
-Боловсролын яам уран зохиолын хичээлийг монгол хэлний
хавсарга болгочихлоо. Маш олон зохиолч, уран бүтээлчид,
эрдэмтэд үүнийг хилэгнэн эсэргүүцэж байгаа. Та ч
бачимдаж л яваа биз?
-Монгол соёл, цаашилбал үндэстнийг нь устгахад эн
түрүүнд хойч үеийг нь хэл, соёлоос нь салгах хэрэгтэй.
Энэ бодлого нөгөө М.Энхболдыг Ерөнхий сайд байх үед
гэнэт асуудал болж орж ирээд, шууд хэрэгжүүлж эхэлсэн
санагдана. Хэл үгүй бол соёл үгүй болно. Тэгээд л
үндэстэн мөхнө дөө. Боловсролын яамны нэг хүүхэн Хүмүүс
ээ, сургалт 12 жил болохоор нийт цаг нь нэмэгдэж байгаа
юм гэж байна лээ. Юу ярина вэ. Үгээр илэрхийлэхийн
аргагүй. Миний багад Үг хөгжил гэдэг хичээл ордог
байлаа. Уг хичээлээр үлгэр домог хэлэлцэж, дайралцаж,
шүлэг зохиол уран уншина. Одоо хар, жирийн хүн нь дүүрч.
Энэ телевизийн сэтгүүлчид, улс төрчид нэг үгүүлбэр
хэлэхийн тулд гурван удаа одоо гэх юм. Энэ нь үг
ярианы хөгжлийн хичээл үгүй болсонтой шууд холбоотой. За,
үг хөгжил нь ч дүүрч, уран зохиолын хичээл байхгүй
болчихвол яахав таминь. Уран зохиол гэдэг чинь
хүсэхгүй байна.
-Сайн зохиолууд энэ цаг үед төрж байна уу?
-Сайн бүтээлүүд их гарч байна. Харамсалтай нь Монголд
номын худалдааны сүлжээ үгүй болсон. Яахав, шуудангийн
компаниуд энэ сүлжээг сэргээх гэж оролдож байгаа ч тэд
хэзээ ч төгс байлгаж чадахгүй.
-Таны сэтгэлд үлдсэн зохиолч гэвэл
?
-Төри^н шагналт зохиолч агсан Ч.Чимид гуай шиг дайчин,
хурц, тэгсэн атлаа сайхан хүн одоо хүртэл зохиолчдын
дунд үгүй байна. Миний багш чинь С.Дашдооров шүү дээ.
Намайг Зүүнхараад гуравдугаар ангийн сурагч байхад
каракул малгай хэлтгий тавьсан 19-тэй Дашдооров 16-тай
Жавзмаа охиныг гэргийгээ болгочихсон очиж байлаа шүү дээ.
-Дорнын их найрагч Р.Чойномтой та нүүр тулан уулзсан
удаа бий юу?
-Байлгүй дээ. 1978 он санагдана, миний бие Эвлэлийн Төв
хорооны үзлэг шалгалтын группт багтаж, Хэнтийд очсон.
Нэг орой Батноров суманд очлоо. Би группыг ахалж явсан
Базаррагчаа сэтгүүлчид хэллээ. Орой ажил дээр би ирж
чадахгүй нь. Энд ганц хоёр ах дүүстэйгээ уулзмаар байна
гэсэн л дээ. Тэгээд яахав, гаруутаа нэг шил архи аваад,
хүнээр Чойномынхыг заалгуулж аваад очлоо. Яваад орлоо.
Жижиг модон амбаарт зураач гэлүү Нармандах гэдэг
нөхөртэй Чойном байж байна аа. Тэр үед миний Сүүлчийн
галт тэрэг тууж маань хэвлэгдээд байсан үе л дээ.
Өөрийгөө танилцууллаа. Нэг лонх архиа хувааж уугаад,
баахан л уран зохиол, шүлэг ярилаа. Уулзалтын төгсгөлд
мань хүн миний дэвтэр дээр над зориулж, казак монголоор
шүлэг бичиж, хэд хэдэн чимэг зураг таталж өгсөн дөө. Тэр
үед цонхон дээр нь Гөлөг тууждаа зориулсан хоёр
гөлөгний сийлбэр байсан юм. Р.Чойном тэрийгээ аваад
сахлын бритвагаар Р.Ганбатад. Чойномоос гэж сийлээд
өгсөн нь одоо ч над хадгалагдаж байдаг юм. Тэднийхээс
гарахын өмнө Р.Чойном Ах нь мөдхөн хот орно. Тэнд
тааралдаж магадгүй. Би л чам руу сураглаж очихгүй бол
над руу битгий ирээрэй. Араас элдвийн юмнууд дагаж
тагнаад байдаг юм. Чамд төвөг болно гэж билээ. Түүний
өвийг хамгаалах сан байгуулагдаж, тэргүүнээр нь Ганболд
гэж залуу ажиллаж байгаа юм билээ. Над дээр нэг ирсэн.
Би тэр шүлэг, сийлбэр энэ тэрийг өгдөг ч юм билүү гэж
бодсоноо үрчих болов уу гэж тээнэгэлзээд гайхсан
байдалтай байж л байна.
-Өөр сонин дурсамж юу байна?
-Төмөрийн Нацагдорж гэж мундаг хүн манай Зүүнхараагийн
спирт заводын даргаар шоронгийн хоригдол байхдаа
томилогдон очиж байлаа. Өөрөөр хэлбэл заводын дарга
бөгөөд хоригдол. Нэг хэсэг Германд сурсан улсуудыг
бүгдийг нь толгой дараалан шоронд хийдэг байлаа. Тэр
хүнийг манай сэхээтнүүд Бага Нацагдорж гэж авгайлдаг
байлаа. Монгол хүү, Идэр жинчин зэрэг алдар
дуунуудыг зохиосон хүн шүү дээ. Түүнийг Зүүнхараагийн
шоронд Гётегийн Фауст-ыг орчуулж байхад хожмын Төрийн
шагналт зохиолч С.Дашдооров бага ангийн багшаар очиж
байлаа.
-Саяхнаас та бүтээлээ ботилж эхэлсэн сураг сонсогдсон.
Хөлгөн судрууд чинь хэзээ уншигчдад очих гэж байна вэ?
-Нийт хамж шимээд найман ботийг хэвлэлд шилжүүлсэн.
Бичсэн зохиолуудаа бүгдийг оруулна гэвэл үүгээр
тогтохгүй л дээ. 40 жил бичсэн зохиолууд гэдэг чинь дор
хаяхад 20-иод боть шүү дээ. Залуудаа шүлэг их бичдэг
байлаа. Өөрийгөө яруу найрагч биш гэдгээ Москвагийн их
сургуульд очоод мэдэрсэн минь том аз гэлтэй.
-Мартсанаас тэр үед Москвад томчуулаас хэн сурч байв?
-Мөнгөн завъяа хэмээх алдарт түүврийг зохиогч
Дарь.Нацагдорж гэж байлаа. Надтай цуг нэг сургуульд
очсон. Бие нь муудаад Монголдоо буцсан даа, зайлуул.
Горькийн сургуульд нэлээд хүн байсан. Би тийшээ зүглэж
байгаагүй ээ.
-Таны хайртай зохиолууд гэвэл
?
-53 оны хавар, Амьд явах эрхтэй, Хужир нугадаа очих
юмсан
Бүгдэд нь хайртай. Романуудаас гадна олон тууж
бий дээ. Таван ч уран сайхны кино бий.
-Та их хожуу МЗЭ-ийн гишүүн болсон. Тэгтлээ их дарагдаж
байсан хэрэг үү?
-МЗЭ-ийн IV их хурлаар Ч.Лхагваа мань мэтийн хэдэн
залуусын нэр орсон юм. Тэгээд бүтээгүй. Өнгөрсөн зууны
80-аад онд одоо энэ СУИС-ийн захирал Цэдэвийг дарга
байхад өргөдөл өгсөн чинь Чамайг элсүүлэхгүй. Чи их
буруу, зөв ярьдаг хүн гэл үү, хүлээх л болж дээ гэж
тавласан санагдана.
-За тэр ч яахав, үргэлж хүйтэн салхи сэвэлзэж, шороо
босоод Төв Азийн өндөрлөг хаашаа нүүж явна даа?
-Мөдхөн дэлхий ертөнц, хүн амьтан сүйрнэ. Байгалийн
жамыг, дээрээс нь хүний хар нүглийг хэн ч өөрчилж
чадахгүй. Цэцэг таслахаас эмзэглэх бүү хэл, зулзаган
улиангарыг тас цавчиж авчраад түлчихэж байна.
-Хүний мөс хэт цэвдэгшиж байна. Тэр том том сэтгэлийн
мөсөн уулсыг дэлхийн дулаарал мэт хайлуулах эрчим хүч
хаана оршино?
-Хүн бурхан биш юм аа гэхэд ямар нэг зүйлийг шутэх
хэрэгтэй. Огт шүтлэггүй хүн бол хамгийн аюултай. Миний
бодлоор ямар үед хүмүүсийн сэтгэл зөөлрөх вэ гэвэл
амьдрал сайхан болсон тэр цагт. Гэдэс нь өлөн хүүхдийг
яаж ч аргадаж сургаад, бурхны сургаал ч номлоод яах юм.
Ямар ч үр дүн гарахгүй. Ухаантан ч гэсэн гэдэс нь өлөн
бол арга буюу хулгай хийнэ. Би Япон, Америк, Арабын
орнуудаар бишгүй явсан. Тэнд нэг алтадсан хүндага
халаасандаа сэм хийе гэсэн санаа хэнд ч төрөхгүй.
Амьдрал сайхан цагт оюун санаа ч сэргэнэ. Уул нь их
энгийн ойлголт л доо.
-Таны улс төрийн талаарх хувийн бодол?
-Түүхээс үзэхэд жинхэнэ зохиолчид хэзээ ч улс төр
сонирхож байгаагүй нь сонин. Харин тэд эрх чөлөөт орчин,
оюун сэтгэлгээний төлөө эцсийн дусал цусаа дуустал
тэмцдэг байж. Нөгөө талаар жинхэнэ яруу найрагчид үзэл
бодолдоо үнэнч байдаг шигээ эх орноосоо хэзээ ч урваж
байгаагүй. Гэтэл өнөөдөр манай ихэнх зохиолч, уран
бүтээлчид ард түмнийг гэгээрүүлэх байтугай, амьдралын
үнэн нүүр царайг ч түүхэн талаас нь уран бүтээлдээ
тусгах чадваргүй мэт болжээ. Яахав иргэн хүнийхээ хувьд
сонгуульд саналаа өгнө. Надад намын улаан, шар, хөх нь
хамаагүй, хувь хүн чухал. Чамд нэг сонин юм хэлье.
Өнөөдрийн ардчилагч нар өчигдөр улаан коммунистууд
байлаа шүү дээ. Хүний үзэл бодол, төлөвшил зуун хувь
эргэнэ гэж байдаггүй юм. Зүгээр инээдтэй л байхгүй юу.
Манай зарим ахмад зохиолчид юу ярьдаг байлаа. Бүгд л
нэгнээ тагнаж байснаа мартаж, одоо шал өөр юм ярьцгаадаг
болж. Монголын зохиолчдын өнгөрсөн түүхийг харсан ч их
гутамшигтай. 1930-аад онд манай утга зохиолыг
үндэслэгчид болох Ши.Аюуш, С.Буяннэмэх хоёр л гэхэд нэг
нэгнийгээ матсаар байгаад, нэг машинд ачигдаад, нэг
газар буудуулж үхсэн шүү дээ. Азаар С.Буяннэмэх нь
цаазлахаар авч явах үед зүрх нь хаагдсан ч цогцсыг нь
буудсан байх жишээтэй. 50, 60-аад оны сэхээтний
төөрөгдлийн үеэр нэг нэгнийгээ хайр найргүй гүвсэн
байдаг. Тэр Д.Намдаг, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Ч.Чимид,
Р.Чойном
Хэн эднийг шоронд хийсэн юм. До яам аваачаад
хийчихсэн хэрэг үү. Тэгвэл Дотоод яаманд хэн матсан юм.
Зүгээр дээрээс нь Намын Төв Хороо ч юм уу, Дотоод яамны
нэг дарга За зохиолчдоос тэрнийг нь гүвнээ гэх нь үгүй
л байхгүй юу. Зохиолчид аль олигтойгоо дотроосоо л цааш
нь харуулж, дундаж саарал юмнууд нь үлдээд өндөрлөгийг
эзэлж өөрсдийгөө тунхаглах гэж оролдсон байдаг байхгүй
юу. Та нар залуу улс МЗЭ-ийн хорооны дэргэдэх намын
үүрийн хурлын протоколуудыг архиваас авч Утга зохиол,
урлаг сонин дээрээ нийтлэх хэрэгтэй.
Авгаржин Жа.Баяраа